Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2025/0597

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С*******  /РД:*******/,

Хариуцагч: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Маргааны төрөл: Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан баталгааг хангуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:  

1.1. Цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажил, албан тушаалд шилжүүлэн томилоогүй төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах.

Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

2.1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.У******* миний бие Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн "Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай" ******* дугаар тушаалаар салбарын статистик, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд энэ асуудлыг хянаж өгөх талаар 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс тус яаманд 4 дүгээр сарын 18-ны өдөр ******* тоот албан бичгийг хүргүүлсэн. Би Төрийн албаны зөвлөлийн бичгийн дагуу яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид 5 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргасан боловч, одоо хүртэл шийдвэрлээгүй, хариу өгөөгүй чирэгдүүлж байгаад гомдолтой байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалаар тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн албан тушаалын нэр, ангилал, зэрэглэлийг шинэчлэн 98 орон тоотой байхаар батлагдсан. Салбарын статистик, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан ч төрийн жинхэнэ албан хаагч болох Б.У******* намайг өөр орон тоонд ажиллуулах боломж бололцоо хангалттай байсан бөгөөд надад ямар ч боломж олгоогүй шууд чөлөөлсөнд гомдолтой байна.

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт "...тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна" гэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтад "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох." гэж тус тус заасан. Хуулиар олгогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчиж ажлаас чөлөөлж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөнд гомдолтой байна.

Мөн, Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн мэдээллээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 25 албан тушаалын сул орон тоо байгаа гэж хүргүүлсэн байсан, энэ сул орон тоонуудад шилжин ажиллах боломжийг олгоогүй явдалд гайхаж байна.

Би эдийн засагч, олон улсын худалдааны мэргэжлийг БНХАУ-ын их сургуульд 4 жил суралцаж төгссөн. Мөн, мэдлэгийн шинжлэх ухааны магистр зэргээ Япон улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг 4 жил суралцаж төгссөн, шинжлэх ухааны англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр АНУ-ын Девис хот дахь К сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Япон улсад их сургуулиа төгсөөд Япон улсын нэр бүхий хэдэн компанид ажиллаж Япон улсдаа төдийгүй дэлхийн компаниудтай өрсөлдөхүйц төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Герман улсаас Япон улсад шинэ технологи нэвтрүүлэх төсөл хөтөлбөрийг гардан хийж байсан. Япон хэлний дээд түвшинд хүрч, Япон Монгол нийгэмлэгт дээд түвшний орчуулга хийх, Япон улсад амьдарч байхдаа сайн дурын ажил хийж, англи хэл, хятад хэлээ ашиглан олон улсын оюутнуудад орчуулга хийх, профессорын туслах хийх зэрэг олон ажилд идэвхтэй оролцдог байсан.

Ингээд ээжийн маань бие өвдөж арга буюу Монгол улсдаа ирж амьдрах болсон. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа, шинжилгээний хэлтэст салбарын судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан сул орон тоог нөхөх нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэж Төрийн нарийн бичгийн даргын ******* тушаалаар 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус албан тушаалд жинхлэгдэн томилогдсон.

Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Тус яаманд 2022 оны 03 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл 3 жил ажиллахдаа, даргаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрд нь гүйцэтгэж, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээгээр 3 жил дараалан хангалттай дүгнүүлсэн. 2022 оны жилийн эцсийн үнэлгээг 82.7 хувьтайгаар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 2023 оных 94.2 хувьтайгаар 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны хагас жилийн үнэлгээг 90 хувьтайгаар 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, 2024 оны жилийн эцсийн үнэлгээг 92.9 хувьтайгаар 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус үнэлүүлсэн.

Гадаад улсад олон жил сурсан эрдмийнхээ хэрэгцээг гаргаж, олон улсын форум, дээд хэмжээний уулзалт зохион байгуулах ажилд гар бие оролцож амжилттай зохион байгуулж ажиллаж байсан. Хоёр жил тутамд Нэгдсэн үндэстний байгууллагад хүргүүлдэг салбарын тайлан мэдээг англи хэл дээр бичиж олон улсад үнэлүүлэх ажлыг гардан хийж, салбарын статистик үнэлгээг олон улсад үнэлүүлж 28 байраар ахисан гэсэн мэдээг авч байв. Олон улсаас санхүүжилт татахад англи хэл дээр төсөл бичиж, одоо тэр санхүүжилтээр Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр болон Хүүхдийн сантай хамтарсан маш өгөөжтэй ажил хийгдэж эхнээсээ үр дүнгээ өгч байна.

Ийнхүү ажлаас чөлөөлөгдсөн нь миний амьдралд санхүүгийн хүнд дарамт учруулсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдаж, цаашид амьдрах хамгийн гол хэрэгцээ болсон орон сууцны зээлд хамрагдах, наад захын жижиг хэрэглээний зээл авах эрхгүй болсон. Мөн эрүүл мэндийн даатгал тасалдаж гэнэт эмнэлгийн туслалцаа авах хэрэгцээг минь хааж байна, одоо цөсний хагалгаанд орох шаардлагатай байгаа ч эмнэлгээр явахад эрүүл мэндийн даатгал зогссон.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.А даргад 05 дугаар сарын 05-ны өдөр өргөдөл гаргасан боловч эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байгаа тул хуулиар хамгаалагдсан төрийн жинхэнэ албан хаагч Б.У******* миний эрх зүйн байдал зөрчигдөж, шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.” гэжээ.

2.1.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа: “урьд нь худалдааны мэргэжлээр ажиллаж байсан индексийг бүх ажлын байрны тодорхойлолтоос хассанд гомдолтой байна. ******* дугаар тушаалаар батлагдсан албан тушаалтай хамгийн дөхөх албан тушаал нь цахим эдийн засаг, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн.

Миний гүйцэтгэж байсан чиг үүрэг хэд хэдэн албан тушаалд хуваагдсан байгаа. Би салбарын статистикийн судалгаа хийж, салбарын цаашид хөгжих гарц, гаргалгааны талаар судалгаа хийдэг байсан. Мөн олон улсын байгууллагууд руу тайлан хүргүүлдэг байсан. Тус тайланд үндэслэж Монгол улсын, манай салбарын индекс олон улсад үнэлэгддэг. Тэр ажлуудыг англи хэл дээр орчуулж илгээх ажлыг хийдэг байсан. Одоо тухайн чиг үүргийг ямар албан тушаалтан хариуцаж ажиллахыг мэдэхгүй байна. Миний хүсэл сонирхол эдийн засаг гэдэг мэргэжлээр цахим эдийн засгийн ажлыг үргэлжлүүлэн хийх сонирхолтой байна. Засгийн газраас 89 орон тоо байсныг 98 болгож нэмж орон тоо баталсан. Судалгаа, шинжилгээний хэлтэст батлагдсан орон тоо 3, ганцхан би л ажиллаж байсан.” гэв.

2.1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан үндэслэлээр мэргэжил, мэргэшил адил албан тушаалд томилохгүй байгааг хууль бус болохыг тогтоолгох, адил албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Учир нь орон тоо нь байхгүй болчихсон үндэслэлээр чөлөөлсөн учраас тушаалтай маргахгүй.

Хариу тайлбарт зарим яамдын бүтэц, орон тоог өөрчлөх тухай Засгийн газрын тогтоол байна. Тус тогтоолд хариуцагч яамны бүтэц, орон тоог 98 гэж заасан. Яамны Төрийн нарийн бичгийн дарга ******* дугаар тушаал гаргахдаа 76 орон тоог 67 болгочихсон. Цаана нь 31 орон тоо байгаа. Хариуцагчаас орон тоо нь байхгүй болсон учраас томилж чадахгүй гэдэг. Гэтэл Засгийн газрын тогтоолоор энэ орон тоог нэмж батлах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. 98 орон тоогоор тогтоохоор төсөв нь мөн тэр хэмжээгээр ирж байгаа. Нийт батлагдсан 98 орон тоогоор ажлын байрны тодорхойлолтууд батлаагүй учир шууд аль албан тушаалын чиг үүрэгт нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан чиг үүрэг шилжсэнийг мэдэх боломжгүй байна. Хүн томилсон 67 орон тоондоо тохируулж ажлын байрны тодорхойлолтуудыг хийчихсэн. Одоогоор тэдгээр орон тоонд хүн ажиллаж байгаа учраас мэдэхгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар нэхэмжлэгчийн мэргэжлийн индекс таарах албан тушаалд сул орон тоо байгаа юм байна. Тиймээс цалин хөлсийг нь буруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу томилох боломж байгаа гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

2.2.1. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдаж тус хуулийн 1 дүгээр зүйлийн 14-т Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Засгийн газрын чиглэлийн яам байхаар тусгасан. Тус хуулийн хүрээнд Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар баталсан. Тус яам нь дараах бүтэцтэй байхаар батлагдсан.

1/ Стратеги, бодлого, төлөвлөлтийн газар (Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Салбарын эрх зүйн орчны шинэчлэл, хуулийн хэлтэс, Салбарын хүний нөөц, судалгааны хэлтэстэй);

2/ Төрийн захиргааны удирдлагын газар (Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтэстэй);

3/ Инновацын бодлого зохицуулалтын газар (Их өгөгдөл, хиймэл оюун ухааны хэлтэс, Гарааны бизнесийн экосистемийг дэмжих хэлтэстэй);

4/ Цахим шилжилтийн бодлого зохицуулалтын газар (Төрийн үйлчилгээний дахин загварчлалын хэлтэстэй);

5/ Харилцаа холбооны бодлого зохицуулалтын газар (Сүлжээний дэд бүтцийн хэлтэс, Сансрын технологийн хэрэгжилтийн хэлтэстэй),

6/ Кибер аюулгүй байдлын бодлого зохицуулалтын газар;

7/ Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;

8/ Салбарын хяналтын газартай нийт 98 орон тоотой байхаар батлагдсан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоолын хавсралтаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр баталсан. Тус хөтөлбөрийн 1.7-д "Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ." 2.4.2-т "хүний нөөцийн удирдлагын шилдэг арга барилыг хэрэглэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар яамны аппаратыг цомхон, чадварлаг болгон өөрчлөн хөгжүүлэх" гэж тус тус заасан байдаг.

Эдгээр хууль болон Засгийн газрын тогтоолын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэр, ангилал, зэрэглэл, орон тоог шинэчлэн баталж, зарим албан тушаалын чиг үүргийг дахин хуваарилсан.

Энэ бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр байгууллагын үйл ажиллагааны үр дүн бүтээмжийг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж чадахуйц байдлаар хийхээр төлөвлөн бүтцийн нэгжийн орон тоо, албан тушаалын чиг үүрэгт өөрчлөлт оруулсан.

Тус яамны шинэчилсэн бүтцээр Бодлого, төлөвлөлтийн газрын Судалгаа шинжилгээний хэлтсийн салбарын статистик, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал хасагдаж, тус хэлтсийн орон тоо 3 болж цөөрсөн. Шинэчилсэн бүтцийн албан тушаалуудын тусгай шаардлагад буюу нэхэмжлэгч Б.У*******гийн эзэмшсэн мэргэжил болох "Худалдаа эдийн засаг” чиглэлийн албан тушаал байхгүй, нэгж хооронд шилжүүлэн томилох боломжгүй болж түүнийг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтын дагуу мэргэжилтний албан тушаалаас тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар чөлөөлсөн.

Б.У******* нь БНХАУ улсад бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд тус яаманд анх томилогдохдоо өгсөн хятадаас монгол хэлэнд орчуулсан хуулбар хувьд олон улсын худалдаа, эдийн засаг мэргэжлээр бакалаврын зэрэг авсан гэх бөгөөд тус орчуулга нь 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн орчуулга юм. Мөн Б.У*******гийн нэхэмжлэлд дурдсан шилжүүлэн томилуулах хүсэлтэй байгаа албан тушаал буюу цахим эдийн засаг, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэнд тавигдах тусгай шаардлагад дээрх мэргэжлийн индекс таарахгүй болно” гэжээ.

2.2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх бүтэц, орон тоог 2023 оны дугаар тушаалаар 90 орон тоогоор баталсан. Өмнө Цахим хөгжил, харилцаа холбооны яам байсныг 2024 оноос Засгийн газраас Цахим хөгжил, инноваци, харилцааны холбооны яам болгож өөрчилсөн. Инновацын чиг үүрэг нэмэгдэж 98 орон тоо болгосон. Засгийн газраас 98 орон тоогоор манай яамны бүтэц орон тоог баталсан. Яамны Төрийн нарийн бичгийн даргаас мөн 98 орон тоог баталсан. Түүний дагуу орон тооны албан тушаалын тодорхойлолт боловсруулж, Төрийн албаны зөвлөлөөр батлуулсан. Төрийн үйлчилгээний албан хаагчдад албан тушаалын тодорхойлолт баталдаггүй. ******* дугаар тушаалаар 76 албан хаагчийг чөлөөлж, 67 албан хаагчийг томилсон байдаг. , дугаартай тушаалуудаар түр орлон гүйцэтгэгч болон хүүхэд асрах чөлөөтэй албан хаагчдын оронд тоонд тусад нь тушаал гаргаж томилсон байгаа. Үлдсэн сул орон тоонд Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаад явж байсан.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь дэс түшмэл байсан. Шинэ бүтцээр ахлах түшмэл, шинжээч болж ирсэн. Мэргэжлийн индекс нь мөн өөрчлөгдсөн. Салбарын хүний нөөц, судалгааны хэлтсийн судалгаа, статистик, стандарт хариуцсан шинжээч болж өөрчлөгдсөн. Төрийн захиргааны ТЗ-5 дахь шатлалд хамаарч байгаа. Өмнө ТЗ-7 байсан.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан судалгаа, статистик, стандарт хариуцсан шинжээчийн албан тушаал нь математик судалгаа, статистик судалгаа гэсэн мэргэжлийн индекстэй болсон. Судалгаа, шинжилгээний хэлтсийн чиг үүрэг нь шинээр батлагдсан бүтцээр Салбарын хүний нөөц, судалгааны хэлтэс болж өөрчлөгдсөн.

******* дугаар тушаалаар батлагдсан орон тоогоор Стратеги бодлого төлөвлөлтийн газарт цахим эдийн засаг, салбарын уялдаа холбоо хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо сул байгаа. Энэ албан тушаалд хоёр удаа сонгон шалгаруулалт зарласан. Хүн томилогдоогүй байгаа. Нэхэмжлэгчийн мэргэжлийн индекс таарна. ТЗ-6-д хамаардаг болохоор нэхэмжлэгч ямар нэгэн шалгалт өгөх шаардлага байхгүй.

Засгийн газрын 2025 оны 07 дугаар тогтоолоор тус яамны бүтэц, орон тоог 89 болгосон. Бүтэц, орон тоог шинэчлэх гээд боловсруулагдаж байгаа.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар цуглуулсан, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажил, албан тушаалд шилжүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.      

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэр, ангилал, зэрэглэл, орон тоог шинэчлэн баталж, улмаар уг тушаалаа үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтаар “шинэчилсэн бүтцээр Бодлого, төлөвлөлтийн газрын Судалгаа шинжилгээний хэлтсийн салбарын статистик, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан, тус хэлтсийн орон тоо цөөрсөн. Албан тушаалын тодорхойлолтоор "Худалдаа, эдийн засаг” мэргэжлийн индекстэй ажлын байр байхгүй, нэгж хооронд шилжүүлэн томилох боломжгүй” гэсэн үндэслэлүүдээр /чөлөөлөх мэдэгдэл 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр танилцуулан/ Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.У*******г чөлөөлсөн нь тушаалдаа баримталсан хуулийн дээрх заалтыг буруу хэрэглэж, уг заалтаарх болон 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаагүйн улмаас төрийн албаны “мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх, төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчимд нийцээгүй болжээ гэж шүүх үзлээ. Учир нь, 

1. Нэхэмжлэгч Б.У******* нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа, шинжилгээний хэлтэст “салбарын статистик, судалгаа шинжилгээ хариуцсан” мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаар тушаалаар томилогдон ажиллаж, уг албан тушаалын сул орон тоонд зарласан тусгай шалгалтад тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн тус яамны салбар зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн  дугаар тогтоолоор томилуулахаар нэр дэвшүүлж, Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар уг албан тушаалд томилогдон, ТЗ-7-1 зэрэглэл шатлалаар ажиллаж байсан, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд төрийн алба мэргэшсэн, тогтвортой, ил тод байх, төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчим үйлчилнэ, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, 62.1.4-т заасан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” нэмэгдэл баталгаа хангагдах учиртай.

2. Засгийн газрын 2022 оны 13 дугаар тогтоолоор баталсан Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт багтаан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга 2023 оны дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтцийг 90 орон тоогоор баталсан байсныг Засгийн газар 2024 оны 6 дугаар тогтоолоор Цахим хөгжил, инноваци, харилцааны холбооны яам болгон инновацийн чиг үүрэг бүхий бүтцийн нэгж нэмж, орон тооны хязгаарыг 98 болгож нэмэгдүүлсэн, өөрөөр хэлбэл тус яамны орон тоо хасагдаагүй нэмэгдсэн байна.

3. Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны ******* дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлахад нэхэмжлэгчийн эрхэлж байсан Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа, шинжилгээний хэлтэст “салбарын статистик, судалгаа шинжилгээ хариуцсан” мэргэжилтний албан тушаал, ажлын байрны орон тоо хасагдсан, тодруулбал 4 орон тоотой Судалгаа шинжилгээний хэлтэс бүхий нийт 12 орон тоотой Бодлого төлөвлөлтийн газар нь 9 орон тоотой Стратеги, бодлого төлөвлөлтийн газар болж, Судалгаа шинжилгээний хэлтэс байхгүй болсноор “салбарын статистик, судалгаа шинжилгээ хариуцсан” мэргэжилтний албан тушаал хасагдсан байна.

4. Хариуцагчийн нэхэмжлэгчийг чөлөөлсөн үндэслэлдээ баримталсан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны заалтын боломжуудыг хэрэглэхдээ захиргааны байгууллага сонгох биш хуульд бичигдсэн дарааллыг харгалзах нь уг зохицуулалтын агуулга, төрийн албанд баримтлах дээрх зарчмуудад нийцнэ.

Тодруулбал төрийн байгууллагад зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийгдсэн энэ тохиолдолд нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар түүний эрхэлж байсан, 2023 оны дугаар тушаалаар батлагдсан яамны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн “салбарын статистик, судалгаа шинжилгээ хариуцсан” мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд нэхэмжлэгчид “цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” нэмэгдэл баталгаа, уг баталгаагаар хангуулах эрх байх бөгөөд, энэ боломж байгаагүй тохиолдолд дараагийн “төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж, энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авах”, “хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах” баталгаа, аль аль боломж байхгүй төрийн албанаас чөлөөлөх тохиолдолд “3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” баталгааг хангах гэсэн дарааллаар хэрэглэнэ.  

5. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан 2023 оны дугаар тушаалаар батлагдсан Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн “салбарын статистик, судалгаа шинжилгээ хариуцсан” мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтоор гүйцэтгэж байсан “салбарын стандартчиллыг хөгжүүлэх, бодлого төлөвлөлтийн арга зүйг боловсруулахад шаардлагатай статистик судалгаа, шинжилгээ хийх” чиг үүрэг “салбарт хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төлөвлөлтийг нийгэм, эдийн засгийн хөгжил, салбар дундын үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөх” хэмээн 2024 оны ******* дугаар тушаалаар батлагдсан шинэчилсэн бүтцийн Стратеги, бодлого, төлөвлөлтийн газарт “цахим эдийн засаг, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа хариуцсан” ахлах мэргэжилтэн албан тушаалын ажлын байранд шилжсэн гэж үзэж болохоор байна.

6. Уг “цахим эдийн засаг, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа хариуцсан” ахлах мэргэжилтэн албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад / индекстэй/ эдийн засагч мэргэжил тавигдсаныг нэхэмжлэгч Б.У******* хангана.

Тэрээр БНХАУ-ын их сургуульд олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр суралцан 2008 онд бакалаврын зэрэг, Япон улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд суралцан мэдлэгийн шинжлэх ухааны магистр зэрэг 2017 онд авсан байна. Түүний БНХАУ-ын их сургуулийг олон улсын эдийн засаг, худалдаа мэргэжлээр /дипломын дугаар / төгссөнийг “эдийн засаг” мэргэжлийн чиглэл, бакалаврын зэрэгтэй дүйцүүлсэн мэдээлэл Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэгдсэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны дугаар тушаалаар “эдийн засаг” мэргэжлийн чиглэл нь “” индекстэй батлагдсан.

7. Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын “цахим эдийн засаг, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа хариуцсан” ахлах мэргэжилтэн албан тушаалын дэс түшмэл ТЗ-6 ангилал зэрэглэлд нэхэмжлэгч Б.У******* өмнөх албан тушаалын дэс түшмэл ТЗ-7 ангиллаас тусгай шалгалтгүй шилжин томилогдох боломжтой байна.

8. Төрийн нарийн бичгийн дарга 2024 оны ******* дугаар тушаалаар батлагдсан шинэ бүтцийн орон тоонд 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар томилгоо хийхдээ Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын 9 орон тооны 7 орон тоонд албан хаагч томилсон бөгөөд тус газрын “цахим эдийн засаг, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа хариуцсан” ахлах мэргэжилтэн албан тушаалын 1 орон тоонд албан хаагч томилоогүй байдаг.

9. Иймд нэхэмжлэгч мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хангах, тусгай шалгалтгүй шилжин томилогдох боломжтой, эрхэлж байсан чиг үүрэг нь агуулгын хувьд шилжсэн, сул байгаа ажлын байранд шилжүүлэн томилоогүй нь хуулийн 62.1.4 дэх заалтын “цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажил, албан тушаалд шилжүүлэн томилох” зохицуулалтыг хэрэглээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаагүй хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байна гэж шүүх үзлээ.

10. Төрийн албаны зөвлөл Б.У*******гийн гомдлоор тус яамны шинэчилсэн бүтцээр албан хаагчдыг чөлөөлж томилсон байдалд төрийн албаны стандарт удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд хяналт хийж, 25 албан тушаалын сул орон тоо байгааг дурьдаад, орон тоо хасагдсан үндэслэлээр шууд чөлөөлсөн тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсныг дүгнээд, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өмнө нь эрхэлж байсан албан тушаалын ангилал зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд шилжүүлэн ажиллуулах талаар судалж шийдвэрлэхийг мэдэгдсэн байдаг ч хариуцагч Төрийн албаны зөвлөлийн энэ шийдвэрийг үл хэрэгсэж орхигдуулсан байгааг дурьдах нь зүйтэй.

11. Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны ******* дугаар тушаалаар батлагдсан шинэчилсэн бүтцээрх Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын “цахим эдийн засаг, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа хариуцсан” ахлах мэргэжилтэн албан тушаалын  орон тоо одоог хүртэл нөхөгдөөгүй сул байх тул нэхэмжлэлийн “цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг даалгах” шаардлагыг хангах үндэслэлтэй, ийнхүү шийдвэрлэх нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой, ил тод байх, төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчимд нийцэхийн дээр хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.4-т заасан баталгааг хангагдах нөхцлийг бүрдүүлнэ.    

12. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.4-т зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой уг хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэснийг хэрэглэн, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т “төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэнэ” гэсний дагуу нэхэмжлэгчийг мэргэжил, мэргэшлийн дагуу ажлын байраар хангаагүй хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас ажилгүй байсан хугацаанд буюу 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс ажлаар хангах хүртэл хугацаанд түүний урьд эрхэлж байсан албан тушаалын ТЗ-7-1 зэрэглэл шатлалын цалинг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл тооцон гаргуулан олгох үндэслэлтэй байна.

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д “ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах эрхтэй”, 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй”-г хуульчилснаар хөдөлмөрийн харилцаа тэдгээрийн хооронд үүсэх үеэс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ажил олгогчийн үүрэг үүсэх тул хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас ажилгүй байсан хугацаанд хамаарах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4, 41 дүгээр зүйлийн 41.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, 62 дугаар зүйлийн 62.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажил, албан тушаалд шилжүүлэн томилоогүй Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.У*******г Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын “цахим эдийн засаг, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа хариуцсан” ахлах мэргэжилтэн албан тушаалын сул орон тоонд шилжүүлэн томилохыг даалгаж, 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс ажлаар хангах хүртэл хугацаанд түүний урьд эрхэлж байсан албан тушаалын ТЗ-7-1 зэрэглэл шатлалын цалинг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл тооцон гаргуулан олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б. У*******д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА