2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01917

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М холбогдох,

Орон сууцыг чөлөөлүүлэх болон хэрэглээний төлбөр гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, хариуцагч М түүний өмгөөлөгч Н гэрч Ш. шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Би 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн ... овогтой Н худалдах, худалдан авах гэрээгээр ...хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн дугаартай 31м2 талбай бүхий нэг өрөө орон сууцыг худалдаж авсан. Тухайн үед хариуцагч М.Б нь гэр бүлийн хамт /ээж, дүү, хүүхэд/ тухайн байрны өмнөх өмчлөгч болох Ш.Н-той төлбөр мөнгөний тооцоотой байгаа тул 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх тус байранд амьдрах хүсэлтэй байна гэсэн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч миний бие зөвшөөрсөн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөөгүй удаа дараа шаардлага тавихад би гарахгүй шүүхээр шийдүүлнэ зэрэг утгатай зүйлс хэлсэн бөгөөд одоогоор ямарваа нэгэн төлбөр төлөөгүй амьдарч байна. Иймд нэхэмжлэгч миний бие хариуцагчийг тухайн орон сууцыг суллаж өгөх мөн суллаж өгөхдөө цахилгаан, дулаан, даатгал, СӨХ-ний ямарваа нэгэн төлбөрийн үлдэгдэлийг бүрэн гүйцэт төлүүлж 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш амьдарсан хугацаааны төлбөрийг сар бүр 800,000 төгрөг байхаар тооцож гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Хариуцагч М.Б нь миний өмчлөлийн байранд 2024 оны 8 дугаар сараас эхлэн сарын 800,000 төгрөгөөр хөлсөлж амьдрахаар тохирсон боловч 2024 оны 10 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрөө төлөөгүй. Иймд 2025 оны 02 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөр болох нийт 5 сарын төлбөр 4,000,000 төгрөгийн хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч  хариу тайлбартаа: “М.Б миний бие нь ... хаягт манай ээж анхны өмчлөгч нь байсан одоо тэр асуудал нь буюу иргэн Л.Ө-н нэхэмжлээд байгаа асуудал нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх дээр хэрэг үүсээд шалгагдаад явж байгаа. Надтай хамааралгүй болохоор нэхэмжлэлийг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

            3. Нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, хаан банкны дансны хуулга, хариуцагчаас байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн Ш.Н-йг гэрчээр асууж, нэхэмжлэгч, гэрчийн гар утсанд үзлэг хийсэн байна.

       ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч өмчлөлийн орон сууцаа хариуцагчийн хууль бус эзэмшлээс  чөлөөлүүлэх, эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрт 4,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, би орон сууцанд хааяа ирж очдог, би хариуцахгүй гэж маргажээ.

6. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримтууд тогтоогдлоо.

Нэхэмжлэгч А.Ө нь эрхийн улын бүртгэлийн ...орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна. Хариуцагч өмчлөх эрхийн гэрчилгээг А.Ө-ын нэр дээр гарсан гэдэгтэй маргаагүй бөгөөд өмчлөгчөөр тогтоолгох сөрөг шаардлага гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрийг сарын 800,000 төгрөгөөр тохиролцсон болохоо, хариуцагч орон сууцанд оршин суудаггүй болохоо, өмчлөлийн маргаантай гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна.

7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” зааснаар нэхэмжлэгч А.Ө-д нь орон сууцны өмчлөгч болсон байна.

 

Хариуцагч маргаан бүхий орон сууцанд өөрөө амьдардаггүй гэсэн боловч түүний ээж, хүүхэд амьдардаг, хотод ирэхдээ амьдардаг гэсэн тул түүний эзэмшилд орон сууц байдаг гэж үзэж нэхэмжлэл гаргасны буруутгах үндэслэлгүй юм.

Хариуцагч нь хууль болон гэрээнд заасны дагуу орон сууцыг эзэмшиж байгаа байдал тогтоогдоогүй тул түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Харин нэхэмжлэгч эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу сарын төлбөрийг 800,000 төгрөгөөр тохирсон гэсэн боловч түүнийгээ нотлоогүй, үзлэгийн тэмдэглэлд дурдсанаар нэхэмжлэгч санал гаргасан боловч хариуцагч зөвшөөрлөө илэрхийлээгүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т “хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн.” Заасан нөхцөл бүрдээгүй тул эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа талуудын хооронд үүсээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.

  9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар А.Ө-ын өмчлөлийн эрхийн ... орон сууцыг М.Б-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, үлдэх 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.З