2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/04136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Б******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага:  86 тоот хаягт байрлах, 57.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д*******,

Гэрч Б.У*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б******* ХХК нь хариуцагч А******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.1.2023 оны 5 сард Х******* ХХК-аас Б******* ХХК-ийн захирал Г.Г******* над руу залгаж танай компаниас хайрга, элс, чулуу авмаар байна төлбөрт нь бартераар байр өгье гэж гуйсан. Би за хаана байдаг ямар байр вэ? гэж асуухад Т ХХК-аас манайд бартераар өгсөн арвай төслийн  57.69 м.кв 2 өрөө С сууцыг өгье гэж хэлсэн. Би ч зөвшөөрч, 2023 оны 05 дугаар сарын 10-ний өдөр Х******* ХХК-тай 126.918.000 төгрөгийн "Хайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээний төлбөрт  57.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1м.кв-2 200 000 төгрөгөөр тооцон нийт 126 918 000 төгрөгт тооцон авахаар болсон. Х******* ХХК-д Т ХХК-ийн зүгээс бартераар өгсөн тус байр нь Т ХХК болон А******* ХХК-уудын хооронд орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн байсныг дамжуулж дахин дахин гэрээ хийж байхаар манай компанид шууд шилжүүлэхээр тохиролцсон. Ингээд 2023 оны 06 сарын 07 өдөр Т ХХК-ийн захирал Э.Цтай, Г.Г******* би уулзаж нотариат орж Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээг хийх гэтэл нотариатч барилгын үндсэн гүйцэтгэгчээс зөвшөөрч байгаа эсэх талаарх бичиг авч ир гэсэн. А******* ХХК- ийн зүгээс "..."А******* ХХК-ийн өмчийн  57.69 м.кв 2 өрөө С сууцыг "Т ХХК-д бартерын нөхцөлөөр худалдсан бөгөөд төлбөр тооцоо 100% дуусгаж төлбөр тооцооны үлдэгдэлгүй нь үнэн болно. Уг байрыг нотариатаар худалдан, худалдан авах гэрээ хийх, эрх шилжүүлэх, гуравдагч этгээдэд шилжүүлэхэд манай компани зүгээс татгалзах зүйлгүй болно" гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Т ХХК-ийн зүгээс "... "Та" ХХК-ийн өмчийн 57.69 м.кв 2 өрөө С сууцыг барилгын ажлын бартерын нөхцөлөөр авсан бөгөөд уг орон сууцыг "Б*******" ХХК руу эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж байгаа бөгөөд хоорондын төлбөр тооцоо 100% дууссан үнэн болно..." гэж тодорхойлолт гаргаж өгснийг нотариатчид өгснөөр "Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ"-г хийсэн. Уг гэрээний дагуу Т ХХК нь орон сууц захиалагчийн эрхээ манай компанид шилжүүлэн өгсөн. Ингээд А******* ХХК-н оффис дээр очиж тухайн байрны Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээний дагуу шаардах эрх, захиалагчийн эрх Б ХХК-д шилжсэн гэдгийг хэлж, холбогдох баримтаа хуулбарлан өгч, бүртгэлийг шилжүүлсэн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээний 3.3-т Төлбөр тооцоо бүрэн дууссан гэдгийг тусгасан. Уг орон сууцыг улсын комисс хүлээн авсан, захиалагч нараа байранд нь оруулж байна гэсний дагуу 2024 оны 12 сарын 09-нд байраа авахаар А******* ХХК дээр очиход нэг хүн манайх руу ярьсан гэх мэтээр тодорхойгүй зүйл ярьж, манайд орон сууцны эзэмшил, өмчлөлийг шилжүүлж өгөөгүй билээ. Манай компанийн хувьд компанид тогтвор суурьшилтай удаан хугацаанд ажиллаж байгаа ажилтнаа уг байранд оруулахаар болж, уг ажилтан маань ч баярлаад өөрийн амьдарч байсан хашаа байшингаа зарчихсан шууд тухайн байранд нүүж ороход бэлэн болсон байсан. Гэтэл А******* ХХК нь орон сууцыг шилжүүлэн өгөөгүйгээс тухайн гэр бүл хүнд байдалд ороод байна. Тиймээс аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манайх 2023 оны 6 дугаар сард Х******* ХХК-тай гэрээ байгуулаад хайрга нийлүүлсэн. Гэтэл Х******* ХХК нь барьцаанд авсан орон сууцыг өгнө гэсэн. Тэгээд гэрээ байгуулсан боловч байр ашиглалтад орохгүй удсан. Тэгээд фэйсээр орон сууц худалдаж байна гэхэд нь А******* гэдэг компанид яваад очсон. Гэтэл надад өгөх боломжгүй, таныг төлбөр тооцоо дуусаагүй гэсэн. Тэгээд өгөх боломжгүй гэсэн. Учраа олоод ирээрэй гэсэн. Эрх шилжүүлэх гэрээг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Та ХХК-тай байгуулсан. А******* ХХК болохоор бичиг хийж өгсөн байсан. Одоо шүүхэд хандаж  57,69 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор хариуцагч А******* ХХК-иас шаардаж байна. Та ХХК нь манайхыг төлбөр тооцоо хийгээгүй гээд байна. Гэтэл албан бичигтэй бланк дээр төлбөр тооцоо дууссан гэсэн 0601 тоот Та ХХК-ийн албан бичиг байгаа, захирлын албан бичгийг хариуцагчид үзүүлсэн, гэтэл өөрсдөө учраа ол гээд байгаа учраас өмчлөгчөөр нь тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь Та ХХК-тай гэрээ байгуулаад Та ХХК нь А******* ХХК-тай гэрээ байгуулсан. Тиймээс А******* ХХК нь Та ХХК-нд байраа өгсөн гэсэн үг. Тиймээс А******* нь шаардах эрх байхгүй. Захиалагч солигдсон гэдгийг Б ХХК нь А******* ХХК-нд тэмдэглүүлсэн байдаг. Та ХХК-иас Б ХХК-нд эрх шилжсэн. Тиймээс барилга ашиглалтад орсон. Нэхэмжлэгч нь өөрийн ажилтанд уг орон сууцыг өгчихсөн. Тэгээд тухайн ажилтан нь нүүж орох гэхээр оруулахгүй байна. Тэгээд байраа авах гээд очсон, А******* ХХК нь байрыг өгөхгүй гэсэн нь Б ХХК-ийн эрхийг зөрчөөд байгаа юм. Гол харилцаа нь Б ХХК, Та ХХК, Х хоорондын харилцаанаас үүссэн. Та ХХК, А******* ХХК-иас байр авсан, авсан байраа Х ХХК-нд бартердсан. Х ХХК нь Б ХХК-иас хайрга дайрга авахдаа уг байраа Б ХХК-нд өгсөн. Та ХХК-тай эрх шилжүүлэх гэрээ хийгээд байгаа юм. Гэтэл эдгээр компаниуд нь хоорондын маргаантай, асуудлаа зохицуулаагүй нь бидэнд хамаарахгүй. Тиймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардаад байна, уг байрны өмчлөх эрх шилжсэн гэж үзээд байна, тиймээс хариуцагчаас уг орон сууцыг өмчлөлд шилжүүлэн өгөхийг шаардаж байна, Та ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг хариуцагчаас шаардаад байгаа юм гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай А******* ХХК болон Т ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр АГГ/2022/031 тоот Дээврийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан бөгөөд түүний ажлын хөлсөнд 57.69 м.кв орон сууцыг бартерын нөхцөлөөр худалдсан бөгөөд 2022 оны 08 сарын 10-ны өдрийн ЗГ/2022/062 тоот "Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан баталгаажуулсан. Харин Т ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ"-ээр "Б*******" ХХК-д эрхийг шилжүүлсэн бөгөөд манай байгууллагад эцсийн өмчлөгчийг мэдэгдэж бүртгүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Т ХХК-аас тухайн орон сууцыг худалдан авсан "Б*******" ХХК-ийн захирал Б.Г******* нь төлбөр тооцоог бүрэн барагдуулаагүй тул орон сууцны гэрээг цуцлан Ц.Цид шилжүүлэх тухай албан мэдэгдэл ирсэн. Манай байгууллагын зүгээс дахин гэрээ хийх боломжгүй бөгөөд нотариатаар гэрээ байгуулахыг зөвлөөд буцаасан. Манай барилгын улсын комисс ажиллаж бид 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн орон сууцны түлхүүрийг иргэдэд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан. Манай байгууллагын хувьд олон барилга барьж ашиглалтад оруулсан туршлагатай бөгөөд түлхүүр хүлээлгэн өгөх үеэр бартерын орон сууцуудыг өөрийн байгууллагаас бартерт өгсөн байгууллагуудаас иргэнд түлхүүрийг хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн албан тоотыг үндэслэн түлхүүрийг хүлээлгэн өгдөг дүрэмтэй. Энэ дүрмийн дагуу өмнө нь ямар ч баримт бичиг үйлдсэн бай дахин албан бичиг авдаг гэсэн үг. Түлхүүр хүлээлгэн өгч эхэлснээс хойш иргэн Б.Г******* орон сууцны түлхүүрийг хүлээн авахаар ирсэн. Гэрээний ажилтан миний зүгээс тавих ёстой шаардлагаа тавьсан бөгөөд тухайн орон сууцны төлбөрийг барагдуулаагүй тул гэрээгээ цуцлах гэж байгаа гэсэн тухай мэдэгдээд Т ХХК-аас түлхүүрийг хүлээлгэн өгч болно гэсэн зөвшөөрлийн бичиг авч ирэхийг мэдэгдсэн. Мөн Т ХХК болон иргэн Ц.Ц хоёртой уулзан чухам хэн нь тухайн орон сууцны өмчлөгч болохыг баталсан албан ёсны 3 талын гарын үсэг, тамгатай бичиг авч ирэхийг шаардсан. Албан ёсны бичиг ирэх хүртэл Б.Г******* болон Ц.Ц 2-т хэнд нь ч түлхүүрийг хүлээлгэн өгөхгүйг албан ёсоор мэдэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд түлхүүрийг хүлээлгэн өгөөгүй байна. Иргэн Ц.Цид бодит байдлыг утсаар ярьж мэдэгдэн 3 талын гарын үсэгтэй албан ёсны бичиг иртэл орон сууцны түлхүүрийг хүлээн өгөхгүй байхыг мэдэгдсэн. Б******* ХХК болон А******* ХХК-ийн хооронд ямар ч гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул тухайн орон сууцны төлбөрийн асуудлыг Т ХХК болон Б******* ХХК-тай шийдвэрлэж орон сууцны эцсийн өмчлөгчийг тодорхойлж өгнө үү гэсэн.

2.1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь манай компанид хамааралгүй байгаа талаар өмнө нь хэлж байсан. Манай компанийн зүгээс Та ХХК-тай гэрээ байгуулсан, гэрээний төлбөрт буюу бартерт маргаан бүхий орон сууцыг шилжүүлчихсэн. Гэтэл Та ХХК нь өөрсдийнхөө бартерт өгсөн байрыг цааш нь гэрээ хийчихээд одоо төлбөр тооцоотой гэсэн албан бичгийг ирүүлсэн учраас өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн, гэрээгээ цуцласан талаар манайд мэдэгдсэн. Компани хоорондоо учраа олохгүй бол манай компани дараа нь орон сууцны өрөнд орох буюу өгөх ёсгүй хүнд өгчихсөн гэх асуудалд орох учраас өгөх боломжгүй талаараа хэлж Та ХХК-ийг энэ асуудлаа зохицуул гэсэн. А******* ХХК-иас Та ХХК-нд уг байрыг гэрээний дагуу бартерт шилжүүлсэн талаараа бол маргахгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2023.06.07-ны өдрийн №0407 тоот Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, А******* ХХК-ийн 2023.06.07-ны өдрийн 23/01/080 тоот Тодорхойлолт, 2022.08.10-ны өдрийн №ЗГ/2022/062 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, Т ХХК-ийн 230501 тоот тодорхойлолт, 2023.05.10-ны өдрийн №23/01 тоот Хайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээ, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025.03.11-ний өдрийн 07/04 тоот Албан бичиг, 2023.08.17-ны өдрийн 05/958 тоот албан бичиг, Барилгад хаяг дугаар хүсэх, мэдээллийн санд бүртгэх хяналтын хуудас, Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, хавсралт, кадастрын зураг, Барилгын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хаяг, байршлын зураг, кадастрын зураг, 2023.05.05-ны өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ, Бетон зуурмагийн үнэд тооцох бартерийн жагсаалт, гэрээ дүгнэсэн акт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэлиийн тодруулсан шаардлага гэсэн баримтуудыг,

хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2022.05.05-ны өдрийн №АГГ/2022/031 тоот Дээврийн ажил гүйцэтгэх гэрээ, 2022.08.10-ны өдрийн №ЗГ/2022/062 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, Т ХХК-ийн 2024.12.05-ны өдрийн албан бичиг, Г.Гийн танилцуулга, хариу тайлбар гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчээр Б.У*******ыг дуудаж мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч А******* ХХК-нд холбогдуулан Х******* ХХК-тай 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 57,69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тооцон авахаар тохиролцсон бөгөөд уг орон сууц нь Х******* ХХК-ийн Та ХХК-тай байгуулсан гэрээний бартерт шилжүүлсэн орон сууц байсан бөгөөд Та ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр захиалгын гэрээний эрхийг шилжүүлэн авсан боловч хариуцагч нь уг орон сууцыг шилжүүлэн өгөхгүй өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул өмчлөгчөөр тогтоолгож, хууль бус эзэмшлээс орон сууцыг шилжүүлэн авахаар шаардаж байна гэж шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Б******* ХХК-нд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 57,69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 8 дугаар сарны 10-ны өдрийн Та ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Дээврийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр тооцоонд оруулан тооцсон, Та ХХК-иас 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр захиалагчийн эрх шилжүүлэх гэрээгээр Б******* ХХК-нд эрхийг шилжүүлсэн гэсэн боловч 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б******* ХХК нь төлбөр тооцоог барагдуулаагүй тул гэрээг цуцласан гэх мэдэгдлийг ирүүлсэн тул манайх орон сууцыг шилжүүлэн өгөх боломжгүй, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээгээгүй гэж үгүйсгэсэн.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Нэхэмжлэгч Б******* ХХК нь Т ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр №0407 тоот Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр эрх шилжүүлэгч Та 57.69 м.кв талбай бүхий орон сууцыг улсын бүртгэлийн гэрчилгээ гарахад шилжүүлэн өгөх буюу гэрээний 2.1-т заасан анхны гэрээгээр төлбөр төлж олж авсан захиалагчийн эрхээ эрх хүлээн авагч тал Б******* ХХК-нд 126 918 000 төгрөгт шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

5.2. Та ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 230601 тоот Б******* ХХК-нд Тодорхойлолт гаргах албан бичигт ...Та ХХК-ийн өмчийн 57,69 м.кв 2 өрөө С сууцыг барилгын ажлын бартерийн нөхцөлөөр авсан бөгөөд уг орон сууцыг Б******* ХХК руу эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж байгаа бөгөөд хоорондын төлбөр тооцоо 100 хувь дууссан нь үнэн болно гэжээ.

 

6.Талуудын маргааны зүйл нь захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг цуцласан эсэх, орон сууцыг өмчлөх эрхтэй эсэх, өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй талаар маргаж байна, гэрээ байгуулагдсан талаар маргаагүй.

 

7.Нэхэмжлэгч нь  57.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч А******* ХХК-иас Т ХХК-д 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2022/062 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээгээр шилжсэн, уг орон сууцыг Х ХХК-иас бартерт тооцож авсан тул өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарласан.

 

7.1.Хэрэгт авагдсан баримтаар Б******* ХХК болон Х******* ХХК нарын хооронд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №23/10 тоот Хайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр ...бэлтгэн нийлүүлэгч захиалагчид мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр чанар стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон барилгын бетоны дүүргэгч 10-22 мм-ийн хайрга, дайрга нийлүүлэх, захиалагч нь гэрээний төлбөрт 57.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв 2 200 000 төгрөгөөр тооцон нийт 126 918 000 төгрөгт тооцон шилжүүлэн өгөх-өөр харилцан тохиролцжээ.

7.2.Уг гэрээгээр нэхэмжлэгч Б******* ХХК нь Х******* ХХК-тай байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №23/10 тоот ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт буюу ажлын хөлсөнд талуудын маргаан бүхий 57.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн болон шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч Б.У*******ын ...Би Х******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд юм. Манайх Т ХХК-тай Ремакс ХХК-иар дамжуулж хаус худалдаж авсан, худалдаж авсан төлбөртөө 2 өрөө байр өгсөн. Б ХХК-нд манайх өглөгтэй байсан, хайргын гэрээ хийсэн байсан. Уг төлбөр тооцоондоо энэ байрыг шилжүүлж өгсөн гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

7.3.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, маргаан бүхий орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу Та ХХК-нд шилжүүлэн өгсөн, Та ХХК-иас эрх шилжүүлэх гэрээг ирүүлсэн боловч төлбөр тооцоог дуусаагүй гэх албан бичгийг өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, 2022.05.05-ны өдрийн №АГГ/2022/031 тоот Дээврийн ажил гүйцэтгэх гэрээ, 2022.08.10-ны өдрийн №ЗГ/2022/062 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, Т ХХК-ийн 2024.12.05-ны өдрийн албан бичгээр тус тус нотлогдоно гэж маргасан.

7.4.Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариуцагч А******* ХХК болон Т ХХК нарын байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2022/062 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээгээр ...гүйцэтгэгч тал нь Х57.69 м.кв талбай бүхий орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний 2.1-д заасан орон сууцны 1 м.кв талбайн үнэ 2 500 000 төгрөг, нийт 144 225 000 төгрөгийг төлнө... гэж харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч А******* ХХК-иас Та ХХК-нд 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 23/01/080 тоот албан бичгээр ...төлбөр тооцоо 100 хувь дуусгаж, төлбөрийн үлдэгдэлгүй нь үнэн болно гэсэн албан бичгийг ирүүлсэн, хариуцагч нь Та ХХК-нд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон талаар маргаагүй болно.

 

8.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, 123.3-д хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж зааснаар Та ХХК нь дээрх орон сууцыг ирээдүйд өмчлөлдөө шаардан авах эрхээ Б******* ХХК-нд шилжүүлэх эрхтэй боловч уг орон сууц нь эрхийг доголдолтой буюу үнэ төлөгдсөн эсэх талаар маргаантай үйл баримт тогтоогдож байна.

8.1.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч А******* ХХК нь Та ХХК-тай орон сууц захилан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, талуудын маргаан бүхий орон сууцыг талуудын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Дээврийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр тооцоонд оруулан тооцсон, уг орон сууцыг Та ХХК нь Х******* ХХК-тай орон сууц худалдах худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлж, Х******* ХХК нь орон сууцыг Б******* ХХК-нд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Хайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээний төлбөрт тооцож шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон байхад хариуцагч А******* ХХК-нд холбогдуулан шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй байна.

8.2.Учир нь нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг.

8.3.Нэхэмжлэгч Б******* ХХК нь Х******* ХХК-тай байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээний төлбөрт ажлын хөлсөнд орон сууцыг бартераар тооцож авахаар харилцан тохиролцсон, мөн Та ХХК-тай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулсан байх боловч Та ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хариуцагч А******* ХХК-нд хүргүүлсэн албан бичигт ...төлбөр тооцоо барагдуулаагүй тул уг байрыг буцааж гэрээ цуцлах талаар дурдсан байх тул нэхэмжлэгчийн орон сууцыг ажлын хөлсөнд тооцож авах эрх үүссэн эсэх, Та ХХК-тай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр эсэх нь маргаантай байна гэж үзэв.

8.4.Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар 86 тоот хаягт байрлах, 57.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн боловч нэхэмжлэгч нь уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болох, хариуцагч уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа буюу эзэмших эрхгүй этгээд болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

9.Иймд нэхэмжлэгч Б******* ХХК-ийн хариуцагч А******* ХХК-д холбогдуулан гаргасан  57.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 792 540 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Б******* ХХК-ийн хариуцагч А******* ХХК-нд холбогдуулан гаргасан 57.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 792 540 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН