| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/00073/И |
| Дугаар | 192/ШШ2025/04364 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/04364
2025 05 21 192/ШШ2025/04364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух, Ц.Э* /РД:*/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоот хаягт оршин суух, Ш.Ө* /РД:*/-т холбогдох,
6 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Ш.Ө*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие хариуцагч Ш.Ө-т 15 000 000 төгрөг өгсөн ба тэрээр энэхүү мөнгөнөөс 6 500 000 төгрөгийг өнөөдрийг болтол надад буцаан өгөөгүй болно. Тэрээр надаас энэхүү мөнгийг авахдаа “Авто машины С зөвшөөрөл аваад өгье гэж хэлээд П* гадаг хүнд мөнгө өгнө” гэж хэлж авсан байдаг. Дараа нь миний бие түүний үгэнд итгэхээ больж мөнгөө буцаан авахаар шаардсан бөгөөд тэрээр өнөөдрийн байдлаар 8 500 000 төгрөгийг цувуулж өгсөн боловч өнөөдрийг хүртэл надад үлдэгдэл мөнгийг шилжүүлж өгөөгүй болно. Иймээс түүний надаас авсан 15 000 000 төгрөгийн үлдэгдэл болох 6 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би нэхэмжлэгч Ц.Э* гэдэг хүнийг огт танихгүй. Түүнээс мөнгө авсан зүйлгүй. Харин Б.Б* гэдэг хүний хүсэлтээр П* гэдэг хүнтэй авто машины зөвшөөрөл авах талаар ярьж байсан. Б.Б* нь миний дансанд хэд хэдэн удаагийн шилжүүлгээр 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд би П-д дамжуулж өгсөн боловч ажил бүтээгүй. Ингээд П-гээс мөнгийг нь буцаан авч өгөхөөр хөөцөлдөж 8 500 000 төгрөгийг Б.Б-ийн хэлсэн дансанд шилжүүлсэн нь үнэн. Мөнгө өгөх ёстой бол Б.Б-д 6 000 000 төгрөгийг П-ээс авч өгөх ёстой...” гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, итгэмжлэл, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагааг шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Ц.Э* нь хариуцагч Ш.Ө-т холбогдуулан 6 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь П* гэдэг хүнд мөнгө өгч Авто машины С зөвшөөрөл авч өгнө гэж хэлээд 15 000 000 төгрөгийг надаас авсан. 8 500 000 төгрөгийг цувуулж өгсөн. 6 500 000 төгрөгийг буцаан өгөхгүй байна...” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч нь “...нэхэмжлэгч Ц.Э* гэдэг хүнийг огт танихгүй, түүнээс мөнгө аваагүй. Харин Б.Б* гэдэг хүнтэй авто машины зөвшөөрөл авч өгөх талаар ярилцаж, түүнээс 15 000 000 төгрөгийг авч П-д дамжуулж өгсөн боловч ажил бүтээгүй. Ингээд П-ээс мөнгийг нь буцаан авч өгөхөөр хөөцөлдөж 8 500 000 төгрөгийг Б.Б-ийн хэлсэн дансанд шилжүүлсэн. Мөнгө өгөх ёстой бол Б.Б-д 6 000 000 төгрөгийг П-ээс авч өгөх ёстой...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
5. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор Б.Б-ийн эзэмшлийн Голомт банк дахь * тоот дансны хуулгыг нэхэмжлэлдээ хавсаргасан байх бөгөөд уг баримтаас үзэхэд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Ц*” гэх утгаар 15 000 000 төгрөгийн орлого орж, мөн өдөр “Б*-с” гэх утгаар хариуцагч Ш.Ө-ын дансанд зарлагын шилжүүлгүүд хийсэн байна.
6. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Ш.Ө-ын Хаан банк дахь *тоот дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулсан. Уг баримтаар 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Б.Б-ийн эзэмшлийн *тоот данснаас 3 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 2 995 000 төгрөг, 4 дүгээр сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөг, 1 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
7. Дээрх баримтаас үзэхэд хариуцагч Ш.Ө* нь нэхэмжлэгч Ц.Э-аас мөнгө аваагүй, Б.Б-оос авсан гэх татгалзал баримтаар тогтоогдов.
8. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан хэргийн баримтаар нэхэмжлэгч Ц.Э*, хариуцагч Ш.Ө* нарын хооронд үүргийн харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй.
9. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлсэн Б.Б-оос шаардах эрхийг нь шилүүлэн авсан гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
10. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй гэж үзнэ.
11. Иймд нэхэмжлэгч Ц.Э*-ны хариуцагч Ш.Ө-т холбогдуулан гаргасан 6 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э-ны хариуцагч Ш.Ө-т холбогдуулан гаргасан 6 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ