2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/02728

 

 

 

 

 

 

                                                         2025             04            08  

                                       192/ШШ2025/02728

              

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... тоотод оршин суух Ж. Ч...-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух Г.Ц...-д холбогдох,

21,980,332 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д..., хариуцагчийн өмгөөлөгч И.Б..., шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нэхэмжлэгч Ж.Ч... нь хариуцагч Г.Ц...-тай харилцан тохиролцож М ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 33,000,000 төгрөгийг зээлдүүлж, 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурж хоёр талаас баталгаажуулан наториатоор гэрчлүүлсэн байдаг. Тус зээлийн гэрээнд М ХХК-ний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний лиценз, тусгай зөвшөөрлүүд, бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотой бичиг баримтууд, бүтээгдэхүүний жор, технологи, үйлдвэрийн тоног төхөөрөмж, материал түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн барьцаалсан тухай гэрээнд тусгасан боловч энэхүү нөхцөл нь бодит байдалд огт биелээгүй. Нэхэмжлэгч Ж.Ч... нь хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ц...-тай тохиролцсоны үндсэн дээр өөрийн эзэмшлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол ... тоотод байрлах 40 метр квадрат 3 өрөө орон сууцыг барьцаалж түүнтэй холбоотой гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч Г.Ц... нь нэхэмжлэгч Ж.Ч...-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй ба ...банкнаас М ХХК-ийн авсан 30,000,000 төгрөгийн зээлийг төлөлгүй ор сураггүй алга болсон ... банкнаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар нэхэмжлэгч буюу барьцаалуулагч Ж.Ч...-д мэдэгдсэн бөгөөд өөрийн эзэмшлийн орон сууцаа банкны барьцаанд алдахгүйн тулд арга бүхий байдалд орж зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 21,980,332 төгрөгийг өнгөрсөн хугацаанд төлж барагдуулсан. Хариуцагч Г.Ц...-д энэ талаар мэдэгдсэн боловч төлж чадахгүй гэсэн хариу өгч ор сураггүй алга болсон. Нэхэмжлэгчийн зүгээс ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Ц...-г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж тус шүүхээс 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ...тоот шийдвэрээр Г.Ц...-г эрэн сурвалжилж ... дүүргийн цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэхээр болсон байдаг. ... дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Г.Ц...-ийн оршин суугаа хаягийг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Иймд хариуцагч Г.Ц...-с 21,980,332 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Г.Ц... болон Н.Э... нар бетоны үйлдвэртэй, үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн үед Н.Б... гэдэг хүн Г.Ц... болон Н.Э... нарт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, үргэлжлүүлэн хөгжүүлэх санал тавьж, шаардлагатай хөрөнгө оруулах зээл авах талаар түүний найз болох Ж.Ч..., Н.Н... гэдэг эхнэр нөхөр хоёрыг оролцуулан хамт хөгжүүлж ашигаа тэнцүү хуваах санал гаргасан. .... банкнаас зээл авъя, зээлийн барьцаанд санаа зоволтгүй, барьцаанд Ж.Ч... өөрийнхөө байрыг тавина, цаашид үйл ажиллагаагаа сайжруулаад ашигаа тэнцүү хуваах, хамтран ажиллахаар харилцсан тохиролцсон байдаг. Түүний дагуу М ХХК нь ...банк ХК-тай 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, барьцаанд Ж.Ч...-ын үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. М ХХК нь үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байхад 08 дугаар сарын 16-ны өдөр тус компанид хулгай орсон. Хулгай орсны улмаас үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Компани зээл өр төлбөрийг тэнцүү хувааж төлөх байдлаар хувааж төлж дуусгасан байдаг. Нэхэмжлэгч талаас Г.Ц... алга болсон гэж тайлбарлаж байгаа боловч тус зээлийг М ХХК-ийн дансаар бүтэн төлж дуусгасан. Тухайн үед Ж.Ч... нь зээлийн төлөлтийг ч гэсэн тэнцүү хувааж төлөх санал гаргасан учраас зээлийн төлбөрийг өөрсдөө сайн дурын үндсэн дээр төлсөн. Мөн Г.Ц... бас өөрийн зүгээс зээлийн гэрээг төлж дуусгасан. Өөрөөр хэлбэл Ж.Ч... болон Г.Ц... нар тохиролцсоны дагуу зээлийн төлбөрийг төлж дуусгасан байдаг. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. М ХХК нь зээл авсан, боловч Г.Ц... гэдэг хүнээс зээлийн төлбөр болон зээлийн хүүг нэхэмжлэх үндэслэлгүй байна. Талууд сайн дурын үндсэн дээр хамтран ажилсан, зээлийг хувааж төлсөн байхад, зөвхөн Г.Ц...-с бүх мөнгийг нэхэмжилж байгаа үндэслэлгүй байна. Тухайн үед талууд хамтран ажиллах зорилгоор гэрээ байгуулж зээл авсан, гэрээнд Н.Б... гэдэг хүний гарын үсэг бас орсон учраас талууд хамтран ажиллах зорилготой байсан гэдгийг нотолж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2011 оноос хойш хариуцагчийг эрэн сурвалжилсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч хаягаа өөрчилсөн зүйл байхгүй, холбоогүй алга болсон зүйл байхгүй. Энэхүү хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2013 онд дуусах учраас хариуцагчийг эрэн сурвалжилж, 2024 онд хаягийг тодорхойлсон гэж тайлбарлаж байгаа үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, барьцаан гэрээ, 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, нотариатын бүртгэлийн дэвтэр, М ХХК-ийн худалдаа, хөгжлийн банкны дансны хуулга, Нийслэлийн ... дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ...дугаар шийдвэр, ... дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн албан бичиг, итгэмжлэл, хариуцагчаас М ХХК-ийн дансны хуулга шүүхэд гаргаж өгсөн.

       ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч Ж.Ч... нь хариуцагч Г.Ц... -д холбогдуулан 21,980,332 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ, “...барьцаа хөрөнгөө чөлөөлөх зорилгоор Г.Ц...н зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Г.Ц... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “бид хамтран ажиллахаар тохиролцоод Ж.Ч...-д ашгийн 20 хувийг авах зорилгоор үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Удалгүй манайд хулгай ороод үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.” гэж маргажээ.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Х... банк болон М ХХК нар харилцан 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр харилцан тохиролцож, 30,000,000 төгрөгийг сарын 1.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн болох нь 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр тогтоогджээ.

 

Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... тоот орон сууцыг Д.Н..., Ж.Ч... нар барьцаалсан болох нь 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн  барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

 

Харин Ж.Ч... болон Г.Ц.. нар 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 33,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгөн хөрөнгө шилжүүлсэн байдал тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ энэхүү гэрээнд үндэслээгүй бөгөөд 33,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлээгүй гэжээ.   

 

7. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч нь 33,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.

 

8. Харин Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1 дэх хэсэгт “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.”, 491.3 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах үйлдэл хийсэн этгээдэд хохирол учирсан бол энэхүү хохирлыг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээд нөхөн төлөх бөгөөд талууд тохиролцож чадаагүй бол хохирлын хэмжээг шүүх тогтооно.”, 491.6 дахь хэсэгт “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй.” тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Ч... нь М... ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 21,980,332 төгрөг төлжээ.

 

Ийнхүү Ж.Ч... болон М ХХК-ийн хооронд хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа үүссэн байхад хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Г.Ц...-д холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” зааснаар М... ХХК нь өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээдэг бие даасан этгээд байхад Г.Ц-д хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас бий болох үр дагаврын хариуцуулах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,852 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 491 дүгээр зүйлийн 491.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ц...-д холбогдох, 21,980,332 төгрөг гаргуулах Ж.Ч...-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсхэгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,852 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ