| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/07301/И |
| Дугаар | 192/ШШ2025/00514 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/00514
2025 01 22 192/ШШ2025/00514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * тоот хаягт байрлах, Ю* ББСБ ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х* тоот хаягт оршин суух, Б* овогт, Б.Э* /РД:*/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 335 574 378 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчтай 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ20211 тоот зээлийн гэрээ байгуулан 150 000 000 төгрөгийг сарын 2 хувийн үндсэн хүүтэй зээлүүлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй тул зээлийн гэрээний 8.6-д заасан харьяаллын дагуу 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр МҮХАҮТ-н дэргэдэх Монголын Олон улсын Арбитрт хандаж хариуцагчаас 231 418 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл Арбитрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 211 тоот шийдвэрээр “арбитрын хэлэлцээр шууд хамаарах боломжгүй, энэ шийдвэр нэхэмжлэгч тал шаардах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул өөрийн оршин байгаа газрын шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж хаяг тогтоосон. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150 000 000 төгрөг, үндсэн хүү 129 402 739 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 664 876 төгрөг, эрх зүйн туслалцааны төлбөр 30 506 762 төгрөг, нийт 335 574 378 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгч нь МҮХАҮТ-н дэргэдэх Монголын Олон улсын Арбитрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 211 дугаартай шийдвэрийг мушгин өөрөөр тайлбарлаж байна. Учир нь нэхэмжлэгчийн гаргаж буй 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ20211 дугаартай гэрээний харилцаа нь урьд нь арбитрын хэлэлцээртэй байсан бөгөөд маргааныг арбитр хэлэлцэж шийдвэр гаргасан байдаг. Тус шийдвэрт 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ20211 дугаартай гэрээгээр зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй, 2021 оноос өмнөх харилцааг арбитрын хэлэлцээр хийсэн гэж үзэхгүй арбитрын бүрэлдэхүүн дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч тал арбитрын хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал 2021 оноос өмнөх харилцааны шаардах эрхийн үндэслэлийг буруу тайлбарлаж, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний харилцаанд хамааруулсан тул нэгэнт арбитрын бүрэлдэхүүнээр хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар дахин шүүхэд хандаж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2021.03.30-ны өдрийн ЗГ202101 дугаар зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл хүүгийн тооцоолол, итгэмжлэл, МҮХАҮТ-н дэргэдэх Монголын Олон улсын Арбитрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 211 тоот шийдвэр, Цагдаагийн Ерөнхий газрын 2024.10.25-ны өдрийн 6/10230 дугар гомдлын хариу хүргэх тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.06-ны өдрийн 183/ШЗ2023/13055 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023.03.15-ны өдрийн 271 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчилсөн талаарх лавлагаа, компанийн дүрэм, тамга тэмдгийн талаарх лавлагаа, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Д* ББСБ ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 335 574 378 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хуулийн этгээд оноосон нэрээ Ю* ХХК болгон өөрчилсөн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “..2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ202101 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150 000 000 төгрөг, үндсэн хүү 129 402 739 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 664 876 төгрөг, эрх зүйн туслалцааны төлбөр 30 506 762 төгрөг, нийт 335 574 378 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж тайлбарласан.
4. Хариуцагч МҮХАҮТ-н дэргэдэх Монголын Олон улсын Арбитрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 211 тоот шийдвэрээр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ202101 дугаартай зээлийн гэрээний харилцааг шийдвэрлэсэн. Дахин шийдвэрлэх үндэсгүй гэх агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасан.
5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Зээлдүүлэгч Д* ББСБ ХХК нь зээлдэгч Б.Э*, Х.Ө* нартай 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ202101 дугаар Зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 150 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Б.Э*, Х.Ө* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр, зээлдэгч нь гэрээний үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүйн улмаас үүргийн гүйцэтгэлийг шүүх арбитрын журмаар хангуулахаар зээлдүүлэгч хандсан тохиолдолд зээлдүүлэгчийн эрх зүйн туслалцаа авах зардал төлөгдөөгүй зээлийн төлбөрийн 10 хувьтай тэнцэх хэмжээний болон шүүхийн зардлыг зээлдэгч бүрэн хариуцна гэж тус тус тохиролцжээ.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
5.3. Нэхэмжлэгч Д* ББСБ ХХК нь Б.Э*, Х.Ө* нарт холбогдуулан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын олон улсын Арбитрт маргааны эрх зүйн баримт бичиг болох талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ202101 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150 000 000 төгрөг, үндсэн хүү 52 900 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 480 000 төгрөг, эрх зүйн туслалцааны төлбөр 21 038 000 төгрөг, нийт 231 418 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
5.4. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын олон улсын Арбитрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 211 дүгээр шийдвэрээр “...зээлийн гэрээ нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан, харин хариуцагчид шилжүүлсэн гэх 150 000 000 төгрөг нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хамаарах үйл явдал бөгөөд талууд мөнгөн шилжүүлэг хийх үед ямар нэг гэрээ бичгээр байгуулаагүй болох нь талуудын тайлбараас тогтоогдож байна...”, “...2017 онд мөнгө шилжүүлсэн талуудын хүсэл зориг нь хамтран ажиллах, эсхүл зээлийн эрх зүйн харилцааны аль нь болох талаар арбитрын хэлэлцээр бүхий зээлийн гэрээний талууд маргаж, тогтоогдохгүй байгаа тул 2017 оны мөнгөн хөрөнгийн шилжүүлэгт холбогдох эрх зүйн харилцаанд хүчин төгөлдөр арбитрын хэлэлцээр Иргэний хуулийн 196.1.2 болон Арбитрын тухай хуулийн 8.1 зааснаар байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна...” гэж дүгнэн арбитрын ажиллагааг дуусгавар болгож, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ.
5.5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5.6. Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ202101 дугаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй болох нь Арбитрын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ202101 дугаар зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байна.
5.7. Харин, хариуцагч Б.Э* 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн Голомт банкны * тоот дансаар 150 000 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б.Э-аас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, мөн оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэн Х.Ө-оос гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлээр тогтоогдож байгаа нь дээр хариуцагч нь тухайн үйл баримтыг няцааж, үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд гаргаагүй болно.
5.8. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д* ББСБ ХХК болон хариуцагч Б.Э* нарын хооронд тухайн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн цаг хугацаанд зээл, эсхүл хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
5.9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д* ББСБ ХХК буюу одоогийн Ю* ХХК нь хариуцагч Б.Э-аас шилжүүлсэн 150 000 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй.
5.10. Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ202101 дугаар зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэсэн ч хариуцагч Б.Э* нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан 150 000 000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ202101 дугаар гэрээгээр 6 сарын хугацаанд сарын 2 хувийн хүүтэй буцаан төлөх үүрэг хүлээж, гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл болох тул нэхэмжлэгч шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлсэн гэж үзэв.
5.11. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Э-аас 150 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ю*ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 185 574 378 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Э-аас 150 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ю* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 185 574 378 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1 835 882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 907 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю- ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ