Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар  128/ШШ2025/0639

 

 

 

 

 

 

 

 

2025           09             18                                       128/ШШ2025/0639

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар             

 

            Нэхэмжлэгч: “” СӨХ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У,

Хариуцагч: Хяналт шалгалтын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, А.Э

Гуравдагч этгээд: Т ХХК,

Гуравдагч этгээд: Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П

Гуравдагч этгээд: Н.У

Гуравдагч этгээд Н.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******

Гуравдагч этгээд Х******* ХК

Гуравдагч этгээд Х******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш******* нарын хоорондын гараашийн бүртгэл хуульд нийцсэн эсэх талаар маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М /цахимаар/, хариуцагч Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У /цахимаар/, хариуцагч хяналт шалгалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, гуравдагч этгээд Н.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******, нарийн бичгийн дарга З.Ө******* нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

1.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “хууль бусаар машины зогсоол бус газарт буюу цахилгаан шатны орох хаалганы өмнө, хойд талд орц гарц таглаж (СӨХ-ийн эзэмшил буюу нийтийн дундын эзэмшил газарт) зогсоолын эрхийн бүртгэл хийснийг хууль бус бөгөөд түүний улмаас тус байрны оршин суугчид болон хууль ёсны зогсоол өмчлөгч иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, бүртгэл хийсэн дээрх захиргааны актыг хүчингүй болгох”,

1.2.Нийслэлийн Хяналт шалгалтын газарт холбогдуулан  “Хяналт шалгалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/******* дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 22 автомашин гэснийг буюу холбогдох хэсгийг хүчингүй болгож, батлагдсан анхны зургаар 20 болгон өөрчлөхийг даалгах”-аар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

2.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

          2.1. Анх 2015 онд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Эрчим хүчний хөгжлийн төвийн ажилчдын 88 айлын орон сууцны барилгын ажлын зургаар тус барилгын зоорийн хэсэгт 20 авто машины гараашийн зориулалттайгаар зураг төслийг боловсруулж байжээ.

2.2. Улмаар Т ХХК-иас 2017 онд тус орон сууцны барилгын зоорийн давхрын 22 авто машины зогсоолын ажлыг зургийг “Г*******” ХХК-иар боловсруулж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/******* дугаар дүгнэлтийг гаргажээ.

2.3.Тус дүгнэлтээр “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дунд төвөгшилтэй ангиллын 12 давхар, 22 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 90 айлын зориулалттай барилга нь барилга байгууламжийн зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзэж ашиглалтад оруулах нь зүйтэй байна гэж дүгнэв” гэжээ.

2.4. Тус шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 01/******* дугаар албан бичгээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо үйлдвэр 52 тоот байрны зоорийн давхарт байрлах 21, 22 дугаар зогсоолын хувийг хэргийг шаардахад “тус авто зогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх бөгөөд 22 тоот авто зогсоолын өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт Н.Уийг бүртгэгдсэн байна” гэх хариуг ирүүлж Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 52 дугаар байрны 22 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт Н.Уийг бүртгэгдсэн ******* дугаартай гэрчилгээг олгожээ.

2.5. Нэхэмжлэгч СӨХ-өөс маргаан бүхий 20, 21 дүгээр авто машины зогсоолтой холбоотой асуудлаар Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэст хандсан байх бөгөөд Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 033/14 дүгээр дүгнэлтээр “...Автозогсоол Ангилал ба ерөнхий шаардлага MNS5342:2007 стандартын 7.7 дахь заалт: Зогсоолын авто тээрийн хэрэгсэл байрлах байрлалыг цагаан зураасаар аюулгүйн тэмдэглэгээг шар зураасаар тэмдэглэнэ. Зогсоолын зориулалтын байрлалаас бусад хэсэгт авто тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглоно. 4.7 дахь заалт Зогсоолын эгнээний хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх замтай байна. Эгнээний хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх замтай байна. Эгнээний хоорондын хөдөлгөөнийг хааж, автомашин байрлуулахыг хориглоно гэсэн норм, стандартын заалтуудыг зөрчиж, зам гарц, зорчих хэсгийг хааж У3-Ц4 тэнхлэн хооронд авто тээврийн хэрэгсэл байршуулсан нь батлагдсан 20 авто машины зогсоолын ажлын зураг төсөл зөрчсөн байна. ...Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандарт, норм, дүрмүүдийн хэрэгжилтийг хангуулан болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол хохирол учрах зэрэг эрсдэлтэй гэж үзэж байна” гэжээ.

2.6. Уг Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэл гаргагч “ СӨХ”-оос машины зогсоол бус газарт буюу цахилгаан шатны орох хаалганы өмнө, хойд талд орц гарц таглаж машин зогсоож  байгаа нь барилгын норм дүрэм стандарт, зураг төслийг зөрчсөн, нийтийн эзэмшил газарт бүртгэл хийсэн нь хууль бус, мөн стандарт зөрчсөн зураг төслийг үндэслэн барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргах нь хууль бус гэж тус тус маргажээ.

3.Хэргийн оролцогч тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, түүнд холбогдох тайлбар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 52 дугаар байрны зоорины В1 давхарт хууль бусаар 2 автомашины зогсоолыг улсын эрхийн бүртгэлийн гэрчилгээ нэгэн дээр нь гарсан. Нөгөөдөх дээр нь гараагүй. Гэрчилгээ олгосон асуудлыг хууль бус эрхийн бүртгэлийг хүчингүй болгох талаар анх шүүхэд 06 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах явцад Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс өөрийн эрх зүйн үндэслэлийг улсын комиссын актыг үндэслэж гаргасан гэсэн тайлбар мэдүүлгийг өгсөн. Энэ үндэслэлээр бид нар хамтран хариуцагчийг нэмж татсан. Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо манай байрны зоорины 2 давхарт орц гарцыг таглаж, зогсоол бус газарт батлагдсан зураг төслийг биш 2 тээврийн хэрэгсэл байнга зогсох болсон. Яагаад зогсох болсон шалтгааны асуухад улсын бүртгэлийн гэрчилгээ авсан та нар шүүхээр яв гэсэн хариу тайлбарыг Т ХХК-ийн зүгээс өгсөн. Үүний дагуу улсын бүртгэлийн газарт хандахад бид нар ямар нэгэн улсын бүртгэлийн хууль дүрэм зөрчөөгүй, энэ актыг үндэслэж гаргасан тул та нар шүүхээр яв гэсэн хариу өгсөн. Үүн дээр барилгын норм, дүрэм зөрчсөн гэсэн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлттэй, түүнчлэн Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсээс галын орц гарцыг хааж, батлагдсан зураг төслөөсөө гадуур ийм зогсоол байгаа нь хууль бус байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Сууц өмчлөгчдийн холбоо орц гарч таглаж байгаа тул иргэдийн эрх ашгийг хөндөгдөж байна гэсэн. Энэ үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хууль бус зогсоолын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон асуудлыг хүчингүй болгож, батлагдсан зураг төслийн дагуу улсын комиссын акт дээр 22 зогсоол гэснийг 20 болгон өөрчлөхийг даалгаж өгөхийг хүсэж байна” гэжээ.            Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.

Хариуцагч Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Улсын бүртгэлийн байгууллагууд нь тухайн байрны жагсаалтад багтсаны дагуу бүртгэлийг хийсэн. Жагсаалтад ямар материал, нотлох баримтыг авах вэ гэвэл бид нар үндсэн барилгын мэдээлэл, үүнтэй хавсаргаж улсын комиссын актыг авдаг. Улсын комиссын акт дээр 52 дугаар байранд 22 автомашины зогсоол гэж тусгагдсан байдаг. Үүний дагуу бүртгэл хийгдсэн. Улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдал маш олон хүний бүрэлдэхүүн ордог. Улсын комисс ажиллаж байгаа бүрэлдэхүүнд нь мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын байгууллагын төлөөллүүд оролцож ажилласан. Үүний үндсэн дээр 22 автомашины зогсоолтой гэсэн дүгнэлтээ гаргасан гэж ойлгоно. Иймд бид нар 22 автомашины зогсоолтой гэж ойлгож бүртгэл хийсэн. Албан ёсны бүртгэлтэй ******* дугаартай зогсоолыг бүртгүүлэх тухай мэдүүлэг нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан нотлох баримтуудыг нь хавсаргасан байсныг Эд хөрөнгө бүртгэх журмын 5.7-д заасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг алдагдалд оруулах улсын комиссын дүгнэлтийг нь тулгахад татгалзах үндэслэл байхгүй тул өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэсэн. Иймд уг бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч хяналт шалгалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн хяналт шалгалтын газар нь Барилгын тухай хууль болон Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийг ашиглаж байгуулах дүрмийн дагуу 2020 оноос хойш тухайн ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа. Маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/******* дугаартай актаар В1 давхарт 22 автомашины зогсоолыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь зөвшөөрөл болон зураг төсөл заасныг баталгаажуулж ашиглалтад оруулдаг. Тухайн үед үйлчилж байсан 2017 оны 69 дүгээр тогтоолоор барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохицуулсан байдаг. Тухайн тогтоол болон Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4, 38.1.6-д заасны дагуу барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт орсон бол зураг төсөл зохиогч нь түүнийг хянаж, зөвшөөрч, баталгаажуулах эрхтэй. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6-д Барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах захиалагчийн санал барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч, баталгаажуулах гэж заасан байдаг. Дээр дурдсан 2017 оны 69 дүгээр тогтоолоор комиссын бүрэлдэхүүнийг тогтоохдоо Онцгой байдлын газарт холбогдох мэргэжлийн байцаагчийг оролцохыг баталсан. Тухайн үед маргаан бүхий актаар онцгой байдлаас ажилласан төлөөлөгч маань галын нормативыг зөрчөөгүй. Холбогдох баримт бичиг, хууль тогтоомжийн шаардлагыг зөрчөөгүй гэж дүгнэж, гарын үсэг зурсан. Иймд 69 дүгээр тогтоолоор батлагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.4-д заасны дагуу гишүүд бүр тухайн мэргэжлийн чиглэлийн хүрээнд санал болгож ашиглалтад оруулах эсэх дээр байр сууриа илэрхийлнэ. Тухайн гаргасан гишүүдийн саналыг үндэслэн нийт олонхын саналаар ашиглалтад оруулах үгүйг шийдвэрлэж, барилга байгууламжийг ашиглалтад оруулсан. Иймд тухайн актад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний комиссын дарга гарын үсэг зурсан нь хууль тогтоомжийг зөрчөөгүй, зураг төсөл зохиогчийн чиг үүрэг байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би орон сууцын барилгын ажлын гүйцэтгэлд Т ХХК-ийг төлөөлж оролцож байгаа. 2014 онд уг төсөл эхэлж нэхэмжлэгчийг төлөөлж байгаа Л.М гэх хүн тухайн орон сууцын төслийн ажлын захиалагч талд ажиллаж байсан. Энэ хүн өөрөө энэ ажлыг нарийн сайн мэдэж байгаа. Ямар процесс руу явсныг маш сайн мэдэж байгаа. Өөрөө энэ орон сууцын 6 давхарт оршин сууж амьдардаг. Манай зүгээс “Г*******” гэх зургийн компанитай хамтарч ажилласан. Захиалагч нь Эрчим хүчний төв байсан. Энэ хүн өөрөө Эрчим хүчний яаманд хууль зүйн мэргэжилтнээр ажиллаж байгаа. Захиалагч нарын ажлын хэсэгт багтаж өөрөө ажиллаж байсан. Зургийн компанийг өөрсдөө сонгож, гэрээ хийж, зураг төслийг хийлгүүлсэн. Яагаад анх 20 автомашины зогсоол байж байгаад 22 болсон вэ гэж ярьж байна. 2017 онд манайх зураг төсөл зохиогч байгууллагад хүсэлт тавьж, орон сууцын гарааш, зогсоол дээр нэмэлт төлөвлөлт хиймээр байна гээд 22 автомашины зогсоолтой болгосон. Зохиогч байгууллагаар хянуулж батлуулж, тухайн төслийг хүлээлгэж өгсөн. 2014-2017 оны хооронд маш олон жил дамнаж тухайн төсөл дууссан. Үүн дээр зураг төсөл зохиогчтой хамтарч ажиллаж, зураг төсөл зохиогчоороо хүсэлт тавьж зурагт өөрчлөлт оруулж, баталж авч улсын байгууллагад хүлээлгэж өгсөн. Үүн дээр ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх 2018 онд худалдаж авсан. Тухайн үед улсын комиссын акт дээр 22 автомашины зогсоол гэж байсан. Архивын ерөнхий газраас план зургийг авчирч ирсэн. Онцгой байдлын газраас энэ зургийг шаардаж байсан. Улсын комиссын дүгнэлт байгаа. 20 машины зогсоолтой гэж гаргасан байсан. Өөрчлөгдсөн зургийг Онцгой байдлын газарт өгөөгүй. Онцгой байдлын газраас гаргасан дүгнэлт байхгүй байсан. Онцгой байдлын газар өөрсдөө архиваас татаж авна гэсэн. Удааширч байгаа нь үүнтэй холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Архивд хадгалагдаж байгаа зургаас нь татаж авсан. Энэ зургийг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх маргааны үйл баримт, газрыг үзлэг нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээдийн тайлбар зэргийг хянаад СӨХ-оос гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “хууль бусаар машины зогсоол бус газарт буюу цахилгаан шатны орох хаалганы өмнө, хойд талд орц гарц таглаж (СӨХ-ийн эзэмшил буюу нийтийн дундын эзэмшил газарт) зогсоолын эрхийн бүртгэл хийснийг хууль бус бөгөөд түүний улмаас тус байрны оршин суугчид болон хууль ёсны зогсоол өмчлөгч иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, бүртгэл хийсэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 52 дугаар байрны 22 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт Н.Уийг бүртгэсэн ******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгох”, Нийслэлийн хяналт шалгалтын газарт холбогдуулан  “Хяналт шалгалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/******* дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 22 автомашин гэснийг буюу холбогдох хэсгийг хүчингүй болгож, батлагдсан анхны зургаар 20 болгон өөрчлөхийг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

2.Хэрэгт авагдсан баримтаас дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.

-Анх 2015 онд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Эрчим хүчний хөгжлийн төвийн ажилчдын 88 айлын орон сууцны барилгын ажлын зургаар тус барилгын зоорийн хэсэгт 20 авто машины гараашийн зориулалттайгаар зураг төслийг гаргаж,

-Т ХХК-иас 2017 онд тус орон сууцны барилгын зоорийн давхрын 20 авто машины зогсоолыг 22 болгон өөрчилж, авто машины зогсоолын ажлыг зургийг “Г*******” ХХК-иар боловсруулж,

 -Тус ажлын зургийг үндэслэн зохих ажлын зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байна гэж үзэж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/******* дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гарч,

-Улмаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо үйлдвэр 52 тоот байрны зоорийн давхарт байрлах 21 дүгээр зогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй,  харин 22 тоот авто зогсоолын өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт Н.Уийг бүртгэгдсэн,

-Н.У нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр №ЗГ/201944868870 дугаар Зээлийн гэрээгээр Х******* ХХК-д Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо үйлдвэр 52 тоот байрны зоорийн давхарт байрлах 22 дугаар зогсоолын өмчлөх эрхийн барьцаалж зээл авсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

3. Харин нэхэмжлэгч СӨХ-өөс маргаан бүхий 20, 21 дүгээр авто машины зогсоолтой холбоотой асуудлаар Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэст хандсан байх бөгөөд Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 033/14 дүгээр дүгнэлтээр “...Автозогсоол Ангилал ба ерөнхий шаардлага MNS5342:2007 стандартын 7.7 дахь заалт: Зогсоолын авто тээрийн хэрэгсэл байрлах байрлалыг цагаан зураасаар аюулгүйн тэмдэглэгээг шар зураасаар тэмдэглэнэ. Зогсоолын зориулалтын байрлалаас бусад хэсэгт авто тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглоно. 4.7 дахь заалт Зогсоолын эгнээний хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх замтай байна. Эгнээний хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх замтай байна. Эгнээний хоорондын хөдөлгөөнийг хааж, автомашин байрлуулахыг хориглоно гэсэн норм, стандартын заалтуудыг зөрчиж, зам гарц, зорчих хэсгийг хааж У3-Ц4 тэнхлэн хооронд авто тээврийн хэрэгсэл байршуулсан нь батлагдсан 20 авто машины зогсоолын ажлын зураг төсөл зөрчсөн байна. ...Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандарт, норм, дүрмүүдийн хэрэгжилтийг хангуулан болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол хохирол учрах зэрэг эрсдэлтэй гэж үзэж байна” гэх галын дүгнэлтийг гаргасан.

4. Нэхэмжлэгч СӨХ-оос машины зогсоол бус газарт буюу цахилгаан шатны орох хаалганы өмнө, хойд талд орц гарц таглаж машин зогсоож  байгаа нь барилгын норм дүрэм стандарт, зураг төслийг зөрчсөн, нийтийн эзэмшил газарт бүртгэл хийсэн нь хууль бус, мөн стандарт зөрчсөн зураг төслийг үндэслэн барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргах нь хууль бус гэж маргаж байна.

5. Орон сууцны тухай хуулийн 3.1.1-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг, 3.1.9-д “техникийн өрөө” гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг ойлгохоор тус тус заасан бөгөөд мөн хуулийн 15.3-д “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна”, 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж тус тус хуульчилсан.

6. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд орон сууцны зоорийн нийтийн зориулалттай авто машины зогсоол нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар байх бөгөөд зориулалтыг өөрчлөхийг хуулиар хориглосон байна.

          7. Мөн тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн маргаан бүхий Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрчим-52 дугаар байрны авто зогсоолд хийсэн үзлэгээр “...маргаан бүхий 21, 22 дугаар гараашууд барилгын цахилгаан шатны ард болон урд хэсгүүдэд байрласан, бөгөөд 22 дугаарын авто зогсоол нь цахилгаан шатны хаалганы урд хэсэгт зэрэгцээ байрлалтай, ...Оршин суугчдын зүгээс тухайд 2 зогсоолд машин байршуулсан тохиолдолд хажуугаар нь зөрөх, эргэх үйлдэл хийхэд хэцүү талаар гомдол ирдэг талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хэлсэн” гэснийг тэмдэглэсэн тэмдэглэл хэрэгт авагдсан.

8. Эдгээрээс үзэхэд авто машины зориулалтаар ашиглаж байгаа 21, 22 дугаар авто машины зогсоолыг нэмж бүртгэсэн нь ажлын зураг, тус шүүхийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, мөн Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 033/14 дүгээр “... Автозогсоол Ангилал ба ерөнхий шаардлага MNS5342:2007 стандартын 7.7 дахь заалт: Зогсоолын авто тээрийн хэрэгсэл байрлах байрлалыг цагаан зураасаар аюулгүйн тэмдэглэгээг шар зураасаар тэмдэглэнэ. Зогсоолын зориулалтын байрлалаас бусад хэсэгт авто тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглоно. 4.7 дахь заалт Зогсоолын эгнээний хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх замтай байна. Эгнээний хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх замтай байна. Эгнээний хоорондын хөдөлгөөнийг хааж, автомашин байрлуулахыг хориглоно гэсэн норт, стандартын заалтуудыг зөрчиж, зам гарц, зорчих хэсгийг хааж У3-Ц4 тэнхлэн хооронд авто тээврийн хэрэгсэл байршуулсан нь батлагдсан 20 авто машины зогсоолын ажлын зураг төсөл зөрчсөн байна. ...Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандарт, норм, дүрмүүдийн хэрэгжилтийг хангуулан болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол хохирол учрах зэрэг эрсдэлтэй” гэх дүгнэлт зэргээр Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-д “барилга байгууламжийн хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөхдөө эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтална” гэснийг зөрчсөн байна.

9. Хэдийгээр хариуцагчаас бүртгэл хийхэд шаардлагатай баримт бүртгэл бүрэн байсан ч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид бүртгэлийн гэрчилгээ гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана”, 18.2-д “Бүртгэлийн гэрчилгээнд ерөнхий болон улсын бүртгэгч, орон нутагт улсын бүртгэгч гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна”, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна”, 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”  гэж тус тус хуульчилсны дагуу улсын бүртгэлийн байгууллага, албан тушаалтан нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ хүсэлт гаргагчийн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг нягталж, шалгасны үндсэн дээр бүртгэл хийх үүрэгтэй бөгөөд мэдүүлэг гаргагчийн гарган өгсөн нотлох баримт нь зөрчилтэй, дутуу, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах боломжтой байна.

10. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах СӨХ-ийн байрны зоорийн давхрын авто машины зогсоолд хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 033/14 дүгээр дүгнэлт зэргээр холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй зураг төслийг үндэслэж Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын акт, улмаас холбогдох улсын бүртгэл хийгдсэн болох нь тогтоогдож байна.

11. Иймд нэхэмжлэгчээс гаргасан “...хууль бусаар машины зогсоол бус газарт буюу цахилгаан шатны орох хаалганы өмнө, хойд талд орц гарц таглаж (СӨХ-ийн эзэмшил буюу нийтийн дундын эзэмшил газарт) зогсоолын эрхийн бүртгэл хийснийг хууль бус бөгөөд түүний улмаас тус байрны оршин суугчид болон хууль ёсны зогсоол өмчлөгч иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, бүртгэл хийсэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 52 дугаар байрны 22 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт Н.Уийг бүртгэсэн ******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгох”, “Хяналт шалгалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/******* дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 22 автомашин гэснийг буюу холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

11. Харин Нийслэлийн хяналт шалгалтын газарт холбогдуулан  “Хяналт шалгалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/******* дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 22 автомашин гэснийг буюу холбогдох хэсгийг хүчингүй болгож, батлагдсан анхны зургаар 20 болгон өөрчлөхийг даалгах шаардлагын тухайд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах СӨХ-ийн байрны зоорийн давхрын авто машины зогсоолын батлагдсан анхны зургаар 20 болгон өөрчлөх нь оршин суугчид болон хууль ёсны зогсоол өмчлөгч иргэдийн эрх, ашиг сонирхол, мөн зогсоолын эгнээний хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх замтай байх стандарт, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол хохирол учрах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хангах нь зүйтэй байна.

12. Учир нь анхнаасаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Эрчим хүчний хөгжлийн төвийн ажилчдын байрыг 88 айлын орон сууцны, 20 авто машины зогсоолын зориулалттайгаар зураг төсөл хийгдсэн байх тул зургийг анхны зураг төслөөр батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5.3, 11.5.11, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “” СӨХ-оос Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн Хяналт шалгалтын газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 52 дугаар байрны 22 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүртгэлд Н.Уийг бүртгэсэн ******* дугаартай гэрчилгээг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/******* дүгээр дүгнэлтийн “22 авто машины зогсоолтой” гэснийг  тус тус хүчингүй  болгож, авто машины зогсоолын батлагдсан анхны зургаар 20 болгон өөрчлөн батлахыг Нийслэлийн Хяналт шалгалтын газар даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ОДМАА