| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/02059/И |
| Дугаар | 192/ШШ2025/00787 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/00787
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.А. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М-д холбогдох,
109,413,067 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.А, түүний өмгөөлөгч О, хариуцагчийн төлөөлөгч Д, түүний өмгөөлөгч Ш, шинжээч Р., Ж, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Р.А миний бие 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр "М" ХХК-тай … хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөр гүнт зуслан дах 700 мкв хэмжээтэй газарт 51.95 мкв хэмжээтэй Блокон өрөгт бүтээц бүхий 1 ширхэг амины орон сууцыг 119,485,000 төгрөгөөр бариулахаар тохиролцож амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу миний бие "М " ХХК-д 93,893,050 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн "М ХХК нь гэрээний дагуу амины орон сууцыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 60 хоногийн дотор захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл гэрээнд заасан хугацаанд амины орон сууцны барилгыг барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад 2022 оны 11 дүгээр сард багтаан барилгын ажлыг дуусган хүлээлгэн өгөхөөр албан бичгээр амлалт өгч байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдий хүрсэн. Иймд амины орон сууц захиалгаар барих гэрээг цуцлаж, гэрээний дагуу шилжүүлсэн 93,893,050 төгрөг, мөн гэрээний 3.2-т заасны дагуу гэрээ цуцлах хүртэл хугацааны алдангид 15,520,017 төгрөг нийт 109,413,067 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Нийт гэрээний үнийн дүн бол 119,485,000 төгрөг. Шинжээчийн дүгнэлтээр хэдэн төгргийн зардал гарсныг бол тооцчихсон байгаа. Мөн манай компанийн тайлан явуулдаг эхсель файлыг хүртэл хэрэгт хавсаргасан. Догодлыг бол арилгах боломжтой гэж үзсэн. Тэр өмч хөрөнгө эцэссийн эцэст миний өмч хөрөнгө биш. Тэгэхээр би тэрийг яаж авах юм. Тодорхой хэмжээний хүмүүс ажиллаж өчнөөн их хүч хөдөлмөрөө зарцуулчихсан. Тэр догодлыг засах боломжтой байсаар байтал тэрийг хаяаад дахиад захиалагчийн нэхэмжилж байгаа 109,000,000 төгрөгийг төлөх юм уу? тэр догодлыг засах боломжтой гэдгийг инжинер хүмүүс хэлж байна. Шүүхээс томилсон шинжээч хүртэл хэлжбайна. Эдгээр хүмүүст итгэхгүй бол өөр хэнд итгэх юм. Надад бол зохимжгүй санагдаж байна. Барилга байшинг үргэлжлүүлэх талаар ярилцах хэрэгтэй. Хэдэн төгрөг компанинд төлсөн, хэдэн төгрөг зарцуулсан гэдгээр үргэлжлүүлэх ёстой. Түүнээс миний газар, миний байшин биш. Надтай зөндөө олон эвлэрэх боломж олгосон утсаа авдаггүй. Би байнга залгадаг. Утсаа ерөөсөө авдаггүй, манай талаас байнга залгадаг, намайг бүр элдэв бусаар хараасан маш их доромжилсон. Ес зүйгүй үйлдэл их гаргасан болохоор надад энэ барилгыг үргэлжлүүлэх дээрээс мөн бүх оруулсан мөнгийг ийшээ зарцуулчихаад байхад ийм ёс зүйгүй шалчигнасан үйлдэл гаргаж байгаа учраас энэ ажлыг угаасаа зогсоосон. Гэрээний мөнгөөр би өөртөө байр, машин аваагүй. Өнөөдөр барилгын компани нар ямар зарчмаар үйл ажиллагаа явуулж байгаа тэрүүгээр тоосгоо зөөж, арматур зөөгөөд тэнд байгаа ажилчдаа хооллож бензинийн мөнгөө өгөөд үйл ажиллагаа явуулсан. н.Батчимэг гэдэг төсөвчин нүдээрээ очиж хараагүй үзээгүй байж ямар ажил хэр их хэмжээний мөнгө төгрөг орсныг мэдэхгүй байж 52,000,000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. н.Б гэдэг хүнийг дуудаж асуумаар байна. Тэгээд дутуу бодсон, зах зээлийнхээ үнийг мэдэхгүй төсөв гаргасан. Зах зээлийн үнийн судалгаа гэдэг зүйлийг заавал хийх ёстой. Шинжээч нар надаас ядаргаа болтлоо энэ чинь ясан, тэр чинь яасан гээд байнга асуусан. 52,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээч хүнийхээ гаргасан зардлыг тооцуулаагүй. Зах зээл дээр цонх блок ямар үнэтэй байна, 100 айл захаас материал авахад ямар үнэтэй байна гэдгийг судлах хэрэгтэй шүү дээ тэр төсөвчин. Барилгыг буулган дээрээс нь 109 сая төгрөг төлнө гэдэг зүйл бол аж ахуй нэгжийн хувьд хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй санагдаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиалагч маань 7 хоног л ажилласан гэж тайлбарлаж байгаа. Ямар ажлын барилгын суурийг ухах үед 90 хоног зарцуулна шүү дээ. Яаж ч бодсон, бүхэл бүтэн суурь хийгдэж, өрлөг, дээврийг ажил хийгдсэн байгаа. Тэнд 100,000,000 төгргийн ажил хийгдсэн байхад хэзээ ч 7 хоногийн дотор хийгдэхгүй. Хэрвээ үнэхээр шаардлагатай гэвэл тэнд ажилласан бүх хүмүүсийг дуудахад хүртэл бэлэн байна. Тэгж бас худлаа хэлж болохгүй. Бид нар ч гэсэн хүний мөнгийг авч ажил хийж байгаа. Нэхэмжлэгч талаас яг яах гэж байгаа нь мэдэгдэхгүй байна. Би тэр байшинг буулгаж авч яваад дахиад 109,000,000 төгрөг төлөх юм үү? тэр байр яахаараа миний өмч хөрөнгө болдог юм. Миний газар дээр ч биш. Би тэр айлын хашаанд дураараа ч орох эрхгүй шүү дээ” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс амины орон сууц захиалгаар барих гэрээ /хх 4-8/, төлбөр төлөх график /хх 12/, м ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22/35 дугаар албан бичиг /хх 13/, барилгын дотор засал хийх ажлын төсөв /хх 14-16/, м ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 22/07 дугаар албан бичиг /хх 17/, Р.Аын хаан банкны дансны хуулга /хх 18-19/, худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 20-23/, амины орон сууцны ажлын зураг /хх 24-41/, фото зураг /хх 65-68/, улаан шугамыг шалгаж, тэг тэнхлэг тавьсан акт /хх 72/, суурийн нүх ухсан акт /хх 73/, суурь хийсэн акт /хх 75-76/, өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт /хх 77-78/, хана, сууринд төмөр бетон бүс хийсэн акт /хх 79-80/, төмөр бетон зүрхэвч цутгасан акт /хх 81-82/, Э ББСБ-ээс авсан зээлийн нэмэлт гэрээ, зээлийн гэрээ /хх 83-87/, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн цалингийн зээлийн гэрээ /хх 88-89/, амины орон сууцны барилгын үлдэгдэл ажлын төсөв /хх 160-167/, барилгын явцын гүйцэтгэлийн явцын төсөв /хх 167-179/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 43-44/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр Х ХХК-аар шинжээчийн дүгнэлт /хх 101-140/ гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч П.Д-г /хх 184-186/, шинжээчээр Р-т, Ж.У нарыг асууж, хариуцагч байгууллагын цахим хуудаст үзлэг хийсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч Р.А нь хариуцагч гэрээнд заасан хугацаанд амины орон сууцыг барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад амлалт өгч байсан боловч биелүүлээгүй, гэрээний зүйлд ноцтой доголдол илэрсэн гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж, 109,413,067 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч өөрөө хөрсний геологчийн дүгнэлт гаргуулах байсан, доголдол илэрсэнд нэхэмжлэгч буруутай, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 5,770,000 төгрөгийг төлж болно, ажлын үр дүн гарсан гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигч 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр … Өвөр гүнт зуслах дахь 700 м.кв хэмжээтэй газарт 51.95 м.кв хэмжээтэй, блокон өрөгт бүтээц бүхий амины орон сууцыг 119,485,000 төгрөгөөр 60 хоногийн хугацаанд бариулахаар тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбар, амины орон сууц захиалгаар барих гэрээ, төлбөр төлөх графикаар тогтоогджээ.
Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч Р.А нь 93,893,050 төгрөгийг бараа материал болон мөнгөөр төлжээ. Захиалагч хуваарьт хугацаандаа мөнгөө төлсөн бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.
Хариуцагч нь суурын нүх ухсан актад Л ХХК-иар инженер геологичийн дүгнэлт гаргуулаагүй, өмнөх загвар дээрээ акт үйлдсэн, нэхэмжлэгч дүгнэлт хийлгэх байсан гэж тайлбарладаг бөгөөд гэрч П.Д геологичийн дүгнэлт гаргаагүй байсан талаар мэдүүлсэн зэргээс үзэхэд хариуцагч хөрсний геологичийн дүгнэлтгүйгээр барилга барьжээ.
Мөн Х ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд хамар хана хөндлөн цуурсан, бетон шаланд хагарал үүссэн, гадна хана ташуу хагаралтай, бүс бетон хагарал үүссэн доголдол илэрсэн гэсэн бөгөөд шинжээч шүүх хуралдаанд тэдгээрийг засварлах зардлыг тооцохдоо суурийн зураг гаргасан П.Д-н саналыг авсан гэж мэдүүлсэн боловч П.Д гэрчээр мэдүүлэг өгөхдөө “хөрсний ус эсхүл гадаргын ус суурь руу орсноос болсон уу гэдгийг мэдэхгүй, үүнийг геологич тогтооно” гэснээс үзвэл шинжээч доголдлыг арилгах зарлын тооцооллыг үндэслэлтэй тогтоож чадсангүй. Барилгын суурийн зураг гаргасан гэрч П.Д доголдол илэрсэн шалтгааныг тогоогоогүй байхад шинжээч түүнийг тайлбарт үндэслэн доголдол арилгах зарлыг тогтоох боломжгүй юм.
7. Зохигч … 51.95 м.кв хэмжээтэй, блокон өрөгт бүтээц бүхий амины орон сууцыг 119,485,000 төгрөгөөр 60 хоногийн хугацаанд бариулахаар тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, ...гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, ...талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ, ...гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 352 дугаар зүйлийн 352.1, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээнээс татгалзаж байгаа гэж тодорхойлсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно”, 221.2 дахь хэсэгт “... эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” заасныг баримтлан нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан хугацаа тоолох, урьдчилан сануулах журмаар гэрээнээс татгалзаж болно.
…. хэмжээтэй, блокон өрөгт бүтээц бүхий амины орон сууцны хамар хана хөндлөн цуурсан, бетон шаланд хагарал үүссэн, гадна хана ташуу хагаралтай, бүс бетон хагарал үүссэн доголдол илэрсэн нь цаашид нэмэгдэх боломжтой, хагарал үүссэн шалтгаан нөхцөлийг хөрсний геологчийн дүгнэлт гаргахгүйгээр тогтоох боломжгүй, дүгнэлт гарсан тохиолдолд дахин суурийг өөрчлөх /аяган суурь хийх/ боломжгүй байх тул шүүхээс гэрээний ноцтой зөрчил үүссэн гэж үзлээ.
Хариуцагч гэрээгээр хөрсний геологичийн дүгнэлтийг нэхэмжлэгч хийх байсан гэдгээ нотлоогүйгээс гадна хариуцагч мэргэжлийн байгууллага болохын хувьд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1 дэх хэсэгт “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”, 350.1.4-т “ ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас олгосон эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах” заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл барилгын компани хөрсний геологчийн дүгнэлтгүй барилга барьсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.
Мөн гэрээнд зааснаар 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ашиглалтад орох байсан амины орон сууц 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ашиглалтад ороогүй, үр дүн гараагүй байхаас гадна доголдол үүссэн шалтааны тухайд хариуцагч буруугүй гэж маргаж байгаа нөхцөлд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй юм.
Иймд нэхэмжлэгч иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, хариуцагчид шилжүүлсэн 93,893,050 төгрөгөө буцаан шаардах эрхтэй болжээ.
8. Талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжтой үлджээ.
9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 231.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус зохицуулсан.
Талууд гэрээний 3.2-д үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй бол ...алданги тооцохоор харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээ байгуулагдахаас өмнөх нөхцөлийг үүсгэж байгаа учир гэрээний дагуу алданги шаардах эрхгүй юм.
10. Иймээс М ХХК-иас 93,893,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ад олгож, үлдэх 15,520,017 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
11. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 705,016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 627,415 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, зохигчоос 2,200,000 төгрөгийг хуваан гаргуулж Х ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас 93,893,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ад олгож, нэхэмжлэлийн үлдэх 15,520,017 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 705,016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 627,415 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, зохигчоос 2,200,000 төгрөгийг хуваан гаргуулж Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.