| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/05868/И |
| Дугаар | 192/ШШ2025/04428 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: К******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.Э /РД:*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хөлс 46 747 935 төгрөг гаргуулах тухай
нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,
Гэрч С.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К******* ХХК нь хариуцагч Ш.Эд холбогдуулан тээврийн хөлс 46 747 935 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.К******* ХХК нь Бүгд найрамдах Солонгос улсын компани бөгөөд Монгол Улсад төлөөлөгчийн газар нь К******* ХХК /******* ХХК/ нэрээр улс хоорондын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг компани юм. К******* ХХК-ийн төлөөлөгчийн газар болох ******* XХК-д 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрүүдэд HYUNDAI ROBEX 300LC HHKH*******36, HYUNDAI ROBEX 300LC HHKHZ0/ арлын дугаартай 2 ширхэг хүнд машин механизм /экскаватор/-ыг С.Д******* гэж хүний нэр дээр бүрдүүлэлт хийж БНСУ-ын Инчон боомтоос БНХАУ-ын Эрээн хот хүртэл тээвэрлүүлэх, тээврийн хөлсийг нэг механизмыг 6650 америк доллар буюу 2 механизмыг 13500 америк доллараар тохиролцож Ш.Э хэлцэл хийсэн. Ингэхдээ тээврийн хөлсийг Монгол Улсын Замын-Үүдын боомтоор нэвтрэх үед гаалийн бүрдүүлэлтийн өмнө төлөхөөр тохиролцсон байна. Уг 2 экскаватор 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Замын-Үүд боомт руу орж ирсэн. Тухайн үед ковидтой холбоотойгоор хил гааль хаагдмал байсан ба Эрээн-Замын-Үүд дахь дундын бүсэд уг техникд хариуцагчийн хөлсөлсөн трэллар болох Чиргүүлтэй автомашин дээр ачигдсан байдалтайгаар 2 сарын турш гацан хүлээгдэж байгаад Монгол Улсад орж ирсэн. Тухайн үед хариуцагч Ш.Э гэгч нь К******* компани Монгол дах төлөөлөгчийн газар болох ******* XXK-ийн тээврийн мэдээ хариуцсан менежер Д.Отай утсаар холбогдож би уг 2 техникийн жинхэнэ өмчлөгч нь байгаа юм. С.Д******* манай дүү бөгөөд БНСУ-ын визэнд ороход хэрэгтэй байдаг гэхээр нь дүүгийнхээ нэр дээр бүрдүүлэлт хийсэн юм гэдэг байсан. Энэ нь Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаад хаагдсан хэрэг бүртгэлтийн 220501834 тоот хэрэгт гэрч нарын өгсөн мэдүүлгээр давхар нотлогддог. Улмаар уг 2 техник хилээр орж ирэх үед тээврийн төлбөр тооцоогоо удахгүй хийх тул тээврийн хөлсний тодорхойлолтыг урьдчилан гаргаж өгөхийг хүссэн. Тээврийн хөлсний тодорхойлолт гэдэг нь тээврийн төлбөр төлөгдсөн тухай баримт бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагддаг бичиг баримт юм. Компани зүгээс тээврийн төлбөр тооцоо хийгдсэний дараа манайхаас бичиж өгдөг учир тээврийн төлбөрөө төлсний дараа уг тодорхойлолтыг хийж өгөх боломжтой гэж хэлсэн. Гэвч өөрсдийн хөлсөлсөн трэллар болох чиргүүлтэй автомашин нь 2 сар гаруй Эрээн- Замын-Үүд дахь дундын бүсэд зогссон тул жолооч, автомашин сул зогсоосны төлбөр болон БНХАУ-ын Эрээн талын зам ашигласны төлбөрийн өрөнд орсон тухайгаа удаа дараа утсаар ярьж байсан. Иймд хил түр нээгдсэн тэр богино хугацаанд нэн яаралтай техникийн гаалийн бүрдүүлэлтийг хийж автомашинаас буулгах шаардлагатай байгаа тул тээврийн тодорхойлолт бичиж өгөхийг гуйсан. Манай менежер Д.Оийн хувьд Ш.Эд итгэн, хүндрэлтэй нөхцөл байдлыг нь ойлгон тээврийн хөлс төлсөн талаарх тодорхойлолтыг бичиж өгсөн байна. Манай компани зүгээс хариуцагч Ш.Э гэх хүнд итгэн гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтуудыг өгсний дагуу уг 2 механизмыг Монгол улсад оруулж ирэн ашиглаж байгаа боловч одоог хүртэл үүргээ биелүүлж тээврийн төлбөр тооцоогоо төлөөгүй байна. Иймд хариуцагч Ш.Э 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрүүдэд манай компани төлөөлөгчийн газар болох болох ******* ХХК зуучлуулан 2 ширхэг экскаваторыг БНСУ-ын Инчон боомтоос БНХАУ-ын Эрээн хот хүртэл тээвэрлүүлсэн хөлс болох механизм тус бүр 6650 доллар нийт 13500 америк доллар буюу 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол банкны ханшаар нэг америк доллар 3 462,81 төгрөг 46 747 935 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханшаар тооцохоор 46 055 373 төгрөг болж багасгаж байгаа. Манай компанитай 2 экскаватор машиныг тээвэрлүүлэхээр С.Д******* нь тохиролцож нийт 13 300 ам.доллараар тохиролцсон байдаг. Анхнаасаа Эрээн дээр л авчрахаар тохиролцсон байсан. Тухайн үед ковид гарсан байсан нь үнэн. Тохиролцоод дараа нь явцын дунд үнээ нэмсэн зүйл байхгүй. Хариуцагч нь өөрөө харилцаж үнээ тохиролцсон, манайхаас 5800 гэсэн үнийн санал гаргаж өгсөн нь бол үнэн. Гэхдээ энэ нь гэрчийн мэдүүлэг өгснөөр нотлогдоно, манайх татвар авдаг учраас бага тодорхойлолт хийж өгөөч гээд тодорхойлолт гарсан байдаг юм. 2500 гэдэг нь бол 9 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн баримт байна. Гэрээ нь 9 дүгээр сарын 01-ний өдөр хийгдсэн. Гаалийн бүрдүүлэлт бол Монгол улсын хил дээр ирснээр хийгддэг юм. Тиймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Манайх 2 500 ам.доллар, 2 500 ам.доллараар тооцоод нийт 5000 ам.доллар л зөвшөөрдөг юм. Хариуцагчийн хувьд 2 тээврийн хэрэгсэл буюу экскаватор тээвэрлүүлж ирсэн талаар маргахгүй. Харин тээврийн хөлс дээр маргаж байгаа. Учир нь 1 нь 30тонн, 1 нь 60 тонн байгаа, үүнийг 2 500 ам.доллараар тохиролцсон. Тэгэхдээ зөвхөн Эрээн биш Эрээнээс Улаанбаатар хүртэл тээвэрлүүлэх зорилготой байсан. Гэтэл Монгол улсын хил хаасан. Хаагаад нээгдсэн тэгээд тээвэрлүүлнэ гэтэл үнэ өөрчлөгдсөн байсан, эднийх 7000 ам.доллар гэсэн, тэгэхлээр өөрсдөө Замын үдээс наашаа тээвэрлэж авчирсан. Эднийхээс манайд бол Монгол улсад ирсэн гэдгээр нэхэмжилж байгаа. Бид Монгол улс руу ирэх тээвэрлэлт явагдаагүй, харин Эрээнд ирсэн мөнгийг бол төлнө. Тухайн үед ковид гараад хадгалалт их байсан, нэхэмжлэгчид хадгалалтын зардал үүсээгүй, бид хадгалалтын зардлаа өөрсдөө төлсөн. Солонгосоос Эрээн хүртэлх тээврийн хөлс нь өөр компаниас тээвэрлээд үнэ нэмэгдсэн байж болзошгүй, гэтэл тийм зүйл байхгүй учраас нэхэмжлэгчийн илүү буюу үндэслэлгүй нэхэмжилсэн хөлсийг төлөхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.09.28-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, ачааны нэхэмжлэхийн баримт, орчуулгын хамт, 2022.05.25-ны өдрийн 220501834 дугаар Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2023.04.25-ны өдрийн 676 дугаар Баянгол дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, 2022.09.28-ны өдрийн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай Мөрдөгчийн тогтоол, 2022.05.15-ны өдрийн Д.Оийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, итгэмжлэл, орчуулгын хамт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орчуулгын хамт, байгууллагын дүрэм, орчуулгын хамт, 2023.09.22-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа гэсэн баримтуудыг,
хариуцагчаас Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, дансны хуулга, шилжүүлгийн баримт гэсэн баримтуудыг бүрдүүлж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газраас Ш.Эы Монгол улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ш.Эы иргэний үнэмлэхний лавлагаа, Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн 220501834 дугаартай хэргийн материалаас гэрч Ш.Эы мэдүүлэг, Хаан банк ХК-ийн дансны хуулга, 2023.04.25-ны өдрийн 676 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол, Гаалийн ерөнхий газраас Hyundai Robex 300LC, арлын дугаар HHKH68, HYUNDAI ROBEX 300LC, арлын дугаар HHKHZ0 маркын хоёр экскаваторын гаалийн мэдүүлэг, холбогдох баримтуудыг, Баянгол дүүргийн Прокурорын газраас 220501834 дугаартай эрүүгийн хэргээс Ш.Эы гэрчээр өгсөн мэдүүлэг, К ХХК-иас 2021.09.28-ны өдрийн 20210928-101, 20210928-102 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн Прокурорын газраас 220501834 дугаартай эрүүгийн хэргээс Ш.Эы гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 66-77 хуудас/-ийг, мөн уг эрүүгийн хэргээс Ш.Эы өгсөн 3 удаагийн мэдүүлгийг, К******* ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 20210928-101, 20210928-102 дугаартай албан бичгүүдийг, Гаалийн ерөнхий газраас лавлагаа, гэрчээр С.Д*******г дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч К******* ХХК-ийн нэхэмжлэлээс 40 168 596 төгрөгийг хангаж, үлдэх 5 886 777 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Этай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, 2 ширхэг хүнд машин механизм /экскаватор/-ыг БНСУ-ын Инчон боомтоос БНХАУ-ын Эрээн хот хүртэл тээвэрлүүлэхээр тээврийн хөлсийг тус бүр 6 650 ам.доллар буюу нийт 13 300 ам.доллараар харилцан тохиролцсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тээврийн хөлсөө төлөхгүй байгаа тул тээврийн хөлс болох 13 300 ам.доллар буюу 46 747 935 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь валютын ханшнаас шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагаа 46 055 373 төгрөг болгон багасгаж байна гэсэн.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч К******* ХХК-тай харилцан тохиролцож гэрээ байгуулсан, 2 ширхэг хүнд машин механизм /экскаватор/-ыг тээвэрлүүлсэн боловч тээвэрлэлтийн хөлсийг тус бүрийг 2 500 ам.доллараар харилцан тохиролцсон тул нийт 5000 ам.долларыг л төлнө, үндэслэлгүйгээр нэмсэн тээвэрлэлтийн хөлсийг төлөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч К******* ХХК нь хариуцагч Ш.Этай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Hyundai Robex 300LC, арлын дугаар HHKH68, HYUNDAI ROBEX 300LC, арлын дугаар HHKHZ0 маркийн хүнд машин механизм буюу хоёр экскаваторыг С.Д*******гийн нэр дээр бүрдүүлэлт хийж, БНСУ-ын Инчон боомтоос БНХАУ-ын Эрээн хот хүртэл тээвэрлүүлэхээр харилцан тохиролцжээ.
5.Талуудын маргааны зүйл нь тээврийн хөлсийг хэрхэн тохиролцсон талаар байна, тээвэрлэлтийн гэрээг байгуулсан, ачаа тээвэрлүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.
6.Зохигч талууд хүнд машин механизм буюу хоёр экскаваторыг БНСУ-ын Инчон боомтоос БНХАУ-ын Эрээн хот хүртэл тээвэрлүүлэхээр тээвэрлэлтийн гэрээ байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
6.1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг буюу гэрээгээр хэлэлцэн тохиролцсон хөлсөө шаардах эрхтэй.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг гэрээ байгуулснаас хойш тээврийн хөлсийг төлөөгүй, тээврийн хөлсийг тус бүрийг 6 650 ам.доллараар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан тус бүрийг 6 650 ам.доллараар тооцон нэхэмжилсэн нэхэмжлэх, эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Э, н.О нарын мэдүүлгээр нотлогдоно, 2 500 ам.долларын нэхэмжлэлийг мэйлээр хариуцагчид явуулаагүй гэж тайлбарласан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ачаа тус бүрийг 6 650 ам.доллараар харилцан тохиролцсон гэх нэхэмжлэхийг хүлээн аваагүй, ачаа тус бүрийг 2 500 ам.доллараар тээвэрлүүлэх үнийг санал ирүүлж, нийт 5 000 ам.доллараар харилцан тохиролцсон болох нь гэрч С.Д*******н мэдүүлгээр нотлогдоно гэж мэтгэлцсэн.
7.1.Хэрэгт авагдсан К ХХК-ийн 21ТМGR09001 дугаартай нэхэмжлэхэд ...2021.09.03-ны өдөр нэхэмжилсэн дүн 6,650 ам.доллар, Далайд ачигдсан огноо 2021-09.03, Ачигдсан боомт: Инчон Кореа, Хүрэх боомт: Монгол Замын-Үүд, Инчоноос Эрээн хүртэл /Хишиг каргоны ачаа/ нийт 6 650 ам.доллар..., ачааны нэхэмжлэхэд ...ачааны үнэ 15 000 ам.доллар гэсэн байх боловч уг баримтад илгээгч тал нь Хишиг трейд гэсэн нь ойлгомжгүй, мөн уг нэхэмжлэхийг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн, хөлсийг 6 650 ам.доллараар харилцан тохиролцсон гэдгийг баримтаар нотлоогүй.
7.2.Мөн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 676 дугаар прокурорын тогтоолд гэрч Ш.Эы мэдүүлэгт ...би хуурай дүү С.Д*******гийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийн газар ухдаг 2 ширхэг экскаватор тээвэрлүүлэхээр яриулсан, тээвэрлэлтийн хөлс болох 13 300 ам.долларыг төлөөгүй байгаа, анх тохиролцсон үнийн дүнгээр төлөхөд бэлэн байгаа, бараа ирсний дараа төлбөрөө төлөх гэхэд үндэслэлгүйгээр 2,5 дахин нэмсэн тул төлөх боломжгүй маргаантай байгаа гэж мэдүүлсэн байх тул хариуцагчийг тээврийн хөлс 13 300 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
7.3.Хариуцагч нь ачаа тус бүрийг 2 500 ам.доллараар үнийг санал ирүүлж, харилцан тохиролцсон болох нь гэрч Д.Оийн хариуцагчид ирүүлсэн 2 500 ам.долларын нэхэмжлэхээр нотлогдоно гэсэн боловч дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу хуулбар хувь байх бөгөөд уг баримтыг нэхэмжлэгчээс хариуцагчид мэйлээр ирүүлсэн гэх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 12 сараас хойших ирсэн захидал устсан гэх тайлбарыг ирүүлсэн, хариуцагч нь дээрх мэйлийг хүлээн авсан талаараа өөрөө нотлох нотолгооны үүргээ биелүүлээгүй, мөн гэрч Д.О нь ...6 650 ам.доллар байсныг нь гуйгаад байхаар нь 5 800 ам.доллар гэж бичиж өгсөн, 2 500 ам.доллар гэж бичиж өгөөгүй гэж, гэрч С.Д******* нь Э ах 5000 ам.доллараар авчирч байгаа гээд тэгээд үнээ нэмсэн гэж дараа нь хэлж байсан гэж мэдүүлж байх тул тээвэрлэлтийн хөлсийг 2 500 ам.доллараар тохиролцсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.
7.4.Хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01-1/1815 тоот албан бичгээр ирүүлсэн 2021.09.01-2021.12.27-ны хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж импортлогдсон Hyundai Robex 300LC маркийн экскаватор /арлын дугаар HHKH*******36, HHKHZ80/-ын мэдээлэл гэсэн баримтад ...Хүлээн авагч С.Д*******, огноо 2021.12.27, барааны нэр Экскаватор гинжит, Robex 300LC, марк, 2 ширхэг, илгээгч улс БНСУ, тээврийн зардал 5 800, 5 800 ам.доллар гэсэн байх бөгөөд гэрч Д.О нь ...6 650 ам.доллар байсныг нь гуйгаад байхаар нь 5 800 ам.доллар гэж бичиж өгсөн гэж, гэрч С.Д******* нь Э ах 5000 ам.доллараар авчирч байгаа гээд тэгээд үнээ нэмсэн гэж дараа нь хэлж байсан гэж мэдүүлж байх тул техник тус бүрийн тээвэрлэлтийн хөлс нь 5 800 ам.доллар байна гэж үзэв.
7.5.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй БНСУ-ын Инчон боомтоос БНХАУ-ын Эрээн хот хүртэл гэж тохирсон, 5 800 ам.долларын тээвэрлэлтийн хөлсөнд БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд хүртлэх тээвэрлэгдсэн зардал орсон болох нь Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдоно гэсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн баримтаар ирүүлсэн хариуцагч Ш.Эы Хаан банкны депозит дансны хуулгаар уг мөнгийг С.Д*******д, С.Д*******гаас Ц.Энх-Амгаланд шилжүүлсэн нь дээрх техникүүдийг Замын-Үүд хүртлэх тээвэрлэсэн тээвэрлэлтийн хөлсөнд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.
8.Иймд хариуцагч Ш.Эаас тээвэрлэлтийн хөлсийг тус бүр 5 800 ам.доллар буюу нийт 11 600 ам.долларыг / 5 800х2=11 600/ гаргуулж, нэхэмжлэгч К******* ХХК-нд олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
8.1.Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нь ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2023 оны 9 сарын ханш 3 462.81 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
8.2.Иймээс хариуцагч Ш.Эаас 11 600 ам.доллар буюу 40 168 596 /11 600 х 3 462.81=40 168 596/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 886 777 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д ...шүүх хуралдааны явцад нотлох баримт шаардлагатай бол шүүх хуралдааныг хойшлуулах-аар заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн мэйл хаягт үзлэг хийлгэхээр нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлт нь хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасанд хамаарахгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэйл хаяг устсан талаар шүүхэд тайлбараа өгч байсан байх тул хүсэлтийг хангахгүй орхисон болно.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391 690 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эаас 358 793 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч Ш.Эаас тээвэрлэлтийн хөлс 40 168 596 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 5 886 777 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391 690 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эаас 358 793 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН