Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/23

 

Н.*******д холбогдох эрүүгийн

  хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.*******үү /цахимаар/

          Шүүгдэгч                                                                                  Н.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.******* /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Н.*******д холбогдох 2324000450065 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, ******* ******* мэргэжилтэй, Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд ******* ******* ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн ******* ******* тоотод оршин суух,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй,  овогт гийн *******.

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний  06-07 цагийн орчимд Завхан аймгийн Түдэвтэй сумын уу багийн нутаг дэвсгэр “” гэх газарт  Приус-20 маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.1 "Г"-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх”, мөн дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ. Б:Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах, бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Г., Д.аа нарын эрүүл мэндэд хүндэвтэр, О.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх  гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Н.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.*******д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас 4,915,197/ дөрвөн сая есөн зуун арван таван мянга нэг зуун ерэн долоо/  төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л. нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.гийн эрүүл мэндийг цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Учир нь, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүхээс миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн (гэмт хэрэг гарахад үйлчилж байсан эрүүгийн хуульд 1-3 жил байсан ч хамгийн өндөр эрх хасах ялын дээд хэмжээ буюу тултал нь 3 жилийн) хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулсан. Мөн эрүүл мэндийн даатгалын санд 4,915,197 төгрөг төлүүлэхээр шийдвэр гарсан байсан, төлбөрийг шүүх хуралдаан хэлсэн ёсоороо зээлээ нэмэгдүүлэн авч төлсөн. Баримтыг хавсаргав. Би өөрийн болгоомж сонор сэрэмжээ алдаж тухайн гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсдаг учраас хохирогч О.гийн эмчилгээний зардалд 2023.07.05-ны өдөр 60,000 төгрөг, 2023.06.14-ний өдөр 200,000 төгрөг, 2023.06.06-ны өдөр 500,000 төгрөг, 2023.07.07-ны өдөр 160,000, 75,000, 105,000 төгрөг, 2023.07.04-ний өдөр 150,000 төгрөг, 2023.07.05-ны өдөр 105,000 төгрөг нийт 2,550,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад, эмчилгээнд явахад зарцуулсан шатахууны зардал болох 322,047 төгрөгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тус тус төлсөн Хохирогч Г.ид 2023.06.05-ны өдөр 250,000 төгрөг, 2023.06.13-ны өдөр 500,000 төгрөг, 2023.06.16-ны өдөр 200,000, 2023.08.13-ны өдөр 500,000 төгрөг нийт 1,750,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн. Мөн 2024.01.05-ны өдөр рентгений 30,000 төгрөг, 2024.01.05-ны өдөр шүдний аппаратны 1,500,000 төгрөг, 2024.01.14-ний өдөр 1,200,000 төгрөг нийт 2,730,000 төгрөг төлсөн байна. Нийтдээ хохирогч Г.ид 4,480,000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн. Хохирогч Д.аа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирол эмчилгээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болгосон. Миний бие эрүүл мэндийн даатгалын санд төлбөр 5,854,880 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн аар, мөн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тоот дансанд 30,000 рентген зураг, 1,500,000 төгрөг шүдний аппарат, тоот данс руу 1,200,000 төгрөг, Г. шүдний аппарат гэсэн утга бүхий гүйлгээ хийсэн дансны хуулга, шүүгдэгч Н.******* нь "цалингийн зээлээс хохирлоо төлж барагдуулсан. Нөхөр багш ажилтай ******* даатгалын сангийн төлбөрийг хагасыг төлөх гэхээр наас цалингийн зээлээ тултал нь авсан байсан тул төлж амжаагүй, зээл аваад 6 сарын дараа дахин зээл авах боломжтой болдог болохоор 2024 оны 06 сард багтаан төлөхөө шүүхэд илэрхийлж, мөн Хохирогч О.гийн зун орох хагалгааны төлбөрийг 2024 оны 07 дугаар сард хагалгаанд орох үед төлж барагдуулахаа илэрхийлсэн. Миний бие нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд хохирогч О.гийн төлбөрт 5,854,880 төгрөг, Г.ийн төлбөрт 3,156,150 төгрөг, Г.аагийн төлбөрт 1,437,000 төгрөг, нийт 10,448,030 төгрөг төлөхөөс О. гийн 5,854,880 төгрөгийг төлсөн, үлдэгдэл Г. аа буюу манай ээжид зарцуулсан 1,437,000 хохирогч Г. ид зарцуулсан 3,156,150 нийт 4,593,150 төгрөгийн төлбөрийг төлж чадаагүй шүүх хурлын хугацаа болсон. Шүүх хуралдаан болох үед тухайн төлбөрийг төлөөд орох боломжтой байсан боловч Хохирогч Г. нь т ажилладаг бөгөөд зунаас хойш эгч би ээлжийн амралтаа өвөл 12 сарын үеэр авна, тэр үеэрээ шүдний эмчилгээгээ Улаанбаатар хотод хийлгэнэ Завхан аймагт хийх боломжгүй юм байна, та намайг ээлжийн амралтын хугацаанд өвөл Улаанбаатар хотод очиход миний шүдний эмчилгээний зардлыг төлнө шүү гээд байсан тул миний бие тухайн цаг хугацаанд зээл авах эрх нээгдчих юм байна гээд хохирогчийн ээлжийн амралтаар орох шүдний эмчилгээний зардлыг төлөхөө амласан байсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нэг дор хийх боломжгүй цалингийн зээлийн эрх хүрэхгүй байсан тул Миний бие шүүх хуралдаан ойрдсон үед цалингийн зээлийн эрхээ ахиу болгож байгаад зээл авахаар төлөвлөж байсан ба шүүх хуралдаан болох нь тодорхой болонгуут эрүүл мэндийн даатгалын төлбөрийг бүрэн төлөх зорилгоор цалингийн зээлээ тултал нь авсан. Гэтэл Г. нь миний амласан цаг хугацаанд буюу 1 сард Улаанбаатар хотод ээлжийн амралтаа аваад ирсэн байна эгч би шүдний эмчилгээгээ хийлгэхээр ирсэн та мөнгөө явуул гээд шүүх хуралдаандаа давхцаж таарсан. Тэгээд эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг бүрэн төлөөд шүүх хуралдаандаа орох уу эсвэл хохирогч Г. ийн шүдний эмчилгээний зардлыг төлөх үү гэсэн сонголт гарч ирсэн бөгөөд хамгийн түрүүнд хохирогчийн эмчилгээний зардлыг хэлсэн тохирсон цаг хугацаанд төлөхөөр болж 2730000 төгрөгийг хохирогчид төлсөн болно. Мөн хохирогч нарт учруулсан хохирлоо өөрийн боломж бололцоогоор цалингаасаа болон нөхөр бид хоёр удаа дараа зээл авч төлсөөр ирсэн. Мөн цаашид гарах эмчилгээний зардлуудыг ч мөн сайн дураар төлөхөө илэрхийлж шүүх хуралдаанд орсон. Н.******* миний бие Завхан аймгийн Ерөнхий боловсролын 3-р сургуульд ******* ажилтнаар ажилладаг бөгөөд 04 настай хүүхдээ өглөө цэцэрлэгт хүргэн өгч, орой очиж авдаг. Хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаанд өөрийн гэм бурууг маш сайн ухамсарлаж, тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ хүний алтан амь хариуцаж байгаа гэдгээ санан маш анхаарал болгоомжтой зорчих ёстой гэдгийг сайтар ухаарсан. Мөн залуу гэр бүл учраас цаашид дахин үр хүүхэдтэй болох, багшийн ажлаа хариуцлагатай чанартай хийх, хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардал төлөх зэрэг олон хариуцлагатай ажил намайг хүлээж байгаа. Энэ бүхнийг амжуулж амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд залуу хүний хувьд олон ажил амжуулж цаг хэмнэхэд тээврийн хэрэгсэл амьдралын салшгүй хэсэг болдог, 2 жилийн хугацаанд сар бүр сургалтад сууж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад байх нь ******* ******* хүний хувьд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал, сэтгэлзүйн хувьд хүнд тусаж, дарамт ихтэй байна. Иймд Н.******* миний нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнсэж харгалзах ялыг 6 сар болгож, 3 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 1 жил болгон багасгаж хөнгөрүүлэн өгч тусална уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Учир нь, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг Гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн зүйл ангиар ял оногдуулсан. Ингэж шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн заалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг тус зүйлийн 1-т заасан шаардлагыг хангасан буюу Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугaa хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно ... гэснийг удирдлага болгосон атлаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- дэх ... хорих ялын дээд хэмжээ 3 жил хүртэл гэх заалтыг хэрэглэлгүй, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил гэх заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулсан нь гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан нэмэгдэл ялын дээд хэмжээгээр шийтгэсний мөн 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж, албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул нэмэгдэл ялын хэмжээг гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарын хохирол барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хугацааг нь багасгаж  өгнө үү гэв.

Прокурор Б.*******үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Н.*******д холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс гэм буруугийн, эрүүгийн хариуцлагын шүүх хурлаар хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.*******д тухайн зүйл хэсэгт  заасан гэмт хэргийг хөнгөрүүлэн тэнсэн харгалзах ял, нэмэлт ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь эрүүгийн хуулийн зорилтод нийцсэн. Шүүгдэгчийн гэм буруу, хохирол төлсөн байдал, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан зэргийг харгалзан шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, шийдвэрлэсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр нь тухайн хэргийн гэм буруугийн шинж байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хоёр, түүнээс дээш хүн гэмтсэн, гэм буруугийн шүүх хуралдааны үед 4,900,000 (дөрвөн сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол, төлбөрийг төлөөгүй байсан. Шүүхээс энэхүү хохирлыг төлүүлэхээр шийтгэх тогтоолд дурдсан зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргаж байгаа давж заалдах гомдлын үндэслэл болсон практикт тогтсон гэх үндэслэл нь ач холбогдолгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь прокурорын гаргасан ялын саналын хүрээнд гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, оролцогчдын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ. 

  1. Хэргийн үйл баримтын талаар,

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний  06-07 цагийн орчимд Завхан аймгийн Түдэвтэй сумын уу багийн нутаг дэвсгэр “” гэх газарт  Приус-20 маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж, зорчигч Г., Д.аа нарын эрүүл мэндэд хүндэвтэр, О.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулжээ.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Насанд хүрээгүй хохирогч О.гийн “...Би 2023 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 03 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумаас Баянхайрхан сумын чиглэлд ЗАА улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн авто машинд сууж явсан. Аймгийн төвөөс хөдлөх үед авто машиныг эрэгтэй хүн жолоодож шөнөжин давхиад, Нөмрөг суманд өглөө 06 цагийн үед очсон. Тэгээд машин жолоодож явсан ах Нөмрөг суманд үлдээд машиныг түүний эхнэр гэх зүс таних эмэгтэй жолоодоод цааш хөдөлгөөнд оролцсон. Нөмрөг сумаас хөдлөх үед би машины хойд талын суудал буюу жолоочийн хойд талын суудал дээр сууж явсан, миний хажууд ах сууж явсан, жолоочийн хажуу талд түүний ээж нь гэх настай эгч 3 орчим настай жаахан хүүхэд тэврээд суугаад явж байсан. Нөмрөг сумаас хөдлөх үед бид хоёр суудлын бүс зүүгээгүй, жолооч эмэгтэй ч энэ талаар хэлж сануулаагүй, Нөмрөг сумаас хөдлөөд бид хоёр унтсан. Түүнээс цааш ямар зүйл болсон, яаж осолд орсон талаар юу ч санахгүй байгаа ба Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт байхдаа ухаан орсон. Ухаан орсноос хойш хүмүүсийн яриаг сонсоход жолооч эгч машин бариад явж байхад нь гэнэтхэн зам дээр хар юм гараад ирэхээр нь хажуу тийш нь дарсан гэсэн. Надад ослын талаар мэдэх зүйл алга...." гэсэн мэдүүлэг,

Хохирогч Г.ийн “...2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлаасаа буугаад гэр рүүгээ харих гээд унаа хайж байгаад Баянхайрхан сумын фейсбүүк группт, Завхан аймгийн Баянхайрхан сум руу явах унаа хайж байна гэсэн зар оруулсан. Тэгтэл манай нутгийн аа гэх хүн залгаад орой явна гэж хэлсэн. Тэгээд шөнө нь буюу 2023 оны 06 дугаар сарын 02-03-нд  шилжих шөнө 02 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумаас ЗАА улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Аймгийн төвөөс хөдлөх үед машиныг гэх залуу бариад түүний хажууд эхнэр ******* суугаад арын суудал дээр буюу жолоочийн хойд талд дунд хэсэгт аа эгч би зүүн гар талд нь сууж явсан. Өглөө 06 цагийн үед машинаа барьсаар Завхан аймгийн Нөмрөг сумын төв дээр ирсэн. ажилтай гээд Нөмрөг сум дээр бууж үлдээд машиныг нь түүний эхнэр ******* бариад хажууд нь ээж нь 3 настай хүүхдийг нь тэврээд явсан. Бид хоёр хойд талын суудал дээр сууж явсан. Тухайн үед хойд суудал дээр суудлын бүс байсан боловч бид хоёр бүслээгүй жолооч ******* энэ тухай ч бид хоёрт юу ч хэлээгүй. Миний санаж байгаагаар ******* суудлын бүсээ зүүж байсан харин түүний хажууд сууж явсан аа эгч зүүсэн үгүйг нь бол анзаараагүй. Нөмрөг сумаас дөнгөж гараад  бид хоёр унтаад өгсөн. Тэгтэл гэнэтхэн машин донслоод эхлэхээр нь сэрэхэд машин хөөрч байснаа урд копудаараа газар мөргөж зогссон. Машин урд копудаараа газар мөргөх үед би урд суудлын дэр рүү эрүүгээрээ мөргөсөн. Үүнээс болоод би биедээ гэмтэл авсан. Өөр миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би машинаас ганцаараа түрүүлж машины зүүн урд талын хаалгыг онгойлгоход аа эгч хүүхдээ тэврээд сууж байсан биед нь ил харагдах гэмтэл шарх нээх харагдахгүй байсан. Дараа нь жолооч *******ын хаалгыг онгойлгоход ******* суудлын бүсээ тайлах гээд ноцолдоод байж байсан. Хамгийн сүүлд баруун хойд хаалга буюу гийн хаалгыг онгойлгоход түүний хамраас нь цус гарсан байдалтай нэг нүд нь хавдаж эхэлж байхаар нь машинаас түүнийг буулгасан. Тэгээд хажуугаар явж байсан замын унаа зогсоогоод бүгдээрээ суугаад Нөмрөг сумын эмнэлэг ороод цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн. Жолооч ******* нь ослын талаар ярихдаа засмал замаар явж байхад урдаас гэнэтхэн тос хар юм гарч ирэхээр нь хажуу тийш нь дартал машин замаас гарсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.аагийн “...2023 оны 06 дугаар сарын 02-03-нд  шилжих шөнө Завхан аймгаас охин Н.*******, зээ хүү У. /3 настай/, хүргэн нарын хамт ын машин болох ЗАА улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Замаараа эхлээд О.г аваад, дараагаар нь Г.ийг аваад шууд Улиастай сумаас гарсан. Тэгээд Нөмрөг суманд 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 06 цаг дөнгөж өнгөрч байхад очсон. Нөмрөг суман дээр ирээд хүргэн нь гэртээ үлдээд *******д машинаа  шилжүүлсэн. Өглөөний 07 цагийн үед Нөмрөг сумаас гараад Завхан аймгийн Түдэвтэй сумын “” гэх газрын орчимд буюу кемпийн ойролцоо явж байхад уг зам тээврийн осол гарсан. Тухайн зам тээврийн осол нь Завхан аймгийн Нөмрөг сумаас гараад 30 минут болоогүй байхад гарсан. Жолоочийн ар талд , дунд нь би суусан, нөгөө талд суусан байсан. Жолоочийн хажуу талын урд суудал дээр охин *******, хүүгийн хамт суусан байсан. Машиныг жолоодож явсан. Би Улаанбаатар хотод Цэргийн төв эмнэлэгт хэвтэж баруун гарын богтосны нарийн яс зөрүүтэй хугарсан байхаар нь хадуулсан. Өөрөөр, ямар нэгэн эмнэлэгт үзүүлээгүй. Манай охин зүүрмэглэсэн юм болов уу л гэж бодож байна. Түүнээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8646 дугаартай: “...О.гийн биед баруун, зүүн хацар, шанаагаар зөөлөн эдийн гэмтэл, зүүн дээд зовхинд зулгаралт, дух, суурь яс, баруун ухархайн дээд, доод, хананы хамрын хөндийн дээд хана, хацар ясны цөмөрсөн, хамар ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 000000239 дугаартай: “...1.Г.ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Доод эрүү, чамархай ясны хавсан хугарал, эрүүний толгой хэсгийн хугарал, зүүн 5-р араа шүдний булгарал, 6,7-р араа шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 4. Тус гэмтлүүд нь цаг хугацааны хувьд зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. 5. Тухайн гэмтлүүдийн зүүн 5-р араа шүдний булгарал, 6,7-р араа шүдний гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 10%-иар тогтонги алдагдуулна. 6. Г.ийн биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн  дүгнэлт,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 000000238 дугаартай: “...У.ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт,  

 Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 000000311 дугаартай: “...Д.аагийн биед баруун богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь тогтоолд заасан 2023 оны 06 дугаар сарын 03-нд үүссэн байх боломжтой. 4. Д.аагийн биед үүссэн гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

Завхан аймгийн автотээврийн төвийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн: “...1. Автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. 2. Урд гупер бага зэрэг зөрчилтэй, дуут дохио ажиллахгүй, зүүн урд суудлын бүс ажиллахгүй, зүүн талын тиаг, шарнер, өндгөн тулгуур тос хаясан, баруун урд талын 5 булын гармошик резинээри тос хаясан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 18,4 мм /стандарт 5 мм/, зүүн талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 0 сд, зүүн талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0 сд, баруун талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 0 , баруун талын талын тусгалын чадал ойр дээрээ 0 /стандарт 10000-225000/ байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. 3. Уг гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн гэмтэл учир осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй юм. 4. Шингэн хүчлүүрт АВС тоормосны системтэй. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,7 кН, баруун талдаа 2,3 кН, зөрүү 15% /стандарт <20%/, 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,7 кН, баруун талдаа 1,8 кН, зөрүү нь 6 % /стандарт <30%/, байгаа нь тоормос хэвийн ажиллаж байна. 5. 2022.10.31-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн, 2023 онд техникийн үзлэгт ороогүй байна...”  дүгнэлт,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, Хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой , хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

  1. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.           

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.

Анхан шатын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана “гэж заасны дагуу хуульд зааснаар бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.******* нь  авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  зорчигч Г., Д.аа нарын эрүүл мэндэд хүндэвтэр, О.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Зорчигч Г., Д.аа нарын эрүүл мэндэд хүндэвтэр, О.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч  Н.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.1 ... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх...”, мөн дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ..., хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах, бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх..." гэснийг тус тус зөрчсөн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд   шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо  зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.*******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч О.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч Г., Д.аа нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс “...анхан шатны шүүхээс оногдуулсан ял хүндэдсэн тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял хөнгөрүүлж өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн  байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хир хэмжээ, шинж чанар, түүний хувийн байдалтай тохирсон, ял хүнддээгүй байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “...бага насны хүүхдээ цэцэрлэг сургуульд зөөдөг, ажил хэргийн хувьд 2 жилийн хугацаанд сургалтад сууж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад байх нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал, сэтгэл зүйн хувьд хүнд туссан, дарамт ихтэй байна, ял хүндэдсэн ...” гэсэн  гомдол тайлбар нь  хуульд заасан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл биш тул, анхан шатны шүүхээс оногдуулсан үндсэн болон нэмэгдүүлсэн ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.БАТТОГТОХ

                                    ШҮҮГЧИД                                         Б.НАМХАЙДОРЖ

                                                                                                Б.АРИУНБАЯР