| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 183/2024/05038/И |
| Дугаар | 192/ШШ2025/01226 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/01226
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д холбогдох,
4,591,447.79 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 11,951,448 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. хариуцагч Д.Н, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Б ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны дулаан дамжуулах, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн, хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхлэх тус тус тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тус … орон сууцны ашиглалт, үйлчилгээг хариуцан оршин суугчдын хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны тасралтгүй хангамжийг хариуцан, засвар үйлчилгээг хийж хангагч болох Ус сувгийн удирдах газар, У ТӨХК, У ТӨХК-д төлбөрийг нь дамжуулан төлдөг. Гэтэл … 1 тоотын оршин суугч Д.Н нь 2022 оны 11 дугаар сараас хойш хугацааны турш ашиглалтын зардлаа огт төлөлгүй их хэмжээний өр төлбөрийг хуримтлуулан, одоог хүртэл өр төлбөрөө төлөөгүй байна. Хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьд бидний зүгээс хэрэглэгчдэд найдвартай, шуурхай, тасралтгүй үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх зарчмын дор одоог хүртэл хэрэглэгчийн хэрэглээг хязгаарлах, хясан боогдуулах арга хэмжээ авч байгаагүй бөгөөд зөвшилцөх бүхий л арга хэлбэрийг ашиглаж алдангийг нь тодорхой хэмжээнд хасах саналыг тавьж байсан ч одоог хүртэл үр дүн гарахгүй байгаа нь хариуцагч нь сайн дураараа хуульд заасан үүргээ биелүүлэх, өр төлбөрөө барагдуулах сонирхолгүй байгааг харуулж байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйл, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-р зүйл, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт, Ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-р зүйл, хэрэглэгчтэй байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь хэрэглэгчийн ус дулааны төлбөрийг төлөх үүрэгтэй ба нийт 4,591,447.79 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Д.Нээс 2022 оны 11 дүгээр сараас 2024 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны турш хэрэглэсэн ус дулааны төлбөр 3,234,937.4 төгрөг, алданги 1,356,510.39 төгрөг, нийт 4,591,447.79 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Б ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны дулаан дамжуулах, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн, хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхлэх тус тус тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тус …орон сууцны ашиглалт, үйлчилгээг хариуцан оршин суугчдын хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны тасралтгүй хангамжийг хариуцан, засвар үйлчилгээг хийж хангагч болох Ус сувгийн удирдах газар, У ТӨХК, У ТӨХК-д төлбөрийг нь дамжуулан төлдөг. Тус шүүхэд Д.Нт холбогдуулан 2022 оны 11 дүгээр сараас 2024 оны 07 дугаар сар хүртэлх хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг нэхэмжилсэн ба 2024 оны 08 сараас өнөөдрийг хүртэлх төлбөрөө төлөөгүй байгаа тул нэмэгдүүлж байна. 2024 оны 08 дугаар сараас 2025 оны 01 сар хүртэлх төлбөр 985,465 төгрөг, алданги 267,825 төгрөг болсон. Алдангийг тооцохдоо сар бүрийн төлөөгүй төлбөрөөс 0.5 хувийг тооцож, төлөөгүй хоногоор үржүүлэн, Иргэний хуулийн алдангийн 50 хувьд нийцүүлэн бодсон болно. Иймд үндсэн төлбөр болон алданги нийт 1,253,290 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагчаас нийт 5,844,737 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Б компаниас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хаиуцагч би хүлээн зөвшөөрөхгүй учраас 3 төрлийн сөрөг нэхэмжлэл гаргасан. Хэрэглэгч бид нарт шаардлага хангасан ус дулааны эрчим хүчээр хангах ёстой байсан. Дулаанаа хангаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Цэвэр ус татан зайлуулсан төлбөрөө бол төлнө. Дулааны төлбөрөө төлөхгүй. Хүйтэн ус, хэрэглээний усны төлбөрөө төлнө. Манайх бол шалны халаалттай. Сард 50-70 төгрөг гардаг байсан. Нэхэмжлэгч компани дулаанаар хангаагүй учраас шалны халаалт ажлуулсан тогны мөнгө 100-150 төгрөг гардаг байсан. Дулаанаас бусад төлбөрийг төлнө.” гэж маргажээ.
3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Иргэн Д.Нийн гэр бүл нь тус компаний 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сар хүртлэх нийт 6 сар дулаангүй, халуун усгүй өвөлжсөн болно. Монгол Улсын хууль болох "Хэрэглэгч стандартын шаардлага хангасан ус, дулааны эрчим хүчээр хангуулах, бохир усыг татан зайлуулах" зэрэг хууль тогтоомжийг Б ХХК нь дулаанаар хангаагүй мөртлөө энэ саруудын ус, дулааны төлбөрийг манайхаар 100 хувь төлүүлсэн болно. Эдгээр саруудад манай цахилгааны төлбөр 3-7 дахин их гарсан ба бүх өрөөний шалны халаалтыг ашиглаж өвөлжсөн болно. Энэхүү илүү төлөгдсөн хохирлыг барагдуулах талаар удаа дараа Б ХХК-д өргөдөл бичиж хандсан болно. Жич: Өргөдөлд тухайн саруудын конторын төлбөр болох 2021 оны 11 дүгээр сарын төлбөр 105,904 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын төлбөр 105,904 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын төлбөр 251,783 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын төлбөр 194,814 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын төлбөр 189,090 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын төлбөр 203,012 төгрөг, нийт 1,050,507 төгрөг болох конторт төлсөн төлөлтийг мөн илүү хэрэглэсэн төгрөг кВт цагийг У ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тайлангаар тооцож илүү хэрэглэсэн хэрэглээ болох 810,525 төгрөг хүргүүлсэн болно. Хэрэв дулаан хэвийн өгч байсан бол энэхүү илүү цахилгаан хэрэглэхгүй байсан болно. Нийт 1,861,032 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн хоёр дахь утга нь тус компани нь дулааны шугам солино гэж 1,892,000 төгрөгийг айл бүрээс 2021 оны 12 дугаар сарын 10-даар авсан боловч, тэрхүү төлбөрийн зарцуулалтыг хянаж үзэхэд манайд Ф- 32-н PPR-шугам 6 м тус бүр нь 8,500 төгрөгийн үнэтэй...гэх мэт ажлын хөлс нэг айлын 200,000 төгрөг, энэхүү засварт нийт 285,400 төгрөг болсон болно. Засварын мөнгөний зөрүү болох 1,606,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд тэрхүү задаргаанд айл бүрээс 520,000 төгрөг гэсэн. Мөн цоолсон нүх сүв, эвдэлсэн ханыг засаж хэвийн болгож өгнө үү. Учир нь хөрш айлаас хүйтэн орох, цагаан эрвээхэй, хулгана зэрэг шавьж хорхой айлуудаар дамжин орж бидний амгалан байдлыг алдагдуулж байна. Тус компани нь 2 жилийн өмнө хийгээгүй ажлаа гүйцээж хийнэ гэж айл бүрээс 2,500,000 төгрөг дахин нэхэж байна. Гэтэл бидний өгсөн 30,000,000 гаруй төгрөгөөр юу хийсэн нь сонин байна. 1,606,600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд хэрэглэгч нь байрныхаа инженерийн байгууламжид гарч буй гэмтлийг хангагчид яаралтай мэдэгдэж засварлуулна гэсэн хуулийн дагуу тус компанид дуудлага өгч, н.Г инженер зассан боловч, дутуу засварласны улмаас орой ажлаас ирэхэд 1,2 давхар усанд автсан байсан. Тус инженер "Компанид та битгий мэдэгдээч. Учир нь би ажилгүй болно" гэж хэлсэн болохоор хүн чанар гаргаад тааз, ханын цаас зэргээ бид өөрөө янзлъя. Харин чи шал янзал гэж тохирсон болно. Гэтэл одоог хүртэл шал янзлаагүй. Б ХХК манайд хамаагүй, инженертэй ярь гэсэн. Гэтэл одоо н.Галбадрах инженер ажлаас гарсан гэсэн. Та бүхэн надад утсыг нь өгөөч гэж удаа дараа хэлсэн боловч өгөхгүй байсаар байна. Оршин суугч би "Орон сууцны тухай хуулийн....”хэрэв гэмтэл гарвал гадны хүнээр засуулж болохгүй, зөвхөн гэрээт байгууллагаар” гэсний дагуу энэхүү компанид дуудлага өгч засуулсан нь бидний буруу биш юм. Тус засварын үнэ болох паркетны шал 50 метр квадрат х 80,000 төгрөг нийт 4,000,000 төгрөг, ажлын хөлс 50 метр квадрат х 10,000 төгрөг нийт 500,000 төгрөг болсон. Иймд 4,500,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Оршин суугч намайг тус компани нь 2022 оны 11 дүгээр сараас төлбөр огт төлөөгүй зөвшөлцөх бүхий л арга хэмжээ авч байсан боловч өр төлбөрөө барагдуулаагүй гэж буруутгажээ. Гэтэл оршин суугч Д.Н миний бие 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сар хүртэлх үйлчилгээ аваагүй үйлчилгээний төлбөрөө цаг тухайд нь төлсөн ба тус байгууллагын буруугаас болж дулаанаа цахилгаанаар хангасны улмаас цахилгааны төлбөр 3-7 дахин ихэссэн болно. Тус байгууллага намайг зөвшилцөөгүй гэсний эсрэг байна. Учир нь би зөвшилцөх гэж 2 удаа өөрөөр хэлбэл 2023 оны 6 дугаар сарын дунд үед 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус тус бичгээр өргөдөл өгсөн боловч ямар ч хариу өгөхгүй өдийг хүрсэн болно. Харин зөвшилцөх гэж мөнгөнөөсөө сая төгрөг төлнө үү гэхэд 2 удаа нэг нэг саяар 2,000,000 төгрөг төлсөн болно. МУ-ын Орон сууцны тухай хуулийн 5.14-р зүйл, "Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын тухай" хуулийн 14.3-р зүйл, дулаан эрчим хүч,ус хангамж ариутгах татуургын тухай хууль,хэрэглэгчтэй байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь хэрэглэгчийг ус дулаанаар хангаагүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой тул дээрхи 3 ширхэг сөрөг нэхэмжлэлийн 7,967,632 төгрөг, тус компанид 2,000,000 төгрөг, ирээдүйд олох ёстой байсан орлого буюу алданги 3,983,816 төгрөг, нийт 11,951,448 төгрөгийг гаргуулах хүсэлтэй буй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Б XXK нь хариуцлагагүй ажилладагийг манай оршин суугчид андахгүй.” гэжээ.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Нт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд: 1. Хэрэглэгч Д.Н нь 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэл халаалтгүй байснаас шалны цахилгаан халаалт хэрэглэж өндөр төлбөр гарсан гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн айл нь бие даасан амины орон сууц бөгөөд дотроо ямар хэрэглээнээс үүдэн цахилгааны төлбөр өндөр гарсныг хянаж шалгах эрх манайд байхгүй. Манай компани нь дулаан үйлдвэрлэгч болон түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч "У ТӨХК-иас түгээсэн стандартын шаардлага хангасан дулааныг дамжуулан, хэрэглэгчдийг хангадаг ба үйлдвэр, түгээхэд доголдол гарсан бол бүх айл өрхийн халаалт доголдох байсан. Тус онуудад ямар өргөдөл гомдол гаргаагүй мөртлөө 2024 онд төлбөрийн хуримтлал үүсч их хэмжээний өглөгтэй болсон үедээ 2020 оны өвлийн халаалтын асуудал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн халаалтын улиралд халаалт байхгүй бол дамжуулах түгээх шугам хөлддөг тул хэрэглээ халаалт байхгүй байсан бол энэ хувийн хаусны шугам сүлжээ хөлдөх байсан ба уг нөхцөл байдал үүсээгүй тул халаалтаар хэвийн хангагдсан байна. 2. Тус хотхоны нийтийн эзэмшлийн шугам сүлжээг "А СӨХ нь оршин суугчидтайгаа хуралдан төлбөр тооцоог цуглуулж засварыг хийлгэсэн. Энэ нь СӨХолбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1.1-д заасан нийтийн эзэмшлийн шугам сүлжээний заагийн дагуу сууц өмчлөгчид дундаа эзэмших засварын зардлыг гаргах хууль эрх зүйн дагуу СӨХ- н хүсэлтээр манай компани хийж гүйцэтгэсэн. Уг зардлыг СӨХ-ны хурлаар хэлэлцэж, оршин суугчид хэлэлцэж баталсан болно. 3. Иргэн Д.Нийн сөрөг нэхэмжлэлд дурдсан инженер Г.Г-р хийлгүүлсэн гэх засвар үйлчилгээ нь манай компанийн шуурхай үйлчилгээний дуудлагаар бүртгэгдэж, компаниар хийлгэсэн засвар, үйлчилгээ биш болно. Тус иргэн хувиараа Г.Г-д хандаж засвар хийлгүүлсэн байх бөгөөд Б ХХК-тай засвар үйлчилгээ хийлгэх гэрээ байгуулаагүй, засварын төлбөр огт төлөөгүй тул нхэмжлэгч компани иргэдийн хоорондын тохиролцооноос үүссэн байх магадлалтай асуудлыг хариуцахгүй болно.” гэжээ.
5. Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх 4/, дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээ /хх 5-7/, хэрэглэгчийн нэхэмжлэхийн мэдээлэл /хх 12, 93/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 34-37/, харилцагчийн гүйлгээ /хх 90/, фото зураг /хх 94-101, 117-128/, төсөв /хх 113-116/, хариуцагчаас өргөдөл /хх 57-58, 64, 91/, Наранцэцэгийн төрийн банкны дансны хуулга /хх 59/, төлбөр төлсөн баримт /хх 63, 67/, фото зураг /58-75/ шүүхэд гаргаж өгсөн.
Хэргийн 8-11, 13-33, 60-62, 65-66, 76 хуудаст авагдсан баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй учир үнэлэгдээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.Нээс 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 01 дүгээр сар дуустал хэрэглэсэн халуун, цэвэр, бохир ус, халаалтын зардалд 5,844,737.5 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, халаалтын зардлаас бусад зардлыг төлнө гэж маргажээ.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.Нтэй 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр дулааны эрчих хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний гэрээг байгуулж, Д.Нийн нэр дээр …дугаар хэрэглэгчийн код үүсгэжээ. Зохигч гэрээ байгуулсан талаар маргаагүйгээс гадна хэрэглэгчийн код, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй мэдээлэл, түүний тооцоололтой холбоотой маргаагүй болно.
Энэхүү … хэрэглэгчийн кодтой Д.Нийн 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 01 дүгээр сар дуустал хэрэглэсэн халуун, цэвэр, бохир ус, халаалтын зардлын дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд 5,844,737.5 төгрөгийн төлбөр гарсан байна. /хх 90,93/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь дулаанаар огт хангаагүй, дулаан доголдолтой байсан, нэмэлт цахилгааны хэрэглээний төлбөр дулаан өгөөгүйгээс гарсан, дулааны шугам солиулах зардалд хариуцагч үндэслэлгүй 1,606,600 төгрөг авсан, гэрээний улмаас учирсан хохиролд 4,500,000 төгрөг гарсан, 2,000,000 төгрөг шилжүүлсэн болохоо, ирээдүйд олох ёстой байсан орлого буюу алдангид 3,983,816 төгрөг гарсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна.
9. Нэхэмжлэгч Б ХХК нь ….орон сууцыг 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 01 дүгээр сар дуустал 5,844,737.5 төгрөгийн халуун, цэвэр, бохир ус, халаалтаар хангасан тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” заасан гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч Б ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 3.1.16-д заасан дулаан түгээх зохицуулалттай хангалт эрхлэх үндсэн чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д зааснаар стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлсэн, харин хэрэглэгч Д.Н нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзын алданги гэнэ”, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.” 31.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заажээ.
Хуульд зааснаар хариуцагчийн төлбөл зохих төлбөрт 1,787,137.13 төгрөгийн алдангийг ноогдуулсан нь үндэслэл бүхий байх тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 01 дүгээр сар дуустал хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй баримтаар хариуцагч Д.Н нь эрчим хүчний төлбөрт алдангийн хамт 5,844,737.5 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч халуун, цэвэр, бохир усны төлбөрийг зөвшөөрсөн ба дулааны төлбөрийг төлөхгүй үндэслэлээ дулаанаар хангаагүй гэж тайлбарласан боловч түүнийгээ баримтаар нотлоогүй, дулааны шугамтай холбоотой засвар үйлчилгээ үзүүлснийг өвлийн улиралд дулаанаар огт хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Хэрэгт авагдсан фото зургуудаар дулааны шугамд засвар үйлчилгээ үзүүлсэн талаарх үйл явдлыг бэхжүүлснээс бус хүйтний улиралд огт дулаанаар хангаагүй гэснийг нотолсон зүйлгүй байна.
Иймд Б ХХК нь хариуцагч Д.Нээс 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 01 дүгээр сар дуустал хэрэглэсэн халуун, цэвэр, бохир ус, халаалтын зардалд 5,844,737.5 төгрөгийн төлбөр гаргуулахаар шаардах эрхтэй болжээ.
10. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа 2021 оны 11 сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл төлсөн дулааны төлбөр, энэ хугацааны цахилгааны илүү хэрэглээний төлбөрт 1,861,032 төгрөг, дулааны шугам солиулах зардалд үндэслэлгүй хөрөнгөжсөн 1,606,600 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохиролд 4,500,000 төгрөг, зөвшилцөх гэж шилжүүлсэн 2,000,000 төгрөг, ирээдүйд олох ёстой байсан орлого буюу алдангид 3,983,816 төгрөг, нийт 11,951,448 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ.
Хариуцагч нь 2021 оны 11 сараас 2022 оны 5 дугаар сар хүртэлх халаалтын төлбөрийг байгууллагын нягтлан надад мэдэгдэлгүй төлсөн гэсэн боловч түүнийгээ нотлоогүй, энэ хугацааны төлбөрийг төлсөн тул дулаанаар хангагдаж байсан гэж үзнэ.
Мөн цахилгааны төлбөр өндөр гарсан нь зөвхөн халаалт дутуу, эсхүл халаалт ирээгүй байсантай холбоотой гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн дулаан шугам солиулах 1,861,032 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 10-нд өгсөн боловч 2022 оны 5 дугаар сард дулаанаар хангагдсан гэж үзээд төлбөрөө төлсөн тул засвар дутуу, хийгдээгүй гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна хариуцагч бага зардлаар засварын ажил хийгдсэн гэснээ нотолсонгүй.
Нэхэмжлэгч хариуцагчаас 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг хэрэглээний төлбөрөөс хассан бөгөөд хариуцагч үлдсэн 1,000,000 төгрөг шилжүүлсэн болохоо, ирээдүйд орлого олох байснаа мөн тогтоож чадсангүй.
Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,042 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,173 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 123,042 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Нээс 5,844,737.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, Б ХХК-д холбогдох 11,951,448 төгрөг гаргуулах Д.Нийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,042 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,173 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 123,042 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.З