| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/05042/И |
| Дугаар | 192/ШШ2025/03163 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/03163
2025 04 21 192/ШШ2025/03163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 07 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ******* тоот хаягт байрлах “Вайт камел партнерс” ХХК (*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Хангарьд сити 2, 3 дугаар давхарт байрлах “Силкю-Ундарга” ХХК (*******)-нд холбогдох,
Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Арцатын ам, *******, 16 давхар орон сууцны А3 блокийн 14 дүгээр давхрын 49.39 м.кв талбай бүхий Е орон сууц, 15 дугаар давхрын 70.39 м.кв талбай бүхий D орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, уг орон сууцыг бүрэн барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг даалгах, алданги 104,809,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Арцатын ам, *******, 16 давхар орон сууцны А3 блокийн 14 дүгээр давхрын 49.39 м.кв талбай бүхий Е орон сууц, 15 дугаар давхрын 70.39 м.кв талбай бүхий D орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, уг орон сууцыг бүрэн барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг даалгах, алданги 104,809,500 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1.Хариуцагч компанитай 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 23/16/АВ болон 23/17/АВ дугаар “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулж, Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Арцатын ам, *******, 16 давхар орон сууцны А3 блокийн 14 дүгээр давхрын 49.39 м.кв талбай бүхий Е орон сууц, 15 дугаар давхрын 70.39 м.кв талбай бүхий D орон сууцыг 1 м.кв талбайг 1,750,000 төгрөгөөр тооцож 2023 оны 04 дүгээр улиралд хүлээж авахаар тохиролцсон. Хариуцагч компани нь гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөөгүй тул гэрээний зүйл болох орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгож, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангийг гаргуулахаар шаардаж байна. Хэтэрсэн хугацааны алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 104,809,500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.
2.Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Нэхэмжлэгч компанитай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бүрэн барьж гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг даалгах шаардлагыг зөвшөөрч байна. 2025 оны 05 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн. Харин алданги шаардсан хэсгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь барилгын салбар нь онцлогтой бөгөөд гэрээний хэрэгжилтийн явцад Covid-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас саад учирсан буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж барилгыг барьж ашиглалтад оруулах хугацаа хойшилсон гэж тайлбарлаж байна.
3.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 23/16/АВ болон 23/17/АВ дугаар “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, уг гэрээний дагуу орон сууцны төлбөрийг төлсөн баримт, хариуцагч компанид хүргүүлсэн орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсний улмаас алдангийн хэмжээ нэмэгдэж байгаа, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар хариу хүссэн албан бичиг, шаардлагыг,
Хариуцагчаас хавтаст хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр маргаан бүхий орон сууцуудын талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Арцатын ам, *******, 16 давхар орон сууцны А3 блокийн 14 дүгээр давхрын 49.39 м.кв талбай бүхий Е орон сууц, 15 дугаар давхрын 70.39 м.кв талбай бүхий D орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, уг орон сууцыг бүрэн барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг даалгах, алданги 104,809,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч компанитай 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 23/16/АВ болон 23/17/АВ дугаар “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулж, Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Арцатын ам, *******, 16 давхар орон сууцны А3 блокийн 14 дүгээр давхрын 49.39 м.кв талбай бүхий Е орон сууц, 15 дугаар давхрын 70.39 м.кв талбай бүхий D орон сууцыг 1 м.кв талбайг 1,750,000 төгрөгөөр тооцож 2023 оны 04 дүгээр улиралд хүлээж авахаар тохиролцсон боловч гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөөгүй тул гэрээний зүйл болох орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгож, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангийг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч компанитай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан, уг орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч компани мөн болох, орон сууцыг бүрэн барьж гүйцэтгэн хүлээлгэж өгөх нь үнэн, харин алдангийг төлөх боломжгүй, учир нь одоо тухайн орон сууцны зах зээлийн ханш нэмэгдчихсэн ч манай зүгээс үнэд өөрчлөлт оруулахгүйгээр тохиролцсон үнээрээ хүлээлгэж өгнө, гэрээний хэрэгжилтийн явцад Covid-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас саад учирсан буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж барилгыг барьж ашиглалтад оруулах хугацаа хойшилсныг харгалзаж үзнэ үү гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Зохигч талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 23/16/АВ болон 23/17/АВ дугаар “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр нэг талаас Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Арцатын ам, *******, 16 давхар орон сууцны А3 блокийн 14 дүгээр давхрын 49.39 м.кв талбай бүхий Е орон сууц, 15 дугаар давхрын 70.39 м.кв талбай бүхий D орон сууцыг 1 м.кв талбайг 1,750,000 төгрөгөөр тооцож үнийг төлөх, нөгөө талаас уг орон сууцуудыг 2023 оны 04 дүгээр улиралд хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. (хавтаст хэргийн 8-13 дахь тал)
4.2.Нэхэмжлэгч компанийн зүгээс гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн. (хавтаст хэргийн 14 дэх тал)
4.3.Маргааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Арцатын ам, *******, 16 давхар орон сууцны А3 блокийн 14 дүгээр давхрын 49.39 м.кв талбай бүхий Е орон сууц, 15 дугаар давхрын 70.39 м.кв талбай бүхий D орон сууцууд нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй. (хавтаст хэргийн 47 дахь тал)
5.Нэхэмжлэгч болон хариуцагч компанийн хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөлөөс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
6.Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон орон сууцыг гэрээгээр тохиролцсон хугацаанд хүлээлгэж өгөөгүй үйл баримтын хувьд маргаангүй.
7.Иймд Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Арцатын ам, *******, 16 давхар орон сууцны А3 блокийн 14 дүгээр давхрын 49.39 м.кв талбай бүхий Е орон сууц, 15 дугаар давхрын 70.39 м.кв талбай бүхий D орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцуудыг бүрэн барьж хүлээлгэн өгөхийг хариуцагч компанид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
8.Харин хариуцагч нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас орон сууцыг гэрээгээр тохиролцсон хугацаанд барьж, хүлээлгэж өгөөгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа тохиолдолд шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж заасан нөхцөл байдал үүссэн талаар дүгнэх шаардлагатай.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд Covid-19 цар тахлын улмаас барилгын гэрээгээр тохиролцсон хугацаанд барьж ашиглалтад оруулах боломжгүй болсон гэж дүгнэх боломжгүй байна. Мөн уг нөхцөл байдлын улмаас гэрээний хугацааг сунгах талаар хариуцагч компаниас нэхэмжлэгч компанид санал хүргүүлж байгаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4 дэх хэсэгт “…Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч компаниас алданги 104,809,500 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.
9.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Арцатын ам, *******, 16 давхар орон сууцны А3 блокийн 14 дүгээр давхрын 49.39 м.кв талбай бүхий Е орон сууц, 15 дугаар давхрын 70.39 м.кв талбай бүхий D орон сууцны өмчлөгч нь “Вайт камел партнерс” ХХК болохыг тогтоож, уг орон сууцуудыг бүрэн барьж гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг “Силкю-Ундарга” ХХК-нд даалгаж, тус компаниас 104,809,500 төгрөгийг гаргуулж “Вайт камел партнерс” ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг “…Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно…”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,800,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас 1,800,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар хуваариллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Вайт камел партнерс” ХХК-ийг Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Арцатын ам, *******, 16 давхар орон сууцны А3 блокийн 14 дүгээр давхрын 49.39 м.кв талбай бүхий Е орон сууц, 15 дугаар давхрын 70.39 м.кв талбай бүхий D орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, уг орон сууцуудыг бүрэн барьж гүйцэтгэн “Вайт камел партнерс” ХХК-нд хүлээлгэж өгөхийг хариуцагч “Силкю-Ундарга” ХХК-нд даалгаж, “Силкю-Ундарга” ХХК-аас 104,809,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Вайт камел партнерс” ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Вайт камел партнерс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,800,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Силкю-Ундарга” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,800,275 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Вайт камел партнерс” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД