Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/22

 

 

 

 

 

 

  

 

2024          04            18                                               2024/ДШМ/22

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Ганзориг, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Н.Амаржаргал /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/48 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцлээр яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2340000530004 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг "*******" ХХК-ийн харуулын байрнаас согтуугаар Ө.*******ийг хутга барьж гарахаар нь түүнтэй маргалдаж, зууралдах явцад түүний хутгатай гарыг өчиж, хавирч унагасны улмаас Ө.******* нь барьсан хутга дээрээ унаж, хэвлийн хэсэгтээ хүнд гэмтэл авч хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас яллагдагч *******гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар сарын 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2340000530004 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорт буцааж, хэргийг прокурорын газарт очтол яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн  шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. 1.3-д заасныг удирдлага болгон хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан.

Анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн захирамжтай танилцахад шүүгч хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцаасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэдгийг дараах байдлаар үгүйсгэж байна.

Яллагдагч ******* 2023 оны 10 дугаар сарын 16-ны орой Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг "*******" ХХК-ийн харуулын байрны гадаа хохирогч Ө.*******тэй маргалдаж, зууралдах явцад түүний хутгатай гарыг өчиж, хавирч унагаасны улмаас Ө.******* барьсан хутга дээрээ унаж, хэвлийн хэсэгтээ хүнд гэмтэл авч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

- хохирогч Ө.*******ийн "...Архи ууж эхэлж байхад ******* хар хуйтай нэг хутга гаргаж ирсэн. Би хараад “яасан аятайхан хутга вэ, найздаа бэлэглэчих юм уу” гэж хэлэхэд “чи тэгүүл авуул авахгүй юу даа” гэж байсан. Цааш үргэлжлүүлэн архиа ууж дуусахад бид хоёр нэлээн их согтсон. Би бол маргалдаж муудалдсан зүйл болоогүй гэж бодож байна. Нэг харахад л миний зүүн хавирганы доод хэсэгт хутгаараа дүрээд авсан. Би цус гараад эхлэхээр нь зугтах маягтай гарсан. Тэгтэл араас ******* “би юу хийчхэв ээ, ******* ахыг гялс дуудъя” гэсэн. Би тэрнээс цааш юу ч санахгүй байна. Би цусаа хараад сандраад ухаан балартсан. Би согтолт бол нэлээн байсан. Болсон зүйлийг бол би бүдэг бадаг санаж байгаа..." гэх /хх-н 24-25/,

- гэрч ******* "... Тэгж байтал жонш зөөдөг машин уурхайгаас гарах гээд ирж байхаар нь би гарах гэтэл Ө.******* хутгаа бариад “*******г хүзүүдээд хоёулаа нэг сайхан зодолдчих уу” гээд байсан. Ахлах уугаагүй эрүүл байсан болохоор “чамайг ийм зан гаргаад байвал уурхайн даргыг чинь дуудлаа” гэсэн чинь “яахын бэ хөгшөөн, чи надтай үзэхгүй бол би машиныг гаргаад жолооч нартай үзье” гээд гарах гэхээр нь би "чи болио, би өөрөө гаргана” гээд гарсан. Намайг гартал Ө.******* хутгаа бариад миний араас гарсан тэгтэл араас нь ахлах ******* “чи ороод наад хутгаа далд хий” гээд Жанебекийн араас тэврээд үлдсэн. Би ирсэн гурван том ачааны машиныг гаргаад постынхоо хаалгыг хаагаад эргээд постын үүдэнд ирэхэд Ө.*******ийн гэдэс хавиас цус гарчихсан гараараа дараад шууд надтай зөрөөд кемп рүү чиглээд алхсан. Анх Бор-Өндөр сумаас ирэхдээ тасарчихсан ирсэн согтолт бол маш их байсан. Намайг гарахад араас Ө.Жанебек хутгаа бариад гарч ирж байсан..." гэх /хх-н 31-33/,

- яллагдагч *******гийн "...Ө.******* хутгаа бариад ...жолооч нар руу очих гээд явж байхаар нь би араас нь очиж барьж аваад “чи яах гээд хутга бариад яваад байгаа юм ор, боль” гэж хэлсэн, тэгтэл үгэнд орохгүй өөдөө зууралдаад “үгүй хутгаа өгөхгүй” гээд цаашаа алхахаар нь би араас очоод хутгатай гарыг нь барьж аваад гарыг нь хойш нь өчөөд мушгиад дэгээдээд газарт унагаатал унахдаа барьж байсан хутган дээрээ унаад зүүн доод хэвлийн хэсэгтээ дүрчих шиг болсон. Би тэгээд сандраад дарга нар болон бусад хүмүүсийг дуудаад тусламж үзүүлээд эмнэлэг рүү би хамт хүргэж өгсөн...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байхад хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, хууль зүйн дүгнэлт хийлгүй дээрх мэдүүлгээс өөр нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, нотлох баримт авагдаагүй гэж дүгнэлт хийсэн ойлгомжгүй байна.

Учир нь: Тухайн хэрэг үйлдэгдэх үед хохирогч Ө.*******, яллагдагч ******* хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд харин гэрч ******* нь “...Ө.******* хутгаа бариад миний араас гарсан, тэгтэл араас нь ахлах ******* “чи ороод наад хутгаа далд хий гээд Ө.Жанебекийн араас тэврээд үлдсэн...” гэдгийг гэрчилсэн байдаг.

Хэрэг үйлдэгдэх үед хохирогч Ө.******* их согтолтой байсан нь гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр нотлогддог бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь яллагдагч *******, гэрч ******* нарын мэдүүлгээс зөрүүтэй байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй юм. Нөгөө талаар яллагдагч болон гэрч нарын мэдүүлэг нь өөр хоорондоо уялдаа холбоо бүхий хэргийн үйл баримтыг нотолсон байдаг.

Шүүгч мөн захирамжийн 3 дугаар хуудсанд "...Ө.******* нь барьсан хутга дээрээ унаж, хэвлийн хэсэгтээ хүнд гэмтэл авч хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй" гэснийг зөрчиж гэм буруугийн дүгнэлт хийсэн.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэсэн заалтын тухайд:

Хэрэгт яллагдагч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон байхад “гэмт хэрэг гарах үед байсан жолооч нараас гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай, тухайн нөхцөл байдал, үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой мэдүүлэг өгч болохоор байна” гэж таамгаар хийсвэрлэсэн дүгнэлт хийсэн ойлгомжгүй байна.

Учир нь хэрэг болох үед жолооч нар байгаагүй, хохирогч Ө.*******, яллагдагч ******* хоёр байсан, харин гарч ******* “хохирогч Ө.******* хутгаа бариад миний араас гарсан, тэгтэл араас нь ахлах ******* “чи ороод наад хутгаа далд хий” гээд Ө.Жанебекийн араас тэврээд үлдсэн” гэдгийг гэрчилсэн байхад шүүгч шүүдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоосон байхад гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, хохирол хор уршгийн шинж чанар хэр хэмжээ зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотолсон гэж үзэж байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нарын ямар ажил эрхэлдэг, ажилд орсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, "*******” ХХК болон хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай гэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь хэрэгт нотолбол зохих байдлуудыг тогтоосон. Хэрэгт ажлын байрны тодорхойлолтыг хавсаргасан. Энэ хэрэг албан тушаалын гэмт хэрэг, эсхүл хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой гарсан хэрэг байсан бол шүүгдэгч, хохирогч нарын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг хэрэгт хавсаргах шаардлагатай байх байсан.

Гэтэл энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг" гэмт хэрэгт хамаарч байгаа тул хохирогч, яллагдагч нарын ажлын хамааралтай баримт бичиг, мөн "*******" ХХК-ийн холбогдох нотлох баримтыг хавсаргах шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэх боломжтой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан үндэслэлгүй байна.

Хэрэв шүүхээс зүйлчлэл тохирохгүй гэж үзэж байгаа бол, зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулаад шийдвэрлэх боломжтой байсан. *******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаагаад хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, *******д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр яллагдагч *******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.  

 

Яллагдагч *******гийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг "*******" ХХК-ийн харуулын байрнаас согтуугаар Ө.*******ийг хутга барьж гарахаар нь түүнтэй маргалдаж, зууралдах явцад түүний хутгатай гарыг өчиж, хавирч унагасны улмаас Ө.******* нь барьсан хутга дээрээ унаж, хэвлийн хэсэгтээ хүнд гэмтэл авч хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар сарын 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж 2024/ШЗ/48 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, мөн  мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж,  шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой.

Яллагдагч *******гийн “...би араас нь очоод хутгатай гарыг нь барьж аваад гарыг нь хойш нь өчөөд мушгиад дэгээдээд газарт унагаатал унахдаа барьж байсан хутган дээрээ унаад зүүн доод хэвлий хэсэгтээ дүрчих шиг болсон..." /хх-н 98-99/ гэх мэдүүлгийг нотолсон өөр баримт хэрэгт авагдаагүй, зөвхөн яллагдагчийн мэдүүлгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй" гэсэн хуулийн шаардлагад  нийцэхгүй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах “1.1 гэмт хэрэг гарсан байдал,  1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...”-ийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн нотлох шаардлагатай ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад  ач холбогдолтой.

            Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн 2024/ШЗ/48 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

            1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/48 захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №04 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Хэргийг прокурорт очтол яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                               Д.ГАНЗОРИГ

           

                                                                                           Г.БОЛОРМАА