| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/06007/И |
| Дугаар | 192/ШШ2025/01401 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/01401
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, шүүгч Б.Баярмаа, шүүгч Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Э нэхэмжлэлтэй, Хариуцагч: Б холбогдох, Гэм хорын хохиролд 10,964,415 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 04 цаг 27 минутын орчимд …дугаар хороо, МУИС-ийн уулзварт Тоёота приус маркийн … улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь согтуурсан үедээ тоёота приус маркийн… УАН, …УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж авто тээврийн осол гаргасан. Миний бие тоёота приус маркийн … улсын дугаартай жолооч М.Б-н авто машины арын суудалд зорчиж байсан бөгөөд ослын үед жолоочийн суудлын дэрийг хүчтэй мөргөж, цус алдан түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэж духны арьс задарч, зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй 8 оёдол тавиулсан. Тухайн үед духандаа шарх авч оёдол тавиулсан, хоёр өвдөг хөхөрсөн, хамар хөндүүртэй зовиуртай хамраар амьсгалах боломжгүй, толгойн хүчтэй өвдөлтийн зовиуртай байсан. 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр толгойн зураг авхуулсан бөгөөд хамрын таславч 3 хэлбэрээр муруйсан онош гарсан. Ослоос хойш хамар битүүрдэг болсон тул 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр эмнэлэгт хамраа үзүүлэхэд хамрын таславч тэгшлэх хагалгаанд орох шаардлагатай гэсэн онош гарсан. Осол гаргасан жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалан миний бие духандаа арилхааргүй 5 см урттай босоо сорвитой болсноор гоо сайхандаа нөхөж болшгүй хохирол, хамрын таславч мурийснаар бүрэн амьсгалж чадахгүй, толгой байнга өвддөг эрүүл мэндийн хохирол амссан. М.Б нь ослын дараах эмчилгээний зардал, миний эрүүл мэнд, гоо сайханд учруулсан хохиролоо одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хөдөлгөөн, зорчигчийн аюулгүй байдлыг хангахгүй замын хөдөлгөөнд оролцож, миний эрүүл мэнд гоо сайханд хохирол учруулсан М.Б-с эмчилгээний зардал, сорвины эмчилгээний зардал, хамрын таславч тэгшлэх, мэс заслын зардал, ослын дараах эмчилгээтэй байж, ажилгүй байсан хугацааны цалин, хамрын мэс заслын дараах өвчтэй байх хугацааны цалин нийт 10,964,415 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. 2. Хариуцагч эс зөвшөөрч хариу тайлбар гаргаагүй болно. 3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх 6, 24/, тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 7-8/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-12/, ебаримт /хх 12-14/, … үзлэгийг хуудас /хх 15-16/, .. хуудас /хх 17-18, 27-30/, Магнай трейд ХХК-ийн цалингийн тодорхойлолт /хх 20/, Тээврийн прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 403 дугаар прокурорын тогтоол /хх 22-23/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн … дугаар шинжээчийн дүгнэлт /хх 25/, фото зураг /хх 26/ шүүхэд гаргаж өгсөн. ҮНДЭСЛЭХ нь: 4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 5. Нэхэмжлэгч нь цалингийн орлого, эмчилгээний зардалд 10,964,415 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй байна. 6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт “жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” заасныг зөрчсөний улмаас П.Эгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь Тээврийн прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн …дугаар прокурорын тогтоол, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн … дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заасан. Хариуцагч М.Б нь нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар хариу тайлбар, нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 8. Иргэний хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож болохыг хуульчилсан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болох явдлыг гэм хор учруулсан гэж үзнэ. Энэхүү хуульд заасан нөхцөл бүрдсэнээр үүсэх үүргийг шаардахад хууль бус үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учирсан байхыг шаардана. Хариуцагч М.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч П.Эгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, хохирол учруулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, эрүүл мэндэд, эд хөрөнгөд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” зааснаар зохигчийн хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсжээ. 9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана. Нэхэмжлэгч хөнгөн гэмтэл учирсны улмаас учирсан хохиролд 10,964,415 төгрөг шаардсантай холбоотой хариуцагч маргаагүй тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ. 10. Шүүхээс Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/35 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан иргэдийн төлөөлөгч Н.О-т шүүх хуралдааны товыг мэдэгдэж, эрх, үүргийг тайлбарласан боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй болно. 11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190,381 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.Б-с 10,964,415 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Эд олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190,381 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
|