| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/08057/И |
| Дугаар | 192/ШШ2025/02694 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/02694
| 2025 04 07 | 192/ШШ2025/02694 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүргийн … дугаар хороо, өөрийн байранд байрлах ... ТХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: … дүүргийн … дугаар хороо, .. дүгээр хороолол, … байр, …тоотод оршин суух Ж.М-т холбогдох,
Эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, ...дүүргийн ...дугаар хороо, ...тоот хаягт байрлах, ...м.кв талбайтай, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М..., Б.Т..., хариуцагч Ж.М..., түүний өмгөөлөгч С.С..., шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Манай "...” ТӨХК нь ... оноос хойш ...чиглэлээр хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Улсын онц чухал объект болно. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ... тоот Захирамжаар ...дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ...дугаар бүхий ... м2 /га/ газрыг, ...жилийн хугацаатайгаар ... зориулалтаар ... ТӨХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...ТӨХК-д дээрх газрыг эзэмшүүлэх газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Үүний дараа 2010 онд ...ТӨХК-ийн газар эзэмших эрхийг дахин 5 жилээр сунгаж гэрчилгээ олгосон болно. Манай компанийн уг газар дээр, манай компанийн хашаан дотор ... м.кв талбайтай, Хүлэмжийн зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгө байдаг бөгөөд энэ Үл хөдлөх хөрөнгө нь манай компанийн санхүүгийн тайлан бланс, компанийн хөрөнгөд албан ёсоор бүртгэлтэй, манай Үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл хариуцагч Ж.М...нь үндэслэлгүйгээр, бидэнд мэдэгдэлгүйгээр Улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр манай компанийн хөрөнгөд бүртгэлтэй, ... м.кв талбайтай, Хүлэмжийн зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгө дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Энэ нь үндэслэлгүй, хууль бус юм. Уг Үл хөдлөх эд хөрөнгө нь 2014 онд Ж.М...-т өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдохоос өмнө манай компанийн санхүү, тайлан бланс, өмч хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй, манай өмч хөрөнгө бөгөөд энэ нь компанийн санхүүгийн тайлан, өмч хөрөнгийн бүртгэлээс маш тодорхой харагдана. Хариуцагч нь бидэнд огт мэдэгдэлгүйгээр, манай компани уг Үл хөдлөх хөрөнгө дээр өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй байгаа байдлыг ашиглаж, өөрийнхөө өмч хөрөнгө мэтээр Төрийн өмчит компанийн өмч хөрөнгийг хууль бусаар өөртөө авч, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, манай компанийн эрх ашиг, сонирхлыг зөрчиж байгаа болно. Иймд манай компанийг Нийслэлийн ...-ийн ...-р хороо, ...гудамж, ...тоот хаягт байрлах ... м.кв талбайтай, Хүлэмжийн зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ...ТӨХК нь иргэн Ж.М...надад холбогдуулж "Нийслэлийн ...-ийн...-р хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай, Хүлэмжийн зориулалтай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь 1999 онд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, ... ХЭАА-н нэр дээр гэрчилгээ гарсан байх ба 2014 оноос миний өмчлөлд шилжсэн байдаг. Улсын бүртгэлд бүртгэгдсэн цагаас эхлэн өнөөг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч гэх ...ТӨХК нь ямарваа нэгэн хэлбэрээр өмчилж байгаагүй болно. 2. Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, ЭНЭ шаардлагыг хариуцагчаар нэрлэгдсэн миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ч энэ шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа ч дууссан байна. Тодруулбал, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь заалтад "үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил" байхаар заажээ. 3. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой ямар ч маргаан өнгөрсөн цаг хугацаанд болж байгаагүй бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа асуудлаар миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Нэхэмжлэгчийн зүгээс уг маргаанд оролцож байгаа бөгөөд энэ маргаанд холбогдуулж иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 4. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх гагцхүү улсын бүртгэлд бүртгэгдснээр үүсч, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог хуулийн зарчимтай. Миний бие ...ТӨХК-н өмнө хуулиар болон гэрээний дагуу нэхэмжлэлд дурьдагдсан үл хөдлөх эд хөрөнгтэй холбоотой үүрэг хүлээгээгүй, бидний хооронд ямарваа нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй байтал тухайн хөрөнгийг өөрсдийн тайландаа өмчлөлдөө бүртгэж, улмаар уг тайлангаа үндэслэн өмчлөх эрхтэй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг гайхаж байна. 5. Иргэний хуульд хөрш залгаа эд хөрөнгө буюу хөршийн эрхийн талаар тодорхой зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч нь улсын онцгой объеъкт болсон гэх үндэслэлээр хариуцагч намайг нэхэмжлэлд дурьдагдсан эд хөрөнгөө зориулалтынх нь эзэмшиж, ашиглахад саад учруулж, нэвтрүүлэхгүй байгаа билээ. Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар миний бие хөршийн газраар дамжин өнгөрөх эрхтэй гэж ойлгож байгаа тул уг асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах болно. 6. Түүнчлэн Захиргааны хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэлд дурьдагдсан үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийсэн бөгөөд энэ үед тухайн хөрөнгийн эвдэлж, чанар байдлыг нь дордуулж, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон байсан. Иймд бидний зүгээс тухайн эд хөрөнгөтэй холбогдуулж хохирлоо нэхэмжлэгч этгээдээс шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргах болно. Иймд ...ТӨХК-н гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, дүрмийн нэмэлт өөрчлөлт, Үндэсний аудитын газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар дүгнэлт, фото зураг, барилга байгууламжийн хувийн хэрэг, хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрчилгээ, гэрээ, ...ХЭАА-ын хүлэмжийн зураг, ...хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн хөрөнгө үнэлсэн батламж бичиг, үнэлгээ, ...ХЭАА-ын ногооны хүлэмжийн төсөв, Нийслэлийн засаг даргын дэргэдэх өмчийн газрын 1999 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар албан бичиг, ...ын даргын тодорхойлолт, Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ зураг төслийн хүрээлэнгийн мэдээлэл технологийн төвийн албан бичиг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, лавлагаа шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ...эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч ...ТӨХК нь хариуцагч Ж.М...-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай, хүлэмж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ, “...үл хөдлөх хөрөнгө нь компанийн санхүүгийн тайлан, хөрөнгөд бүртгэлтэй, хариуцагч Ж.М...манайд мэдэгдэлгүйгээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан” гэж тайлбарлажээ.
Хариуцагч Ж.М...нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “нэхэмжлэгч компани үл хөдлөх хөрөнгийг өмчилж байгаагүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хууль ёсны дагуу өмчлөх эрхийг олж авсан.” гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай, хүлэмж зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 1999 оны 7 дугар сарын 14-ны өдөр ... ХХК-ийн өмчлөлд анх бүртгэсэн болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Улмаар 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Д.Ж...-д, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ж.М..-н өмчлөлд тус тус бэлэглэлийн гэрээгээр шилжжээ.
Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд анх бүртгүүлэхэд төрийн өмчлөлд болон нэхэмжлэгч байгууллагын өмчлөлд бүртгэлгүй байсан болох нь Нийслэлийн засаг даргын дэргэдэх өмчийн газрын 1999 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар албан бичиг, ...даргын тодорхойлолтоор тогтоогджээ.
7. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэжээ. Энэхүү гэрээний зүйл болсон үл хөдлөх хөрөнгө нь улсын бүртгэлээр баталгаажжээ.
Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд Иргэн, хуулийн этгээд үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэхээр хуульчилжээ.
8. Гэхдээ аливаа этгээд дангаар оршиж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж, улсын бүртгэлээр өмчлөх эрхээ баталгаажуулсан ч гэсэн анхны өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүсэл зоригоос нь гадуур өмчлөх эрхийг шилжүүлэн авсан бол мэдээгүй байхдаа өмчлөх эрхээ алдсан өмчлөгчийн эрхийг хамгаалах шаардлагатай.
Анх ногооны хүлэмжийн өмчлөх эрхийг баталгаажуулах үйл явдлыг нэхэмжлэгч байгууллага мэдэж байснаас гадна өмчлөлийн маргаангүй талаараа хүсэл зоригоо илэрхийлсэн тул үл хөдлөх хөрөнгө хэзээ, хэний хөрөнгөөр бий болсон асуудал нь хэрэгт хамааралгүй, нэхэмжлэгчийг ногооны хүлэмжийн өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй болжээ. Үл хөдлөх хөрөнгийг байгууллагын тайланд тусгаснаар өмчлөх эрх үүсэхгүй бөгөөд өмнө гаргасан хүсэл зоригийг сүүлд гаргасан хүсэл зориг үгүйсгэнэ гэж үзэх боломжгүй юм.
Иймээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9. Өмчлөгчөөр тогтоолгох шаардлага хангагдаагүй учир хариуцагчийн маргасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.М...-т холбогдох, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай, хүлэмж зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох ... ТӨХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.