| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/05782/И |
| Дугаар | 192/ШШ2025/04771 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/04771
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41 306 000 төгрөг гаргуулах тухай,
Хариуцагч: А******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: Б.Б /РД:*******/-т холбогдох
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: олох байсан орлого 195 378 929 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 12 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч А******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41 306 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б.Б******* миний бие 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр З ХХК-ийн үндсэн гүйцэтгэгч А******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж С******* дүүрэг 20-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* хотхоны халаалтын зуухны барилгын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Миний бие тохиролцсоны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ******* хотхоны барилгын талбай дээр очиж халаалтын зуухны барилгын суурийг хийж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэхэд оффисын барилгын сууринд 258 мкв, оффисын барилгын 1 давхарт 258 мкв, зуухны барилгын суурь 550 мкв талбайн угсралтын ажил зэрэг нийт 64 570 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Миний зүгээс тохирсон ажлыг хийж гүйцэтгэн, ажлын явц байдлыг тайлагнасан актыг үйлдэж З ХХК-ийн чанарын инженер ажилтай Б.Б гэх хүнд хүлээлгэн өгсөн. Хариуцагч компаниас урьдчилгаа төлбөрт 11 264 000 төгрөг, мөн гүйцэтгэлийн явцад 12 000 000 төгрөг нийт 23 624 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 41 306 000 төгрөгийг З ХХК-аас мөнгө орж ирээгүй гэх шалтгаанаар төлөхгүй өдий хүрч байна. Иймд хариуцагчаас халаалтын зуухын угсралтын ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 41 306 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгч Б.Б******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хариуцагчтай байгуулсан гэрээ цуцалсан гэж байгаа нь надтай хамааралгүй, эдний компаниас өөрсдөө нэг ч хүн ирээгүй, цаанаас материал нь ирээгүй, би ажлаа хийх байтал материал хөөцөлдөөд л явж байдаг байсан. Ийм шалтгаанаар хугацаа хоцорсон байгаа, зөвхөн надаас болж гэрээ цуцлагдана гэж байхгүй. Би энэ хүмүүсийн өмнөөс ажлыг нь хүртэл гүйцэтгэж өгсөн. Өөрсдөө бид хийчихье гээд намайг болиулсан.
1.3.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр А******* ХХК-тай уурын зуух, оффисын халаалтын зуухны суурийн ажлыг гүйцэтгэсэн. 1м.кв тогтоод нийт 64 570 000 төгрөгийг ажлыг хийсэн. Гэтэл 23 624 000 төгрөгийг авсан, үлдэх 41 306 000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага нь З ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр "" дөрвөн улирлын цогцолбор хотхоны Хаалтын зуухны Барилгын суурийн ажил гүйцэтгэхээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Б.Б*******ыг хаалтын зуухны барилгын суурийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Б.Б******* нь уг ажлыг 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгч манай компанитай тооцоо нийлэх ёстой байсан боловч гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг гүйцэтгэж дуусалгүй 20 хоног хэтрүүлсэн. Мөн ажлын байранд архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байсан. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн "З" ХХК-тай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 126-1 дугаартай 1,052,139,000 төгрөгний Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ цуцлагдсан. Шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн тооцоо нийлсэн акт, баримтууд нь худал баримт байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь уг тооцоо нийлсэн актад "З" ХХК-ний инженер Б.Б тооцоо нийлж, гарын үсэг зурсан байна. Гэвч "З" ХХК-ний тооцоо нийлэх эрхтэй эрх бүхий этгээд нь тус компаний барилгын ажлыг хариуцан гүйцэтгэж байсан ерөнхий инженер Н.Э юм. Б.Б нь тооцоо нийлэх эрхтэй этгээд биш учраас энэхүү тооцоо нийлсэн актийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн тооцоо нийлсэн актад Зохиогчийн хяналтын гүйцэтгэгч Г.С гэх хүн байх боловч түүний нэг ч нарын үсэг зурагдаагүй байна. Барилгын ажлыг хүлээн авч буй акт нь нэр дурдагдсан бүх хүний гарын үсэг зурагдсан байж хүчин төгөлдөр болдог тул дээрх баримтууд нь ажил гүйцэтгэсэн гэх баримтын шаардлагыг хангахгүй юм. Бидний хооронд байгуулсан гэрээгээр Б******* нь манай байгууллагатай хийсэн ажлын акт, баримтыг үндэслэн тооцоо нийлэх ёстой боловч нэг ч удаа тооцоо нийлээгүй. Гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн гэх боловч акт үйлдэж байгаагүй. Тиймээс манай компани нь Б.Б*******т өр төлбөргүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.
2.1. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ******* хотхоны халаалтын зуухны барилгын ажлыг гүйцэтгэхээр нэхэмжлэгчтэй тохиролцсон. Гэрээнд ажлыг хүлээлгэн өгөх хугацаандаа өгөөгүй. 20 хоногоор хэтрүүлсэн, ажлын байрандаа архидан согтуурдаг байсан учраас З ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байгаа. Иймээс тооцоо нийлсэн актыг зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа. н.Б нь эрхгүй этгээд байсан учраас зөвшөөрөхгүй. Н.С нь гарын үсэг зураагүй, барилгын ажлыг хүлээн аваагүй байдаг. Гэрээний дагуу акт баримтыг үндэслэн тооцоо нийлэх байсан боловч энэ талаарх баримт байхгүй учир зөвшөөрөхгүй.
Манай зүгээс олох байсан орлого 195 378 929 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Учир нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр З ХХК-тай барилгын ажлын суурийн ажлыг гүйцэтгэх гэрээг Б.Б*******тай байгуулсан. Гэтэл ажлаа хүлээлгэн өгөөгүй, тооцоо нийлээгүй, 20 хоног хэтрүүлсэн, ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж, байсан учраас З ХХК-тай байгуулсан. Барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээ, Мөн хавсралт гэрээ, Халаалтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус буюу нийт 1 тэрбумын гэрээг Б.Б*******ын буруутай үйл ажиллагааны улмаас цуцлагдсан тул олох байсан орлогыг гаргуулахаар нэхэмжилсэн юм гэв.
2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Манай байгууллага нь З ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр " дөрвөн улирлын цогцолбор хотхоны Халаалтын зуухны Барилгын суурийн ажил гүйцэтгэхээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Б.Б*******ыг халаалтын зуухны барилгын суурийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Б.Б******* нь ажлыг хүлээн авснаас хойш 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгч манай компанитай тооцоо нийлэх үүрэгтэй байсан боловч гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг гүйцэтгэж дуусалгүй 20 хоног хэтрүүлсэн. Мөн ажлын байранд архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байсан бөгөөд өөрийн танил Б.Бтай ярилцаж манай компаний захирал М.Быг охиноо аваад Юнимед эмнэлэгт хэвтэж байхад нь манай компанийг уг ажлаас гаргасан. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн "З" ХХК-тай байгуулсан, 2021.09.06-ны өдрийн 122,606,512 төгрөгний Халаалтын зуухны барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээ, 2021.10.19-ны өдрийн 126-1 дугаартай Хавсралт 2-т заасан 599,250,000 төгрөгний Халаалтын зуухны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Хавсралт 3-т заасан 1,052,139,000 төгрөгний Халаалт, хэрэглээний халуун усны узелийг хийж гүйцэтгэх гэрээ тус тус нийт 1,773,995,512 төгрөгний үнэ бүхий гэрээ цуцлагдсан Манай компани нь уг гүйцэтгэж байсан ажлаас буюу "З" ХХК- иас 108,966,199 төгрөгийг хүлээн авсан боловч Б.Б*******ын буруутай үйлдлээс болж гэрээ цуцлагдаж манай компани нь өөрийн олох ёстой байсан орлогоо алдаад байна. Манай компани З" ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнд санхүүгийн шинжээчээр тооцоолол хийлгэхэд манай компаний олох ёстой байсан үдэгдэл орлого нь 195,378,929.64 төгрөг байна. Б.Б*******ын буруутай үйлдлээс үүдэн гэрээ цуцлагдаж, компаний олох ёстой орлого алдагдсан тул 195,378,929.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.3.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь бол гуравдагч этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан байдаг. Үүргээ биелүүлээгүй, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээ зөрчсөн суурийн бетон авч өгөөгүй, актаар хүлээлгэн өгөөгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2022.10.11-ний өдрийн 28е2-3/5417 тоот албан бичиг, 2021.09.09-ний өдрийн №9/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2021.09.10-ны өдрийн Улаан шугамыг шалгаж, тэг тэнхлэг тавьсан актууд, гэрэл зураг, 2021.09.24-ний өдрийн Суурь хийсэн акт, 2021.09.30-ны өдрийн Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн актууд, 2021.10.03-ны өдрийн Суурь хийсэн акт, 2021.10.14-ний өдрийн Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн актууд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гэсэн баримтуудыг,
хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.09.06-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2021.10.19-ний өдрийн №126-1 тоот Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, хавсралт, Ажил гүйцэтгэх гэрээний дүгнэлт, тангарагчийн бичиг, Г.Лхамдуламын гэрчилгээ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр З ХХК-иас 2022.06.09-ний өдрийн Гүйцэтгэлийн акт, гэрчээр Н.Э, Б.Б, Э.Э*******, Б.Н, Г.Э нарыг асууж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч А******* ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заасан үүргээ биелүүлж ажлаа хийж гүйцэтгэж, ажлын явцыг тайлагнан акт үйлдэн З ХХК-ийн чанарын инженерт хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь ажлын хөлсийг төлж барагдуулаагүй нийт 64 570 000 төгрөгөөс 23 624 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 41 306 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Б*******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч, гэрээнд заасан хугацаанд ажил үүргийн гүйцэтгээгүй, ажлын үр дүнг зохих ёсоор гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч А******* ХХК нь нэхэмжлэгч Б.Б*******т холбогдуулан гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй, тооцоо нийлээгүй, ажлаа хүлээлгэн өгөөгүй, ажлын байран дээрээ архидан согтуурсны улмаас З ХХК-тай байгуулсан Барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээ, мөн хавсралт гэрээ, Халаалтын ажил гүйцэтгэх гэрээ буюу нийт 1 тэрбумын үнийн дүнтэй гэрээнүүд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас цуцлагдсан тул компанид олох байсан орлого 195 378 929 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагчийн З ХХК болон бусадтай байгуулсан гэрээнүүд цуцлагдсан нь надтай хамааралгүй, хариуцагч А******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ гүйцэтгэж, ажлаа актаар хүлээлгэн өгсөн тул хохирлыг хариуцахгүй гэж маргасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч А******* ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөх №09/1 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр дөрвөн улирлын цогцолбор хотхоны Халаалтын зуухны барилгын ажлыг түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр, барилгын суурийн ажил /тоног төхөөрөмжийн суурь, хавсралт-1/, буцаан булалт, гар тэгшилгээ, суурийн дулаалга, ус тусгаарлалт, халаалтын зуухны барилгын ажил /хавсралт-2/ гэсэн ажлуудыг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаатайгаар нэхэмжлэгч нь захиалагчийн зүгээс тавьсан шаардлагад нийцүүлэн гэрээгээр тохирсон хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэхээр, гэрээний нийт үнэ 56 320 000 төгрөг байхаар, хариуцагч нь хөлс төлөх, материал нийлүүлэх үүрэг хүлээхээр харилцан тохиролцжээ.
6.2.Талуудын байгуулсан гэрээнд Суурийн ажил 1 м.кв нь 55 000 төгрөг, 1,2 давхарын 1 м.кв нь 90 000 төгрөгөөр хийгдэнэ. /краказ/ Зуухны барилгын суурийг 1м.кв-ыг 70 000 төгрөгөөр тохиролцов. Б.Бүүвэйбаатар нь А******* ХХК-нд ажлын актууд, фото зургийг хавсарган тооцоо нийлнэ.
Зуухны суурийн акт, оффисын акт биечлэн Б******* авчирч фото зургийн хамт өгнө. Агуулах -216 м.кв х 55 000=11 880 000, зуух-550 м.кв х 70 000=38 500 000, оффис-258 мкв х 55 000=14 190 000, нийт 64 570 000, урьдчилгаа-11 264 000, данс руу-12 000 000, 23 264 000 төгрөгийг өгч байна. Зөрүү 41 306 000 төгрөгийг Зтай тооцоо нийлж, акт хүлээлцчихээд төлбөрөө аваад өгнө. Нүүрсний агуулахын суурийн ажлын оронд оффисын 1-р давхарын арматурчлалын ажилд тооцов. Зуухны шалны бетоныг авч өгнө 2021оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэсэн тэмдэглэгээ хийсэн байх бөгөөд уг тэмдэглэгээг хийж гарын үсэг зурсан талаар зохигч талууд хүлээн зөвшөөрч маргаагүй.
7.Талуудын маргааны зүйл нь ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн талаар болон гэрээг зөрчсөний улмаас хохирол учирсан талаар байна, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаараа маргаагүй байна.
8.Зохигч талууд 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр №09/1 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
8.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-д ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заажээ.
8.2.Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн, актаар хүлээлгэн өгсөн байхад хариуцагч нь гэрээнд заасан ажлын хөлсийг бүрэн төлөөгүй тул ажлын хөлсний үлдэгдэл 41 306 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаад энэ нь хэрэгт авагдсан талуудын гэрээнд тэмдэглэсэн баримт, хийсэн ажлыг хүлээлгэн өгсөн актууд, А******* ХХК-ийн гүйцэтгэлийн акт, гэрч Н.Э, Б.Б, Э.Э******* Б.Н нарын мэдүүлгээр тус тус нотлогдоно гэсэн.
8.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, 20 хоногоор хэтрүүлсэн, ажил хүлээн авсан гэх Б.Б нь ажил хүлээлцэх эрхгүй этгээд байсан учраас хүлээн авсан гэж үзэхгүй, актад зохиогчийн хяналт гүйцэтгэгч Г.С гарын үсэг зураагүй тул ажлыг хүлээн аваагүй, гэрээний дагуу акт баримтыг үндэслэн тооцоо нийлэх байсан боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж мэтгэлцсэн.
8.4.Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №09/1 тоот Ажил гүйцэтгэх гэрээний 4.6.12-т Захиалагч нь гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй, 5.4.14-д хийсэн ажлыг актаар хүлээлцсэний дараа захиалагчаас төлбөр төлөхийг шаардах эрхтэй гэж харилцан тохиролцсон байх бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2021.09.10-ны өдрийн Улаан шугамыг шалгаж, тэг тэнхлэг тавьсан актууд, гэрэл зураг, 2021.09.24-ний өдрийн Суурь хийсэн акт, 2021.09.30-ний өдрийн Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн актууд, 2021.10.03-ны өдрийн Суурь хийсэн акт, 2021.10.14-ний өдрийн Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн актууд, Цутгамал төмө бетон хийцийг арматурчилсан актуудаар нэхэмжлэгч нь хийсэн ажлыг актаар хүлээлцсэн гэх тайлбар нь үндэслэлтэй байна.
8.5.Хариуцагч нь актад зохиогчийн хяналт гүйцэтгэгч Г.С гарын үсэг зураагүй гэсэн боловч захиалагчийг төлөөлж Б.Б, гүйцэтгэгч байгууллагын ерөнхий инженер Б.Б*******, барилгын даамал Н.Н нар нь гарын үсгээ зуржээ. Мөн Б.Б нь ажил хүлээлцэх эрхгүй этгээд байсан гэсэн боловч гэрч Б.Б ...миний бие З ХХК-нд ерөнхий инженерээр ажилладаг, анх туслан гүйцэтгэгчээр ажиллахаар ирэхэд нь Б.Б*******ыг таньдаг болсон. Б.Б******* нь А******* ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажил хийх гэж ирсэн. Ямар ч байсан халаалтын барилгын В, С суурийг бүрэн хийсэн. Харин С блокийн 1 давхрын ханын арматур, хэв хашмалыг Б.Б******* А******* ХХК-тай хамтарч ажиллахаа больсон байхдаа хийж дуусгасан. Өөрөөр хэлбэл манай компанитай шууд харьцаж хийсэн. Мөн В, С суурь, С блокийн 1 давхрын ханын арматур, хэв хашмалыг Б.Б******* өөрөө ирж, акт үйлдэж, гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн гэж мэдүүлсэн тул түүнийг актад гарын үсэг зурах, ажил хүлээлцэх эрхгүй этгээд гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй .
8.6.Мөн гэрч Н.Эы ...Миний ажиллаж байсан З ХХК-ийн халаалтын тогооны барилгын А, В блокийн суурийг ажлыг гүйцэтгэсэн. Одоо яг алиныг нь А******* ХХК, Б.Б******* хийж гүйцэтгэсэнийг сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг нь эхлүүлсэн, нөгөө нь үргэлжлүүлсэн. Гүйцэтгэлийг давхраар нь буюу цутгалт дууссан 1 давхрын ажлыг дууссанаар нь баталгаажуулж явж байсан..., гэрч Э.Э*******гийн ...талбайгаас А******* ХХК-ийн хүмүүс гараад явчихаж байгаа шүү дээ, түүнээс хойш Б.Б******* уг ажлыг хүлээж аваад, үргэлжлүүлэн ажилласан..., гэрч Б.Нын ...2021.09.10-10.20 хавьцаа хийж гүйцэтгэсэн ажил байгаа. Үүнээс оффисын барилгын суурь, уурын зуухны барилгын суурийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн. Түүнээс зоорийн давхрын ажлыг хийж гүйцэтгэх байсныг харилцан тохиролцоод оффисын барилгын дээшээ 1 давхрын бусад хэсгийг хийсэн. Б.Б*******ын талбай хариуцсан даамлаар ажиллаж байсан 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хавьцаа. Гүйцэтгэсэн ажлаа захиалагч талын З ХХК-ийн талбайн инженер н.Б, ерөнхий инженер н.Э гээд хүмүүст хүлээлгэж өгсөн, акт үйлдэж гарын үсэг зуруулж байсан... гэсэн мэдүүлгээр акт үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзэв.
8.7.Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэн, акт үйлдэн хүлээлгэн өгсөн байх тул ажлын хөлсийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөх №09/1 тоот Ажил гүйцэтгэх гэрээнд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...64 570 000, 23 264 000 төгрөгийг өгч байна, зөрүү 41 306 000 төгрөгийг Зиндаа конскрашнтай тооцоо нийлж, ажил хүлээлцчихээд төлбөрөө аваад өгнө гэсэн тэмдэглэлийг үйлдсэн, уг баримтаар хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаа хугацаандаа хийгээгүй, хэтрүүлсэн гэх тайлбар тогтоогдохгүй, тайлбараа баримтаар нотлоогүй болно.
8.8.Иймд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-д ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заасан, хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч А******* ХХК-иас хэлэлцэн тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл болох 41 306 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******т олгохоор шийдвэрлэв.
9.Хариуцагч А******* ХХК нь нэхэмжлэгч Б.Б*******т холбогдуулан нэхэмжлэгчийн буруутай буюу ажлаа хугацаандаа зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын байрандаа архидан согтуурдаг байсан учраас З ХХК-тай байгуулсан Барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт гэрээ, Халаалтын ажил гүйцэтгэх гэрээнүүд цуцлагдсан тул олох ёстой байсан орлого гэж 195 378 929 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
9.1.Нэхэмжлэгч нь хариуцагчийн бусад компанитай байгуулсан гэрээнүүд цуцлагдахад миний буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй, ажлын байрандаа архидан согтуураагүй, хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
9.2.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-д үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
9.3.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч А******* ХХК нь З ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээнүүдийг байгуулсан болох нь тогтоогдож байна.
9.4.Хариуцагч нь дээрх гэрээнүүд цуцлагдаж, манай компанид олох байсан орлого 195 378 929 төгрөгний хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан санхүүгийн шинжээч, мэргэшсэн зөвлөхийн гаргасан ажил гүйцэтгэх гэрээний дүгнэлтүүд, гэрч Г.Энхтулгын ...хариуцлага алдсан байна гэж үзэж байна. Тэгээд ажил хийж байгаа бол актын зураг, фото акт хийх ёстой, би тэр талаар хэлж байсан. Энэ хүн хийгээгүй байна. Тэгээд архи ууж аягүй алга болдог, гүйцэтгэгч нь алга болчихлоо гэж манай захирал нар руу аягүй их залгадаг. Ажил хаяж их алга болдого байсан гэх мэдүүлгээр нотлогдоно гэсэн боловч нэхэмжлэгчийн буруугаас хариуцагчийн З ХХК-тай байгуулагдсан гэрээнүүд цуцлагдсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх бөгөөд гэрчийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн барилгын ажлын гүйцэтгэлийн актуудаар үгүйсгэгдэж байна гэж үзэв .
9.5.Иймд хариуцагч А******* ХХК-ийн нэхэмжлэгч Б.Б*******т холбогдуулан гаргасан олох байсан орлого буюу хохиролд 195 378 929 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 480төгрөг, хариуцагч А******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1 134 844 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 364 480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч А******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 41 306 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******т олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч А******* ХХК-ийн нэхэмжлэгч Б.Б*******т холбогдуулан гаргасан олох байсан орлого болох 195 378 929 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 480төгрөг, хариуцагч А******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1 134 844 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 364 480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН