2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/04772

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Ц /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н******* ХХК /РД:*******/-д холбогдох 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 47 060 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Ц*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О*******,

Гэрч С.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Ц******* нь хариуцагч Н******* ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 47 060 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Г.Ц******* нь Н******* ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №0322764 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулан даатгалын зүйл болох *******УБЗ улсын дугаартай D.NOVUS маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан. Зөвшөөрөгдсөн этгээд болох Г.Т******* нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат вилла 3 хотхоны урд зам дээр 8 тонн шингэн бохир ачиж явахдаа өгсүүр, халтиргаа ихтэйн улмаас хүч алдан ухарч осолдож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-т Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэж заасныг зөрчсөн хэмээн буруутгасан байдаг. Тухайн ослын улмаас даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд гэмтэл учирч, уг гэмтэл нь холбогдох байгууллагын дүгнэлтээр 47 060 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүний дагуу Г.Ц******* нь Н******* ХХК-аас нөхөн төлбөр болох 47 060 000 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч №0322764 дугаартай даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэгт зааснаар "хурд хэтрүүлсэн" гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос удаа дараа татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлсэн гэх үндэслэл тусгагдаагүй, хэтрүүлсэн байх боломжгүй юм. Ийнхүү бидний зүгээс дээд шатны байгууллага болох Санхүүгийн Зохицуулах хороонд гомдол гаргаж, даатгалын төлбөрийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөр олгоогүй байдалтай байна. Иймд Нэхэмжлэгч Г.Ц******* болон хариуцагч Н******* ХХК нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №0322764 дугаартай даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 47 060 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгч Г.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг манай дүү унаад явсан байдаг юм. Гэтэл огцом эргэлт дээр хий эргээд хойшоо гулгаад унасан байдаг, түүнээс хурд хэтрүүлсэн зүйл байхгүй. Ийм эрсдэлийг тооцоолж Н******* ХХК-д даатгуулсан. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Жолоочийн хариуцлага, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан. Аль алины хураамж төлсөн, гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр осол болсон. Тээврийн хэрэгслийн даатгалын дагуу 47 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Санхүүгийн зохицуулах хороонд хандсан гэвч төлбөрийг өгөөгүй тул шүүхэд хандсан гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын гэрээг н.Т******* н.Т, н.С гэсэн байдаг. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Г.Ц******* гэсэн байдаг юм. Гэхдээ даатгалын гэрээ байгуулсан, гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлийнх талаар маргаагүй. Манайд даатгал нэхэмжилсэн боловч торгуулийг 12.1-г зөрчсөн гээд арга хэмжээ авагдсан байгаа. Тиймээс 4.11-д заасан нөхцөлд хамаарч байгаа учраас бид уг төлбөрийг олгох боломжгүй гэсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 12 бүлэг бүхэлдээ хурд хэтрүүлсэн гэдэгт хамаарна гэж тайлбарлаж байна. Магадлагаанд замын нөхцөл байдал хэвийн биш гэдгийг бол бичсэн байгаа. Тиймээс хурдаа тохируулах ёстой гэж үзэж байна. Иймд нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр авагдсан байгаа. Нөхөн төлбөр олго гэх шийдвэр гаргах эрхгүй байгаа гэж үзэж байна. Иймд зөвшөөрөхгүй, биелүүлэх үүрэг хүлээгээгүй. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.11 нь бол Замын хөдөлгөөний дүрмийн 12 зүйл буюу хурд хэтрүүлсэн, мөн зорчих боломжгүй газар зорчсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хурдан явах боломжгүй, техникийн хүчин чадал хүрэхгүй газар осол гарсан байна. Мөн гэрээний 4.17-д заасан хууль зөрчсөн буюу жолооч нь өөрөө Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-г зөрчсөн тул нөхөн төлбөр олгохгүй гэж үзэж байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2024.02.22-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 2024.02.22-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгслийн лавлагаа, 2024.02.26-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, №0322764 тоот Тэгш 4 тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, 2024.02.26-ны өдрийн №0766249 тоот Шийтгэлийн хуудас, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, кассын орлогын баримт, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн дүгнэлт, гэрэл зураг, Тээврийн хэрэгсэл, жолоочийн даатгалын нөхөн төлбөрийн мэдүүлэг, Н******* ХХК-ийн 2024.04.09-ний өдрийн №4-2/194 тоот Нөхөн төлбөрийн тухай албан бичиг, Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдол, Н******* ХХК-ийн 2024.07.03-ны өдрийн №4-2/381 тоот албан бичиг, 2024.07.23-ны өдрийн №4-2/446 тоот албан бичиг, Санхүүгийн зохицуулах хороо Ажлын албаны 2024.07.25-ны өдрийн 3/2633 тоот албан бичиг гэсэн баримтуудыг,

хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Н******* ХХК-иас 2024.04.09-ний өдрийн №4-2/194 тоот албан бичиг, 2024.07.03-ны өдрийн №4-2/381 тоот албан бичиг, 2024.07.23-ны өдрийн №4-2/446 тоот албан бичиг, гэрчээр С.Очхүүг дуудаж мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь Н******* ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэлд даатгалын тохиолдол үүссэн буюу 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр **** урд зам дээр 8 тонн шингэн бохир ачиж явахдаа өгсүүр, халтиргаа ихтэйн улмаас хүч алдан ухарч осолдож, ослын улмаас тээврийн хэрэгсэлд 47 060 000 төгрөгийн хохирол учирсан тул даатгалын гэрээний нөхөн төлбөрт 47 060 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Ц*******ийн даатгалын гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэлд даатгалын тохиолдол үүссэн боловч энэ нь даатгалын гэрээнд заасан даатгалд хамрагдахгүй нөхцөл байдал буюу хурд хэтрүүлсэн, Замын хөдөлгөөний дүрмийн 12 бүлэг нь бүхэлдээ хурд хэтрүүлсэн гэдэгт хамаарах бөгөөд замын нөхцөл байдал хэвийн биш байхад хурдаа тохируулаагүй, жолооч нь өөрөө замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тул нөхөн төлбөрийг олгох үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Н******* ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай Тэгш 4 тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, гэрээгээр Daewoo Novus загварын *******УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 80 000 000 төгрөгөөр үнэлж, эрсдлийг Түвшин тогтоож, хураамжийг төлж даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд Г.Цийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд даатгалын нөхөн төлбөрийг даатгагч Н******* ХХК нь төлөхөөр харилцан тохиролцжээ.

4.2.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаатай №23118000317331 дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг байгуулжээ.

4.3.Даатгалын гэрээний зүйл болох Daewoo Novus загварын *******УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Г.Цийн өмчлөлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн №03013886 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

4.4.Нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг Г.Т******* нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр жолоодож яваад Сүхбаатар дүүргийн 20 дугаар дугаар хороо, Хадат вилла, 3 замд зам тээврийн осол гаргасан болох нь Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийвэрлэж шийтгэл оногдуулсан материал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

4.5.Уг ослын улмаас нэхэмжлэгч Г.Ц*******ийн даатгалын гэрээнд хамрагдсан тээврийн хэрэгсэл болох Daewoo Novus загварын *******УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 47 060 000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан №17905 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна.

 

5.Талууд гэрээ байгуулсан, даатгалын зүйлд хохирол учирсан талаар маргаагүй, даатгалын тохиролцсон болзол бүрдсэн эсэх талаар маргаж байна.

 

6.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

6.1.Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4."даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг; хэлнэ гэж заасан байна.

6.2.Зохигч талуудын хооронд байгуулагдсан Тэгш4 тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4 дүгээр зүйлд даатгалд хамрагдахгүй нөхцлүүд 4.11-т Даатгалтай автотээврийн хэрэгслийг уралдаан тэмцээнд ашигласан, хурд хэтрүүлсэн, даац хэтрүүлсэн, техникийн хүчин чадлын хувьд зорчих боломжгүй газраар зорчсон, 4.17-т Даатгуулагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол гэж заажээ.

 

7.Хариуцагч нь нэхэмжлэгчийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, замын нөхцөл байдалд хурдаа тохируулаагүй, хурд хэтрүүлсэн, даатгуулагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хохирол учирсан тул нөхөн төлбөр олгохгүй гэсэн.

7.1.Талуудын хооронд байгуулагдсан Тэгш4 тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 5.10-д зааснаар даатгуулагч буюу нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол гарсан даруйд Замын цагдаагийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэн акт, дүгнэлт гаргуулах үүргийг хүлээсэн бөгөөд уг үүргийнхээ дагуу нэхэмжлэгч нь холбогдох байгууллагад мэдэгдсэн болох нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл, жолоочийн даатгалын нөхөн төлбөрийн мэдүүлгийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчид гаргасан байна.

7.2.Хэрэгт авагдсан 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаанд ...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна гэсэн байх бөгөөд шүүх хуралдаанд гэрч С.О******* ...магадлагааг машин онхолдсон гэх үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хохирогч, холбогдогч нараас авсан мэдүүлэг зэргийг үндэслэн гаргасан. Замын нөхцөл байдал нь цаг агаарын нөхцлөөс шалтгаалан өгсүүр, халтиргаатай, хурдтай явах боломжгүй байсан, ман ачаатай явж байснаас хүч алдсан байсан гэж мэдүүлсэн.

7.3.Дээрх баримтуудаар осол Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх боловч хариуцагчийн тайлбарт дурдсан хурд хэтрүүлсэн, зорчих боломжгүй газраар зорчсон гэх үндэслэл буюу талуудын хооронд байгуулсан Тэгш4 тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.11-т заасан даатгалд хамрагдахгүй нөхцөл байдалд хамаарахгүй байна гэж үзэв.

7.4.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Замын хөдөлгөөний дүрмийн 12 бүлэг нь бүхэлдээ хурд хэтрүүлсэн гэдэгт хамаарна гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

8.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзлыг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3/2633 дугаартай албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооноос нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэхээр байна. Иймд даатгалын гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөхийг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг тус хороонд болон даатгуулагчид эргэж хариу мэдэгдэнэ үү гэсэн байх бөгөөд хариуцагч нь энэхүү албан бичгийг даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг үүсгэхгүй гэсэн боловч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасан боловч хариуцагч нь уг шийдвэрийг эс зөвшөөрч холбогдох байгууллагад гомдлоо гаргаагүй байна.

9.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-т Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Н******* ХХК-иас даатгалын гэрээний нөхөн төлбөрт 47 060 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй, даатгалын гэрээний зүйл болох Daewoo Novus загварын *******УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 47 060 000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

9.1.Иймд хариуцагч Н******* ХХК-иас тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхөн төлбөрт 47 060 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Цэд олгохоор шийдвэрлэв.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 393 250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-т зааснаар хариуцагч Н******* ХХК-иас даатгалын гэрээний нөхөн төлбөрт 47 060 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Цэд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 393 250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН