| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/01826/И |
| Дугаар | 192/ШШ2025/04698 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/04698
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.А /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:Ажилтны тогтвортой байдлын гэрээний үүрэгт болон аялалын гэрээний үүрэгт 29 476 253 төгрөг гаргуулах тухай,
Хариуцагч: Н.А-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: Т******* ХХК /РД:*******/-д холбогдох
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Цалин 1 882 740 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэнээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, Ж.Т*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т******* ХХК нь хариуцагч Н.А*******т холбогдуулан гэрээний үүрэгт 29 476 253 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч Н.А******* нь 2016 онд анх Т******* ХХК-ийн түгээлтийн менежер албан тушаалд ажилд орсон. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Т******* ХХК-ийн охин компани болох Т******* ХХК үүсгэн байгуулагдсантай холбоотойгоор 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02-Б/292 тоот тушаалаар Т******* ХХК-ийн ажлаас чөлөөлөгдөж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03-Б/12 тоот тушаалаар Н. А*******ийг Т******* ХХК-ийн түгээлтийн менежер албан тушаалд ажилд авсан. Ажиллаж байх хугацаандаа ажил үүрэгтээ хайнга хандаж, хариуцсан нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж чадаагүй тул 2022.08.26-ны өдрийн Гүйцэтгэх захирлын 03-Б/254 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл авсан. Манай компанийн хувьд ажилтандаа ажиллах таатай нөхцөл, боломж, өрсөлдөхүйц ажлын байр, цалин хөлсийг санал болгож ирсэн билээ. Иймээс ч 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Н.А*******ийн гаргасан компани дотроо шилжин дэвшиж ажиллах хүсэлтийг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Түгээлтийн ахлах менежер албан тушаалд дэвшүүлэн ажиллуулах болсон. Гэтэл хариуцагч 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03-Б/472 тоот тушаалаар ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргаж, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч нэг хувийг өөрийн биеэр хүлээн авсан. Таван Богд групп компанийн хүрээнд удирдах болон хөдөлмөрийн зах зээлд олдоц муутай ажлын байранд ажиллаж буй ажилтанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар ажилтныг тогтвор суурьшилтай, үр дүнтэй ажиллуулах, ажилтнаа дэмжих, урамшуулах бодлогыг баримталдаг. Иймээс ажилтны хэрэгцээ шаардлага, хувийн байдлыг харгалзан нэхэмжлэгчийн зүгээс Н.А*******тэй харилцан тохиролцож 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөгийг нөхцөлтэйгээр зээлээр олгож бичгээр гэрээ байгуулсан. Уг гэрээний үндсэн нөхцөл нь Компанийн зүгээс ажилтанд 25,000,000 төгрөгийг урьдчилан олгох ба ажилтан хариу төлбөрт нь 5 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж гэрээний хавсралтад зааснаар сар бүр ажилласан хугацаандаа ногдох үндсэн төлбөр болон хүүгээ хасуулахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаарх үндсэн зээлийн төлбөр 21,186,440.68 төгрөг, хүү 3,177,966.10 төгрөг, нийт төлвөл зохих төлбөр 24,364,406.78 төгрөг байна. Хариуцагч нь уг төлбөрийн үлдэгдэлтэй маргадаггүй ба 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид буцаан төлөхөөр төлбөрийн график гарган хүсэлт өгч байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай уг зээлтэй холбоотойгоор удаа дараа холбогдож, төлбөр төлөх боломж, нөхцөлийг гаргаж өгч байсан мөн ажлын байрандаа үлдэх үргэлжлүүлэн ажиллах нөхцөлүүдийг ч санал болгосон боловч хариуцагч нь аль ч саналыг хүлээн аваагүй ба ажлаас даруй чөлөөлж өгөх хүсэлтээ байгаагаа л илэрхийлж байсан. Талуудын байгуулсан гэрээний 5.2 1-т зааснаар ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас гарсан тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлагдсанд тооцож гэрээний 2.4, 4.4-т тус тус заасны дагуу буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэж байна. Иймд хариуцагч Н.А*******ээс үндсэн төлбөр 21,186,440.68 төгрөг, хүү 3,177,966.10 төгрөг, нийт 24,364,406.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Хариуцагч Н.А*******т холбогдуулан 2023.03.11-ний өдөр шүүхэд гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 364 406 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг 406 073 төгрөгөөр багасгаж байна. Иймд үндсэн зээлийн төлбөр 20 833 333 төгрөг, хүү 3 125 000 төгрөг, нийт төлвөл зохих төлбөр 23 958 333 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.3.Нэхэмжлэлийн шаардлагаа 5 517 920 төгрөгийг гаргуулахаар ихэсгэж байна. Хариуцагч нь ажиллаж байх хугацаандаа Узбекстан улсад компанийн зардлаар 7 өдрийн аялалд явсан байдаг. Энэхүү аялалд хамрагдахдаа 2022.10.13-ны өдөр Аялалын зардал төлүүлэх гэрээг байгуулсан ба уг гэрээний 3.1.3.2-д зааснаар аялалын зардал, гэрээний 2.5-д алданги төлөхөөр харилцан тохиролцсон учраас аялалын зардал төлүүлэх гэрээний нийт үнийн дүн болох 7 357 227 төгрөгнөөс хариуцагчийн ажилласан хугацаанд буюу 2023.10.31-ний өдрөөс 2024.10.13-ны өдрийг хүртлэх хугацаанд хувьсуулан тооцвол 3 678 613 төгрөгийг буцаан төлөхөөр байна. Мөн алданги тооцвол 5 609 885 төгрөг болохоос Иргэний хуулийн 232.4-т заасныг баримтлан гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 1 839 306 төгрөгийн алданги бодогдож нийт хариуцагчаар 5 517 920 төгрөгийг буцаан төлүүлэхээр байна. Иймд хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 5 517 920 төгрөгөөр ихэсгэж байна гэжээ.
1.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай зүгээс хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Мөн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, шилжин дэвших хүсэлтийг нь үндэслэн тушаалд дэвшүүлсэн байдаг. Гэтэл өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Г.А*******тэй харилцан тохиролцож 25 000 000 төгрөгийг олгосон байдаг. Үндсэн нөхцөл нь 25 000 000 төгрөгийг олгох, 5 жилийн хугацаанд тасралтгүй ажиллах, сар бүр төлбөр болон хүүг хасахаар тохиролцсон байдаг. Бид нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад үндсэн зээл 20 833 333 төгрөг, хүүнд 3 125 000 төгрөг, 23 958 333 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн. Мөн шаардлагаа аяллын зардал 5 517 920 төгрөгийг гаргуулахаар ихэсгэж, нийт 29 476 253 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Ихэсгэсэн шаардлага нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан аялалын гэрээний дагуу шаардаж байгаа юм. 7 өдрийн аялалд хамрагдана, нийт зардал нь 7 000 000 төгрөг байна. Хэрэв ажилтан 24 сар ажилласан бол чөлөөлөгдөнө, төлөөгүй тохиолдолд компаниас эргүүлэн төлүүлнэ гэсэн байгаа. Тиймээс хүү алдангийг шаардсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
1.5.Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцсан. 10 сарын цалинг гаргуулахаар шаардсан байна. Тухайн ажилтны хувьд ажил хүлээлцэх сүүлийн өдөр гэж ойлгодог, тойрох хуудсаа зуруулах гэдэг нь тооцоо нийлсэн баримт байдаг. Тушаалаа ирж авсан боловч тойрох хуудсаа зуруулаагүй байсан ураас компаниас цалин 1 882 740 төгрөгийг олгоогүй нь үнэн. Ажил хүлээлцэх боломжгүй байгаа учраас цалинг олгоогүй байсан юм. Тиймээс одоо 1 882 740 төгрөгийг олгоход татгалзахгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. 25 000 000 төгрөг бол хариуцагчид өөрт нь зориулан олгосон шагнал, урамшуулал байсан. Харин тогтвортой ажиллах гэрээ нь нөхөн хийсэн гэрээ байдаг. Учир нь гарын үсэг нь дуурайлган хийсэн гэрээ гэж үзэж байгаа. Гол зүйл нь Шинэ жилээр сайн ажилласан гэж шагнаж урамшуулсан гэж үзэж байна. Харин аяллын зардал дээр уг мөнгийг өөртөө шилжүүлэн аваагүй, хариуцагчийн дансаар ороогүй урсгал зардал байсан учир зөвшөөрөхгүй гэв.
2.1.Хариуцагч Г.А******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд олгох цалинг гаргуулахаар шаардсан. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа тойрох хуудсыг бүрэн зуруулж дуусаагүй үндэслэлээр үлдэгдэл цалин олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуульд дээрх үндэслэлээр олгохгүй байх талаар хуульчлаагүй тул энэ нь үндэслэлгүй болно. Иймд дээрх хугацааны цалин 1 882 740 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, 2022.12.30-ны өдрийн 22/02-02 тоот Ажилтны тогтвортой байдлын гэрээ, гэрээ цуцлагдах нөхцөлд эргэн төлөгдөх хуваарь, 2016.10.12-ны өдрийн №02/429 тоот Туршилтын хугацаагаар ажилд авах тухай тушаал, 2016.10.12-ны өдрийн ХГ-2016/147 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2017.04.12-ны өдрийн 02/150 тоот Туршилтын хугацааг дуусгавар болгож, үндсэн ажилтнаар тооцох тухай тушаал, 2017.02.01-ний өдрийн ХГ-2016/147 тоот Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2022.01.03-ны өдрийн ХГ-2018/095 дугаар Хөдөлмөрийн гэрээ /хугацаагүй/, 2022.03.01-ний өдрийн 02-Б/292 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, ажилтнуудын нэрсийн жагсаалт, 2022.03.01-ний өдрийн 03-Б/12 тоот Ажилд авах тухай тушаал, ажилтнуудын нэрсийн жагсаалт, 2022.08.26-ны өдрийн 03-б/254 тоот Сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Зөрчил бүртгэх хуудас, 2022.03.01-ний өдрийн ХГ-2022/03/04 тоот Хөдөлмөрийн гэрээ /хугацаагүй/, 2022.07.01-ний өдрийн ХГ-2022/03/04 тоот Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2023.10.31-ний өдрийн 03-б/472 тоот Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай тушаал, Н.А*******ийн гараар бичсэн хүсэлт, 2023.10.26-ны өдрийн 10:00 цагийн Уулзалтын тэмдэглэл, тайлбар, нэхэмжлэлийн багасгасан шаардлага, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.10.13-ны өдрийн Аяллын зардал төлүүлэх гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022.09.22-ны өдрийн Төсөвт тусгагдсан худалдан авалтын зөвшөөрлийн хуудас, 2022.10.07-ны өдрийн Төлбөрийн хүсэлт, 2022.10.05-ны өдрийн Төлбөрийн хүсэлт, 2022.09.30-ны өдрийн Төлбөрийн хүсэлт, шилжүүлгийн баримт гэсэн баримтуудыг,
хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Тогтвортой ажиллах гэрээгээр дэмжлэг авах хүсэлт, гэрэл зураг, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариу тайлбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Т******* ХХК-иас шилжүүлгийн баримт, тойрох хуудас, Тогтвортой ажиллах гэрээгээр дэмжлэг авах хүсэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээч томилж, дүгнэлтийг хэрэгт хавсаргасан, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Н.А*******ийн нийгмийн даатгалын шимтгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Хил хамгаалах ерөнхий газраас Н.А*******ийн Монгол улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагаа,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлээс 20 833 333 төгрөгийг хангаж, үлдэх 8 642 920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.А*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Н.А*******т санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулахаар 25 000 000 төгрөгийг нөхцөлтэй олгож, ажилтны тогтвортой байдлын гэрээ байгуулсан боловч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул уг гэрээний үүрэгт 20 833 333 төгрөг, хүү 3 125 000 төгрөг, нийт 23 958 333 төгрөг, ажиллаж байх хугацаандаа Узбекстан улсад компанийн зардлаар 7 өдрийн аялалд явсан зардлаас ажилласан хугацааныхыг хасч тооцоод 3 678 613 төгрөг, алданги 1 839 306 төгрөг, нийт 5 517 920 төгрөг, нийт 29 476 253 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Т******* ХХК-нд түгээлтийн ахлах менежерээр ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр 25 000 000 төгрөгийг шагнал хэлбэрээр хамт олны дунд олгосон, буцаан төлөх үүрэггүй тул гэрээний үүрэгт 23 958 333 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, компанийн шийдвэрээр Узбекстан улсад 7 хоног аялалаар явсан боловч уг зардлыг эргүүлэн төлөхөөр тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй, аяллын зардлыг шилжүүлэн өгөөгүй тул аялалын зардал 5 517 920 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч Н.А******* нь нэхэмжлэгч Т******* ХХК-д холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа тойрох хуудсыг бүрэн зуруулж дуусаагүй үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын цалингийн үлдэгдэл 1 882 740 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагчийг ажлаас чөлөөлөгдөх тушаалаа ирж авсан боловч тойрох хуудсаа зуруулаагүй байсан тул цалин 1 882 740 төгрөгийг олгоогүй, одоо 1 882 740 төгрөийг гаргуулан өгөхөд татгалзахгүй гэж тайлбарласан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Нэхэмжлэгч Тш ХХК нь хариуцагч Н.А*******тэй 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ХГ-2022/03/04 дугаартай хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулж, хариуцагч Н.А******* нь түгээлтийн менежерээр ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй.
6.2.2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Т******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 03-б/472 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаалчилгаар цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, ажилтны гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн түгээлтийн алба нэгжийн түгээлтийн ахлах менежер албан тушаалтай Нын А*******ийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээг цуцлажээ.
6.3.Нэхэмжлэгч Т******* ХХК нь хариуцагч Н.А*******тэй 2022 оны 12 дугаар сарын 30-ний өдөр №22/02-02 тоот Ажилтны тогтвортой байдлын гэрээ байгуулж, компани ажилтанд 25 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг нэг удаа олгоно, ажилтан сар бүрийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 3 сар дараалан 79 хувь болон түүнээс доош гүйцэтгэлийн үнэлэгдсэн тохиолдолд үлдэгдэл төлбөрөөс 1.5 хувиар тооцон хүүгийн төлбөрийг компанид төлөх, сар бүрийн гүйцэтгэл 90 хувиас дээш үнэлгээтэй болсон тохиолдолд тус хүүг тооцож суутгал үүсгэхгүй байхаар харилцан тохиролцжээ.
6.4.Мөн Т******* ХХК нь хариуцагч Н.А*******тэй 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Аяллын зардал төлүүлэх гэрээ байгуулж, ажилтан Узбекстан улс руу 2022 оны 10 дугаар сарын 13-наас 2022 оны 10 дугаар сарын 20-ныг дуустал нийт 7 өдрийн аялалд хамрагдах, ажилд хамрагдахдаа ажил олгогчтой харилцан тохиролцож гэрээнд заасан замын зардал, байр, хоолны зардал буюу танилцах аялалтай холбоотой зардлыг компаниар урьдчилан гаргуулж, гэрээнд заасан нөхцлийн дагуу буцаан төлөхөөр 2 жилийн хугацаатай байгуулсан байна.
7.Талуудын маргааны зүйл нь ажилтны тогтвортой байдлын гэрээ, аялалын гэрээ тус тус байгуулагдсан, 25 000 000 төгрөгийг санхүүгийн дэмжлэг олгохоор буцаан төлөх нөхцөлгүйгээр шилжүүлсэн эсэх, аяллын зардлыг буцаан төлөхөөр тохиролцсон эсэх талаар байна, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн талаар маргаагүй.
8.Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр №02/49 тоот Туршилтын хугацаагаар ажилд авах тухай тушаал, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №ХГ-2016/147 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 02/150 тоот Туршилтын хугацааг дуусгавар болгож үндсэн ажилтнаар тооцох тухай тушаал, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ХГ-2016/147 тоот Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №ХГ-2018/095 тоот Хөдөлмөрийн гэрээ /хугацаагүй/, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ХГ-2022/03/04 дугаартай хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ тус тус байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгч Т******* ХХК-нд түгээлтийн менежерээр ажиллаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03-б/472 тоот Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй.
8.1.Нэхэмжлэгч нь хариуцагчийг уг компанид ажиллаж байх хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ний өдөр №22/02-02 тоот Ажилтны тогтвортой байдлын гэрээг байгуулж, уг гэрээгээр ажилтанд 25 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг нэг удаа олгосон, уг 25 000 000 төгрөгийг ажилтан 5 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан Ажилтны тогтвортой байдлын гэрээ, гэрээ цуцлагдах нөхцөлд эргэн төлөгдөх хуваарь, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөхөөр гаргасан Б.А*******ийн 2023 оны 10 дугаар сарын 11, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр компанид гаргасан хүсэлт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, тогтвортой ажиллах гэрээгээр дэмжлэг авах хүсэлт гэсэн баримтуудаар нотлогдож байна.
8.2.Нэхэмжлэгч нь хариуцагч Н.А******* 2022 оны 12 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан Ажилтны тогтвортой байдлын гэрээний 1.2-д заасан 5 жилийн хугацаанд үр бүтээлтй, тогтвортой ажиллах болзолыг биелүүлээгүй, 2.4-д зааснаар өөрийн хүсэлтээр ажлаас гарч, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул гэрээ цуцлагдах нөхцөлд эргэн төлөгдөх хуваарьт зааснаар гэрээний үүрэгт 20 833 333 төгрөг, хүү 3 125 000 төгрөг, нийт 23 958 333 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
8.3.Хариуцагч нь Ажилтны тогтвортой ажиллах гэрээг нөхөн байгуулсан, 25 000 000 төгрөгийг сайн ажилласан гэж хамт олны дунд олгосон шагнал, урамшуулал байсан учраас буцаан төлөх үүрэг үүсэхгүй, гэрээнд гарын үсэг зураагүй, гарын үсгийг дуурайлган хийсэн, 25 000 000 төгрөгөөр шагнасан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургаар нотлогдоно гэж мэтгэлцсэн.
9.Хариуцагч нь Ажилтны тогтвортой байдлын гэрээг нөхөн байгуулсан, гэрээнд гарын үсгээ зураагүй гэсэн боловч хэрэгт авагдсан хариуцагчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ТХХК-ийн захиргаанд 25 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаанд тогтвортой ажиллах гэрээг байгуулан санхүүгийн дэмжлэгт авахаар гаргасан хүсэлт, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөхөөр гаргасан хариуцагчийн 2023 оны 10 дугаар сарын 11, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн компанид гаргасан хүсэлтээр уг гэрээг байгуулахаар, эргэн төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлж байсан болох нь тогтоогдож байна гэж үзэв.
9.1.Мөн Ажилтны тогтвортой байдлын гэрээнд гарын үсгээ зураагүй, гэсэн боловч гэрээнд зурагдсан гарын үсэг нь түүнийх мөн эсэх талаар шинжээч томилох хүсэлтийг гаргаагүй, хамт олны дунд шагнал, урамшуулал гэж гардуулсан гэх боловч гэрчээр нотлуулах эрхээ хэрэгжүүлээгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар Ажилтын тогтвортой байдлын гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
9.2.Хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №22/02-02 тоот Ажилтны тогтвортой байдлын гэрээний 1.2-т Компани нь ажилтан санхүүгийн дэмжлэг авснаас хойш 5 жил /тав/ жилийн хугацаанд компанид үр бүртгэлтэй, тогтвор суурьшилтай, жилийн дундаж гүйцэтгэлийн үнэлгээ 90 хувь буюу түүнээс дээш үнэлгээтэй ажиллах болзолтойгоор энэхүү санхүүгийн дэмжлэгийг үзүүлж байгаа болно, 3.2-д санхүүгийн дэмжлэг авч, тогтвортой байдлын гэрээ хийсэн ажилтан энэхүү журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үүрэг зөрчигдсөн тохиолдолд гэрээг цуцлаж, ажилтнаас үндсэн тусламж, хүү, алданги, бусад төлбөрийг шаардах эрхтэй гэж харилцан тохиролцсон байна.
9.3.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж үзэв.
9.4.Иймд хариуцагчаас Ажилтны тогтвортой байдлын гэрээний үндсэн дэмжлэгийн үлдэгдэл 20 833 333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
9.5.Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд харилцан тохиролцсоноор хүү 3 125 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч талуудын хооронд байгуулагдсан Ажилтны тогтвортой байдлын гэрээний 2.3-д ажилтан сар бүрийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 3 сар дараалан 79 хувь болон түүнээс доош гүйцэтгэлийн үнэлэгдсэн тохиолдолд үлдэгдэл төлбөрөөс 1.5 хувиар тооцон хүүгийн төлбөрийг компанид төлөх, сар бүрийн гүйцэтгэл 90 хувиас дээш үнэлгээтэй болсон тохиолдолд тус хүүг тооцож суутгал үүсгэхгүй байхаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгчээс ажилтны гүйцэтгэлийн үнэлгээг шүүхэд ирүүлээгүй, хүүг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байх тул хүү тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.
10.Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Н.А*******тэй байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Аяллын зардал төлүүлэх гэрээний үүрэгт 5 517 920 төгрөгөөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Аяллын зардал төлүүлэх гэрээ, төсөвт тусгагдсан худалдан авалтын зөвшөөрлийн хуудас, томилолтын тооцоолол, төлбөрийн хүсэлт, баримт, шилжүүлгийн мэдээллээр 5 517 920 төгрөгний аяллын зардал гарсан болох нь тогтоогдоно гэсэн.
10.1.Хариуцагч нь аяллын зардал төлүүлэх гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний дагуу үүрэг хүлээхгүй, уг гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээнд зурагдсан гарын үсгийг түүнийх биш гэж маргасан.
10.2.Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Аяллын зардал төлүүлэх гэрээнд зурсан гарын үсэг нь Н.А*******ийн гарын үсэг мөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 469 дүгээр дүгнэлтэд ...2022.10.13-ны огноотой Аяллын зардал төлүүлэх гэрээ гэсэн баримтын Гэрээ байгуулсан хэсэгт Н.А******* гэсний доор зурагдсан байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Н.А*******ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна... гэжээ.
10.3. Иймд талуудын хооронд Аяллын зардал төлүүлэх гэрээ байгуулагдсан, гэрээний 2.1-д аяллын зардалд нийт 7 357 227 төгрөгийг ажилтны өмнөөс шилжүүлэхээр харилцан тохиролцсон, мөн гэрээний 3.1.3-д аяллын зардлыг даалгуулж аялалд хамрагдсанаас хойш 24 сараас богино хугацаанд компанитай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа бол компаниас авсан нийт зардлыг 24 сард хувьсуулан ажилласан хугацаанд ногдох зардлыг хасаж, ажиллаагүй хугацаанд ногдох зардлыг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш 14 хоногийн хугацаанд багтаан компанид төлнө гэжээ.
10.4.Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд аяллын зардлыг нотлохоор ирүүлсэн томилолтын тооцоолол, төлбөрийн хүсэлт, баримт, шилжүүлгийн мэдээлэл гэсэн баримтаар хариуцагч Н.А*******т холбогдох аяллын зардалд хэдэн төгрөг зарцуулсан эсэх нь тодорхойгүй байх тул хариуцагчаас аяллын зардал 5 517 920 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
11.Хариуцагч Н.А******* нь нэхэмжлэгч Т******* ХХК-д холбогдуулан олгогдоогүй 2023 оны 10 дугаар сарын цалингийн үлдэгдэл 1 882 740 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч ажлаас чөлөөлөгдөх тушаалаа ирж авсан боловч тойрох хуудсаа зуруулаагүй тул цалин олгогдоогүй байсан, одоо 1 882 740 төгрөгийг гаргуулан олгоход татгалзахгүй гэж тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.
12.Иймд хариуцагч Н.А*******ээс санхүүгийн дэмжлэг 20 833 333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хүү 3 125 000 төгрөг, аяллын зардал 5 517 920 төгрөг, нийт 8 642 920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т******* ХХК нь хариуцагч Н.А*******ийн цалин 1 882 740 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383 010 /279 773 + 103 237/ төгрөг, хариуцагч Н.А*******ийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 073 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А*******ээс 262 117 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХХК-д, нэхэмжлэгч Т******* ХХК-иас 45 073 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.А*******т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Н.А*******ээс санхүүгийн дэмжлэг 20 833 333 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс нийт 8 642 920 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т******* ХХК нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох цалин 1 882 740 төгрөгийг төлөхийг маргаагүйгээр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383 010 /279 773 + 103 237/ төгрөг, хариуцагч Н.А*******ийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 073 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А*******ээс 262 117 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* ХХК-д, нэхэмжлэгч Т******* ХХК-иас 45 073 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.А*******т тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН