2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/01451

 

 2025              02             19                                                 192/ШШ2025/01451                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух Т* овогт Э.Б /РД:*/

 

Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух С* овогт Ц.М* /РД:*/

 

Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух Т* овогт Э.А /РД:*/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: * тоот хаягт оршин сух С.Э* /РД:*/-д холбогдох,

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, хувьцаа буцаан олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.К*, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б*, Э.А*, Ц.М* бид "Э*”ХХК-ийн 49 хувийн хувьцааг хууль ёсны өвийн журмаар шилжүүлэн авсан билээ. Учир нь "Э*" ХХК-ийг 2007 онд талийгаач А* овогтой Э* нь үүсгэн байгуулсан бөгөөд Ц.М* нь талийгаачийн эхнэр, Э.Б*, Э.А бид талийгаачийн хууль ёсны үр хүүхдүүд нь болно. Талийгаач А.Э* нь 2007 онд "Э*" ХХК-ийг үүсгэн байгуулж, улмаар 2011 оны 08 дугаар сарын 08-ний өдөр иргэн С.Э-тай "Бэлэглэлийн гэрээ" байгуулж, уг гэрээгээр компанийн 51 хувийн хувьцааг шилжүүлэн өгч, С.Э* нь "Э*"ХХК-ийн 51 хувийн хувьцааны төлбөрт "Э*" ХХК-ийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дахь Ашигт малтмалын 75144 тоот тусгай зөвшөөрөлтэй Бат Өлзийтийн хайлуур жоншны ордын нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэх 971.630.000.00 төгрөгийг гаргахаар тохиролцжээ. Энэхүү 2011-08-08-ний өдрийн "Бэлэглэлийн гэрээн"-ний дагуу "Э*" ХХК- ийн 51 хувийн хувьцаа С.Э* шилжиж, С.Э* нь хуулийн этгээдийн бүртгэлд "Э*" ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн юм. Энэ хугацаанд 2016-09-27-ны өдөр "Э*” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Э* нь бурхан болж, улмаар түүний эзэмшил 49 хувийн хувьцааг, түүний хууль ёсны өвлөгч нар болох нэхэмжлэгч нар бид өв залгамжлалын журмаар шилжүүлэн авч, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Өвлөх эрхийн гэрчилгээ" авсан. Гэтэл энэ хугацаандаа буюу нэхэмжлэгч, хариуцагч нар болох бид "Э*" ХХК-ийн хувьцааг хамтран эзэмшиж байх явцад, С.Э* нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан 51 хувийн хувьцаа эзэмших давуу эрхээ урвуулан ашиглаж, 2023-04-23-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад "Хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлыг" өөрчлөх баримт бичгүүдийг хуурамчаар бүрдүүлэн өгч, өөрийгөө "Э*" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, хуулийн этгээдийн бүртгэлд хууль бусаар өөрчлөлт оруулсан байдаг. Энэ талаар бид 2024-01-22-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагаас хуулийн этгээдийн лавлагаа авахдаа олж мэдсэн. Угтаа бол "Э*" ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Э* нь тус компанийн 51 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, эзэмшсэнээс хойш бэлэглэлийн гэрээнд тусгасан "Э*” ХХК-н нэр дээр бүртгэлтэй 7514/А тоот тусгай зөвшөөрөлтэй Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дахь Ашигт малтмалын ашиглалтын, хайлуур жоншны ордын нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэх 971.630.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүйгээс гадна, компанийн 51 хувийн хувьцаа эзэмшдэг гэх давуу эрхээ ашиглан хуулийн этгээдийн нэр дээр байгаа 2 лицензийг бусдад худалдан борлуулах хэлцэл хийсэн, улмаар компанийн гүйцэтгэх удирдлагыг хууль бусаар өөрт шилжүүлэн авсан зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан нь бэлэглэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирч, ноцтой гомдоосон болно. Тухайлбал: Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрээгээр хязгаарлах бөгөөд хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч гэрээнд заасан эрхээ хэтрүүлэн хэрэглэхийг хориглосон байдаг. Энэ утгаараа "Э*" ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Э* нь 2011-08-08-ний өдөр С.Э-тай "Э*” ХХК-ийн 51 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ С.Э* нь хэдий тус компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч боловч зөвхөн Б-ийн хайлуур жоншны ордын хувьд хувьцаа эзэмшигч бөгөөд харин компанийн нэр дээр байгаа өөр нэг орд болох Усан биндэрьяагийн орд нь хувьцаа эзэмшигч С.Э* огт хамааралгүй болох талаар гэрээнд нарийн тусгаж өгсөн байдаг. Гэтэл С.Э* нь "Э*” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Э* нь бурхан болсноос хойш, хуулийн этгээдийн 51 хувийн хувьцааг эзэмшдэг гэх эрхээ хэтрүүлэн компанийн нэр дээр байгаа 2 орд газрыг бусдад худалдан борлуулах шийдвэр гаргаж гэрээ, хэлцэл хийсэн, холбогдох гэрээ, хэлцлүүдэд гарын үсэг зуруулахын тулд гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг хууль бус баримт бүрдүүлэн өгч, өөрийгөө "Э*" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулсан, бусад хувьцаа эзэмшигч нарыг айлган сүрдүүлж, дарамталсан зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэх үндэслэлтэй болно. Иймээс "Э*” ХХК-ийн үүсгэн байгуулагч, А.Э-ийн хууль ёсны өв залгамжлагч болох нэхэмжлэгч Э.Б*, Э.А*, Ч.М* бид дугаар: 26 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан, эрхийнхээ хүрээнд, ЭБЭ” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Э-өөс 2011 оны 08 дугаар сарын 08-ний өдөр тус компанийн 51 хувийн хувьцааг иргэн С.Э-т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн "2011-08- 08"-ний өдрийн №01 тоот бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн "Э*”ХХК-ийн 51 хувийн хувьцааг нэхэмжлэгч нарт буцаан олгуулах нэхэмжлэлээ дэмжиж байна...” гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бэлэглэлийн гэрээ хийгдсэнд маргахгүй. Үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч тусгай зориулалтаар хийгдсэн гэрээ гэж тайлбарлаад байгаа үүнийг тусгай зориулалтаар хийгдсэн гэрээ гэж үзэх үндэслэл байхгүй. Тусгай зориулалтай бэлэглэлийн гэрээний зохицуулалт өөр агуулгатай хандивтай, шагнал урамшуулалтай холбоотой биелүүлдэг нөхцөл байдаг. Иргэний хуулийн 280.1.1 дэх хэсэгт бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн гэж байгаа. Гэтэл энд бэлэглэгчийг гэж яриад байгаа энэ нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл мөн гэдгийг ямар баримтаар нотлоод байгаа вэ? Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлохгүй байна Үндсэндээ гомдоод байгаа компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчөөд байгаа асуудлаа хэзээ мэдсэн талаар тодорхой тайлбар өгөхгүй байна. Э* “Э*” компанийн эрх ашиг сонирхлыг хохироосон, хувьцаа эзэмшигч нарын эрхийг зөрчсөн ийм үйлдэл хийсэн гэдэг зүйл хавтаст хэргийн баримтаар харагдах гээд байгаа. Ингэхээр компанийн хууль зөрчсөн маргааны асуудал байхад бэлэглэгчийг хүртэл гомдоож хуульчлан оруулж байгааг нь ойлгохгүй байна. Бэлэглэлийн гэрээний маргаан нь хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр нийцэх үү? Иймд нэхэмжлэлийн шаардлага хангах нөхцөл хавтаст хэргийн нотлох баримтад харагдахгүй байна. Бэлэглэгчийг гомдоосон үйлдэл нь бэлэглэгчийн болон түүний өмч, эрүүл мэнд, амь насыг хохироох асуудал эсвэл хохироохыг завдчихсан үйлдлийн хүрээнд гомдоосон гэдэг асуудал шийдэгддэг. Компанийн дотоод хувьцаа эзэмшигч нарын хооронд хийгдсэн асуудлаар бол бэлэглэгчийг гомдоосон гэдэг асуудал яригдаж байна. Компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан үүсгэсэн хувьцаа эзэмшигч нарынхаа зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн шийдвэр гаргасан, бичиг баримт үйлдсэн, компанийн эд юмнуудыг хуурамчаар үйлдсэнтэй холбоотой асуудлууд энийг ямар нэгэн байдлаар энэ бэлэглэлийн гэрээтэй холбох хууль зүйн үндэслэл байхгүй. Энэ компанийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн холбоотой асуудал учир бэлэглэлийн гэрээтэй хамаагүй иймээс үндэслэлгүй гэж үзэж байна..” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, нас барсны бүртгэлийн лавлагаа, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаартай, өвлөх эрхийн гэрчилгээ, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0026 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0025 дугаартай, өвлөх эрхийн гэрчилгээ, “Э**” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж хоёр гишүүнтэй компани болгон өөрчлөх тухай 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хурлын протокол, 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, Бат-Өлзийтийн хайлуур жоншны орд дээр хийх нарийвчилсан хайгуулын ажлын төсөв, “Э*” ХХК-ийн дүрэм, 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Бат-Өлзийтийн хайлуур жоншны орд дээр хамтран ажиллах гэрээ, түүний хавсралт, 2014 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн тодорхойлолт, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/614 дугаар шийтгэх тогтоол, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ХХ-01-15 дугаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам ашигт малтмалын газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, хавсралтын хамт, “Э*” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж хоёр гишүүнтэй компани болгон өөрчлөх тухай 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хурлын протокол, итгэмжлэл, “Э*” ХХК-ийн үүсгэн байгуулаг захирал А* овогтой Э*, гишүүн С.Э* нарын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ярилцлагын тэмдэглэл, 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Хамтарсан хурлын протокол, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шаардлага, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт, шилжүүлгийн мэдээлэл, хайгуулын ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн талаарх баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, 2014 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл, эдгээр баримтын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын захирамж нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.М*, Э.Б*, Э.А* нар хариуцагч С.Э-т холбогдуулан 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №1 тоот бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн “Э*” ХХК-ийн 51 хувийн хувьцааг нэхэмжлэгч нарт буцаан олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...С.Э* нь компанийн 51 хувийн хувьцаа эзэмшдэг гэх давуу эрхээ ашиглан хуулийн этгээдийн нэр дээр байгаа 2 лицензийг бусдад худалдан борлуулах хэлцэл хийсэн, улмаар компанийн гүйцэтгэх удирдлагыг хууль бусаар өөрт шилжүүлэн авсан зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан нь бэлэглэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирч, ноцтой гомдоосон тул "Э*” ХХК-ийн үүсгэн байгуулагч, А.Э-ийн хууль ёсны өв залгамжлагч бид өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан, эрхийнхээ хүрээнд 2011 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй...” гэж тайлбарлаж байна.

 

3. Нэхэмжлэгч Э.А* нь 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 17 настай Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны иргэн өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд хамгаалах эрхтэй заасантай нийцнэ.

 

4. Хариуцагч “...компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн зөрчлийг  бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гэж үзэхгүй...” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Эрх зүйн маргааны баримт бичиг болох 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаар бэлэглэлийн гэрээгээр, бэлэглэгч А.Э* нь бэлэг хүлээн авагч С.Э-ийн өмчлөлд өөрийн өмчлөлийн “Э*” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 51 хувь эзэмших эрхийг хариу төлбөргүй бэлэглэж, С.Э* Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дахь Ашигт малтмал ашиглах 7514А тоот тусгай зөвшөөрөлтэй Бат-Өлзийтийн хайлуур жоншны орд дээр нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээхээр тус тус тохиролцож, улмаар “Э*” ХХК /РД:*/ нь үүсгэн байгуулагчийн тоо 2 болж, С.Э* 51 хувь, А.Э* 49 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлжээ.  

 

5.2. Бэлэглэгч буюу “Э*” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч А.Э* нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан болох нь бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.М*, Э.Б*, Э.А* нар хууль ёсны өвлөгчийн хувьд “Э*” ХХК-ийн 49 хувьд ногдох хувьцааг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан байна.   

 

5.3. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж зааснаар “Э*” ХХК-ийн 32,6 хувийн хувьцаа эзэмшигчээр Э.Б*, 8,2 хувийн хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.М*, 8.2 хувийн хувьцаа эзэмшигчээр Э.А* нар улсын бүртгэлд бүртгэгдэж,  “Э*” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөн болох нь компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдов.  

 

5.4. А.Э*, С.Э* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаар бэлэглэлийн гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүйгээр шилжүүлдэг.

 

5.5. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж заасан.

 

5.6. Хариуцагч С.Э* нь нэхэмжлэгч нарт мэдэгдэлгүйгээр, тэдгээрийн нэрийн үсгийг хуурамчаар зуруулахаар бусдад төлбөр төлж, 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар хувьцаа эзэмшигч нарын хурлын тогтоол, “Э*” ХХК-ийн дүрэм гэсэн бичиг баримтуудыг хуурамчаар үйлдүүлэн, хуурамч болохыг мэдсээр байж улсын бүртгэлд бүртгүүлэн гүйцэтгэх удирдлагыг шилжүүлэн авахад ашигласан, гэмт хэрэгт гэм буруутай болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 2024/ШЦТ/614 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

 

5.7. Нийслэлийн тойргийн нотариатч С.Н* нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр  Ц.М*, Э.Б*, Э.А* нарт 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Э*” ХХК-ийн хувьцаа бэлэглэх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай шаардах эрхийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ.   

 

5.8. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах эрхийг зөвхөн бэлэглэгч өөрөө хэрэгжүүлэх боломжтой. Учир нь хүчингүй болгосноос гарах эрх зүйн үр дагавар нь хуульд зааснаар биш бэлэглэгчийн хүсэл зоригоос хамаардаг болно. Өөрөөр хэлбэл, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох эрхийг өвлөх боломжгүй ба бусдад шилжүүлэх боломжгүй болно. 

 

5.9. Нэхэмжлэгч нарын шаардах эрхийн үндэслэл болж буй 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасанд нийцэхгүй байна.

 

5.10. Иймд нэхэмжлэгч Ц.М*, Э.Б*, Э.А* нарын хариуцагч С.Э-т холбогдуулан гаргасан 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №1 тоот бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн “Э*” ХХК-ийн 51 хувийн хувьцааг нэхэмжлэгч нарт буцаан олгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.М*, Э.Б*, Э.А* нарын хариуцагч С.Э-т холбогдуулан гаргасан 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №1 тоот бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн “Э*” ХХК-ийн 51 хувийн хувьцааг нэхэмжлэгч нарт буцаан олгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ