| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/06944/И |
| Дугаар | 192/ШШ2025/04770 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/04770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгын гэрээний урьдчилгаанд төлсөн 49 515 500 төгрөг, алданги 495 155 төгрөг, хохиролд 51 926 000 төгрөг, нийт 101 936 655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэнээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.А******* нь хариуцагч Н******* ХХК-д холбогдуулан 101 936 655 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б.А******* миний бие нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Н******* ХХК-тай Орон сууц захиалгын ND-S-PH1-0047 дугаартай гэрээг хийсэн. Энэхүү гэрээгээр талууд тохиролцохдоо Б.А******* нь дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт байрлах Н******* хотхоны блокны 5 давхрын ******* тоот 3 өрөө 74.18 мкв орон сууцыг 165 050 500 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Орон сууцны нэг мкв-г 2 225 000 төгрөгөөр тохиролцсон ба төлбөрийн хувьд 2021 оны 10 сарын 18-ны өдөр эхний 49 515 500 төгрөгийг төлөхөөр, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл 115 535 000 төгрөгийг төлөхөөр заасан байдаг. Гэхдээ сүүлийн төлбөрийг гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь гэрээний 1.1-д заасан орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, стандартад нийцүүлэн 2023 оны 1 улиралд багтаан хүлээлгэн өгнө гэж зааснаар орон сууцаа хүлээж авах үед үлдэгдэл мөнгөө өгөхөөр гэрээндээ тусгасан болно. Гэрээнд заасан эхний 49 515 500 төгрөгийг миний 2010 оноос ажиллаж байсан И******* ХХК-иас шилжүүлсэн байдаг. Учир нь би 2010 И******* ХХК-д нягтлан бодогчоор ажилд орж ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, мөн 2010-2023 он хүртэлх олон жилийн хугацаанд үр бүтээлтэй хичээл зүтгэлтэй байсныг минь компанийн зүгээс үнэлж урамшуулал болгон байрны урьдчилгаа 49 515 500 төгрөгийг надад өгсөн ба компани нь шууд Н******* ХХК-д шилжүүлсэн. Тухайн үед компанийн удирдлагаас надад хандан олон жилийн үр бүтээлтэй бага цалингаар тууштай ажиллаж байсны чинь үр дүн шүү хэмээн би ч маш их баярлаж байсан. Тухайн үед гэрийнхэндээ хэлж маш их баяр хөөр болж байрны урьдчилгаа хийчихлээ, дараагийн төлбөрөө хугацаандаа хийнэ гэж ярилцаж байсан. Гэтэл 2023 оны 01 дүгээр улиралд ашиглалтад орох байсан орон сууц нь 2024 оны 9 сард Улсын комисс хүлээж авч ашиглалтад орсон. Тэгээд уг байрыг ашиглалтад орж байгаа мэдээллийг аваад үлдэгдэл төлбөрөө төлөх гэтэл Н******* ХХК-иас таны гэрээг цуцалсан урьдчилгаа төлбөрийг чинь ч өгөхгүй гэхээр нь яагаад ингэх болов хэмээн тодруулахад таны төлбөрийг хуучин ажиллаж байсан газар луу чинь шилжүүлсэн хэмээн сонин юм ярьж байсан. Та нар надтай гэрээ хийсэн биз дээ гэхэд тийм юм байхгүй хэмээн миний эрхийг зөрчиж байх тул тус шүүхэд хандаж байна. Миний зүгээс Н******* ХХК-д маш их гомдолтой байгаа бөгөөд би гэрээгээ зөрчсөн ямарваа нэгэн үйлдэл хийгээгүй тэднийх л гэрээнд заасан хугацаандаа барилгаа оруулаагүй байж иргэн хүнийг хохироож байгаа болно. Н******* ХХК-ийн зүгээс тухайн үедээ надтай гэрээ хийхдээ тусгай нөхцөлөөр гэрээ хийсэн энэ нь зарагдаж байсан үнээс бага гэж байсан одоо орон сууц нь бэлэн болоод өндөр үнэтэй зарагдаж байгаа болохоор өөр хэн нэгэн хүнд өндөр үнээр зарж намайг хохироож байна хэмээн үзэж байна. Хэрвээ би тэднийхтэй гэрээ хийгээгүй бол 2021 ондоо өөр барилгын компанитай гэрээ хийгээд одоо орон сууцтай болчих боломжтой байсан. Өнөөдрийнх шиг байдалд орохгүй байсан, мөн 3 жилийн өмнөх орон сууцны ханшийн өсөлт гээд надад хохиролтой байдал үүсэхгүй байсан гэж үзэж байна. Иймд байрны урьдчилгаанд шилжүүлсэн 49 515 500 төгрөг, алданги 495 155 төгрөг, үнийн зөрүү 51 926 000 төгрөг, нийт 101 936 655 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч Б.А******* нь хариуцагч Н******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан юм. Уг гэрээгээр 5 давхрын ******* тоот 3 өрөө орон сууцыг 165 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байдаг. Төлбөрийг нь гэрээ хийгдсэн өдрөө 49 515 500 төгрөгийг, үлдэх мөнгийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр заасан. Өөрөөр хэлбэл орон сууцыг хүлээлгэн өгөхдөө үлдэх төлбөрийг төлөхөөр байсан. Миний урьдчилгаа 49 000 000 төгрөгийн төлбөрийг манай ажиллаж байсан компани хийсэн байдаг юм. Олон жил ажиллаж байсан учраас байрны урьдчилгаа гэж компани нь Б.А*******д өгсөн бөгөөд сайн ажилласан гэж намайг урамшуулж байгаа гэж хэлж байсан. Гэтэл Н******* ХХК өөрсдөө гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа гэрээгээ цуцлах талаар мэдэгдээгүй байж гэрээг цуцлаж, шилжүүлсэн мөнгийг нь өгөхгүй байна. Иймд гэрээний урьдчилгаанд төлсөн 49 515 500 төгрөг, алданги 495 155 төгрөг, хохиролд 51 926 000 төгрөг, нийт 101 936 655 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан, дэмжиж оролцож байна гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэдэн үндэслэл байна. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн И******* ХХК-ийн хүсэлтээр 2 ажилтантай нь тусгай нөхцөлөөр гэрээ байгуулахаар болж харилцан тохиролцсон. Гэтэл уг компаниас Б.А******* нь гэрээгээ зөрчсөн тул урьдчилгаа төлбөрийг буцаах талаар мэдэгдсэн. Иймд бид төлбөрийг нь буцаан төлсөн компани руу шилжүүлсэн. Урьдчилгааг нь компаниас төлсөн, буцаасан тул манай компани төлөхгүй. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр И******* ХХК руу шилжүүлсэн байдаг. Б.А*******д бичгээр гэрээ цуцалж байгаа талаараа мэдэгдсэн. Тиймээс манай компани хариуцахгүй, компаниасаа нэхэх нь зүйтэй гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №ND-S-PH1-0047 тоот Орон сууц захиалгын гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, гүйлгээний баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, И******* ХХК-ийн 2024.09.16-ны өдрийн 264 тоот, 2021.10.14-ний өдрийн 108 тоот албан бичиг гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Голомт банк ХК-иас И******* ХХК-иас Н******* ХХК-ийн 8145******* тоот данс руу 49 515 150 төгрөгийг шилжүүлсэн талаарх лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 49 515 500 төгрөгийг хангаж, үлдэх 52 421 155 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Н******* ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, ******* тоот 3 өрөө 74,18 м.кв орон сууцыг захиалж, орон сууцны үнэд 165 050 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, урьдчилгаа 49 515 500 төгрөгийг төлсөн боловч хариуцагч нь орон сууцыг 2023 оны 01 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй атлаа гэрээг үндэслэлгүйгээр цуцласан, гэрээ цуцалсан талаар мэдэгдээгүй тул гэрээний урьдчилгаанд төлсөн 49 515 500 төгрөг, алданги 495 155 төгрөг, гэрээ цуцласны улмаас учирсан хохиролд 51 926 000 төгрөг, нийт 101 936 655 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.А*******тай И******* ХХК-ийн хүсэлтээр 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, орон сууцны үнийг хөнгөлттэй үнэ болох 165 050 000 төгрөгөөр харилцан тохиролцож, гэрээний урьдчилгаа 49 515 500 төгрөгийг И******* ХХК-иас шилжүүлсэн боловч Б.А*******г гэрээний үүрэг зөрчсөн гэх үндэслэлээр урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэх хүсэлт гаргасан тул урьчилгаанд шилжүүлсэн 49 515 500 төгрөгийг компанид буцаан шилжүүлж, нэхэмжлэгч Б.А*******тай байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Б.А******* нь хариуцагч Н******* ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №ND-S-PH1-0047 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр захиалагч нь гэрээний 1-р хавсралтаар орон сууцны төлөвлөлтийн зурагт тусгагдсан хэмжээ, зохион байгуулалт бүхий Улаанбаатар хотын ******* тоот 3 өрөө 74,18 м.кв орон сууцыг захиалж, гүйцэтгэгч нь гэрээний 1.1-д заасан орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, стандартад нийцүүлэн 2023 оны 01 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, орон сууцны 1 м.кв нь 2 225 000 төгрөг, нийт 165 050 500 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.
5.Талуудын маргааны зүйл нь гэрээг цуцлаж, төлбөрийг буцаан шилжүүлсэн талаар байна, орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан талаар маргаагүй.
6.Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №ND-S-PH1-0047 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч нь гэрээний 1-р хавсралтаар орон сууцны төлөвлөлтийн зурагт тусгагдсан хэмжээ, зохион байгуулалт бүхий Улаанбаатар хотын дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Н******* хотхоны орон сууцыг захиалж, гүйцэтгэгч нь гэрээний 1.1-д заасан орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, стандартад нийцүүлэн 2023 оны 01-р улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, орон сууцны 1 м.кв нь 2 225 000 төгрөг, нийт 165 050 500 төгрөг байхаар харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
6.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.
6.3.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.
6.4.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан Орон сууц захиалгын гэрээг И******* ХХК-ийн хүсэлтээр хөнгөлттэй үнээр байгуулсан, И******* ХХК-иас Б.А*******г хөдөлмөрийн гэрээгээ цуцлаж, ажлаас гарч байгаа үндэслэлээр гэрээний урьдчилгааг буцаан гаргуулах албан бичиг ирүүлсэн тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж, урьдчилгаа төлбөрийг компанид буцаан шилжүүлсэн, нэхэмжлэгчид мэдэгдэх үүрэггүй гэж маргасан.
7.Нэхэмжлэгч Б.А******* нь Интердэсижн ХХК-нд нь ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, И******* ХХК-ийн хүсэлтүүд, Голомт банкны шилжүүлгийн мэдээллээр тус тус тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.
7.1.Хэрэгт авагдсан И******* ХХК-ийн 2021.10.14-ний өдрийн 108 тоот албан бичигт ...Манай байгууллага танай байгууллагын явуулсан тусгай зөвшөөрлийн талаар хуралдаж үзээд Н******* хотхон орон сууцны төслөөс 74.18 м.кв бүхий орон сууцнаас 2 ширхэгийг өөрийн байгууллагад амжилт бүтээлтэй ажилласан, цаашид тогтвор суурьшилтай ажиллах ажилтнуудаасаа сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр тогтвортой ажиллах гэрээ хийн орон сууцны урьдчилгаа болох 30 хувийг И******* ХХК-иас танай байгууллагын дансанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 2.Ерөнхий нягтлан бодогч Б овогтой А******* /РД:*******/... гэсэн байх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Н******* ХХК-нд блок 5 давхар, ******* тоот урьдчилгаа гэсэн гүйлгээний утгатайгаар 49 515 150 төгрөгийг шилжүүлсэн болох нь Голомт банкны цахим гүйлгээний баримтаар тогтоогдож байна.
7.2.И******* ХХК-ийн 2024.09.16-ны өдрийн 264 тоот албан бичигт ...Манай И******* ХХК-ийн хоёр ажилтан болох П.Д, Б.А******* нар нь танай байгууллагаас бидэнд тавьсан тусгай нөхцөлт саналын дагуу Н******* хотхонд хоёр ширхэг орон сууцны захиалгыг 2021 оны 10-р сард хийсэн. Манай байгууллагын зүгээс дээрх 2 ажилтантай тогтвортой ажиллах гэрээ хийн тус бүр байрны урьдчилгаа төлбөр болох 49 515 150 төгрөг, нийт 99 030 300 төгрөгийг танай байгууллагын дансанд шилжүүлсэн. Б.А******* нь манай байгууллагатай тогтвортой ажиллах гэрээ байгуулалгүй ажлаас гарсан тул Б.А*******гийн орон сууцны урьдчилгаа болох 49 515 150 төгрөгийг манай байгууллагын Голомт банкны 174 тоот дансанд буцаан олгоно уу гэжээ.
7.3.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг нэхэмжлэгч Б.А*******тай байгуулсан, гэрээний урьдчилгаа төлбөрийг И******* ХХК нь хариуцагчид шилжүүлсэн болох нь 2021.10.14-ний өдрийн 108 тоот албан бичиг, Голомт банкны цахим гүйлгээний баримтаар тогтоогдож байх боловч хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлах талаараа гэрээний нэг тал болох нэхэмжлэгчид мэдэгдэх үүрэггүй гэж тайлбарласан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаарх баримтгүй, И******* ХХК-ийн 2024.09.16-ны өдрийн 264 тоот албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлаж, урьдчилгаа төлбөрийг тус компанид буцаан шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд 49 515 150 төгрөгийг И******* ХХК-нд шилжүүлсэн талаараа баримтаар нотлоогүй болно.
7.4.Хэрэгт авагдсан зохигч талуудын байгуулсан орон сууц захиалгын гэрээний 2.5-д захиалагч нь гэрээний төлбөрийг бэлнээр болон гүйцэтгэгчийн дараах дансанд шилжүүлэх бөгөөд гүйлгээний утга дээр захиалсан орон сууцны мэдээлэл болон өөрийн нэр регистрын дугаарыг бичнэ гэж харилцан тохиролцсноор гэрээний төлбөрийг нэхэмжлэгч нь шилжүүлсэн, 4.7-д захиалагч нь гэрээний эрх, үүргээ гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох бөгөөд захиалагчийн өмнөөс гуравдагч этгээд мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн нь гэрээний эрх, үүргээ шилжүүлэх үндэслэл болохгүй гэсэн байх бөгөөд гэрээ цуцлагдсан тохиолдолд төлөгдсөн төлбөрийг гүйцэтгэгч нь захиалагчид буцаан олгохоор харилцан тохиролцжээ.
7.5.Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байгаа тул хариуцагч Н******* ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 49 515 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч Б.А******* нь шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
8.Мөн нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний 4.6-д зааснаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлөгдсөн 49 515 500 төгрөгт 2024 оны 10 дугаар сарын 18-ны хүртлэх хугацаанд тооцсон алданги 495 155 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
8.1.Гэвч зохигч талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №ND-S-PH1-0047 тоот Орон сууц захиалгын гэрээнээс хариуцагч нь татгалзаж, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь цуцлагдсан талаар зохигч маргаагүй, гэрээнээс татгалзаж, гэрээг цуцласнаар гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болох тул нэхэмжлэгч нь гэрээний үүрэг буюу алданги гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.
9.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ зөрчиж, үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсанаас өөр орон сууц авах боломжоо алдаж хохирсон гэж тайлбарлаад 2021 онд Н******* ХХК-ийн зарагдаж байсан орон сууцны үнэ болох 2 800 000 төгрөгийг одоогийн Н******* ХХК-ийн орон сууцаа зарж буй 3 500 000 төгрөгний зөрүү 700 000 төгрөгөөр тооцож, нийт 51 926 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан .
9.1.Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор тухайн үед Н******* хотхоны зарагдаж байсан үнэ болон одоо зах зээлд хэдэн төгрөгөөр үнэлэгдэж зарагдаж байгаа талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээг 2021 онд тусгай нөхцлөөр буюу хямдралтай үнээр байгуулсан, одоо манай орон сууц 3 500 000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаар мэдэхгүй гэсэн тул нэхэмжлэгчийн хохиролд тооцон нэхэмжилсэн 52 421 155 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв .
10.Иймд хариуцагч Н******* ХХК-иас орон сууцны захиалгын гэрээний урьдчилгаанд төлсөн 49 515 500 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч БА*******д олгож, нэхэмжлэлээс 52 421 155 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 667 634 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 405 527 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н******* ХХК-иас орон сууцны захиалгын гэрээний урьдчилгаанд төлсөн 49 515 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52 421 155 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 667 634 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 405 527 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН