2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/02695

 

 

 

 

 

 

                                                         2025             04            07  

                                       192/ШШ2025/02695

              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... тоотод байрлах Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... гудамж ... давхарт байрлах У ХХК-д холбогдох,

98,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М..., А.Э..., хариуцагчийн төлөөлөгч Т.Б..., түүний өмгөөлөгч Б.Г..., гэрч Ч.С..., шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: У ХХК нь өөрийн өмчлөлийн гэх өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа эсэх нь тодорхойгүй ... дүүрэг, .... -р хороо, ...-р хороолол, ... гудамж ...тоот хаягт байрлах 5-р давхрыг бүхэлд нь 11 сая төгрөгөөр түрээслэхээр тохирч удаан хугацаагаар буюу 5 жилийн хугацаатай тогтвортой түрээслэнэ гэсэн учир уг байранд 5 жил ажиллана гэсэн үндэслэлээр өөрийн хөрөнгөөр засвар тохижилтын ажил хийж Иргэний хуулийн 318-р зүйлийг үндэслэн гэрээ байгуулсан. Гэтэл засвар, тохижилт хийж өнгө зүс нь сайжрангуут өөр түрээслэх сонирхолтой хүнд үзүүлэн түрээсийн гэрээг цуцлан өөр этгээдэд түрээслүүлэх шаардлагатай боллоо гэсэн байдаг. Бид их хэмжээний засвар, тохижилт хийсэн, түрээслэсэн байрны хаягаар зар гаргаж бүх харилцагч нарт тараасан, энэ хаягаар үйлчлүүлэгч нартайгаа харьцдаг, дотоод болон гадаадын хамтрагч нар энэ хаягаар ирж гэрээ хэлцэл байгуулсан. Мөн харилцагч компанийн удирдлагууд орж ирж гар явцгаа энэ луйварчинтай битгий гэрээ байгуул гэж хашгирч орилон манай байгууллагын Уулзалт хийж байх үеэр түрээслүүлэгч У ХХК-ийн захирал Т.Б... нь удаа дараа орж нэр хүндэд халдсан. Бидэнд эд хөрөнгийн болон бизнес нэр хүндийн хохирол учрах болсон тул гэрээнд заагдсан Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.3 дахь заалтыг үндэслэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулан түрээсийн төлбөрт авсан 187,666,666.67 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.3 дахь заалт нь түрээслэгчийн эрхийг хамгаалж Улсын бүртгэлд бүртгүүлэхийг заасан ба 318.4 дэх заалтаар Улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүчин төгөлдөр бус гэж заажээ. Мөн 320.4 дэх заалтад Гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд "Түрээсийн жил дууссанаас хойш 1 сарын дотор цуцалж болно." гэсэн нь дураараа гэрээг цуцалж болохгүйг хуульчилжээ. Түрээсийн обьект нь ... тоот хаяг гэж бичигдсэн нь ... гэсэн тус тусдаа бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө байгаа байх гэж бодож нэхэмжлэл гаргасан. Түрээслүүлэгч өөрийгөө өмчлөгч гэх боловч өмчлөгч болохыг нотолсон баримтаа үзүүлээгүй байгаа болно. Иймд У ХХК, Ю ХХК-ны хооронд байгуулсан 2023.04.01- ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож түрээсийн төлбөрт авсан 187,666,666.67 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.” гэжээ

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:  У ХХК нь ... дүүрэг, ...хороо, ... хороолол, ...гудамж ...тоот хаягт байрлах 5-р давхрыг бүхэлд нь 11,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч удаан хугацаагаар буюу 5 жилийн хугацаатай тогтвортой түрээслэнэ гэсэн учир уг байранд 5 жил ажиллана гэсэн үндэслэлээр өөрийн хөрөнгөөр засвар тохижилтын ажил хийж Иргэний хуулийн 318-р зүйлийг үндэслэн гэрээ байгуулсан. Гэтэл засвар, тохижилт хийж өнгө зүс нь сайжрангуут өөр түрээслэх сонирхолтой хүнд үзүүлэн түрээсийн гэрээг цуцлан өөр этгээдэд түрээслүүлэх шаардлагатай боллоо гэлээ. Бид их хэмжээний засвар, тохижилт хийсэн, түрээслэсэн байрны хаягаар зар гаргаж бүх харилцагч нарт тараасан, энэ хаягаар үйлчлүүлэгч нартайгаа харьцдаг дотоод болон гадаадын хамтрагч нар энэ хаягаар ирж гэрээ хэлцэл байгуулсан. Гадаад болон дотоодын хамтран ажилладаг түншүүдтэй уулзалт хийж байх үеэр түрээслүүлэгч эзэн Н. Б... нь орж ирэн хурдан гар зайл, наад хүн чинь луйварчин битгий хамтарч ажилла гэж гэрэл унтраах, хаалга савах зэргээр авирлаж биднийг хөөсөн учир аргагүйн эрхэнд гарахаар шийдсэн. Бид энэ ажлын байрыг ямарч тохижилт үйлчилгээ хийгдээгүй, шууд түрээслэж орох боломжгүй өнгө үзэмжгүй байхад нь удаан хугацаагаар түрээслэнэ гэсэн зорилготой бүхэлд нь 98,000,000 төгрөгөөр засвар тохижилт хийсэн байдаг.” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Тус шүүхэд хандан У ХХК-д холбогдуулан Ю ХХК-аас гаргасан "2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож түрээсийн төлбөрт авсан 187,666,666.67 төгрөгийг буцаан гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Түрээсийн объект нь ...гудамж 5/1, 5/2 гэсэн тус тусдаа бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө байгаа байх гэж бодож нэхэмжлэл гаргасан. Түрээслүүлэгч өөрийгөө өмчлөгч гэх боловч өмчлөгч болохыг нотолсон баримтаа үзүүлээгүй байгаа болно" гэж дурдсан байдаг. Нийслэлийн ... дүүргийн ... дүгээр хороо, ... хороолол , ... гудамж 5/1, 5/2 тоот хаягт байрлалтай ... төв нь У ХХК-ийн өмч болох нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. Гэрчилгээг хавсаргав/ 2. Манай компани нь Ю ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 01- ний өдөр тус ... төвийн 5 давхарт байрлах 286 мкв үйлчилгээний зориулалттай талбайг сарын 11.000.000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр харилцан тохиролцож түрээсэлсэн бөгөөд Ю ХХК нь төлбөрийг сар бүрийн эхний өдөр төлөх үүрэг хүлээсэн. Гэвч Ю ХХК нь түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөггүй, байнга хугацаа хоцроодог байсан. Гэрээний 9.1.2-т Түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлийг заасан бөгөөд 9.1.2.2-т "Түрээслэгч нь Давагдашгүй хүчин зүйл эсвэл хүндэтгэн үзэх бусад шалтгаангүйгээр түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанаас хойш 2 /хоёр/ сар хэтрүүлэх" гэж заасан байхад ба 2023 оны 10,11,12 саруудын төлбөрөө төлөөгүй. Манай компанийн зүгээс төлбөрөө хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн ч үүргээ биелүүлээгүй. 2024 оны 1 сарын байдлаар 44.583.285,3 төгрөгийн түрээсийн үлдэгдэлтэй, гэрээний 9.1-т заасан цуцлах үндэслэл бий болсон тул манай компаний зүгээс 2024 оны 01 сарын 17-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээлгэн өгсөн. Мөн Ю ХХК нь 2024 оны 2,3,4 сарын түрээсийн төлбөр 33.000.000 төгрөгийг төлөөгүй 40.583.285 төгрөгийн түрээсийн үлдэгдэлтэй, удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчил гаргасан. Ю ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.З... нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр тус талбайг 2023 оны 04 дүгээр сараас хойш түрээсэлж, 32.828.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаагаа хүлээн зөвшөөрч, түрээсийн талбайг 2024 оны 04 сарын 07-ны өдөр чөлөөлөх тухай баталгааг бичгээр гаргаж өгсөн. Гэсэн хэдий ч түрээсийн төлбөрөө төлөхгүй, хэлсэн хугацаандаа түрээсийн талбайг чөлөөлж өгөхгүй байсан тул манай компани 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ... дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд “Түрээсийн гэрээний үүрэгт 40.583.285 төгрөг, менежментийн болон ашиглалтын зардалд 5.273.651,54 төгрөг, нийт 45.856.937 төгрөгийг гаргуулах, Түрээсийн байрыг анх хүлээлгэн өгсөн хуучин хэвэнд нь буцаан оруулж хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Ю ХХК нь "2024 оны 6 сарын 10-ны өдөр түрээсийн талбайгаа чөлөөлөх болсон тул түрээсийн төлбөрийн урьдчилсан төлөлтөөс 19.333.333 төгрөгийг өөрийн С ХХК-ийн дансруу буцаан олголт хийж өгөхийг хүссэн" албан бичгийг 2024 оны 06 сарын 07-ны өдөр ирүүлж, шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авсны дараа төлбөрийг төлж, талбайг чөлөөлсөн. Манай компани тус хүсэлтийн дагуу 2024 оны 06 сарын 07-ны өдөр ... банкны ... дугаартай С ХХК дансруу 19.333.333 төгрөгийг буцаан шилжүүлсэн. 3. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрт авсан 187,666,666.67 төгрөг төлсөн тухай дурдсан нь үндэслэлгүй бөгөөд түрээслэгч нь 2023.04.01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд түрээсийн төлбөрт 171,620,145.18 төгрөг төлснөөс илүү төлсөн 19,333,333 төгрөгийг түүний 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтэд дурдсан С ХХК-ийн дансанд буцаан шилжүүлж, түрээсийн гэрээний төлбөрт 152,286,812.18 төгрөг төлөгдсөн болно.  Иймд талуудын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлгүй, түрээсийн гэрээг түрээслэгчийн буруугаас болж цуцалсан, түрээслэгч гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн нь дээрх үйл баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, түрээсийн төлбөр төлсөн шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ... дугаартай түрээсийн гэрээ, дансны хуулга, тооцоолол, фото зураг, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Х.З...-н хүсэлт, Ю ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн У ХХК-д хүргүүлсэн тайлбар, У ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, гүйлгээний мэдээлэл, ... банкны шилжүүлгийн баримт, фото зураг,  зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрч Ч.С...-г асуусан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч нь засвар, тохижилтын зардалд 98,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, засвар, тохижилт хийлгүүлэх шаардлага байгаагүй, засварыг түрээслүүлэгч ашиглаагүй, буцаагаад аваад явсан, засварын материал өөрөө худалдан авсан нь тодорхойгүй байна гэж маргажээ.

            6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            Талууд ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол , ... гудамж, ... тоот хаягт байршилтай, 2161.54 м.кв талбайтай, үйлчилгээ, оффиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 5 дугаар давхрын 286 м.кв талбайг сарын 11,000,000 төгрөгөөр түрээслэх, түрээслүүлэхээр тохиролцсон болох нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 23/01 дугаартай түрээсийн гэрээгээр тогтоогдож байна.

            Нэхэмжлэгчийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 30/10 дугаартай албан бичгийн дагуу хариуцагч барьцаа төлбөрөөс 19,333,333 төгрөгийг буцаан шилжүүлснээр түрээсийн гэрээг дуусгавар болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 98,000,000 төгрөгийн засан сайжруулалт хийсэн болохоо, хариуцагчийн хөрөнгө энэ хэмжээгээр нэмэгдсэн болохыг, засан сайжруулалтын зардлыг түрээслүүлэгч хариуцна гэснээ баримтаар нотлоогүй байна.

7. Зохигч нь ... дүүргийн... дүгээр хороо,... дугаар хороолол , ... гудамж, ... тоот хаягт байршилтай, 2161.54 м.кв талбайтай, үйлчилгээ, оффиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 5 дугаар давхрын 286 м.кв талбайг сарын 11,000,000 төгрөгөөр түрээслэх, түрээслүүлэхээр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.

Энэхүү гэрээ нь бичгээр байгуулагдах хуулийн шаардлага хангасан тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх тохиолдолд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага тавигдахгүй. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

8. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгүүдэд заасан.

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах” заасан бөгөөд гэрээний 5.2-д “Түрээсийн байранд хийгдсэн салгаж болох нэмэлт хөрөнгө оруулалт нь түрээслэгчийн өмч бөгөөд гэрээ дуусгавар болоход салган авах эрхтэй бөгөөд түрээсийн байрыг хуучин байдалд буцаан оруулсан байна.” гэж тохиролцжээ. Өөрөөр хэлбэл салгаж болох засан сайжруулалтыг өөрөө авах, салгаж болохгүй засан сайжруулалтыг арилгаж хуучин байдалд нь оруулахаар тохирчээ.

 

Нэхэмжлэгч нь засан сайжруулалт, хөрөнгө оруулалтын хэмжээгээ нотолж чадаагүй байхаас гадна түрээсийн зүйлийг хуучин байдалд нь оруулах үүрэг хүлээсэн тул өөрийн үйл ажиллагаандаа зориулан хийсэн засан сайжруулалтын зардлыг түрээслүүлэгчээс гаргуулахаар шаардах эрхгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгчийн засан сайжруулалт болон хөрөнгө оруулалтын зардалд 98,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжээч томилуулах, гэрч асуулгах хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийг шийдвэрлэх нь мэтгэлцэх зарчмыг зөрчих учир шинжээч томилж, гэрч асуух үндэслэлгүй юм.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,096,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй болжээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан У ХХК-д холбогдох, 98,000,000 төгрөг гаргуулах тухай Ю ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосгуай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,096,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

           

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ