Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2025/0634

 

 

 

 

   2025         09           16                                   128/ШШ2025/0634

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Д.Эрдэнэчимэг, шүүгч Т.Гангэрэл, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: “А” ХХК /РД:/,

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ч.У*******,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

          Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.Л нарыг оролцуулан өөрийн ашиглаж байсан газрыг бусдад эзэмшүүлсэн нь хууль бус байсан болохыг тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1.1. “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” гэжээ.

2.Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

-Нэхэмжлэгчийн газрын тухайд:

2.1.Нэхэмжлэгч “А” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/143 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэгт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн аманд 3.0 га талбайд аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр олгожээ.

2.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/378 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай нэхэмжлэгч “А” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2021/48 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулжээ.

2.3.Мөн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчээс хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрх авснаас хойш газрын төлбөрт 97,710,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №01122-2021/******* дүгээр актаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй байна.

2.4.Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаар Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай тушаалаар “А” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

2.5.Дээрх тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэжээ.

2.6.Маргаан бүхий актын 1 дэх заалтад ...Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/*******, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/******* дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэсийг бодит газар дээр тэмдэгжүүлж залруулга оруулсан.

2.7.Тус залруулгын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэж үүнд “А” ХХК багтжээ.

 

-Гуравдагч этгээд “Т*******” ХХК-ийн газрын тухайд:

 

2.8.“Т*******” ХХК-иас анх 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 23/05 дүгээр албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууц, хүүхдийн сургууль, цэцэрлэг барих төсөл хэрэгжүүлэхээр 1 га газрыг эзэмших хүсэлтийг гаргаж байжээ. 

2.9.Гуравдагч этгээд “Т*******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ний өдрийн А/******* дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах газарт 48000, 10000 м.кв  газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгожээ.

2.10.Гэвч Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр А/742 дугаар захирамжаар “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/05/2147 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалтаар 10000 м.кв газар эзэмшиж байгаа “Т*******” ХХК нь дуудлага худалдааны үнийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай” гэж эзэмшиж байсан  газрын эрхийг хүчингүй болгосон байна.

Улмаар нэхэмжлэгчээс 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “...Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар захирамжаар “Т*******” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн ашиглаж эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилж, шүүх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслээд “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.1.Улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоосон байх бөгөөд хил заагийг нарийвчлан зураглаж эргэлтийг цэг шонгуудын солбицлыг хэмжиж тогтоогоогүйгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2 өөр хил зааг зураглаж үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэд олон нийтийн дунд зөрчил үүсгэж байна гэж үзэж уг асуудлыг шийдвэрлэхээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/65 дугаар тушаалаар улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг нарийвчлан тогтоох эргэлтийн цэгийг солбицол баталгаажуулах дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна.

1.2.Уг ажлын хэсгийн талууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054 , Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/******* дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэсийг бодит газар дээр эргэлтийн цэгийг бэхэлж, тэмдэгжүүлж оруулсан үйл баримт тогтоогдож байна.

1.3.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /1994оны/ 25 дугаар зүйлийн 1-д “газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох”, 2-т “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх эрхтэй”, гэж Улсын Их Хурлаас тусгай хамгаалалттай газар нутгийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-д Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг баталсан ба уг тогтоол хүчин төгөлдөр, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэс, заагт өөрчлөлт ороогүй, харин хил зааг бодит газар дээр бэхэлж тэмдэгжүүлж буулгахдаа алдаатай тэмдэглэснийг залруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

1.4.Улмаар маргаан бүхий газар нь Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тусгай хамгаалалттай газрын хил заагт ороогүй, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар байна.

1.5.Өөрөөр хэлбэл ажлын хэсгийн шийдвэр, байнгын хорооны тогтоолууд нь хилийн цэсийг өөрчлөөд байгаа зүйл биш харин тэмдэг тэмдэглэгээг алдаатай бэхэлсэн байсныг бодит газар дээр залруулсан болох нь хэрэгт авагдсан тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны *******, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тэмдэглэлд тусгагдсан гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

1.6.Нэхэмжлэгч “А” ХХК-иас нэхэмжлэлээ эцсийн байдлаар тодруулахдаа “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

1.7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор маргаж байгаа тохиолдолд хууль ёсны эрх ашиг нь хэрхэн сэргэхийг харгалзах зүйн хэрэг юм.

1.8.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гуравдагч этгээд “Т*******” ХХК газар эзэмших эрхээс өөрт давхцалтай хэсгийг хууль бус болохыг тогтоолгож  шийдвэрлэсэн ч маргаан бүхий Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах газар нь Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар болох нь холбогдох байгууллагын тогтоосон эргэлтийн цэгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч “А” ХХК-д хүн аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрх олгох боломжгүй байна.

1.9.Тодруулбал, “А” ХХК нь аялал жуулчлалын бааз байгуулах зориулалтаар төсөл боловсруулж, холбогдох дүгнэлтийг батлуулсан, гэтэл маргаан бүхий газар болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд аялал жуулчлалын бааз байгуулах боломжгүй, суурьшлын бүс болох нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар тогтоолоор баталсан тус хорооны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр тогтоогдож байна.  

1.10.Мөн Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил хэмжээг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар тогтоолоор баталсан байх бөгөөд үүнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 957 га газар багтжээ.

1.11. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх” гэж тус тус заасан.

1.12. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “Т*******” ХХК-д олгосон газар нь Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэсийг бодит газар дээр бэхэлж, тэмдэгжүүлсний дараа Нийслэлийн Засаг даргаас өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох баримтыг үндэслэн газар эзэмших эрх олгосон байгаа нь хуульд нийцсэн байна.

1.13.  Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүх үнэлэхдээ захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж буй этгээдийн эрх зүйн байдлыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай, тодруулбал нэхэмжлэгч этгээдээс өөрийн субьектив эрх зөрчигдсөн гэж маргасан энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй юм.

1.14. Иймд “А” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д заасныг баримтлан “А” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хууль бус байсныг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА

                                                                          ШҮҮГЧ                            Т.ГАНГЭРЭЛ

                                                                          ШҮҮГЧ                             Д.ЭРДЭНЭЧИМЭГ