| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/04968/И |
| Дугаар | 192/ШШ2025/04773 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/04773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ш /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ш /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: Ж******* ХХК /РД:*******/-д холбогдох
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 40,26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******,
Хариуцагч Б.Ш*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ч*******,
Гэрч Н.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж******* ХХК нь хариуцагч Б.Ш*******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Ж******* ХХК нь /64а, 64б блок/-ыг барьж ашиглалтад оруулан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. Дээрх барилгыг барьж гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчээр Т******* ХХК агаар сэлгэлтийн системийн ажлыг хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгч Жинс транс ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээний ажлын хөлс 30 000 000 төгрөгийг захиалагч буюу нэхэмжлэгч компани нь бартерын хэлбэрээр Орон сууцны 1 м квадратыг 1 500 000 тооцож дуусгавар болгохоор тохиролцсон байдаг. Дээрх тохиролцооны дагуу маргаан бүхий орон сууц болох 40.26 м.кв талбайтай орон сууцыг 2016 онд Т ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн. Тус орон сууцыг 1м.кв 1 500 000 төгрөгөөр тооцвол 60 390 000 төгрөг. Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс болох 30 000 000 төгрөгийг байрны үнээс хасч тооцоод үлдэгдэл 30 390 000 төгрөгийг Т ХХК нь манай компанид төлөх байсан ч төлөөгүй. Тус орон сууцыг эзэмшиж байгаа этгээд болох хариуцагч Б.Ш*******г төлж барагдуулах талаар олон жил шаардахад төлбөрийг төлөөгүй. Төлбөр төлөгдөхгүй байсан учир Т ХХК-ийн удирдлагатай холбогдож төлбөр төлөх талаар тодруултал төлөх боломжгүй байраа буцааж ав гэдэг хариу хэлдэг. Орон сууцыг эзэмшиж байгаа этгээдтэй уулзахаар суллаж өгдөггүй ийм нөхцөл байдалтай олон жил өнгөрч байна. Манай компанийг 41 914 335 төгрөгийн татварын төлбөр төлүүлэхээр акт тогтоож маргаан бүхий орон сууцыг битүүмжлэн өмчлөх эрхийн гэрчилгээг гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Дээрх орон сууцны шударга эзэмшигч нь нэхэмжлэгч компани бөгөөд улсын комиссын актаар тус компани эзэмшигч гэдэг нь нотлогддог. Гэтэл Б.Ш******* нь 2016 оноос өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд үнэ төлбөргүй эзэмшиж ашигласаар ирсэн. Нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан. Тус захирамжаар хариуцагч Б.Ш*******г тус орон сууцыг хууль бусаар авахаас татгалзсан. Бодит байдал дээр Б.Ш******* тус орон сууцыг эзэмшиж байгаа нь үнэн тул эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл бусад этгээд хууль бусаар эзэмшээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй. Мөн түүнчлэн тухайн хорооны Засаг даргаас тус орон сууцанд хэн амьдарч байгаа талаарх оршин суугаа хаягийн тодорхойлолтыг нэхэмжлэгчийн зүгээс авах боломжгүй. Хувь хүний нууцтай холбоотой баримтыг Засаг дарга гаргаж өгөхгүй тул нэхэмжлэгчээс хариуцагчийг хууль бусаар эзэмшиж байгаатай холбоотой баримтыг гаргаж өгөх боломжгүй байна. Харин хариуцагч нь хууль бусаар тус орон сууцыг эзэмшээгүй бол энэ талаарх нотлох үүргийг хариуцагч өөрөө хүлээх буюу нотлох үүргийн хувьд хариуцагчид байна. Иймд 40.26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилж байна гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай Ж******* ХХК нь барьж ашиглалтад оруулаад 2016 онд ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн. Уг барилгын ажилд Т ХХК агаар сэлгэлтийн системийн ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Төлбөрт нь уг 2 өрөө орон сууцыг шилжүүлэхээр болсон. Гэтэл төлбөр төлөгдөөгүй, төлбөр төлөх талаар хэлэхэд манайх төлбөрийг төлөх боломжгүй, одоо амьдарч байгаа этгээдээс төлбөрийг ав гэдэг, эзэмшиж байгаа этгээдтэй уулзахаар нь төлбөрийг нь төлөхгүй байгаа, хэд хэдэн хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрэхгүй байгаа. Тиймээс албадан чөлөөлж өгнө үү гэсэн, уг орон сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ бол гараагүй байгаа. Маргаан бүхий орон сууцны эзэмшигч нь Ж******* ХХК байгаа тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Т ХХК-тай гэрээ байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар манайх шударга эзэмшигч нь байна. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар манайх шаардаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Иймд 106.1-д зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардаж байна. Мөн гэрээнээс татгалзах эрхтэй. Т ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсан, мэдэгдлийг явуулж байсан. Иймд манай орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
1.3.Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Харин Тэнүүн Сарай ХХК-тай гэрээ байгуулсан. Гэтэл Тэнүүн Сарай ХХК нь Б.Ш*******гаас байрыг ав гэсэн. 2016 онд Тэнүүн Сарай ХХК-ийн эзэмшилд манайхаас шилжүүлсэн. Үүнээс хойш л Б.Ш******* амьдарч байгаа. Гэтэл бүхэл бүтэн 9 жилийн хугацаанд төлбөрөө төлж дуусаагүй байгаа. Төлбөр төлөөгүй нөхцөлд өмчлөгч байх ёсгүй гэж үзэж байна. Бид мэдэгдэл өгч байсан, гэвч өнөөг хүртэл байрны төлбөрийг төлөөгүй байгаа гэв.
2.Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ч******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан хоёр өрөө орон сууцыг бартераар өгнө гэсэн гэрээ бол байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь төлбөр төлөөгүй гэдэг боловч Б.Ш******* төлсөн 10 000 000 төгрөгний ажил хийсэн гэдэг нь нотлогддог. Одоо үлдэгдэл нь 11 390 000 төгрөгний үлдэгдэл байгаа, үүнийг өгье гэсэн боловч нэхэмжлэгч нь үгүй, байр чөлөөлж өг гэдэг. Тиймээс байр чөлөөлж өг гэдэг маргаан үүсгэсэн учраас орон сууцны төлбөрийг авахгүй байгаа гэв.
2.1.Хариуцагч Б.Ш шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулж өгөхийг даалгахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Т ХХК-иас хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд орон сууцыг шилжүүлэн авсан. Мөн Ж******* ХХК-нд 10 000 000 төгрөгний ажил хийж өгсөн. Гурван удаа төлөлт хийсэн, үлдэх мөнгийг төлнө гэхээр нэхэмжлэгч өөрөө авахгүй байгаа. Тиймээс орон сууцны 80 гаруй хувийг төлсөн учраас үүргийг ялимгүй зөрчсөн байгаа. Тиймээс орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү, бичиг баримтыг хариуцагчаас гаргуулахыг даалгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, 2016.05.16-ны өдрийн 172/2016 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, /64а, 64б блок/, Хот байгуулалт, газрын кадаст, мэдээллийн хэлтсийн 2025.01.22-ны өдрийн 3/111 тоот албан бичиг, план зураг, Ү-2206******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, 2014.08.12-ны өдрийн №04/2014 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2015.11.26-ны өдрийн Барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт, Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийсэн ерөнхий дүгнэлт, 2023.04.19-ний өдрийн Нөхөн ногдуулалтын акт, Ж******* ХХК-ийн 2018.09.25-ны өдрийн №49/18 тоот албан бичиг, 2021.04.01-ний өдрийн албан бичиг, 2021.05.06-ны өдрийн албан бичиг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2023/22680 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2024/07539 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШТ2024/00328 дугаар Гомдол хянан шийдвэрлэх тухай шүүхийн тогтоол, сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар,Т констракшн ХХК-ийн 2029.08.17-ны өдрийн 24/01 тоот тодорхойлолт, дансны хуулга, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр гэсэн [email protected] хаягнаас хариуцагч Б.Ш*******гийн @gmail.com хаяг руу ирсэн мэйлд үзлэг хийсэн тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан, гэрчээр Н.Г*******ийг дуудаж мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.Шгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ж******* ХХК нь 120 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн, дээрх барилгыг барьж гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т ХХК-нд 60 390 000 төгрөгний ажлын хөлсөнд тооцож 40,26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн боловч үнийг төлөөгүй, ажлаа хийж гүйцэтгээгүй, орон сууцыг хариуцагч Б.Шг шилжүүлсэн боловч хариуцагч нь орон сууцны үнийг төлөөгүй эзэмшиж, ашиглаад амьдарч байгаа тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч Б.Ш******* нь орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, Т ХХК-иас ажлын хөлсөнд тооцож шилжүүлэн авсан, орон сууцны үнэд 10 000 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, 9 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх орон сууцны төлбөрийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарласан.
4.Хариуцагч нь нэхэмжлэгч Ж******* ХХК-д холбогдуулан орон сууцыг Т ХХК-иас ажлын хөлсөнд тооцож шилжүүлэн авсан хууль ёсны эзэмшигч бөгөөд орон сууцны төлбөрийн 80 орчим хувийг төлж барагдуулсан тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Шдтай гэрээ байгуулаагүй, түүнд орон сууцыг шилжүүлэн өгөөгүй, Т ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт орон сууцыг шилжүүлсэн, орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй хууль ёсны эзэмшигч гэж тооцохгүй гэж үгүйсгэсэн.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №172/2016 тоот комиссын актаар /64а, 64б блок/ байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэв гэжээ.
6.2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000386766 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд Ж******* ХХК нь Нийслэлийн 3474 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.
6.3.2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №04/2014 тоот Ажил гүйцэтгэх гэрээг нэг талаас Ж******* ХХК, нөгөө талаас Т ХХК нар нь байгуулж, гэрээгээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 10 давхар 60 айлын орон сууцны барилгын агаар сэлгэлтийн системийн ажлыг хийж гүйцэтгэх, гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлс нийт 30 000 000 төгрөг байна, ажлын хөлсийг үе шатаар тооцон олгохоор, орон сууцны 1м.кв-ыг 1 500 000 төгрөгөөр тооцож, барилгын салхивч, агаар сэлгэлтийн системийн ажлын хөлсийг бартерийн гэрээгээр дуусгавар болгохоор харилцан тохиролцжээ.
7.Талуудын маргааны зүйл нь хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй эсэх, өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй эсэх талаар маргаж байна, орон сууцыг хариуцагч Б.Ш******* эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй.
8.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-д өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-д энэ хуулийн 106.1, 106.2-д зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасан.
8.2.Нэхэмжлэгч 40,26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч тул орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа хариуцагч Б.Ш*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардаж, орон сууцны хууль ёсны өмчлөгч буюу шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсан Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар тогтоогдоно гэсэн.
8.3.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч гэдгээ буюу өмчлөх эрхээ алдаагүй гэдгийг нотлох бөгөөд хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №172/2016 тоот комиссын актад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Тооноор гэрэлтэх НҮТББ, Ж******* ХХК-ийн захиалгатай 12 автомашины дулаан зогсоолтой 120 айлын орон сууцны барилга /64а, 64б блок/ гэсэн байх тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Ж******* ХХК-ийг гэж үзэх үндэслэлгүй, мөн дээрх орон сууцыг нэхэмжлэгч нь Т ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон гэж тайлбарлаж байна.
8.4.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий орон сууцыг Т ХХК-тай байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №04/2014 тоот Ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд бартерт шилжүүлсэн гэж тайлбарласан боловч уг гэрээг цуцалсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
8.5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарах бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн боловч хариуцагч нь дээрх үл хөдлөх буюу орон сууцыг Т ХХК-иас ажлын хөлсөнд тооцон авсан гэж тайлбарласан, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.Г******* нь ...миний бие Т ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, гүйцэтгэх захирал, уг орон сууцыг Ж******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож аваад Б.Ш*******д шилжүүлсэн, үлдэх хөлсийг нь өөрөө төлж авах ёстой гэж мэдүүлж байх тул хариуцагчийг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.
8.6.Мөн хэрэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000386766 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд Ж******* ХХК нь 3474 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/3332 тоот албан бичигт ...шүүгчийн захирамжид дурдсан 15 тоот хаягаар үл хөдлөх хөрөнгө өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй байна... гэжээ.
8.7.Иймд нэхэмжлэгч нь 40,26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь баримтаар тогтоогдохгүй, хариуцагч нь хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч Б.Ш*******г орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна гэж үзэв.
7.Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч Б.Ш******* нь нэхэмжлэгч Ж******* ХХК-д холбогдуулан орон сууцны төлбөрийн 80 орчим хувийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрийг төлөх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулж өгөхийг нэхэмжлэгчид даалгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
7.1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж зааснаар уг орон сууцыг шударгаар эзэмшиж байгаа тул өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн.
7.2.Хариуцагч Б.Ш******* нь 15 тоот орон сууцыг Т ХХК-иас ажлын хөлсөнд тооцож авсан гэж тайлбарласан бөгөөд орон сууцны үлдэх төлбөрт 30 390 000 төгрөгийг төлөхөөс 10 000 000 төгрөгт барилгын ажил хийж гүйцэтгэсэн, үлдэх 20 390 000 төгрөгнөөс 9 000 000 төгрөгийг шилжүүлж, 11 390 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон тул уг мөнгийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарласан.
7.3.Хариуцагч нь Т ХХК-иас орон сууцыг ажлын хөлсөнд тооцон шилжүүлж авсан гэж тайлбарласан боловч хэдэн төгрөгний ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн авсан талаараа баримтаар нотлоогүй, мөн орон сууцны үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч Ж******* ХХК-нд төлөхийг зөвшөөрч байна гэсэн боловч нэхэмжлэгч орон сууцны төлбөрт хариуцагчаас барилгын ажил гүйцэтгэж 10 000 000 төгрөгийг төлөөгүй, мөн 9 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаж, ажлын хөлсийг төлөхийг Т ХХК -нд удаа дараа мэдэгдэж байсан гэж тайлбарлаж, орон сууцны үлдэх хөлсний талаар Т ХХК-тай маргаантай байгаа гэж тайлбарласан тул орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй, үлдэх хөлсний талаар маргаж байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
8.Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны өмчлөгч болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хариуцагч нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй байх тул хариуцагчийн өмчлөгчөөр тогтоолгох, баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Б.Ш*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн хариуцагч Б.Ш*******д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар хариуцагч Б.Ш*******гийн нэхэмжлэгч Ж******* ХХК-нд холбогдуулан гаргасан өмчлөгчөөр тогтоолгох, баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Б.Ш*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН