2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/02856

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                         2025             04            11  

                                       192/ШШ2025/02856

              

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, шүүгч Н.Х, А.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 200,427,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё, түүний өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, иргэдийн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Т.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Хариуцагч компанийн ажилтан Б.Д нь … замд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн үед …улсын дугаартай Т ХХК-ийн нэр дээрх автомашиныг барьж нийтийн тээвэрт үйлчилж, замын хөдөлгөөнд оролцож байхдаа М ХХК-ийн өмчлөлийн …. маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Энэхүү хэрэгт Тээврийн цагдаагийн албанаас … дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгалт хийхэд Т… ХХК-ийн жолооч нь эргэх үйлдэл хийхдээ ардаас ирж яваа автомашинд зам тавьж өгөхгүйгээр эргэх үйлдэл хийсний улмаас Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тухайн осол гарсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Тээврийн прокурорын газраас 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн … дугаар прокурорын тогтоол гарсан. Үүнд М ХХК өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэсэн байна. Монгол улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрийнхөө уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Б.Д нь тээврийн хэрэгслийг жолоодож байсан хэдий ч өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан тул хуульд заасны дагуу тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигч бусдад учирсан гэм хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй тул Т ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. М ХХК-ийн нэр дээрх хөдлөх хөрөнгө болох… улсын дугаартай … маркийн автомашинд үнэлгээ хийлгэхэд Монголын хөрөнгийн хохирлын үнэлгээчдийн холбооны шинжээч байгууллагын дүгнэлтээр 200,427,000 төгрөгийн хохирол гарсан тул уг хохирлыг Т ХХК-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай зүгээс гэм хор учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Д гэдэг жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагын шийтгэвэр, шийтгэх тогтоол огт гараагүй учраас Иргэний хуулийн …дүгээр зүйлд заасны дагуу хохирол нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Монголын хохирол үнэлгээчдийн холбооны үнэлгээ нь 200,000,000 төгрөг биш, Х ХХК-ийн үнэлгээ нь 200,000,000 төгрөг юм. Уг хэрэг дээр Т ХХК-ийн гаргасан гомдлын дагуу бүрэлдэхүүнтэй шинжээч томилоод гарсан хохирлын үнэлгээ нь Монголын хөрөнгө үнэлгээчдийн холбооны тайлан юм. Энэхүү тайлангаар хохирлын хэмжээ буурсан байдаг. Шууд учирсан зардал нь 142,500,000 төгрөг, засварын зардал нь 16,700,000 төгрөг гэж гарсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тус эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг нотолсон баримтыг хавсаргаж өгөөгүй байсан. Хариуцагчийн санаачилгаар баримтуудыг хэрэгт авсан байдаг. Одоо М ХХК хөрөнгийн өмчлөгч биш. М ХХК хөрөнгийн өмчлөгч биш хэрнээ эд хөрөнгөд учирсан ямар хохирлыг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтдаа И ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг хавсаргаад байгаа. Энэ нь тухайн эд хөрөнгийг засаж сэлбэх зардлыг хэлж байгаа. Засаж сэлбэх боломжгүй болсон нөхцөлд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэв шүүхээс уг хохирлыг төлөх ёстой гэж үзвэл Монголын хохирол үнэлгээчдийн холбооны хөрөнгийн үнэлгээнд заагдсан шууд хохирлыг тооцох боломжтой. Засах боломжгүй болсон учраас засварын зардлыг гаргах нь үндэслэлгүй байна. Шууд зардал болох 142,500,000 төгрөгөөс тухайн машиныг сэлбэгт хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан зардлыг хасаж тооцох ёстой гэж үзэж байна.” гэж маргажээ.

3. Иргэдийн төлөөлөгч “Миний зүгээс машин зарсан мөнгийг хасах хэрэгтэй гэж бодож байна.” гэсэн дүгнэлт гаргажээ.

        4. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл шүүхэд гаргаж өгсөн бөгөөд бусад баримтууд нь шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр бүрдүүлсэн … улсын дугаартай Toyota Lexus 570 маркийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, … дугаартай хэрэг бүртгэлийн хэргийн материалтай давхцаж байна.

       ҮНДЭСЛЭХ нь:

5. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд гэм хор учирснаас үүссэн хохиролд 200,427,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэм буруутай нь тогтоогдоогүй, хохирол үндэслэлгүй гэж маргажээ.

        7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

… улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсан болох нь зохигчийн тайлбар, зөрчлийн хэргийн материалаар тогтоогдож байна.

         Улмаар Тээврийн прокурорын газраас 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 63А дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж, М ХХК, Т ХХК нар нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсанаас гадна хэрэг бүртгэлтийг хаасан хэргээс холбогдох материалыг хуулбарлан, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг даалгажээ.  

        … улсын дугаартай … маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооноос 159,904,805 төгрөгөөр тооцсон бол И  ХХК нь 200,427,000 төгрөгөөр эвдрэл, хохирлын үнэлгээ гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч гэм буруутай болохыг баримтаар баримтаар нотлоогүй байна.

8. Иргэний хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож болохыг хуульчилсан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болох явдлыг гэм хор учруулсан гэж үзнэ. Энэхүү хуульд заасан нөхцөл бүрдсэнээр үүсэх үүргийг шаардахад хууль бус үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учирсан байхыг шаардана. Өөрөөр хэлбэл тухайн гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөн улмаар гэм хорын хохирол бий болно.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ.” зааснаар хариуцагч байгууллагын жолооч Б.Д-н гаргасан үйлдэлд гэм буруутай эсэхийг зөвхөн эрх бүхий байгууллага тогтоохоор зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, тухайн жолоочийн үйлдэлд зөрчлийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох ажиллагаа явуулаад зөрчил тогтоогдоогүй эсхүл шийтгэл ногдуулаагүй бол жолоочийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс мөрдөгчийн магадлагаа, техникийн шинжээчийн дүгнэлт, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан прокурорын тогтоолын олсон нь хэсэгт үндэслэн жолооч гэм буруутай гэсэн тайлбар үндэслэл муутай болжээ. Энэ талаар шүүхээс тодруулсан боловч нэхэмжлэгч тал нотлох баримт бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй болно.  

Иймд зөрчил үйлдэгч гэм буруутай байх хуулиар тогтоогдсон нөхцөл бүрдээгүй байх тул хариуцагч Т ХХК-иас гэм хорын хохиролд 200,427,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

9. Шүүхээс иргэдийн төлөөлөгчийн гаргасан “Миний зүгээс машин зарсан мөнгийг хасах хэрэгтэй гэж бодож байна.” гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ. Зөрчил гаргагчийн гэм буруу тогтоогдсоны үндсэн дээр түүнээс гаргуулах хохирлын асуудлыг шийдвэрлэх учир дүгнэлт үндэслэлгүй болжээ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т ХХК-д холбогдох 200,427,000 төгрөг гаргуулах М ХХК-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,160,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.ЗҮМБЭРЭЛ

                                        ШҮҮГЧ                                      Н.ХАНГАЛ

                                         ШҮҮГЧ                                     А.ЭНХЖАРГАЛ