Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/24

 

 

 

 

 

 

   2024        04          19                                           2024/ДШМ/24

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Э.Одхүү, шүүгч Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2339000000426 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 8а гудамжны 28 тоот хашаанд байрладаг өөрийн монгол гэрт 2023 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******тэй “ажлаасаа оройтож тарлаа” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* *******ыг 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие *******ийг 2010 онд тусгай дунд сургуульд явж байхдаа зүс мэддэг байсан болохоос бид дотно харилцаатай байгаагүй. 2010 оноос хойш тааралдахгүй байж байгаад 2023 оны 06 дугаар сард сааданд таараад хэдэн пиво уугаад салсан, тэгэхэд надад “нөхрөөсөө салсан, 3 хүүхэдтэйгээ ээжтэйгээ амьдардаг, ээжийнхээ хажууд жижиг гэртэй тусдаа амьдардаг” гэж хэлж байсан. Тэрнээс хойш 1-2 удаа уулзаж хамт пиво уусан.

Намайг “2023 оны 07 дугаар сард найзуудтайгаа хөдөө аялна” гэж ярьж байхад “би хамт явъя л даа” гэхээр нь “чи завтай бол хамаа юу даа” гэж хэлсэн. 2023 оны 06 дугаар сарын сүүлээр Дадал сум руу гэр лүүгээ явчхаад буцаж аймагт ирээд найзуудтайгаа сумдаар аялахаар явахдаа *******тэй хамт явсан. ******* нь ээжийнхээ хашаанд жижиг гэр бариад тусдаа амьдардаг юм билээ, би *******ийн ээжтэй албан ёсоор уулзаж танилцаж байгаагүй, надтай ч ээж нь таарч байгаагүй, би уулзахаар бол машинтай гэрийнх нь гадаа ирээд машин дотроо уулзчихаад явдаг байсан.

Тэгээд бид нар аялж ирчхээд аймагт 2-3 хоноод Дадал сум руу буцаад явсан, би Дадал Улаанбаатар хот хооронд хүн тээвэрт явдаг байсан. Хэнтий аймгийн төвд нэг хэсэг ирээгүй, тэгж байгаад 2023 оны 09 дүгээр сард Хэнтий аймгийн төвд ирж нэг хонохдоо *******ийн гэрийн гадаа уулзчихаад маргааш нь Улаанбаатар хот машинаа зарахаар явсан. Найз *******тэй 7 буудалд хамаатан Сүхбатынд байдаг байсан, машин маань нэлээн сэв ихтэй байсан болохоор машинаа янзлуулж, 2023 оны 10 дугаар сарын эхээр машинаа зарсан.

Хэнтий аймгийн төвд миний гэр байдаг бөгөөд нэг хэсэг ирж амжихгүй байх гэж бодоод гэрээ дулаалж, хаяагаа манаж, гэрийнхээ хаалганд дулаалга хадах ажлаар Улаанбаатар хотоос Хэнтий аймагт ирж гэрээ дулаалж янзлаад 2-3 хоносон.

Тэгэхэд ******* надад дээр ирж хонодог байсан. Бид хоёр нэг гэрт ороогүй, хамт нэг гэрт амьдарч байгаагүй, намайг түр Хэнтийд ирэхэд ******* ажлаасаа тараад манай гэрт ирж хонож байсан болохоос бид хоёр хамтран амьдарч байгаагүй. ******* ганц бие, би ч ганц бие хүмүүс байсан тул хаяа уулзаж дотно харьцаанд ордог байсан. Манай гэрт *******ийн хувцас хунар, эд зүйл байхгүй. *******ийн өөрийнх нь амьдардаг гэр ээжийнх нь хажууд барьсан жижиг гэр байгаа, тэр гэртээ амьдардаг байсан.

Би 2023 оны 06 дугаар сард анх бэлгийн харьцаанд орсон байсан болохоор хамтран амьдрагч гэж ойлгоод яваад байсан. Манайд шөнө оройн цагаар амарч байхад согтуу ирдэг байсан болохоор дургүйцээд “чи гэртээ очиж амарч бай” гэхээр “чи удахгүй 2-3 хоночхоод Дадал явах гэж байж” гээд манайд хүрээд ирдэг байсан.

Би Дадал сум руу явж 2023 оны 12 дугаар сар хүртэл ээж аавынхаа өвс тэжээлийг татаж, өвөлжөөнд нь буулгаж, идэш хоолыг нь хийж өгч төвхнүүлээд ирэх ажилтай явах гэж байгаад урьд өдөр нь ийм асуудалд ороод хэрэгт шалгагдсан.

Миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, аав, ээжтэйгээ амьдардаг хувийн байдал, хохирогч бүрэн эдгэрч хэвийн байдалдаа орсон, одоо Улаанбаатар хотод ажил хийж байгаа гэсэн, хор уршиг арилсан, хохирогч маань гомдол саналгүй хөнгөн ял өгөхийг хүссэн зэрэг нөхцөл байдлыг маань харгалзаж 7 жилийн хорих ялыг маань жаахан ч гэсэн багасгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн нотолбол зохих ажиллагааны хүрээнд мөрдөн байцаалтын шатанд дараах ажиллагаануудыг зайлшгүй нотолж тогтоосон байх шаардлагатай. Үүнд:

1. *******ийн биед ******* халдсан, өөрөөр хэлбэл зодсон гэх үйлдлийг зайлшгүй тогтоох,

2. *******ын зодсон цохисон үйлдлээс *******ийн биед хүнд гэмтэл тогтоогдсон эсэх,

3. “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх үндэслэлээр зүйчлэлийг хүндрүүлж шийдвэрлэсэн тул *******, ******* нар гэр бүлийн харилцаатай, эсхүл хамтран амьдрагчийн харилцаатай эсэхийг заавал шалгаж тогтоосон байна, үүнээс улбаалаад гэр бүлийн хүчирхийлэл нь таарамжгүй харьцаанаас үүсэж хүнд гэмтэл учруулсан уу, гэр бүлийн хүчирхийллээ амьдрах хугацаандаа хэвшил зуршил болгосон уу, байнгын давтамжтай шинжтэй байсан уу гэдгийг зайлшгүй тогтоон шалгаж байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдана.

1. ******* нь *******т зодуулсан, өөрөөр хэлбэл гэдсэн тус газраа цохиулсан гэх үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоосон байна. ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд *******ийг зодоогүй гэж маргадаг. Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэргийн материалтай танилцахад ******* нь *******ийг зодсон, зодоогүй гэх хоёр өөр мэдүүлгийг өгсөн байсан. Гэхдээ ******* нь *******ийг зодсон гэсэн өөр гэрчийн мэдүүлэг байсан. Хохирогч ******* зодуулсан гэдэг мэдүүлэг өгсөн, үүнийг харсан гэрч Эрдэнэчулуун нь ******* *******ийн гэдсэн тус газар цохиж зодсон талаар мэдүүлэг өгсөн байгаа тул зодсон гэх үйл баримт нь тогтоогдсон, үүнд анхан шатын шүүх зөв дүгнэлт хийсэн байна гэсэн байр суурьтай байна.

2. Дараагийн нотлох ажиллагаа буюу *******т зодуулсны улмаас *******ийн биед хүнд гэмтэл учирсан уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй тогтоох ёстой. Мөрдөгч энэ талаар мөрдөн шалгах  ажиллагааг явуулсан.  Өөрөөр хэлбэл шинжээч эмчийн дүгнэлтээр хүнд зэргийн гэмтэл гэсэн дүгнэлт гарсан, тус дүгнэлтийг анхан шатны шүүх, прокурор үндэслэж хүнд гэмтэл учирсан гэх хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн хуулийн шаардлага хангасан, үнэн зөв бодитой дүгнэлт мөн эсэхэд дүгнэлт хийж чадаагүй байна.

Тус хэрэг дээр *******ын өмгөөлөгч Б.Жавхлан нь шинжээчийн дүгнэлт нь учир дутагдалтай, учир нь элэг бяцарсан гэх эхоны үзлэг шинжилгээ баримт хэрэгт авагдаагүй байна гэдэг байдлаар улсын яллагчтай мэтгэлцэж оролцсон байсан. Миний хувьд шинжээчийн дүгнэлтийн хувьд арай өөр байр суурьтай оролцож байгаа.

 Шинжээчийн дүгнэлтэд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заасныг барьсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т “Цээж хэвлийн хөндий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтний битүү гэмтэл: Үүнд: хэвлийн эрхтнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах, үүний улмаас цээж үнхэлцэг хэвлийн хөндийд цус, агаар хуралдах гэмтлийг хэлнэ” гэж заасан. *******ийн гэмтэл нь элэг нь няцарсан боловч цээж, хэвлийн хөндийд цус, агаар хуралдаагүй учраас гэмтлийн эмч хагалгаанд орох шаардлагагүй эмийн эмчилгээ хийлгэж 10 хоногийн дараа эмнэлгээс гарсан байсан.

Гэмтлийн зэргийн 3.1.11-т “Цээж, хэвлийн нэвтэрсэн шарх. Үүнд дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас цээж хэвлийн хөндийд цус, агаар хуралдсан бол хүнд зэрэгт хамаарна” гэж заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох хуулийн зарчим байгаа.

Шинжээч чамайг хүнд зэргийн дүгнэлт гаргасан учраас та өнөөдөр хүнд гэмтэл учруулсан байна гэдэг байдлаар хууль зүйн дүгнэлт хийхээсээ илүү зарчмынхаа хүрээнд анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч нь шинжээчийн дүгнэлтийг тал бүрээс нь хянаж бодитой гаргуулж чадсан байна уу, дүгнэлт хуулийн шаардлага хангасан, эргэлзээгүйгээр гарсан нотлох баримт мөн үү гэдэгт хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй учраас мөрдөн байцаалтын шатанд зайлшгүй тогтоох ажиллагаа хангалттай бүрэн хийгдэж чадаагүй байна гэж үзэж байна.

3. *******, ******* нар гэр бүлийн харилцаатай, эсхүл хамтран амьдрагчийн харилцаатай эсэхийг заавал шалгаж тогтоосон байна, үүнээс улбаалаад цаашаа гэр бүлийн хүчирхийлэл нь таарамжгүй харьцаанаас үүсэж хүнд гэмтэл учруулсан уу, гэр бүлийн хүчирхийллээ амьдрах хугацаандаа хэвшил зуршил болгосон уу, байнгын давтамжтай шинжтэй байсан уу гэх тогтоох ажиллагаа мөрдөн шалгах шатанд хийгдээгүй байна гэж үзсэн.

Гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч гэдэг нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар яаж нотолсон юм бэ гэхээр ******* мэдүүлэг өгөхдөө 2023 оны 07 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн гэж хэлсэн байгаа юм.

*******ийн ээж ******* “миний охин ******* нь 2023 оны 06 дугаар сард ******* гэдэг хүнтэй танилцаж, Баянмөнхийн 8Б-28 тоотод тусдаа гарсан” гэсэн мэдүүлгийг өгдөг.

******* давж заалдах гомдолдоо 2023 оны 06 дугаар сард анх таарсан гэдэг, үүнийг ээж нь хэлж байна. 2023 оны 06 дугаар сард танилцсан юм байна, хэдэн сард тусдаа гараад хэр удаан хамтын амьдралтай байсан талаар ******* тодорхой мэдүүлэг өгөөгүй, *******ийн ээж ч энэ талаар тодорхой мэдүүлээгүй. ******* ч мөн хэргийн талаараа гэрчээр 1 удаа мэдүүлэг өгөөд, яллагдагчаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан байсан. Хамтран амьдрагч *******ийн хамт амьдардаг гэж хэлсэн мэдүүлгийг нотлох баримтыг үнэлээд прокурор “хамтран амьдрагч” гэж хэргийг хүндрүүлж зүйчилсэн байдаг.

******* ам бүлийн хувьд 3, охин, ээжийн хамт Хэрлэн сумын 3 дугаар баг 11-09 тоотод оршин суудаг гэж мэдүүлсэн байдаг. *******ийн ээж ******* мөн “би охин ******* болон ач охины хамт Хэрлэн сумын 3 дугаар баг 11-09 тоотод оршин суудаг” гэж мэдүүлсэн байсан. Мөн засаг даргын тодорхойлолтод “******* ам бүл 1, 3 дугаар баг 8Б-28 тоотод оршин суудаг” гэсэн тодорхойлолт гаргасан.

******* “*******ыг ТМС-д сурдаг байхад нь мэддэг байсан” гэж, ******* ч гэсэн “*******ийг 2010 он буюу хэрэг болохоос 13-14 жилийн өмнө ТМС-д сурдаг байхдаа мэддэг байсан, тэгээд 13 жилийн дараа буюу 2023 оны 06 сард анх бөхтэй хөшөөн дээр таарсан” гэж тус тус мэдүүлсэн, үүнийг баталж *******ийн ээж ******* “2023 оны 06 дугаар сард танилцаад тусдаа гарсан” гэж мэдүүлсэн байдаг.

*******, ******* нар нь гэр бүл болсон хүмүүс биш, дундаасаа хүүхэдгүй, ******* өөр хүнтэй гэр бүл болж 3 хүүхдийн ээж болсон эмэгтэй.

2023 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 4 сарын хугацаанд ийм асуудал болчихсон, 4 сарын хугацааны хэр хугацаанд танилцах байдалтай явж байгаад хэр хугацаанд хамт амьдарсан юм бэ гэдгийг зайлшгүй тогтоох ёстой. Үүнийг тогтоосон ажиллагаа байхгүй. 2023 оны 06 дугаар сард танилцаад шууд 1 гэрт орно гэж байхгүй, 2023 оны 06 дугаар сард *******, ******* хоёр дотно харьцаанд орсон, орсон цаг хугацаагаа хамтын амьдралтай гэж ойлгоод байгаа юм болов уу гэж бодсон. ******* ч гэсэн бэлгийн харьцаанд болохоор хамтын амьдралтай гэдэг юм байна гэж ойлгосон гэдгээ гомдол дээрээ бичсэн.

Хэрэг болсон газар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг 8Б-28 тоотод хамт амьдарч байсан гэж байгаа бол гэрт нь үзлэг хийгээд *******ийн эд зүйл, хувцас, орон зай байсан эсэхийг тогтоож болох байсан. Энэ ажиллагааг байг гэхэд хамтын амьдралтай байсан гэх *******, ******* хоёроос хэдэн сараас анх танилцаад хэдэн сард хамт нэг гэрт амьдрах болсон, хамт амьдарч байсан гэр нь *******ийн ээжийнх нь хажууд байсан гэрт юм уу, *******ын ээжийн барьсан гэр юм уу зэрэг асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд тодруулаад асуучих ёстой байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д хэргийн үйл баримтыг бодитой тогтоохдоо хөнгөрүүлэх, цагаатгах, яллах, хүндрүүлэх талын бүхий л арга хэмжээг авна гэсэх хуулийн зарчим байгаа учраас эдгээр ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй хийж дээрх нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж энэ гэмт хэргийг үйлдсэн үү гэдэг дээр өмгөөлөгчийн хувьд хууль зүйн дүгнэлт хийе.

Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд хэлбэрийн талаар Монгол Улсын дээд шүүхээс гаргасан 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай тогтоолд: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх үндсийг тогтооход орших бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдийн үйлдлийн шинж чанар, давтамж, хор уршгийг харгалзан Эрүүгийн хууль, зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх ба гэр бүлийн хамааралтай хүмүүсийн таарамжгүй харилцаанаас үүссэн гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэн зүйчлэх нь учир дутагдалтай юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод нь халдсан үйлдэл нь хамтын амьдралын хугацаанд дадал зуршил болсон байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 289 дугаартай тогтоолд: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог байдал нь хэвшил зуршил болсон буюу урт хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог бөгөөд хувийн таарамжгүй харилцаанаас байнга буюу тухайн үйлдлийн давтамж, сэдэлт, санаа зорилго, хугацааны хувьд үргэлжилсэн байдгаараа ялгаатай.

Хувийн таарамжгүй байдлаас шалтгаалан гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд дунд үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйчлэх учиргүй бөгөөд хууль хэрэглээний алдаатай шийдэл юм.

Анхан шатны шүүхүүд хууль хэрэглээний хувьд 2 өөрөөр тайлбарлаж хэрэглээд байгаа нөхцөл байдал гарч байна.

*******т холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаах 3 үндэслэлээс 1 дэх үндэслэл нь нотлогдсон байна. 2 дахь үндэслэл буюу гэмтлийн зэрэгтэй холбоотой асуудал нь эргэлзээтэй байна. 3 дахь үндэслэл буюу гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс гэж тогтооход баримт хангалтгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх цаг хугацаанд хэр удаан хамт амьдарсан гэдгийг тогтоогоогүй байна.

Хэргийн нөхцөл байдлын хувьд дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал байгаа учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж дээрх ажиллагаануудыг хийх зайлшгүй шаардлагатай байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянадаг.

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй тогтоох зүйлүүд /дээр дурдсан 3 үндэслэл/ байх тул тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү.

2. ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.

3. Хэргийг хянаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээгүй, нэг удаагийн хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдвол хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв. 

 

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.11-т “цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна” гэж заасан.

Хохирогч *******ийн биед учирсан “элэг, дэлүүний няцрал” гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.11-т заасан хүнд гэмтэлд хамаарч байна. Иймд шинжээчийн дүгнэлт болон гэмтлийн зэрэг тогтоосон асуудалд эргэлзээтэй зүйл байхгүй байна.

******* болон ******* нар нь 2023 оны 06-07 сарын хугацаанд, хэрэг болдог цаг хугацаанд хамт амьдарч байсан гэдэг нь хохирогч болон яллагдагчийн мэдүүлгээр тогтоогддог. Хамтран амьдраад нэг гэрт аж төрж байгаа хүмүүсийг хамтран амьдрагч гэж ойлгоно. Хамтран амьдрагч гэдгийг тогтоохын тулд хэдий хугацаанд хамт амьдарсан байх шаардлагатай ч гэх юм уу, тодорхой хугацаа заагаагүй байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байх бөгөөд зүйлчлэлийн хувьд хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч *******, түүний ээж гэрч *******ийн мэдүүлгүүдээр *******, *******тай хамтран амьдардаг, *******ийн 3 хүүхэд ээж дээр нь байдаг нөхцөл байдал тогтоогдсон.

*******, ******* нар нь 2023 оны 06 дугаар сараас хойш хэрэг гардаг цаг хугацаа хүртэл хамтран амьдарч байсан нөхцөл байдал тогтоогддог учраас “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан байна.

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-н 35-37/ хохирогч *******ийн биед учирсан гэмтлийн зэргийг “...амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэж дүгнэсэн бөгөөд тус шинжээчийн дүгнэлтэд “Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Оношзүйн тасаг: Хэвлийн ЭХО, Хэвлийн ЭХО давтан” гэсэн хэт авиан шинжилгээний хариу дурдагдсан боловч уг дүгнэлтийн эх сурвалж болсон хэт авиан шинжилгээний хариу, шинжилгээний зураг зэргийг хэрэгт хавсаргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад...  1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн; 1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; 1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал; 1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ; 1.6.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг ...нотолно...” гэж заасан тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Цагдаагийн алба хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээ хийнэ”, 31.2-т “Цагдаагийн алба хаагч аюулын зэргийн үнэлгээг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдсэн байж болох орчинд, эсхүл хохирогчийн байгаа газарт очиж хийнэ” гэж,

 

- мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Нийгмийн ажилтан “32.1.1.гэр бүлийн хүчирхийлэл, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй байдлыг”, 32.1.2.хохирогчид учирсан, эсхүл учирч болзошгүй сөрөг үр дагаврыг”, 32.1.3.хохирогчид үзүүлэх үйлчилгээг” тодорхойлох зорилгоор нөхцөл байдлын үнэлгээ хийнэ” гэж, мөн зүйлийн 32.2-т “Нөхцөл байдлын үнэлгээ нь дүгнэлт хэлбэртэй байна” гэж тус тус заасан байх бөгөөд мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээг хийлгүүлж хэрэгт хавсаргах хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй  байна.

 

3. Давж заалдах шүүхийн хувьд гомдол, эсэргүүцлийн дагуу доод шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн өөрчлөх, эсхүл тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгосон бөгөөд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах болон шийдвэр гаргах үндэслэл, журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан болно.

Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн алдаа нь тухайн шийдвэрийг хүчингүйд тооцох, эсхүл өөрчлөх үндэслэлд хамаарах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хуульчлан заасан байна.

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй̆ болгосон гэдэг үндэслэлээр хуульд нийцээгүй шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн хувьд үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасныг хэрэгжүүлэхгүй  байх нь агуулгын хувьд зөрчилтэй шийдвэр болохоос гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчим зөрчигдөх юм.

 

Хууль тогтоогч анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилжээ. 

 

Энэ нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болохгүй гэсэн үндэслэл биш юм.

 

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан байх боловч дээр дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул *******т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

 

5. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүдээр хүчингүй болгохоор шийдвэрлэв.  

 

6. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******т холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн тул өмгөөлөгч нарын гаргасан тайлбарт дурдагдсан асуудлыг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

  

                           ШҮҮГЧИД                                                Г.БОЛОРМАА

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ