Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 141/ШШ2025/00154

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн даргаар П.Ган-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч …………… багт оршин суугч О овогт М.Э нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1988 онд Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Тэгээд тус сургуулийн гал тогоонд бэлтгэгч, тогоочоор 1988 оны 08 дугаар сарын 12-нд ажилд орж 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие М.Э нь унааны гачигдалтай байгаа тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр ажилласан жилийг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Э нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч М.Э нь Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн гал тогоонд бэлтгэгч, тогоочоор 1988 оны 08 дугаар сарын 12-нд ажилд орж 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь:

- О овогт М. Э….дугаарын регистртэй иргэний үнэмлэхийн хуулбар,

-Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн сургуулийн захирлын 1990 оны 03 дугаар сарын 07-ны өдөр М Э нээн олгож, түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж, ажлын тухай мэдээлэлд ...1988 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн сургуульд гал зуухны бэлтгэгчээр авч ажиллуулав, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нийгмийн даатгалын системд өөрчлөлт орж хөдөлмөрийн дэвтэр өөрчлөгдөх тул хаав гэж тэмдэглэн байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь мэдээлэл,

- Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай “...Зарим ажилчдыг ажлаас чөлөөлж, ажилчин авч ажиллуулах тухай гээд гал тогооны туслах тогоочоор Д.Д, ...бэлтгэгчээр, сав угаагчийн хамт М.Эийг 08 дугаар сарын 12-ноос авч ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,

- Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай “...Төлчнөөр түр ажиллаж байгаа  ажилчдыг цалинжуулах тухай гээд ...М.Эийг 1989 оны 03 дугаар сарын 16-наас эхлэн 45 хоног түр ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,

- Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 64 дугаартай “...Тус сургуульд ажиллах багш ажилчдыг батлах тухай гээд бэлтгэгч Эрдэнэчимэг...” гэсэн тушаалын хуулбар

- Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаартай “...1993-1994 оны хичээлийн жилд ажиллах багш ажилчдыг томилох тухай гээд хавсралтын 22 дугаарт Э тогооч, 2300 төгрөгөөр цалинжуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...М Э, РД:, эмэгтэй, ………………. төрсөн, …………………………… ажилтай, эрхэлж эхэлсэн он 1988, бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдөр...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

 

- Гэрч Н.Д: “...М.Э нь 1988 онд сургуулиа төгсөөд Завхан аймгийн Нөмрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн гал тогоонд туслах тогоочоор ажилд орж байсан. Түүнээс хойш тасралтгүй 1994 оныг дуустал ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад ажлаасаа гарч байсан. Би тухайн үед няраваар ажиллаж байсан учраас М.Эийг 1988 оноос 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байгаад ажлаасаа гарсныг нь сайн мэдэж байгаа юм...” гэсэн мэдүүлэг,  

- Гэрч Ж.Ө: “...Би М.Этэй хамт ажиллаж байсан учраас түүний ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. М.Э нь намайг Завхан аймгийн Нөмрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн номын санчаар ажиллаж байхад 1988 онд анх тус сургуулийн гал тогоонд туслах тогоочоор ажилд орж байсан. Түүнээс хойш тасралтгүй 1994 оныг дуустал ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад ажлаасаа гарч байсан. Тэр үед сургуулийн захирал Д захирал ажиллаж байгаад 1993 оноос Д гэдэг хүн захирал болж байсан. Манай М.Э нь их дуугай ажилдаа сайн байсан. М.Э нь 1988 оноос 1994 оныг дуустал тус сургуулийн гал тогоонд тогоочоор тасралтгүй ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч М.Эийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан О овогт М.Э Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн гал тогоонд бэлтгэгч тогоочоор 1988 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.ДОРЖБАЛ