Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн даргаар П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э-т холбогдох эрүүгийн 201622000659 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хөхнуур Т.Э, 

Шүүгдэгч Т.Э нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт иргэн Ө.П-ийн эзэмшлийн Зил 131 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар зүйлийн 22.2.А, 22.5, 22.6 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас Старекс маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас уг автомашиныг жолоодож явсан иргэн Т.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Э нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт иргэн Ө.П-ийн эзэмшлийн Зил 131 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар зүйлийн 22.2.А, 22.5, 22.6 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас Старекс маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, Т.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Хөвсгөл аймгийн Түнэл суманд үйл ажиллагаа эрхэлдэг Гандан нуур ХХК-д жолоочийн ажил эрхэлдэг юм. Ингээд 2016 оны 10-р сарын 27-ны өдөр Гандан нуур ХХК-ний хөрөө рамны суурь, мотор, түлхдэг тэрэг зэргийг Гандан нуур ХХК-ний ... улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр болон чиргүүл дээр Мөрөн сумын 10 дугаар хорооны хойд талын далангийн ар талд байдаг хөрөө раман дээрээс ачаад Мөрөн сумын 10 дугаар хороонд шинээр тавигдсан засмал замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал миний урдаас тод гэрэлтэй машин зөрөх шиг болоход тар няр хийх чимээ гарсан. Тэгээд машинаа зогсоогоод буугаад хартал зам тээврийн осол гарчихсан байсан. Тэгээд хамгийн түрүүнд түргэн тусламж дуудсан. Цагдаа нар хэргийн газарт очиж холбогдох шалгалтыг хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-123 дугаар хуудас/,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг эмнэлэг дээр очиход Э өөрийн хийж буй үйлдлийг удирдах чадваргүй, орчноо мэдрэхгүй, орилж хашгираад намайг ч танихгүй байсан. Намайг харахад Э-ын зүүн талын нүдний хажууд босоо 9см хэмжээтэй ангайсан шархтай байсан. Мөн арзгар юм ирж цохисон бололтой байсан. Тэгээд Э-ын биед тайвшруулах тариа хийж унтуулсан. Унтсанаас хойш 20-иод минутын дараа КТГ-т Э-ын толгойн зургийг авахуулсан. Тухайн үед жижүүрээр эмч Ү ажиллаж байсан бөгөөд КТГ-ийн зургийг нь тэр дор нь гаргаж өгсөн. Гаргасан зургийг эрчимт эмчилгээний тасгийн их эмч Түмэнжаргал уншиж өгсөн. Зургийг уншихдаа толгойн духны хэсэгт гавал ясны цөмрөлттэй, цагаан тархи нь 5 газарт няцралттай, баруун чамархайн дотор цус харвалттай, тархи бүхэлдээ доргилттой, гэмтэлтэй байна гэж хэлсэн бөгөөд сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлнэ гэж байсан. ...Э 2016 оны 11-р сарын 01-ний өдөр тархины хагалгаанд орсон. ...Хагалгаа 2 цаг хэрээтэй үргэлжлээд амжилттай болоод хагалгааны өрөөнөөс гарсан. Тэгээд сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлсэн бөгөөд Э сэхээн амьдруулах тасагт шилжсэнийхээ дараа зүрх зогсож амьсгалын аппаратанд орсон. ...2 хоногийн дараа амьсгалын аппаратыг нь салгасан. ...Түүнээс хойш 3 хоногийн дараа Э хуруу, гараа хөдөлгөж, нүдний зовхи нь хөдөлж эхэлсэн. Түүнээс хойш бага багаар ухаан  орж мэс заслын тасагт шилжсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-55 дугаар хуудас/,

Гэрч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг хэргийн газарт очиход хоёр машин зөрөөд зогсчихсон байсан ба чиргүүлтэй Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр хөрөө рам, чиргүүл дээр нь трактор ачсан байсан. Тэгээд намайг өөрийн дүү Э-ын машин дээр очиход Э нь цус нөжиндөө хутгалдчихсан жолооч талын суудал дээр сууж байсан. Машин дотор Э-оос өөр хүн байгаагүй. Тэгээд 5 минутын дараа эмнэлгийн машинтай эмч нар ирээд Э-ын аваад явсан. Тэгээд Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл дээр очиход уг тээврийн хэрэгсэл дээр хөндлөн ачсан байсан хөрөө рамын замыг мөргөсөн байсан. Хөрөө рамны замыг Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл дээр хөндлөн бэхэлгээгүй ачсан байсан. Тэр нь манай дүүгийн старекс маркийн тээврийн хэрэгслийг зөрөхдөө хамсан байсан. Үүнийг би яаж мэдэж байна гэхээр 131 маркийн тээврийн хэрэгсэл дээр ачсан байсан хөрөө рамны зам нь тэвшин дээрээс хойшоо хөдөлж хойд талын чиргүүлийн тэвшний урд талын поорчигийг мөргөж цөмлөсөн байсан. Мөн 131 маркийн ачааны тээврийн хэрэгслийн толгойн бүх дугуй нь замын цагаан зураасыг давж эсрэг урсгал уруу орсон байсан. Үүнийг би өөрийн нүдээр харсан. Мөн маргааш нь өөрийн дүү Э-ын тээврийн хэрэгслийг авахдаа мөрийг харсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60 дугаар хуудас/,

Гэрч О.О.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Э ах найзынхаа гэрт ороод 30 минут орчим болоод гарч ирэхдээ бага зэргийн архи үнэртүүлчихсэн гарч ирсэн. Тэгээд бид гурав Э ахын найзынх нь хашааны гаднаас хөдлөөд У ахыг гэрт нь хүргэж өгөхөөр Мөрөн сумын 14 дүгээр хорооны шинээр тавигдсан засмал замаар ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй явж байгаад Дурсамж бүжгийн газар өнгөрөөд явж байгаад ачааны том машинтай зөрөх шиг болтол Энхболд ахын машин руу том хар юм нүүгээд ороод ирсэн. Зам тээврийн осол болох үед би старекс маркийн тээврийн хэрэгслийн арын дунд урагшаа харсан суудал дээр сууж явсан. Тэгээд би хүүе гэхийн зууртгүй тас няс хийх чимээ гарсан. Тэгээд Э ахын машин нэг юманд чирэгдээд ертөнцийн зүгээр баруун тийш бараг зэрэг чирэгдсэн. Тухайн үед Э ахын толгой тархинаас нь цус гараад ухаан алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг очиход Э-ын машин дээр хөрөө рамны тоног төхөөрөмж ачсан байсан бөгөөд би очоод Э бид хоёр машиндаа суугаад Э машинаа жолоодоод Мөрөнгийн урд талын бензин түгээгүүрийн газар орж бензин аваад Түнэл сум явахаар болоод Мөрөн сумын 14 дүгээр хороонд шинээр тавигдсан засмал замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал урдаас нэг машин ирж яваа харагдсанаа зөрөөд өнгөрөх шиг болтол удалгүй тас няс хийх чимээ гарсан. Тэгээд бид хоёрыг машинаас буухад старекс машин нилээн эвдэрсэн жолооч нь ухаан алдсан байсан. Тэгээд Э бид хоёр хамгийн түрүүнд түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Яг өдрийг нь сайн санахгүй байна. 2016 оны 10 сарын дундуур байх би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 хорооллын орчимд гэрлүүгээ харих гээд 21 цаг өнгөрч байхад хамаатны ах болох Т.Э-ын хамт машинтай нь засмал замаар өгсөж явтал өөдөөс том тэрэг гарч ирсэн, тэгээд зөрөөд явтал манай машины жолооч талаас хөндлөн төмөр орж ирээд жолооч талыг тэр чигт нь хамаад аваад явсан. Тэгээд зогстол Т.Э цус алдсан байдалтай байж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас/,

Гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 3 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 18 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 20-23 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 3-6 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 24-29 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол/2-р хх-ийн 217 дугаар хуудас/,

Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн ачаанд туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-42 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 43-49 дүгээр хуудас/,

Бичиг баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 50-52 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 591 дугаартай:

  1. Т.Э-ын биед гэмтэл учирсан байна.
  2. Т.Э-ын биед дух ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн няцрал, зүүн шанаа, мөрөнд шарх бүхий гэмтэл учирсан байна.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
  4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал ЗТО-д орох үед үүсгэгдэнэ.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /1-р хх-ийн 90 дүгээр хуудас/,

         Шинжээч эмч Р.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Дух ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн тал бөмбөлгийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн шанаа, мөрөнд учирсан шарх бүхий гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба дээрхи бүх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 106 дугаартай: ...Т.Э-ын биеэс авсан нэх цусанд 1.5 промилли спиртийн агууламж илрэв. Цуснаас илэрсэн 1.5 промилли спиртийн агууламж  нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 108 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаартай,  2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 46 дугаартай,  дүгнэлтүүд /1-р хх-ийн 112,184 дүгээр хуудас/,

Автомашины хохирол үнэлсэн тайлан /1-р хх-ийн 203 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь замын цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн комиссын  2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай: “Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шинжлэн үзэхэд зил 131 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Э нь харанхуй үзэгдэлт хангалтгүй замд өргөөшөө 2.5 метрээс илүү гарсан ачаа ачиж явахдаа замын цагдаагийн албанаас зөвшөөрөл аван хөдөлгөөнд оролцоогүй, илүү гарсан хэрэгт улаан, цагаан гэрэл буюу гэрэл ойгуур байрлуулаагүй / шар тор уясан гэх нь үзэгдэлт хангалтгүй замд шаардлага хангахгүй/ бусдад аюул, хохирол учруулах осолтой байдал үүсгэсэн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан байна.

2. Зил 131 маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22-р зүйлийн 22.2-ийн а-д  заасан “Ачааг унаж чирэгдэхгүй, хөдөлгөөний оролцогчдод саад, аюул учруулахгүй байхаар байрлуулж бэхэлсэн байна”, 22.5-д заасан” Хүнд ачаа тээвэрлэх, мөн тээврийн хэрэгслийн асаатай буюу ачаагүй өндөр нь 4 метр, өргөн нь 2.5 метр, урт нь 20 метр ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 метрээс илүү түүнчлэн хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол хөдөлгөөнд оролцохдоо Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна”, 22.6-д заасан “Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр өргөөшөө 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна”. 1 дүгээр зүйлийн 1-5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, Старекс маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Э-д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-д заасан “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна”... гэх дүгнэлт /2-р хх-ийн 9 дүгээр хуудас/ зэрэг болно.

Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Э-т бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэлд нь 2017 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Э нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дүгээр багт иргэн Ө.П-ийн эзэмшлийн Зил 131 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар зүйлийн 22.2.А, 22.5, 22.6 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас Старекс маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, Т.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй нотолж байгаа,  шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Т.Э-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Т.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм бураагаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, а... хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Харин  хэрэгт тусгагдсан Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 95 дугаар хуудас/ нь эргэлзээтэй, уг шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж, комиссын бүрэлдэхүүнтэй нэмэлт шинжээчийн дүгнэлтүүд гарсан байх тул нотлох баримтад тооцоогүй болохыг дурдав.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Т.Э нь хохирогч Ө.Х-т 3.700.000 төгрөгийг төлсөн гэх, хохирогч нь хуульд заасан эрхээ өмгөөлөгчөөрөө дамжуулан хэрэгжүүлж болох бөгөөд хохирогчийн өмгөөлөгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Х- нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Т.Э, иргэний хариуцагч Ө.П- нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т.Э-ын ВCD ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 201622000659 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдоогүй болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х Т.Э-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т-ыг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн 201622000659 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг иргэний журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
  6. эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т-ын ВCD ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгасугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЧИР