Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 0825

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга:  Н.Номинчимэг

улсын яллагч: Д.Цолмон

шүүгдэгчийн  өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

хохирогч: Ц.Жанчивдорж

шинжээч эмч : М.Долгормаа

шүүгдэгч: Г.Давааням      нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт  Ганболдын Даваанямд  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 201725011763 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт  Ганболдын Давааням,1982  оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул  аймгийн Шарынгол  суманд  төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой,   мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул  аймгийн Шарынгол  сумын 1 дүгээр баг 26 дугаар байрны 10 тоотод оршин суудаг хаягтай гэх, улсаас авсан гавьяа шагналгүй,  1998 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн  таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

         1999 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 542 дугаартай Баянгол дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ялыг хорих 411 дүгээр ангид эдлэж байгаад 2000 оны 4 дүгээр сарын 14-ний  өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 100 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 08 хоногийн хорих ялыг тэнсэж  хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

          2001 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаа эдлэж байгаад 2002 оны 9 дүгээр сарын 10-н д  хорих ялын хугацаа  дуусч суллагдсан

          2004 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 191 дугаартай Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2004 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн шүүхийн 444 дугаартай магадлалаар 13 жилийн хугацаагаар хорих ял болгож өөрчилсөн, уг хорих ялыг 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Булган аймгийн сум дундын шүүхийн 158 дугаартай шүүгчийн  ялыг нийцүүлэн хасах тухай захирамжаар 11 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж эдлээгүй үлдсэн 8 жил 2 сар 21 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, уг ялаа  хорих 415 дугаар ангид биеэр эдлэж байгаад 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

          2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн сум дундын 7 дугаар шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаа хорих 403 дугаар ангид эдлэж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Төв аймаг дахь  сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 124 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамруулж өршөөн хэлтрүүлж суллагдсан байна.РД: ТЯ82053111,

Холбогдсон хэргийн талаар:

         Г.Давааням нь 2017 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюун ухааны музейн баруун талд Ц.Жанчивдоржид хүч хэрэглэж тал шил 0.75 граммын архи, 270.000 төгрөгийн үнэтэй Самсунг галахси нөт-4 маркийн гар утас, бэлэн 97.000 төгрөгийг дээрэмдсэн, мөн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч  Г.Давааням   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

    Хохирогч  Ц.Жанчивдорж  шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: Тэр орой манай найз ирээд бид хоёр 1 шил 0.75 л архи уусан. Би гэрээсээ 100.000 төгрөг аваад найзтайгаа хамт караокед орох болж хохирогч ирээд шууд миний хувцаснаас зулгааж татаж босгоод намайг цохиж унагаагаад нүдсэн. Маргааш нь нүүр ам аймаар болсон. Эрүү зуураад хөдлөхгүй байсан. Би ямар ч хөдөлгөөн хийгээгүй. Энэ хоёр намайг дээрэмдсэн. Карманаас утас гарч ирэхэд би утсаа авсан. Тэгэхэд миний гарын үеийг өчиж байгаад утас авч карманаас мөнгө аваад явсан. Манай найз цаана хэвтэж байсан. Би шүүгдэгчийг хохирол барагдуулчих тэгвэл цагдаа шүүх гэхгүй гэж хэлсэн. Миний гар утас эвдэрсэн байхаар нь шинэ утас авч өг гэсэн. Тэгээд утас авч өгөөд дараа нь 300.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би “Очир анагаагч” эмнэлэгт үзүүлэхэд миний давсагт өөрчлөлт байна гээд эмчлүүлэхэд 8-9 сая төгрөг болно гэсэн гэв.

         Шүүгдэгч  Г.Давааням   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би 2017 оны 5 дугаар сарын 14-ний орой 22.00 цагийн орчимд хороололд өөрийн найз Бадрал-Ууган, Оджаргал нартай уулзсан. Тэгээд шууд хорооллоос яваад 13 дугаар хорооллын урд 13 гэдэг нэртэй бааранд орцгоосон. Тэр бааранд ороод 1 шил 075 граммын соёрхол архи авч 6 хүн хувааж уусан. Тухайн үед Оджаргалын найз гээд 3 залуу хамт явсан ба бааранд сууж байхдаа нөгөө хүмүүс бүгдээрээ явчихсан юм. Тэгээд Бадрал-Ууган бид хоёр л үлдээд хамт 13 дугаар хорооллын автобусны буудал руу алхаж байсан. Гэтэл 13 дугаар хорооллын урд байх байрны дунд зам дээр үл таних 2 залуу архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би тэр хоёр залуу дээр очоод за юу байцгаана даа архи ууж байгаа юм уу ганц хийгээд өгчих гэж хэлсэн. Гэтэл тэр хоёр залуу босч ирээд маргалдаж байгаад би одоо хохирогч Жанчивдорж гэх залуутай нь барьцалдаж аваад газар унаад ноцолдож ганц нэг удаа цохиж авсан. Тэр үед манай найз Бадрал-Ууган нөгөө залуутөй нь ноцолдож байсан. Жанчивдорж бид хоёрыг ноцолдож байхад манай найз Бадрал-Ууган ирээд намайг татаж салгаад одоо явья гэхээр нь би явахдаа газар унасан байсан тал шил архи, мөн хар өнгийн НӨТ 4 маркын гар утсыг нь аваад явчихсан юм. Тэгээд цаашаа алхаж байгаад архийг нь хаячихсан ба байрны саадны дунд сууж байгаад би нөгөө гар утсыг нь гаргаж үзчихээд Бадрал-ууганд үзүүлэлгүйгээр буцаагаад халаасандаа хийчихсэн юм. Тэгээд Бадрал-ууган харьлаа гээд явсан би өөрөө шууд гэрлүүгээ явсан. Тэгээд 4-5 хоногийн дараа гэртээ байж байхад цагдаа ирээд барьсан гэжээ. /хх-ийн 34/

           Хохирогч  Ц.Жанчивдорж   мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байтал 19.00 цагийн үед манай найз Батмөнх гэрт ирсэн. Тэгээд Батмөнх бид 2 хоол идчихээд Батмөнхийн гэрт очих гээд манай гэрээс гарсан. Батмөнхийн гэрт очоод Батмөнх машинаа тавиад бид хоёр 1 шил 05 граммын Сархад архи аваад Батмөнхийн машинд сууж байгаад уусан. Тэгээд архи дуусчихаар нь такси бариад манай гэрт очсон. Би гэрээсээ 100.000 төгрөг аваад буцаад Батмөнхийн машин руу буюу 13 дугаар хороолол очсон. Замдаа бид хоёр 075 граммын архи 1 шил, 2.5 литрийн пиво 2 савыг авсан. Тэгээд Батмөнхийн машин дээр ирээд архиа уугаад сууж байгаад би өөрийн танил хүүхэн Сувдаа руу яриад тэднийд очих болсон. Бид 2 архи пивоо бариад такси барих санаатай 13 дугаар хорооллын урд талын 7 дугаар байрны хажуугаар уруудаад алхаж байтал Батмөнх замын боржуур дээр суугаад тамхи татсан. Би Батмөнхийн араас алхаад  явж байтал өөдөөс 2 залуу ирж байсан. Гэтэл нөгөө 2 залуугийн нэг нь одоо энэ Давааням гэх цагаан пудволоктой залуу миний барьж явсан пивоноос нэг уучихья гэж хэлсэн санагдаж байна. Тэгээд юунаас болсон юм  бүү мэд Давааням гэх залуу нь манай найз Батмөнхтэй маргалдсан. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур орж салгасан. Гэтэл Давааням баруун гараараа миний зүүн шанаа руу цохисон ба тэр үед би газар савж унасан. Тэр залуу миний хүзүүн дээр өвдөглөж сууж байгаад миний нүүр рүү гараараа цохиж гэдэс давсаг хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Батмөнх нөгөө залуутай нь ноцолдоод байсан. Гэтэл намайг зодож байсан залуу миний халаасанд байсан 97.000 төгрөгийг халааснаас ухаж аваад миний Самсунг нөт 4 утсыг аваад явчихсан. Тэр үед 7 дугаар байрны жижүүр эгч хүн аллаа цагдаа дуудлаа шүү гэж хашгирсан болохоор нөгөө 2 явсан. Давааням намайг зодож байхдаа миний мөнгө утсыг авсан гэжээ.    /хх-н  12-14/

         Ц.Жанчивдоржийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/

          Ц.Жанчивдоржоос асууж авсан тайлбар /хх-н 4-5/, гар утас хураан авсан тэмдэглэл /хх-н 6/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Ц.Жанчивдоржид гар утсыг хүлээлгэн өгсөн баримт /хх-н 7/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 8/, Г.Даваанямаас мөнгө хураан авч хохирогч Ц.Жанчивдоржид хүлээлгэн өгсөн баримт /хх-н 9/

            Нэг ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцож  хэрэгт хавсаргах тогтоол / хх-н 10/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-н 11/

          Гэрч Ө.Бадар-Ууган  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Давааням бид хоёр нэг хамгаалалтын ажил хийдэг байсан юм.  Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр найзуудтайгаа уулзаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байх нэг бааранд орцгоосон. Бааранд орж 075 граммын Соёрхол архи 1 шилийг 6 хүн хувааж уусан. Архиа ууж дуусчихаад баарнаас гарцгаасан бидэнтэй байсан найзууд бүгд яваад Давааням бид хоёр үлдсэн. Гэтэл Даваанямын эхнэр нь Дархан-Уул аймгаас ирсэн байна ирж уулз гэсэн юм. Тэгээд Давааням эхнэрлүүгээ 1 дүгээр хороолол явахаар болж би түүнийг 13 дугаар хорооллоос таксинд суулгах гээд алхаж байтал замын боржуур дээр 2 хүн сууж байсан. Би Даваанямын ард алхаж байсан юм гэтэл Давааням нөгөө 2 дээр очоод архи нэхсэн юм шиг байсан. Тэгээд нөгөө 2 залуутай маргалдаад эхлэхээр нь би очоод салгах гэсэн. Гэтэл нөгөө хоёр залуугийн намхан залуу нь надтай зодолдох гээд өрөлт аваад унасан. Тэр үед Давааням одоо энэ хохирогч гээд байгаа залуутай зодолдож байсан. Би нөгөө жижигхэн залуутай ноцолдож байгаад бид хоёр удаагүй больсон. Би Даваанямыг дуудаад одоо явий гээд аваад явсан. Тэгээд бид хоёр явж байгаад хоёр тийшээ салаад явсан. Үүнээс цаашхыг би мэдэхгүй. Түүнээс хойш бид хоёр дахин уулзаагүй гэжээ.  /хх-н 15-16/

          Ө.Бадар-Ууганд захиргааны арга хэмжээ авсан шийтгэвэр /хх-н 17/

          Гэрч Э.Золзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Тэр өдөр би өглөө 08.00 цагийн орчимд гэрээсээ гарч ажилдаа явсан.  Намайг явахад манай нөхөр Жанчивдорж гэртээ хоёр хүүхэдтэйгээ үлдсэн. Би ажил дээрээ байж байгаад орой 20.00 цагийн орчимд гэртээ ирэхэд манай нөхөр гэртээ байгаагүй. Хүүхдүүдээсээ асуухад аав найзтайгаа хамт гарсан гэж хэлсэн. Тэгээд би гэртээ хүүхдүүдтэйгээ хамт зурагт үзээд байж байтал шөнө 23.45 цагийн орчимд Жанчивдорж ганцаараа бага зэрэг архи уучихсан орж ирээд бэлэн байсан 100.000 төгрөгийг нөт-4 гар утасны хамт аваад гарсан. Тэр шөнө гэртээ ирээгүй ба үүрээр хүнд зодуулчихсан байдалтай хувцас нь шороо болчихсон орж ирсэн. Авч явсан бүх зүйл нь алга болчихон байсан гэжээ.  /хх-н 18/

          Гэрч З.Батмөнх  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-н 19-20/ Би 2008 онд Ц.Жанчивдоржтой Солонгос Улсад байхдаа танилцсан байсан ба түүнээс хойш л найзлаж байгаа юм. Тэгээд 2017 оны 05 дугаар 14-ний орой байх 17 цагийн үед санагдаж байна би найз Ц.Жанчивдоржтой утсаар ярьж байгаад гэрт нь очиж уулзахад Жанчивдорж хүүхдүүдтэйгээ л байсан. Тэгээд би аяга хоол идчихээд Жанчивдоржыг дагуулж гараад миний машинаар бид хоёр хамт явж манай гэр буюу БЗД-ийн 3-р хорооо 34а байрны гадна очиж автомашины зогсоол дзэр машинаа тавьж байрлуулаад бид 2 архи уухаар болж дэлгүүрээс 05 грамын архи авч миний машин дотор сууж байгаад 2-лаа хувааж уусан юм. Тэгээд архиа уучихаад мөнгөгүй байсан учир Жанчивдорж гэрээсээ мөнгө авна гээд бид хоёр буцаад Жанчивдоржын гэр рүү такси барьж очоод Жанчивдорж ганцаараа гэр рүүгээ орж мөнгө авч гарч ирсэн ба 100.000 төгрөг авчихлаа гэж хэлж байсан. Тэгэзд Жанчивдоржын гэр нь Ботаникийн тэнд байдаг ба бид 2 Жанчивдоржын гэрээс гараад хажуугийн дэлүүрээс 2 сав 2.5 литрийн пиво, 075 грамын 1 шил архи аваад архины мөнгийг нь бид 2 хувааж гаргаад өгсөн. Харин пивоны мөнгийг нь өгөөгүй зээлээр авчихсан юм. Тэгээд архи пиво аваад буцаад такси бариад манай гэр рүү явж миний машин дотор сууж байгаад нөгөө архиа задлаад ууж эхэлсэн юм. Тэр үед Жанчивдорж нэг найз хүүхэнтэйгээ уулзахаар болж бид 2 хамт архи болон 2 савтай пиво бариад манай гэрийн гаднаас урагшаа алхаад 13 дугаар хорооллын урд байрны дунд явж байсан юм. Тэгээд явж байгаад Жанчивдорж бид 2 архинаасаа нэг нэг татах санаатай замын боржуур дээр сууж байсан юм. Гэтэл гэнэт хажууд цагаан өнгийн цамцтай залуу гарч ирээд юунаас болсон юм бүү мэд нэг мэдсэн чинь тэр залуу Жанчивдоржтой барьцалдаад авсан юм.   Тэгээд би тэр хоёрыг салгах гээд очтол араас дахиад нэг залуу гарч ирээд намайг татаж авсан. Тэгээд тэр залуу миний араас тэвэрч байгаад намайг газар унагаасан юм. Тэгээд тэр залуу намайг цохиж зодсон тэгж байгаад нэг мэдсэн чинь л тэр залуучууд салаад явсан ба Жанчивдорж бид 2 т зодуулсан газраасаа салаад л гэр гэр рүүгээ явсан юм. Миний баруун гар талын дал хүндүүр байсан. Мөн духны нүүрний хэсэгт шалбарчихсан байсан юм. Би одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ээ. Намайг нэг л залуу авч шидээд байсан нөгөө залуу нь Жанчивдоржтой л ноцолдоод 2 талд л зодоон болж байсан. Би тэр хоёр залууг хараагүй ээ харанхуй байсан учир царайг нь хараагүй одоо санахгүй байна. Харсан ч танихгүй байх гэжээ./хх-ийн 21/

          Гэрч З.Баяржавхлан  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Даваанямын хойд ээж нь юм. Намайг гэртээ байж байхад нэг цагдаа ирээд Даваанямыг асуусан. Гэтэл орой нь Даваанямыг бариад хорьж байна гэж манай хүүхдүүд хэлсэн. Тэгээд би маргааш нь гэрээсээ гараад Даваанямтай уулзахаар нөхрийнхөө хамт ирэхэд Даваанямыг хүн зодсон дээрэм хийсэн гэж хэлсэн. Нөхөр Ганболд бид хоёр Даваанямыг байнга ирүүлж байна гээд батлан дааж аваад явсан. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 8-ны үед Даваанямын хамтран амьдрагч хүүхэн Дарханаас ирээд Даваанямыг аваад явсан ажил хийлгэж мөнгө олуулаад хохирол төлбөрийг нь төлүүлнэ гэж байсан. Тэгээд хэд хонож байгаад утсаар ярьж хохирогчийн мөнгийг хийлээ, будааны ажилд явлаа гэж байсан гэжээ.  /хх-н 70/

         Гэрч О.Ганболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Миний хүү Давааням нь 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дархан-уул аймгийн шарийн гол суманд төрсөн. Миний 3 дахь хүү байгаа юм. Бага насаа эмээгийнхээ гар дээр өнгөрөөсөн. Би тухайн үед ууланд ажилладаг байсан болохоор хүүтэйгээ хамт бараг байгаагүй гэж хэлж болно. Миний хүү шоронгоор олон жил явсан болохоороо их хаширчихсан байгаа. Зан аашын хувьд зүрх муутай, зөөлөн, хүнд их тусархуу хүү байгаа юм. 2017 оны 5 дугаар сард Даваанямыг хэрэгт холбогдоод цагдаа дээр байна гэсэн. Тэгээд эхнэрийнхээ хамт цагдаа дээр ирээд батлан даалтад авч байсан юм. Тэгээд шалгагдаад явж байгаа хохирлоо төлөх гэж байна гээд л яваад байсан. Гэтэл Даваанямын эхнэр болох хүүхэн Дарханаас ирээд Даваанямыг аваад явчихсан юм байлаа. Тэгээд хэсэг байж байснаа ажилд оруулж байгаа юм болж байсан. Тэгтэл цагдаагаас надруу яриад байсан. Манай хүүхэд Дарханд хамтран амьдрагч Даваадолгорын хамт амьдардаг юм гэжээ.  /хх-н 71-72/

        Гэрч Ч.Ганбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Ботаникт Идэр Ану гэх түрээсийнхээ дэлгүүрт зогсож байхад нэрийг нь сайн мэдэхгүй байна зүсийг нь мэддэг манайхаас байнга юм орж ирж аваад байдаг тарган шар залуу нэг намхан бор залуутай хамт орж ирсэн. Тэгээд манайхаас архи пиво авч гарсан. Тэгээд мөнгө дутчихлаа гээд 7700 төгрөгийг бичүүлээд юмаа аваад гарсан гэжээ.  /хх-н 73-74/

          Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 75-77/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 21-23/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 6526 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

1.Ц.Жанчивдоржийн биед дух, баруун хацарт зулгаралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хх-ийн 24/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/хх-н  25-26/

         Шинжээч Б.Долгормаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Намайг үзэхэд Д.Жанчивдорж нь давсаг, цавиар хатгуулна гэсэн зовиур хэлсэнээс өөр төмсөгний талаар ямар нэгэн юм хэлээгүй.  Мөн үзүүлээгүй. Тухайн үзүүлэгч нь өөрийн биед байгаа бүх өвчин зовиурыг хэлж байсан.  Бид хэлсэн зовиурын дагуу үзлэг хийдэг юм. Тэрнээс биш тухайн хүн төмсөг өвдөх зовиур хэлээгүй байхад би төмсөгийг нь шууд шалгаж үзэхгүй. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалаад гэмтэл харилцан адилгүй цаг хугацаанд илэрч болно. Төмсөгт хурсан усыг шимэгдүүлэх эмчилгээ хийсэн тохиолдолд бүрэн эдгэрэх боломжтой гэжээ.  /хх-н 78-79/

          Г.Даваанямд батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 27-29/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал /хх-н 80-83/, эрэн сурвалжлах ажиллагааны баримтууд /хх-н 84-95/

         Хохирогч Ц.Жанчивдоржийн нэхэмжлэлийн баримтууд /хх-н 98-172/

   Г.Даваанямыг сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-34/,/ хх-н 173-177/

    Г.Даваанямын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 36/,  шийтгэгдсэн тогтоолуудын хуулбарууд /хх-н 40-54/, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /хх-н 35/ зэрэг болно.          

         Г.Давааням нь 2017 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюун ухааны музейн баруун талд Ц.Жанчивдоржид хүч хэрэглэж тал шил 0.75 граммын архи, 270.000 төгрөгийн үнэтэй Самсунг галахси нөт-4 маркийн гар утас, бэлэн 97.000 төгрөгийг дээрэмдсэн, мөн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

Ц.Жанчивдоржийн биед дух, баруун хацарт зулгаралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 6526 тоот шинжилгээний дүгнэлт /хх-ийн 24/

          Хохирогч  Ц.Жанчивдоржийн   мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн ....Би Батмөнхийн араас алхаад  явж байтал өөдөөс 2 залуу ирж байсан. Гэтэл нөгөө 2 залуугийн нэг нь одоо энэ Давааням гэх цагаан пудволоктой залуу миний барьж явсан пивоноос нэг уучихья гэж хэлсэн санагдаж байна. Тэгээд юунаас болсон юм  бүү мэд Давааням гэх залуу нь манай найз Батмөнхтэй маргалдсан. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур орж салгасан. Гэтэл Давааням баруун гараараа миний зүүн шанаа руу цохисон ба тэр үед би газар савж унасан. Тэр залуу миний хүзүүн дээр өвдөглөж сууж байгаад миний нүүр рүү гараараа цохиж гэдэс давсаг хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Батмөнх нөгөө залуутай нь ноцолдоод байсан. Гэтэл намайг зодож байсан залуу миний халаасанд байсан 97.000 төгрөгийг халааснаас ухаж аваад миний Самсунг нөт 4 утсыг аваад явчихсан. Тэр үед 7 дугаар байрны жижүүр эгч хүн аллаа цагдаа дуудлаа шүү гэж хашгирсан болохоор нөгөө 2 явсан. Давааням намайг зодож байхдаа миний мөнгө утсыг авсан гэсэн мэдүүлэг .    /хх-н  12-14/        

          Гэрч Ө.Бадар-Ууганы мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Би Даваанямын ард алхаж байсан юм гэтэл Давааням нөгөө 2 дээр очоод архи нэхсэн юм шиг байсан. Тэгээд нөгөө 2 залуутай маргалдаад эхлэхээр нь би очоод салгах гэсэн. Гэтэл нөгөө хоёр залуугийн намхан залуу нь надтай зодолдох гээд өрөлт аваад унасан. Тэр үед Давааням одоо энэ хохирогч гээд байгаа залуутай зодолдож байсан. Би нөгөө жижигхэн залуутай ноцолдож байгаад бид хоёр удаагүй больсон. Би Даваанямыг дуудаад одоо явий гээд аваад явсан гэсэн мэдүүлэг   /хх-н 15-16/

          Шүүгдэгч  Г.Даваанямын   мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … байрны дунд зам дээр үл таних 2 залуу архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би тэр хоёр залуу дээр очоод за юу байцгаана даа архи ууж байгаа юм уу ганц хийгээд өгчих гэж хэлсэн. Гэтэл тэр хоёр залуу босч ирээд маргалдаж байгаад би одоо хохирогч Жанчивдорж гэх залуутай нь барьцалдаж аваад газар унаад ноцолдож ганц нэг удаа цохиж авсан. Тэр үед манай найз Бадрал-Ууган нөгөө залуутөй нь ноцолдож байсан. Жанчивдорж бид хоёрыг ноцолдож байхад манай найз Бадрал-Ууган ирээд намайг татаж салгаад одоо явья гэхээр нь би явахдаа газар унасан байсан тал шил архи, мөн хар өнгийн НӨТ 4 маркын гар утсыг нь аваад явчихсан юм. Тэгээд цаашаа алхаж байгаад архийг нь хаячихсан ба байрны саадны дунд сууж байгаад би нөгөө гар утсыг нь гаргаж үзчихээд Бадрал-ууганд үзүүлэлгүйгээр буцаагаад халаасандаа хийчихсэн юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/  зэрэг болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.                             

         Г.Давааням нь гудамжинд архи уугаад сууж байсан хүмүүсээс архи нэхээд өгөхгүй маргалдахаар нь  зодолдож улмаар түүний  биед нь хөнгөн хохирол учруулан архи, нэг ширхэг гар утас, бэлэн 97.000 төгрөг зэргийг авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг авсан гэж үзэж зүйлчилсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Хүч хэрэглэсэнээс болж хохирогчид хөнгөн хохирол учирсан байна.

        Иймд Г.Даваанямыг дээрэмдэх гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан ял шийтгэлийг тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Г.Даваанямын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзэв.

 Хохирогч Ц.Жанчивдоржид эмчилгээний зардалд 750.000 төгрөг төлсөн байна. Хохирогч нотлох баримт гаргаж өгөн хагалгаанд орох зардал нэхэмжилж байгаа боловч шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үзэхэд шүүх эмнэлэгийн дүгнэлтэд бичигдээгүй өвчний талаарх баримтууд байсан ба уг өвчинг Г.Даваанямын үйлдлээс болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнээс гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзэв. Мөн өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой баримтыг зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг нь дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт  Ганболдын Даваанямыг дээрэмдэх гэмт хэрэг,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Даваанямыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.Даваанямыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  зааснаар   Г.Даваанямд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 03 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Даваанямд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Даваанямд цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Давааням нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

9.Ц.Жанчивдорж нь эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

       10.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Даваанямд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН