| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/06206/И |
| Дугаар | 192/ШШ2025/02857 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/02857
| 2025 04 11 | 192/ШШ2025/02857 |
|
| 2025 04 11 | 192/ШШ2025/02857 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, шүүгч Б.Г, Х.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Н холбогдох,
1,842,578 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Б.А, хариуцагч Н.Н, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гарсан шаардага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д ТӨХК-ийн үнс зайлуулах систем нь хуурай усаа буцааж олон дахин ашигладаг, компаниас 3.2 км зайд байрладаг тунгаагдсан усны насос станц, үнсэн сангууд, арматур шугам хоолойнууд, Т. болон .трасформаторууд бүхий цогц систем юм. Т болон Т трасформаторууд нь станцын дотоод хэрэгцээнээс буюу Р, Р (хаалттай хуваарилах байгууламж)-аас тэжээгддэг. Тухайн Р-аас Г-д газардлага гарсныг хамгаалалтын хэлхээ мэдэрч дохиолол ирснээр тухайн кабель гэмтсэнийг мэдсэн. 2023 оны 05 дугаар сарын 16-нд дугаар албан бичгээр Т ХХК-д хамгаалалтын зурвасыг чөлөөлөх тухай албан бичиг илгээсээр байтал 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр газар шорооны ажил хийж байхдаа дээрх насос станцын тэжээлийн шугмыг таслаж гэмтээсэн байсан, гэмтээснээ холбогдох газарт мэдэгдэлгүй шороогоор дарж, очиж уулзахад мэдээлэл өгөөгүй тул У ТӨХК-иас кабелийн гэмтэл тодорхойлогч машин захиалж гэмтлийг илрүүлсэн. Ийнхүү гэмтлийг илрүүлэх, арилгах ажилд нийтдээ 9 ажилтан 4 цагаар ажилласан цалин 1,145,941.32 төгрөг, гэмтэл тодорхойлогч машин механизмын төлбөр 609,400.00 төгрөг, газар ухсан экскаватор, ажилтнууд зөөвөрлөсөн аваарийн фургон автомашины шатахууны зардал 87,237 төгрөг нийт 1,842,578 төгрөгийг "Т" ХХК-ийг хариуцдаг хүн болох Н.Н-с гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч нар хариу тайлбартаа: “Манай барилга Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байдаг. Бид 2023 онд өргөтгөл барьсан. Өргөтгөлийн гадна талбай дээр бороо орсон үед тунасан ус шингэхээр худаг хийх зорилготой байсан. Бид цахилгаан станцын 2 шугам газар доогуур татагдсаныг мэддэг. 2023 онд барилга барьж байх үедээ чагнуулж байсан. 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ашиглалтын инженер, ашиглалт хариуцсан дарга Б гэдэг хүнтэй уулзаад манайх барилгын ажил явуулж байгаа барилгын гадна талбай дээр жижиг шингээлтийн худаг хийх гэсэн юм аа, танай кабель явдаг учраас би яах ёстой вэ гэж асуухад манай новагийн шугам байна, та газар дээрээ очоод байж байгаарай би хүн явуулъя гэсэн. Би газар дээрээ очсоноос 20, 30 минутын дараа 2 залуу ирсэн. Шингээлтийн худаг хийх гэж байгаагаа 2 залууд хэлсэн. Бид нар яаж ажиллах ёстой вэ гэхэд нөгөө 2 залуу энэ 2 шугамын харалдаа ухаж болохгүй, үүнээс холдуулаад нүхээ ухаж болно гэсэн. Үүнээс хойш хүйтэрсэн тул шингээлтийн худгаа хийж чадахгүй байж байгаад 2024 оны 05 дугаар сард ухаж болох газар нь ухаж эхэлсэн. Тухайн газрыг ухахад энд кабель байхгүй нөгөө талдаа байгаа гэж хэлсэн. Гэхдээ та нар хүчтэй ухаж болохгүй, бага багаар самнаж ухах ёстой, ямар нэгэн тоосго, шугамын хамгаалалт гарч ирвэл та нар шууд ажлаа зогсоох ёстой шүү гэж ажилчдадаа хэлсэн. Би үдээс хойш ирэхэд 2 ажилтан маань 1 ширхэг тоосго гарч ирэхээр нь буцаагаад булчихсан гэж хэлсэн. Мэргэжлийн бус хүмүүс учраас шугам гэмтээсэн талаар мэдээгүй. Гэмтэл гарсан гэхэд нь бид нар бэлдцийг нь авч өгөөд дор нь янзлуулсан. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө тухайн ажилд хариуцлагатай хандсан учраас нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч байгууллагын шугам хариуцдаг даргатай нь очиж уулзаад зааварчилгаа, зөвлөгөө авсан. Би нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий этгээдийн зааварчилгаагаар ажилласан. Надад зааварчилгаа зөв өгсөн бол энэ асуудал гарах ёсгүй байсан. Тиймээс би нуптны зардлыг хариуцна, ажлын хөлсийг хариуцахгүй гэдэг тайлбар өгсөн. Надад зааварчилгаа өгсөн залууд энэ талаар хэлэхэд би таныг харж байгаагүй, та худлаа ярьж байна гэж маргасан. Батзориг дарга дээр очиж зааварчилгаа авсан талаар хэлэхэд би таныг харж байгаагүй, та худлаа ярьж байна гэж намайг гүтгэсэнд гомдолтой байна. Би Д.. 05 дугаар ангийн шалган дээр бүртгэлээ хийлгээд орсон. Нэхэмжлэгч байгууллага намайг 2023 оны 05 сараас 2023 оны 11 сар хүртэл Д ТӨХК-ийн шалганаар огт нэвтэрч байгаагүй гэсэн бичиг гаргуулж авсан байдаг. Би өөрөө архивд нь хандаж тухайн шалганаар нэвтэрсэн гэдэг бичиг авсан. Тиймээс би нэмэгдэл ажлын хөлсийг төлөх боломжгүй” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Д ТӨХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн … дугаарт тоног төхөөрөмжийн гэмтлийн акт, нэхэмжлэгч байгууллагын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн … дугаар хамгаалалтын зурвасыг чөлөөлөх тухай албан бичиг, гэмтлийн актын зардлын задаргаа, кабель гэмтлийн төлбөрийн нэхэмжлэх, зардлын тооцоолол, фото зураг, хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, дотоодын цэргийн 05 дугаар ангийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн … дугаар албан бичиг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч нь гэм хор учирснаас 9 хүн 4 цагаар ажиллуулсан хөлс 1,145,941.32 төгрөг, гэмтэл тодорхойлогч машин, механизмын төлбөр 609,400 төгрөг, газар ухсан экскаватор, ажилтнууд зөөвөрлөсөн автомашины шатахууны зардал 87,237 төгрөг, нийт 1,842,578 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зөвшөөрсөн газар ухсан, шугам гэмтээсэн талаар мэдээгүй учир хохирлыг хариуцахгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Н.Н нь бусдаар газар ухуулж байхдаа нэхэмжлэгч байгууллагын Тунгаагдсан усны насос станцын тэжээлийн шугамыг гэмтээсэн болох нь зохигчийн тайлбар, Д ТӨХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн …. дугаарт тоног төхөөрөмжийн гэмтлийн акт, фото зургаар тогтоогджээ.
Энэхүү гэмтлийг засварлаагүй байхад буцаан булсныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан 1,842,578 төгрөгийн хэмжээний талаар хариуцагч маргаагүй болно.
7. Иргэний хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож болохыг хуульчилсан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болох явдлыг гэм хор учруулсан гэж үзнэ. Энэхүү хуульд заасан нөхцөл бүрдсэнээр үүсэх үүргийг шаардахад хууль бус үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учирсан байхыг шаардана.
Хариуцагч Н.Н нь 2024 оны 5 дугаар сарын 21-ны өдөр бусдаар ажил гүйцэтгүүлэх явцдаа нэхэмжлэгч байгууллагын Тунгаагдсан усны насос станцын тэжээлийн шугамд гэмтэл, хохирол учруулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, эрүүл мэндэд, эд хөрөнгөд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” зааснаар зохигчийн хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсжээ.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардахаас гадна мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу гэм хорын эрх зүйн хүрээнд хариуцагч гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь Д ТӨХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн …дугаар тоног төхөөрөмжийн гэмтлийн акт, фото зурагт үндэслэн гэмтлийн актын зардлын задаргаа, кабель гэмтлийн төлбөрийн нэхэмжлэх, зардлын тооцоолол ашиглан 1,842,578 төгрөгийн хохирол шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ заасан нотлох баримт ирүүлээгүй байна. Тодруулбал, хариуцагч нь гэмтлийг буцаан булсан болон үүний улмаас бий болсон гэм хорын хохирлыг 1,842,578 төгрөгөөр илрүүлэн завсарласан нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэл бүхий баримтаар няцааж, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн хариуцагч нь иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо бусдын эд хөрөнгөд хохирол учруулахгүй, анхаарал болгоомжтой хандах үүрэгтэй бөгөөд хохирол учруулсан тохиолдолд холбогдох арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 1,842,578 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.
9. Шүүхээс Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн … дугаар тушаалын хавсралтаар батлагдсан иргэдийн төлөөлөгч Ц.А-т шүүх хуралдааны товыг мэдэгдэж, эрх, үүргийг тайлбарласан боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй болно.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44,440 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Н-с 1,842,578 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ТӨХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44,440 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА