| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/06457/И |
| Дугаар | 192/ШШ2025/01050 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/01050
2025 02 06 192/ШШ2025/01050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * тоот хаягт байрлах, М* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоот хаягт оршин суух, П* овогт Г.Х* /РД:*/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 72 272 972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*, Б.Ө*, хариуцагч Г.Х*, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Х* нь М* ББСБ ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/1174130101000033 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 (дөчин тав)-н сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу мөнгийг Г.Х-д гэрээ байгуулсан өдөр өгсөн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд * тоот хаягтай 118 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гараж болон мөн хаягт байрлах, нэгж талбарын 1802607940 дугаартай 699 м.кв талбай бүхий зуслангийн газрын хамт барьцаалж БГ/1174130101000033 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, эрх бүхий төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн. Иргэн Г.Х* нь зээлийн төлбөрийг Зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зохих ёсоор төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тус тус хуримтлагдаж их хэмжээний өр бий болгож байна. Барьцааны зүйл болох хувийн сууц, гараж нь гал түймэрт өртөж устсан. Зээлийн гэрээний өр төлбөрийг хэрхэн яаж барагдуулах талаар бид уулзаж ярилцсан, санал солилцсон боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй. 2023 оны 12 сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид зээлийн гэрээтэй холбоотой маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацааг сунгасан боловч үр дүнд хүрээгүй. Улмаар Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 02 сарын 14- ний өдрийн 00069 дугаартай "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгох тухай тэмдэглэл"-ээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Үүнээс хойш хариуцагч Г.Х* зуслангийн газраа бусдад худалдан борлуулж зээлийн төлбөрийг бүрэн төлнө хэмээн мэдэгдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Төлбөр төлөхгүй байх нь хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг улам бүр нэмэгдүүлж байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Г.Х-ны зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 40,118,152 (дөчин саян нэг зуун арван найман мянга нэг зуун тавин хоёр) төгрөг, зээлийн хүү 30,160,273 (гучин сая нэг зуун жаран мянга хоёр зуун далан гурав) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,994,546 (нэг сая есөн зуун ерэн дөрвөн мянга таван зуун дөчин зургаа) төгрөг, нийт 72,272,972 (далан хоёр сая хоёр зуун далан хоёр манга есөн зуун далан хоёр) төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/1174130101000033 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40,118,152 төгрөг, зээлийн хүү 30,160,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,994,546 төгрөг, нийт 72,272,972 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М* ББСБ ХХК зээлийн гэрээний үндсэн төлбөр 40,118,152 төгрөг, зээлийн хүү 30,160,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,994,546 төгрөг, нийт 72,272,972 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба гаргасан нэхэмжлэлийн зээлийн хүү 30,160,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,994,546 төгрөг, нийт 32,154,819 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Монголиан М* ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж 45,000,000 сая төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж, Улсын бүртгэлийн Ү-* дугаар хувийн сууц, граж болон 1802607940 дугаар газрыг тус гэрээний үүрэгт хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр буюу гэрээ байгуулснаас хойш 20 хоногийн дараа гэнэтийн нөхцөл байдлаас үүдэн барьцааны зүйл болох хувийн сууц, граж гал түймрийн улмаас шатсан болно. Улмаар барьцааны зүйл устаж үгүй болсон, ковид цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон тул зээлийн гэрээг цуцалж барьцаа хөрөнгө болох газрыг өгөх талаар удаа дараа хүсэлт амаар болон бичгээр гаргаж байсан боловч шаардлагатай арга хэмжээг тухайн цаг хугацаанд аваагүй атлаа одоо их хэмжээний хүү нэмэгдүүлэн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд тус нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, миний эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсоноо мэдэгдсээр байхад нэхэмжлэгч М* ББСБ ХХК нь зээлийг зогсоож нэн даруй буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 32,154,819 төгрөгийн шаардаж байгаан үндэслэлгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн барьцааны гэрээ, зээл хүсэгчийн анкет, зээлийн санал дүгнэлт, дансны хуулга, бэлэн бус зарлагын баримт, зээл хүүгийн тооцоолол, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл, итгэмжлэл, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч М* ББСБ ХХК нь хариуцагч Г.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 72 272 972 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...Г.Х* нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/1174130101000033 тоот зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 40 118 152 төгрөг, зээлийн хүү 30 160 273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 994 546 төгрөг, нийт 72 272 972 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч зээлийн гэрээ байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Харин зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгө шатсан, зээл төлөх боломжгүй болсон үндэслэлээр үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, хүү, нэмэгдүүлэн хүүг төлөхгүй гэж маргав.
4. Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/1174130101000033 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 45 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Г.Х* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ.
5. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
6. Нэхэмжлэгч нь барьцааны үүрэг шаардаагүй тул талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/1174130101000033 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Барьцааны зүйл устсан нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно.
8. Хариуцагч Г.Х* нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 4 881 848 төгрөг, зээлийн хүүд 7 516 535 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 610 төгрөг, нийт 12 407 993 төгрөгийн төлөлт хийсэн болох нь зээл тооцооллын хүснэгтээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй. Нэхэмжлэгчийн зээл, хүүгийн тооцоолол үндэслэлтэй байна.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М* ББСБ ХХК-ийн хариуцагч Г.Х-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 72 272 972 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Х-аас 72 272 972 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М* ББСБ ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519 315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 519 315 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ