| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2024/0361/З |
| Дугаар | 128/ШШ2025/0680 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2025/0680
2025 10 06 128/ШШ2025/0680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Энхжин /РД:ЧМ53011812/;
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга;
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба;
Гуравдагч этгээд: “Монголын урчуудын эвлэл” ТББ /РД:1010085/;
Гуравдагч этгээд: “Голомт банк” ХК;
Гуравдагч этгээд: Р.Болд /РД:ЧТ55012112/;
Гуравдагч этгээд: Б.Нарантуяа /РД:УС70113004/ нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Энхжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баднайсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ /цахим/, В.Баттулга, Ө.Доржханд /цахим/, гуравдагч этгээд “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, өмгөөлөгч Н.Одонтуяа, гуравдагч этгээд “Голомт банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Одгарьд, гуравдагч этгээд Б.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан анхны шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.
1.2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн, өөрчилсөн боловч, эцсийн нэхэмжлэлийн шаардлагаа:
1.“Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 хариу хүргүүлэх тухай албан бичиг болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 01-05/1998 хариу хүргүүлэх тухай албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
2.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших "Б" корпусын барилгын 275 метр квадрат талбайг өмчлөгч надад өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийнхөө дор орших 400 метр квадрат газрыг дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагч нарын үйлдэл хууль бус болохыг тогтоож, дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах” гэж тодруулсан.
1.3.Гуравдагч этгээд Б.Нарантуяа бие даасан шаардлагаа:
1.“Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01-05/2294 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-2, Энхтайвны өргөн чөлөө-1 дугаар бүхий Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших “Б” корпус барилгын доорх газраас түүнд оногдох 132 метр квадрат газар эзэмших эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 132 метр квадрат газар эзэмших эрх олгохыг даалгах” гэж тодорхойлж,
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлагаа: “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-2, Энхтайваны өргөн чөлөө-1 дугаар бүхий Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших “Б” корпус барилгын доорх газраас дундын эзэмшлээр газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж тодруулсан байна.
Хоёр.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ:
“Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 610 дугаар магадлалаар Нийслэлийн Засаг даргын 2001 оны 518, 2005 оны 555 дугаар захирамжуудыг илт хууль бус хэмээн "Б" корпусын доорхи 400 метр квадрат газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон боловч,
1.Миний иргэний өмчлөх эрхийг хөндөөгүй. Иргэний эрхийг зөвхөн эрүүгийн шүүхийн шийдвэрээр хязгаарладаг ба захиргааны шүүхийн шийдвэр нь иргэний өмчлөх эрхийг хориглохгүй тул уг "Б" корпусын барилгын өмчлөгчид үл хөдлөх эд хөрөнгө салшгүй хэсэг газрыг эзэмших эрхийг авах эрхтэй гэж үзнэ.
2.Ц.Энхжин би уг 400 метр квадрат газрын эзэмших эрхийг 2001 онд хууль зөрчиж аваагүй, гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь Прокурорын 2015, 2016, 2017, 2020, 2024 оны 8 тогтоол шийдвэрээр тогтоогдсон. Харин Нийслэлийн Засаг даргын захирамж хууль бус гэсэн нь хариуцагчийн хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой гэж үзэхээс өөр аргагүй.
3.2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-2203008623 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй холбоотойгоор газрын эзэмших эрх нээгдэнэ гэж үзэж байна.
4.Газраас үл салгаж болох хөрөнгийн өмчийн эрхээ баталгаажуулах үндэслэлээр газрын эзэмших эрхээ авахаар нэхэмжлэл гаргасан байгаа.
5. Би хэн нэгний эзэмших эрхийг нь хөндөөгүй.
6.Энэ 400 метр квадрат газрыг дахин эзэмших эрхийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 610 дугаар магадлал хязгаарлаагүй. Мөн уг газрыг хэн нэгэнд эзэмшүүлэхээр шийдвэрлээгүй.
7.Миний бие Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаагүй, харин 400 метр квадрат газарт хүсэлт гаргаад хариу ирүүлсэн бичигт нь гомдол гаргасан ба үүний дараа 273 метр квадрат газарт мөн хүсэлт гаргаад, гомдол гаргасан ийнхүү 2 гомдлын хариу актуудыг хүчингүй болгохоор Захиргааны ерөнхий хуулийн 94.1 зааснаар Захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д зааснаар Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэснийг баримталсан болно.
2 гомдлын агуулгад 2 хүсэлтийн санаа багтаж байгаа нь логик дарааллыг нотолж байгаа гэж үзнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх тодотгох гэх мэт хуулиар олгогдсон эрх нь надад бас бий гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн агуулга: Уг 400 метр квадрат газар дээр 3 иргэн, хуулийн этгээд нийт 636,21 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө (Б корпусын барилга) өмчилж буй бөгөөд доорхи 400 метр квадрат газар нь одоогоор хэний ч эзэмшилд бүртгэгдээгүй байж байгаа тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэл гаргаж буй болно.
Энэхүү "Б" корпусын барилгаас би 275 метр квадрат талбайг өмчилдөг ба улсын бүртгэлийн Ү-2203008623 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. (ХХ-1, 27-px)
Миний бие Ц.Энхжин 1998 онд иргэн Равдансамбуугийн Болдоос Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 1-д орших Монголын Урчуудын эвлэл ТББ (ГҮТББ)-ын үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших "Б" корпусын барилгаас үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан. Ингэхдээ уг "Б" корпусын барилгыг барьж байхад буюу 1998 оны 11 дүгээр сарын 02-нд 4.375.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд мөнгө нэмж төлөн төлбөрөө дуусгасан. Одоогоос 27 жилийн өмнө болсон энэхүү үйл баримтыг өмч болон газартай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 24-ний 778 дугаар (ХХ-1,23-р хуудас) шийдвэрээр тогтоож өгсөн.
Тодруулбал, Үндэслэх нь хэсгийн 1-д: "Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимыг шинэчлэн барихад шаардагдах хөрөнгийн 40 хүртэлх хувьтай тэнцэх мөнгийг Р.Болдоос Монголын урчуудын эвлэлд хүүгүй зээлүүлэх, энэ барилгын баруун талд нэмж барих барилгын "Б" хэсгийн өмчлөгч болж барилгын зардлыг бүрэн хариуцах үүргийг тус тус хүлээж 1997 оны 03 дугаар сарын 20-нд 001 тоот гэрээ (ХХ-1, 30-р хуудаст) байгуулжээ. Энэ дагуу Р.Болд 1997 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд 78.592.900 төгрөгийг барилгын санхүүжилтэд зориулж Монголын Урчуудын эвлэлд шилжүүлсэн болох нь нотлогдож байгаа бөгөөд 1998 оны 11 дүгээр сард барилга ашиглалтад хүлээж авсны дараагаар 636,21 метр квадрат талбай бүхий барилгын "Б" хэсгийн өмчлөгч Р.Болд нь "гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй байна" гэж;
Үндэслэх нь хэсгийн 2-т: 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өмчлөх эрхийн (Б корпусын) гэрчилгээ авсан байна. Харин барилга ашиглалтад орсны дараагаар Р.Болд нь өөрийн өмчлөлийн барилгын 275,3 метр квадрат талбай бүхий 2 давхрын хэсгийг Ц.Энхжинд худалдаж төлбөрийг 1998 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2000 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд авсан болох нь өмчлөх эрхийн нотлох бичиг, Ц.Энхжингээс Р.Болдод төлсөн мөнгөний баримт зэргээс тогтоогдож байгаа" гэсэн байна. (Нотлох бичиг, мөнгөний баримт ХХ- т мөн байгаа)
Миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй "Б" корпусын барилга нь 400 метр квадрат газар дээр байгаа ба уг газар дээр Монголын Урчуудын эвлэл төрийн бус байгууллагын барилга байгууламж байгаа ч үгүй, одоо ч байхгүй ба энэхүү 400 метр квадрат газар нь Монголын урчуудын эвлэлд огт хамааралгүй газар учраас 2004 оноос хойшхи төрийн өмчлөлийн нийтийн эзэмшлийн газартай холбоотойгоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
Мөн уг газрын эзэмших эрхийг "Б" корпусын барилгын өмчлөгчид авч болохгүй гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний 610 дугаар магадлалд дахин хүсэх эрхийг хязгаарлаагүй.
Уг 400 метр квадрат газар нь Монголын урчуудын эвлэл ТББ-д хамааралгүй гэдгийг дараах үйл баримтаар бас нотлогдоно.
Тодруулбал, Монголын урчуудын эвлэл нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны 455 тоот захирамжаар өөрийн барилгын доорхи 890 метр квадрат газрын 60 жилийн эзэмших эрхийн №048370 гэрчилгээ авсан (хх-2, м184-px.xx-1, 28, 185-px. xx-2, 178-рх) -аар 400 метр квадрат газраас татгалзсанаа баталгаажуулсан үйлдэл гэж үзнэ.
Үүний дагуу 2005 оны 05 дугаар сарын 09-нд газрын эзэмших эрхийн гэрээ хийсэн. (хх-1,32. xx-2, 98-p)
Мөн 400 метр квадрат газраасаа яагаад ийнхүү татгалзах болсон бэ гэдгийн учрыг нь 1997 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 001 тоот гэрээтэй холбоотой болохыг дээр тайлбарласан.
Энэхүү гэрээтэй холбоотойгоор Монголын урчуудын эвлэлийн ТЗ-ийн 1997 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Монголын Урчуудын эвлэлийн барилгыг өргөтгөн барихыг дэмжсэн зөвшөөрөл олгосон.
Энэхүү гэрээний дагуу болж өнгөрсөн бас нэг нотлох баримт бол 1290 метр квадрат газраасаа уг 400 метр квадрат газрыг хасаж өгөхийг хүссэн Монголын Урчуудын эвлэлийн 2001 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 134 дүгээр албан бичиг хүчин төгөлдөр хэвээр байгаа. (ХХ-2, 172-p)
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/741 захирамжаар 890 метр квадрат газраа ертөнцийн зүгээр зүүн тийш Санктпетербург төв рүү тэлж 1040, (1039 метр квадрат) болгосон (хх-1, 180-рх) үйл баримтуудыг нь 400 метр квадрат газраас татгалзан, үүнийгээ Нийслэлийн Засаг даргын захирамжуудаар баталгаажуулснаар нотлогдож байгаа гэж үзнэ.
Мөн түүнчлэн энэхүү үйлдлээ хэний ч дарамт шахалтгүйгээр хийсэн нь сайн дураараа татгалзаж ирсний нотолгоо бас мөн гэж үзэж байна. 2004, 2005, 2017 онд би Монголын Урчуудын эвлэлийн дарга байгаагүй.
Цаашилбал, уг 400 метр квадрат газрын анхны төлбөрийг 001 тоот гэрээний дагуу 1997 онд Р.Болд төлсөн ба 2020 он хүртэлх газрын татварыг Ц.Энхжин төлсөн. (ХХ-2, 75-110px)
Ерөнхий прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/34 тогтоолд Нийслэлийн Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/139 захирамжаар (захирамжийн мэдэгдэл ХХ-1,29-рх) Үзэсгэлэнгийн танхимын өргөтгөлд зориулж 0,04 га газрыг нэмэгдүүлж 1290 метр квадрат болгосон ба нэмэгдүүлсэн 0,04 га газарт Р.Болд барилга барьсан тухай онцлон дурдаад улмаар "Ц.Энхжин Монголын Урчуудын эвлэлийн эзэмшил газар эд хөрөнгийг завшаагүй" гэж мөн тогтоосон. (ХX-3, 53-pх)
Эдүгээ төрийн өмч нийтийн эзэмшлийн газар бөгөөд уг 400 метр квадрат газрыг Иргэний хуулийн 84.3-т "газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна" гэж, 85.2-т "түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга, байгууламж болон бусад эд зүйл нь газрын үндсэн бүрдэл байна" гэж, 77.2-т "үл хөдлөх эд хөрөнгөнд газар, түүнээс салган хэрэглэж үл болох зүйл хамаарна" гэж, мөн 400 метр квадрат газар нь нэгэнт ашиглаад дээр нь барилга барьчихсан газар учраас "давхцал" гэх ойлголт хамааралгүй бөгөөд газрын гэрээний 5.2-т үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч солигдвол газар эзэмших эрхийг дуусгавар болгож шинэчлэн тогтоож шийдвэрлэнэ гэж тус тус заасныг баримтлан "Б" корпусын барилгын 275 метр квадрат талбайтай хэсгийн өмчлөгч мөн хэмээн тогтоосон Иргэний хэргийн шүүхийн 2004 оны 569 дүгээр шийдвэр, 543 дугаар магадлал, 648 дүгээр тогтоолын (ХХ- 1, 8-23-px, 114-131-рх) дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байгаа миний өмчлөл "Б" корпусын барилгын дор орших газрын ашиглах/эзэмших эрхийг шинэчлэн шийдвэрлэж өгөх үүрэгтэй байтал энэхүү хуулиудыг Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 хариу хүргүүлэх тухай захиргааны акт зөрчсөн гэж үзэж байна.
Иргэн миний өмчлөх эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа учир захиргааны акт мөн төдийгүй Нийслэлийн Засаг даргаас хууль ёсны шийдвэр гаргахгүй байгаа ба уг захиргааны акт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-т "Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах өмчлөх эрхтэй" гэсэн заалт болон 5.2-т "төр нь хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэсэн заалтыг мөн зөрчсөн гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 11 дүгээр зүйл заалтын дагуу Иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үзэж байна.
Мөн газрын дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч (ид) нь газрын эрхээ дундын эзэмшлээр авахыг хуулиар хориглоогүй. Эдгээр хуулиудыг уг 06/1284 болон 01-05/1998 тоот захиргааны актууд нь зөрчихийн зэрэгцээгээр зөвхөн нэг талыг баримтлан одоогоор хэний ч эзэмшлийн бус байгаа, үл хөдлөх эд хөрөнгө маань оршиж буй нийтийн эзэмшлийн газраас эзэмшихээр гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр эс үйлдэхүйгээр хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн тул эдгээр захиргааны албан бичиг нь үндэслэлгүй бөгөөд хууль бус тул хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших "Б" корпусын барилгын 275 метр квадрат талбайн өмчлөгч Ц.Энхжин надад өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийнхөө дор орших 400 метр квадрат газрыг дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагч нарын үйлдэл хууль бус болохыг тогтоож, дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ.
2.2.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:
“Нийслэлийн Засаг даргын 2004 оны 455, 2017 оны А/741 дугаартай захирамжууд хүчин төгөлдөр бөгөөд уг захирамжуудыг үндэслэн “Монголын урчуудын эвлэл” ТББ газрын төлбөрийг төлж байгаа. Мөн 2005-2017 онуудад 1290 м.кв газрын төлбөрийг “Монголын урчуудын эвлэл” ТББ төлж байсан гэж төлөөлөгч хариуллаа. Гэтэл энэ нь худал зүйл юм. Учир нь би 2001-2020 оныг хүртэл 400 м.кв газрын төлбөрийг төлж ирсэн. Тийм байхад Газрын алба төлбөр давхардуулж авахгүй. Монголын Урчуудын Эвлэл ТББ 2001 оноос хойш 1290 м.кв газрын төлбөрийг төлөөгүй бөгөөд 890 м.кв газрын төлбөрийг төлж байсан. Энэ нь тухайн 890 м.кв газрыг хүлээн зөвшөөрч байсан гэдгийн нотлох баримт мөн. Давж заалдах шатны шүүхээс 610 дугаартай захирамжийг давхцалтай гэж үзсэн бөгөөд хэдий шүүхийн шийдвэр ингэж гарсан хэдий ч үндэслэл бүхий биш гэж үзэж байгаа. Учир нь би анх задгай газар аваагүй. Р.Болд гэх хүн ашиглаад, барилга барьсан бөгөөд би тухайн барилгаас м.кв-ыг худалдаж авсан. Худалдаж авсны дараагаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч Газрын албанд өгөөд газар эзэмших эрхийг авсан. Тийм учраас давхцал байх учиргүй. Давхцал гэдэг ойлголт нь анх задгай газар авах, ашиглагдаагүй газар дээр яригдана. Тийм учраас газрын гэрээ дээр байгаа, тухайн газар дээр байгаа барилгын өмчлөгч нь солигдвол шинээр олгоно гэсэн заалт хэрэгжих ёстой гэж үзэж байна. Мөн одоо тухайн 400 м.кв газарт давхцал байхгүй гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Түүнээс гадна иргэний шүүхийн шийдвэрийг шалтгаантай болохоор гаргаж өгсөн. Миний ажлын хугацаа дууссаны дараа н.Төмөрбаатар “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын дарга болсон бөгөөд түүнээс хойш намайг гүтгэж байгаа. Би “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын 890 м.кв, миний барилгын доорх 420 м.кв газрыг нийлүүлээд 28 давхар барилга барих төсөл бэлдсэн байсан бөгөөд миний уг төслийг булааж авахыг тулд худал мэдээлэл цацаж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн 6 жил шалгуулсан. н.Ариунболд прокурор хууль зөрчөөгүй байна гэж үзсэн бөгөөд улмаар захиргааны шүүхийн маргаан эхэлсэн. Үүнийг ойлгоосой гэж гэж хүсэж байна. Иргэний шүүхийн шийдвэр гарчхаад байхад “Монголын урчуудын Эвлэл” ТББ-аас намайг гүтгэсээр байна. Дээрх 6 жилийн хугацаанд 8 прокурорын тогтоолоор намайг буруугүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Монголын Урчуудын Эвлэл ТББ-аас шуналын зорилготойгоор намайг гүжирдэж байна. Мөн хэргийг шийдвэрлэхэд шаардагдах бүхий л нотлох баримт хавтаст хэрэгт цугларсан гэж үзэж байгаа. Түүнээс гадна 2 дугаар хавтаст хэргийн 97 дугаар талд бичиг байх бөгөөд тус бичгийн агуулга нь “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын түүхэнд байгаагүй муухай зүйл боллоо. н.Төмөрбаатар яагаад ийм муухай зүйл хийсэн бэ гэхэд н.Төмөрбаатар өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч би Ц.Энхжингийн нүүрийг харж чадахгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл намайг гүтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.” гэв.
2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“Хариуцагчаас татгалзлаа, шүүхийн шийдвэрүүд байгаа учир газрыг олгох боломжгүй гэж тайлбарладаг. Гэтэл энэ үндэслэл нь хуульд заасан газар олгохгүй байх үндэслэл болох уу гэвэл зарим тохиолдолд, ихэнхдээ болно. Гэхдээ тухайн болсон процесст үнэлэлт, дүгнэлт өгч Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх эсэх ажиллагааг хариуцагч хийхгүй байна. Шүүхийн шийдвэрээр Ц.Энхжингийн газар нийтийн эзэмшилд байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Нийтийн эзэмшлийн газрыг Ц.Энхжинд эзэмшүүлэх эсэх асуудлыг хууль хэрэглэж шийдвэрлэх ёстой байтал хуулиар заасан үндэслэл бүхий шийдвэр гаргах гэх чиг үүргийг ч хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн шүүхийн шийдвэр байгаа гэх үндэслэлээр татгалзаж байгаа нь буруу юм. Хариуцагчийн хариу тайлбартаа дурдаад байгаа шүүхийн шийдвэрүүдийн үр дагавар нь 2001 оны захирамж, 2005 оны захирамж илт хууль бус байна гэж шийдсэн. Гэтэл маргаан бүхий газар 2004 онд нийтийн эзэмшлийн газар болсон гэх нэхэмжлэлийн даалгах шаардлагад хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр өгсөн хариу тайлбар болон өнөөдрийг хүртэл гаргасан бүхий л тайлбартаа дүгнэлт өгдөггүй. Гэхдээ хариуцагчаас нийтийн эзэмшлийн зам талбай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин энэ нөхцөл байдал нь Ц.Энхжингийн хүсэлтийг шийдвэрлэхэд ямар байдлаар холбогдож байгаа, үүнийг ямар байдлаар шийдвэрлэх ёстой вэ гэдэгт гаргасан үндэслэл бүхий тайлбар байхгүй. “Монголын урчуудын эвлэл” ТББ-аас бусад гуравдагч этгээд нар манайхтай нэг байр суурьтай буюу өөрсдийн өмчилж буй хөрөнгийг доорх газрын хамт өмчлөх сонирхолтой байгаа. Энэ нь холбогдох хууль тогтоомжийн дагуу боломжтой гэдгийг тайлбарласан. Харин гуравдагч этгээд “Монголын Урчуудын Эвлэл” ТББ уг нийтийн эзэмшлийн талбайг өөрийн эзэмшлийн газар гэж тайлбарладаг. Хавтаст хэрэгт цугларсан дараах баримтуудаар маргаан бүхий газар нь “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын газартай давхцаагүй болохыг тогтоож байгаа. Үүнд, “Монголын Урчуудын Эвлэл” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хамгийн сүүлийн байдлаар 2017 оны 741 дугаартай захирамжаар тухайн газрыг эзэмшиж байгаа гэж тайлбарласан. Тухайн А/741 дугаартай захирамж нь Ц.Энхжингийн газартай давхцаагүй байгаа. Шалтгаан нөхцөл нь ямар байснаас үл хамааран 2004 оны захирамж, 2005 оны гэрчилгээ, 2005 оны гэрээтэй маргаагүй талаараа “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын төлөөлөгч тайлбарласан. Энэ актаар 400 метр квадрат газар нь “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын эзэмшлээс гарсан буюу нийтийн эзэмшил болсон үр дагавар үүсгэсэн. Тэгэхээр нийтийн эзэмшил болгосон учраас уг нийтийн эзэмшлийн талбай дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа өмчлөгч нь тухайн доорх газрыг өмчлөх хүсэлт гаргасан бөгөөд бид энэ агуулгаар маргаан үүсгэсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээд нарын зүгээс үндэслэл бүхий тайлбар гаргаагүй. Мөн өмнөх шүүхээс 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 226 дугаар захирамжтай холбоотой шийдвэр гаргасан. 1997 оны захирамж нь 4 жилийн дараа буюу 2001 онд хугацаа нь дууссан. 2001 оноос хойш дуусгавар болсон үйл баримт байсаар байхад 2024 онд дуусгавар болоогүй гэж үзэх нь буруу юм. Бид бүгд хуулиар заасан үүрэг хариуцлагыг заавал биелүүлэх ёстой. Асуудалтай байсан нь хуульд заасан үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй. “Монголын урчуудын эвлэл” ТББ-аас 1997 оны захирамжийг сунгуулаагүй байж 1997 оны захирамжийг бариад маргаад бай болохгүй. 1997 оны газар эзэмших захирамжийг сунгуулаагүй гэдгийг 2013 онд мэдсэн гэж тайлбарлаж байх бөгөөд уг мэдсэн 2013 онд сунгуулах хүсэлт гаргах боломжтой байсан. Эдгээр нөхцөл байдлаас харахад давхацсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Тийм учраас хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д: "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасан.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дугаар албан бичиг, мөн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний 01-05/1998 дугаар албан бичиг нь нийтийн эрх зүйн харилцаанд эрх зүйн үр дагавар шууд бий болгосон захиргааны акт биш, зөвхөн тодруулга, хариу өгөх шинжтэй мэдээлэл хүргүүлэх баримт бичиг болно.
Нэхэмжлэгч иргэний газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221/MA2023/0610 дугаар магадлалын тогтоох хэсэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0536 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хууль /2016 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч "Монголын урчуудын эвлэл" ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд хангаж, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" 51 дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжуудын Ц.Энхжинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд Улсын Дээд шүүхийн 2023 оны 481 дүгээр тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ" гэж заасан байдаг.
Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
2.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Баттулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“Ц.Энхжинд холбогдох 6/1284 албан бичиг нь үндэслэлтэй. Учир нь иргэн Ц.Энхжин 2005 онд 400 метр квадрат газар эзэмшиж байсантай холбоотой шүүхийн маргаан үүссэн. Шүүхээс гаргасан хүсэлтийг нь хүлээж аваагүй. Нэхэмжлэгч талаас үндсэн агуулгыг харахгүй байна гэж тайлбарлаж байна. Гэтэл маргаан бүхий 400 метр квадрат газар нь өнөөдрийг хүртэл маргаантай байгаа. Ийм байхад хэн нэгний талд давуу байдал олгох боломж байхгүй. Мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учраас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны зүгээс холбогдох хариу тайлбаруудыг өгч байна гэж ойлгож болно. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гэж үзэхгүй байгаа. Учир нь Таны хүсэлт гаргасан газартай холбоотой асуудал шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн байна. Иймд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэдэг агуулгатай бичиг. Харин шууд эрхийг хязгаарласан, эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт гэж бол үзэхгүй. Мөн өнөөдрийн маргаан газартай холбоотой учраас Газрын тухай хуулийг хэрэглэхгүй байх арга байхгүй. Гэтэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Гэтэл ямар ч эрхийн гэрчилгээ байхгүй атал газрыг эзэмшинэ гэж байгаа нь учир дутагдалтай байна. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д нэгж талбар бүхий эрхийн гэрчилгээтэй байна гэсэн байгаа. Гэтэл эрхийн гэрчилгээ байхгүй. Энэ нь гуравдагч этгээд нарт мөн хамааралтай. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тодорхой заасан. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас гаргасан хүсэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй гэж бидний зүгээс үзэж байгаа. Мөн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд холбогдох хууль тогтоомжийг мөрдөх үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа захиргааны байгууллага /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалтын алба/, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан тохиолдолд захиргааны байгууллагын зүгээс хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжид давуу байдал олгох, шүүхийн маргаантай асуудалд шийдвэр гаргах боломж байхгүй. Магадгүй нэхэмжлэгчид газар олговол “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын зүгээс гомдол гаргах боломж байгаа учраас захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хариу өгсөн. Энэ нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
2.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Хариу тайлбараас тусдаа дүгнэлт бэлдсэн. Ц.Энхжингийн нэхэмжлэлд заасан эрхийн эх үүсвэр байхгүй гэсэн үг. Эрхийн эх үүсвэр хууль бус захирамж байвал түүнээс эрх үүсэхгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар газар эзэмших эрх нь зөвхөн Нийслэлийн Засаг даргын хууль ёсны захирамж зэрэгт үндэслэж бий болно. Хэрэв өмнөх захирамжууд нь илт хууль бус болсон бол түүн дээр тулгуурлан ямар ч эзэмших эрх олгох гэрээ байгуулах, гэрчилгээ олгох боломжгүй. Өөрөөр хэлбэл, хууль бус акт дээр тулгуурлан эрхийн гэрээ байгуулах нь дахин хууль зөрчих үндэслэл болно. Ц.Энхжингийн өмчлөлийн Б корпус нь дангаараа 400 метр квадрат газрыг эзэмших үндэслэлгүй. Уг газар нь анхнаасаа “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын үзэсгэлэнгийн танхимын дэргэдэх дундын хэрэглээтэй нэг өмчлөгчид дангаар шилжүүлэх боломжгүй газар байсан. Хэрвээ олон өмчлөгчтэй байршил бол Иргэний хууль, Газрын тухай хуульд зааснаар тухайн газар нь дундын эзэмшилд байх бөгөөд 1 өмчлөгчийн хүсэлтээр хувааж эзэмшүүлэх боломжгүй. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өгсөн хариу бичигдээ газар эзэмших эрхийн гэрээ байгуулах боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн, хуульд нийцэж байгаа. Учир нь 518, 555 дугаар захирамж нь хууль бус болсон. Ц.Энхжин болон түүний залгамжлагч нь хууль ёсны эрхийн залгамжлалтай этгээд биш. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар эрх зүйн үндэслэлгүй захирамж илтгэвэл бусад тооцогддог. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр илт хууль бус болох нь тогтоогдсон захирамж дээр тулгуурлан шинээр эрх шаардах боломжгүй. Иймд Ц.Энхжингийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй, хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн шаардаж буй 173 метр квадрат газар эзэмших эрхийн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох үндэслэл нь өмнөх Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжаар байсан. Гэвч эдгээр захирамжуудын Ц.Энхжинд холбогдох хэсгийг Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон тул эрхийн эх үүсвэр байхгүй болсон. Ийм нөхцөлд Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй нь хуульд нийцсэн үйлдэл бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх зүйн үндэс байхгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
2.7.Гуравдагч этгээд “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын өмгөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
Нэг. Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын тухай
1.1.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дугаар албан бичгийн тухай 06/1284 дугаар "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг нь бие даасан захиргааны актын шинжийг хангахгүй байх бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сануулсан, мэдээллийн шинжтэй мэдэгдэлд хамаарахаар байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны акт нь тодорхой этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бий болгох, өөрчлөх, дуусгавар болгох эсхүл баталгаажуулах эрх зүйн үр дагавартай байх ёстой. Харин уг бичгээр нэхэмжлэгчид шинээр ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй бөгөөд өмнөх буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/408 дугаар бичгийн агуулгыг дахин сануулж, зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг мэдэгдсэн байна.
Иймд уг бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д заасан "хэвээр үлдээсэн" захиргааны акт гэж үзэх боломжгүй бөгөөд зөвхөн мэдээллийн шинжтэй мэдэгдэл гэж үзэхээр байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар захиргааны байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд давхар өөр шийдвэр гаргах эрхгүй юм.
1.2.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 04 дүгээр сарын 21- ний өдөр гаргасан 01-05/1998 дугаар албан бичгийн тухай
Нэхэмжлэгч нь уг албан бичгийг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан боловч уг актыг гаргасан байгууллага болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба энэ хэрэгт хамтран хариуцагчаар оролцоогүй тул түүний гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах нь процессын хувьд боломжгүй юм. Маргаан бүхий 01-05/1998 дугаар албан бичиг (3-р хавтас, 144-р хуудас) нь Нийслэлийн Засаг даргад хаяглагдсан бөгөөд иргэн Ц.Энхжинд зөвхөн "хувь" болгон хүргэгдсэн байна. Энэ нь уг бичиг нэхэмжлэгчид шууд чиглэсэн захиргааны шийдвэр биш, харин Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан дотоод харилцааны шинжтэй албан мэдэгдэл болохыг харуулж байна. Тодруулбал уг бичгийг нэхэмжлэгчийн эрхийг шууд бий болгосон, өөрчилсөн, хязгаарласан шийдвэр гэж үзэх боломжгүй. Түүнчлэн уг албан бичигт "шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгох боломжгүй" гэж заасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн зохицуулалтыг сануулсан бөгөөд шинээр эрх зүйн үр дагавар бий болгоогүй байна.
1.3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа дээрх албан бичгүүдийг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3, Тавдугаар зүйлийн 2-т заасан өмчлөх эрхийн баталгааг зөрчсөн гэж үзжээ. Гэвч эдгээр заалтууд нь өмчийн эрхийн баталгааг ерөнхий түвшинд тогтоосон бөгөөд өмчлөх эрхийг хэрэгжүүлэх нарийвчилсан журам, үндэслэл, хязгаарлалт нь Газрын тухай хууль, Иргэний хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулагддаг. Тухайлбал, газар бол төрийн өмч бөгөөд зөвхөн Газрын тухай хууль болон түүнд нийцүүлэн гарсан журмын дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх байдлаар эрх олгогддог. Иймд Үндсэн хуулийн дээрх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлт автоматаар хангагдах эрх зүйн боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь "Иргэний хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар Нийслэлийн Засаг дарга нь Иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй" гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. Тус заалт нь "гарцаагүй байдал"-ын тухай зохицуулалт бөгөөд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх агуулга байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан Иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд нь зөвхөн маргаан бүхий газар дээр баригдсан Б корпусын барилгад 275 метр квадрат талбайг нэхэмжлэгч өмчлөх эрхтэйг тогтоосон шийдвэрүүд болохоос газар эзэмших, гэрээ байгуулах, гэрчилгээ олгох тухай асуудлыг шийдээгүй. Газар эзэмших асуудлыг зөвхөн Газрын тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй. Нэгтгэн дүгнэхэд, Нийслэлийн Засаг даргын 06/1284 болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 01-05/1998 дугаартай шийдвэрүүд нь захиргааны актын шинжгүй, шинээр эрх зүйн үр дагавар үүсгээгүй тул нэхэмжлэгчийн уг шаардлага захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших Ц.Энхжингийн өмчлөлтэй үл хөдлөх эд хөрөнгө "Б" корпусын барилгын дор орших 400 метр квадрат газраас түүнд оногдох 173 метр квадрат газрын эзэмших эрхийн гэрээ байгуулах, газар эзэмших гэрчилгээ олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 173 метр квадрат газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, газар эзэмших гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагын тухай
Нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 02-нд Нийслэлийн Засаг даргад 173 метр квадрат талбай бүхий газар эзэмших хүсэлт гаргасан. /3-р хх-ийн 141-р хуудас/ Уг хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга 2025 оны 04 дүгээр сарын 07-нд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлж /3-р хх-ийн 143-р хуудас/, тус алба 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 01-05/1998 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хариу хүргүүлж хувийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. /3-р хх-ийн 144-р хуудас/
Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд Газрын тухай хуулиар газар эзэмших эрх олгох бүрэн эрх бүхий этгээд болох Нийслэлийн Засаг дарга эцсийн шийдвэр гаргаж, хариу өгөөгүй тул хуульд заасан хугацаанд өргөдлийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т заасан "эс үйлдэхүй" үүссэн гэж дүгнэх боломжтой байна.
Гэвч уг эс үйлдэхүй нь огт хариу өгөөгүй байдал биш бөгөөд эрх бүхий байгууллага болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 01-05/1998 дугаар албан бичгийн хувиар нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн нь “эс үйлдэхүйгээ бичгээр мэдэгдсэн” гэж үзэх боломжтой. Түүнчлэн уг мэдэгдэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т нийцсэн, хуульд заасан зайлшгүй хоригийг баримталсан тул хууль бус шинжгүй болно. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар "эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй" гэж хуульчилсан байдаг. Маргаантай нөхцөл байхад эрхийн гэрчилгээ олгохгүй байх нь заавал дагаж мөрдөх хориг бөгөөд Нийслэлийн Засаг дарга энэ хууль зүйн шаардлагад нийцүүлэн шийдвэр гаргаагүй нь хуульд нийцсэн захиргааны ажиллагаа юм. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтэд шууд татгалзсан шийдвэр гараагүй бөгөөд гарсан эс үйлдэхүй нь эрх зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэхээр байна. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн хоёр дах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээд Б.Нарантуяагийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
Нэг.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 02-ны 01-05/2294 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухай:
Бие даасан шаардлага гаргасан Б.Нарантуяа нь уг албан бичгийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэн хүчингүй болгуулах шаардлага гаргаж, үндэслэх хэсэгтээ "Нийслэлийн Засаг даргад гаргасан хэсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 01-05/2294 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзаж буй нь хууль бус юм гэж дурдсан байна.
Гэвч уг шаардлагад дээрх бичгийг ямар хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгуулах гэж буйгаа тодорхой дурдаагүй бөгөөд зөвхөн "үндэслэлгүй татгалзсан" гэсэн ерөнхий тайлбараар хязгаарлагдсан байна.
...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны акт нь тодорхой этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бий болгох, өөрчлөх, дуусгавар болгох эсхүл баталгаажуулах эрх зүйн үр дагавартай байх ёстой. Харин уг бичгээр нэхэмжлэгчид шинээр ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй байна.
Тодруулбал, Монгол Улсын Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлээр газрын эзэмшүүлэх харилцаа тусгайлан зохицуулагдсан бөгөөд тухайн шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь Нийслэлийн Засаг дарга юм. Газар зохион байгуулалтын алба нь зөвхөн холбогдох санал, дүгнэлт гаргах туслах чиг үүрэгтэй байгууллага бөгөөд өөрөө бие даан эзэмших эрх олгох эсвэл хүчингүй болгох шийдвэр гаргах бүрэн эрхгүй.
Иймд 01-05/2294 дугаартай албан бичиг нь нэхэмжлэгчид эрх олгохоос татгалзсан бие даасан захиргааны акт биш, харин мэдээллийн шинжтэй албан бичиг тул шүүхээр хүчингүй болгуулах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн уг бичгийг гаргасан байгууллага болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба энэ хэрэгт хариуцагчаар оролцоогүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу маргаантай акт гаргасан байгууллага хариуцагчаар оролцохгүй нөхцөлд тухайн актыг хүчингүй болгуулах боломжгүй юм.
Дээрх үндэслэлээр гуравдагч этгээд Б.Нарантуяагийн гаргасан бие даасан шаардлагын 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
2.8.Гуравдагч этгээд “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:
“Мэтгэлцээний явцад илэрхий болсон 2 зүйл дээр тайлбар хийе. Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны А/224 дугаар шийдвэрийг үндэслээд 4 жилийн хугацаатай ашиглах гэрээ байгуулж гэрчилгээ олгогдсон. Гэтэл Ц.Энхжин нь 1995-2001 оны хооронд, мөн 2002-2005 оны хооронд “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын даргаар ажиллаж байсан. Даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Газар ашиглалтын тухай албан бичиг хүргүүлсэн байсан бөгөөд үүнийг нотлох баримт шинжлэн судлах шатанд судалсан. “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын үзэсгэлэнгийн танхимын барилгын задгай Б корпусын барилгын 1997-1998 оны хувийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд газар ашиглалтын гэрээ нь “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын нэр дээр хийгдэж, газар ашиглалтын төлбөрийг “Монголын урчуудын Эвлэл” ТББ-аар дамжуулан төлж байсан. “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын үзэсгэлэнгийн танхимын барилгатай залгаа Б корпусын байрлаж буй 0,04 га талбайтай газрыг ашиглах зөвшөөрлийг Монгол Улсын иргэн миний нэр дээр шилжүүлэн газар ашиглалтын гэрээ хийж өгнө үү гэх хүсэлтийг 2001 оны 09 дүгээр сарын 10-нд гаргасан байна. Уг хүсэлтийнх дагуу Нийслэлийн Засаг дарга 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар Ц.Энхжинд 400 метр квадраттай газрыг олгосон байна. Энэ 4 жилийнх хугацаанд манайхыг хүсэлт гаргаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл хүсэлт гаргах эрх бүхий субъект нь Ц.Энхжин байсан. Гэтэл Ц.Энхжин нь өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж, газрын хугацаа дуусах үед хүсэлтээ гаргаж өөрийн нэр дээр гаргасан. Эдгээр захирамжуудыг “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын гишүүд мэдэх боломжгүй байсан. Монголын урчуудын эвлэл ТББ нь нийтийн байгууллага боловч тухайн үед даргалж байгаа даргын гаргаж байгаа шийдвэрийг мэдэх боломж байхгүй байсан. н.Төмөрбаатар “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын даргаар томилогдсоны дараа Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаж хувийн хэрэг, материалуудыг авч, мөн аудит оруулсан зэрэг ажиллагаануудыг хийсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаад эцсийн шийдвэр нь 2020 оны 09 дүгээр сард гарсан. Үүнээс хойш 2024 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гаргасан тогтоолыг хүчингүй болгосон. Дээрх хугацаанд 400 метр квадрат газартай холбоотой маргаан явагдаж байсан. Энэ 400 метр квадрат газар нь одоо “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын мэдэлд байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн талбай болоогүй. Учир нь Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 хүчинтэй байгаа. Үүнийг хүчингүй болгосон Засаг даргын захирамж байхгүй. Мөн Ц.Энхжинд олгогдсон 518, 555 захирамжууд илт хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байгаа. Дээрх захирамжууд хууль зөрчсөн үйл баримт нь үргэлжилсээр өнөөдрийг хүрсэн. “Монголын урчуудын эвлэл” ТББ нэхэмжлэл гаргаснаар Нийслэлийн Засаг дарга хариуцагчаар татагдаж шийдвэрлэгдээд, давж заалдах шатны шүүхийн магадлалаар илт хууль бус болохыг тогтоож, хяналтын шат хэвээр үлдээсэн. Үүний дараа талуудаас шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэж Ц.Энхжин 2 удаа, М.Нарантуяа, Голомт Банк ХК-аас 1 удаа, нийт 3 удаа хүсэлт гаргасан нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан байгаа. Тийм учраас 117 оны захирамж хүчинтэй байгаа. “Монголын урчуудын эвлэл” ТББ өөрийн гэсэн дүрэмтэй бөгөөд 1995 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дүрмээ баталсан. Энэ дүрмээр даргын эрх хэмжээг 4 дүгээр заалт дээр тодорхой заасан. “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын дарга нь Их хурлын шийдвэрийг биелүүлж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулж ажиллаж, түүний үр дүнг гишүүдийн өмнө хариуцна гэсэн байна. Мөн Монголын Урчуудын Эвлэлийн дарга нь ардчилсан шударга ёсны зарчмуудыг баримтлан, эвлэлийн эрх ашгийн төлөө ажиллах бөгөөд хувийн ашиг сонирхлыг эрхэлсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд тодорхой заасан. 6 дугаар зүйлд “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын Тэргүүлэгчдийн зөвлөл нь ямар асуудлыг хэлэлцэх талаар тодорхой заасан байгаа. Гэтэл Ц.Энхжин 400 метр квадрат газрыг ашиглах хүсэлт гаргаж байхад “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын тэргүүлэгчид ямар ч шийдвэр гаргаагүй, хэлэлцүүлээгүй. Өөрийнхөө доод шатны албан тушаалтан С.Болдод итгэмжлэл өгсөн гэх боловч итгэмжлэл авагдаагүй. Монголын Урчуудын Эвлэл ТББ-ын дүрмийн 22-д гишүүний эрх хэмжээг тодорхой заасан. Үүнд “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын удирдах байгууллагын сонгох, сонгогдох, өмч хүртэх, уран бүтээл туурвихтайгаа холбогдуулан нөхцөлөө сайжруулах, санхүүгийн тусламж авах, амьдралын гачигдал тохиолдсон үед тусламж авах, өндөр насны настан, хөдөлмөрийн чадвараа алдсан үед тусламж авах гэх мэт тодорхой заасан”.
2.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-1 дэх Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын зэргэлдээ байрлах Б корпусын барилгын доорх газраас түүнд оногдох 132 метр квадрат газрыг эзэмших эрх олгохгүй байгаа нь Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй бөгөөд хууль бус гэж тогтоолгох, уг газрыг эзэмших эрх олгуулахыг даалгах шаардлагын тухайд
Гуравдагч этгээд Б.Нарантуяа нь 132 метр квадрат талбай бүхий газар эзэмших хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад гаргасан. Уг хүсэлтийг эрх бүхий байгууллага болох Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлж, тус алба 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 01-05/2294 дугаартай албан бичгээр "шүүхийн шийдвэр эцэслэн хүчин төгөлдөр болтол газар эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгох боломжгүй" тухай хариуг албан ёсоор ирүүлсэн байна.
Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд Газрын тухай хуулиар газар эзэмших эрх олгох бүрэн эрх бүхий этгээд болох Нийслэлийн Засаг дарга эцсийн шийдвэр гаргаж, хариу өгөөгүй тул хуульд заасан хугацаанд өргөдлийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т заасан "эс үйлдэхүй" үүссэн гэж дүгнэх боломжтой байна.
Гэвч уг эс үйлдэхүй нь огт хариу өгөөгүй байдал биш бөгөөд эрх бүхий байгууллага болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 01-05/1998 дугаар албан бичгийн хувиар нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн нь “эс үйлдэхүйгээ бичгээр мэдэгдсэн” гэж үзэхээр байна.
Түүнчлэн Газрын албаны 2294 дугаартай мэдэгдэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т нийцсэн, хуульд заасан зайлшгүй хоригийг баримталсан тул хууль бус шинжгүй болно. Тодруулбал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5- д зааснаар "эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй" гэж хуульчилсан байдаг. Маргаантай нөхцөл байхад эрхийн гэрчилгээ олгохгүй байх нь заавал дагаж мөрдөх хориг бөгөөд Нийслэлийн Засаг дарга энэ хууль зүйн шаардлагад нийцүүлэн шийдвэр гаргаагүй нь хуульд нийцсэн захиргааны ажиллагаа юм.
Иймд гуравдагч этгээдийн хүсэлтэд шууд татгалзсан шийдвэр гараагүй бөгөөд гарсан эс үйлдэхүй нь эрх зүйн үндэслэлтэй, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.
Дээр дурдсан үндэслэлээр бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
2.9.Гуравдагч этгээд “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Хариуцагч талын гаргасан захиргааны акт биш гэсэн тайлбарыг дэмжиж байна. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д хэвээр үлдээсэн захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт гомдол хянан шийдвэрлэсэн бүртгэлийн карт ирсэн. Бүртгэлийн картаар Ц.Энхжингийн гаргасан хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн, шилжүүлсэн бүх баримт хавтаст хэрэгт авагдсан. Үүнээс харахад Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн үйл баримт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д заасан гомдлыг хэлэлцсэн захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч тал болон гуравдагч этгээдийн тайлбарласнаар маргаан бүхий хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан захиргааны актууд нь захиргааны актын шинжийг харагдахгүй байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар шийдвэрлээгүй татгалзал нь хууль бус болохыг тогтоолгож, даалгах нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон. Татгалзал буюу эрх олгоогүй шийдвэр нь хууль бус байсан эсэх талаар тайлбар хэлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Газартай холбоотой бүх харилцааг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулдаг. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалттай давхцаагүй байна гэж заасан. Гэтэл маргаан бүхий газар нь “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын газартай давхцаж байна гэсэн агуулгаар маргаж байгаа. Яагаад давхцаж байна гэж үзэж байна вэ гэхээр “Монголын урчуудын эвлэл” ТББ 1997 онд газар ашиглах эрх авсан бөгөөд Газрын тухай хуульд зааснаар газар ашиглах эрхийг бусад этгээдэд шилжүүлэх боломжгүй дуусгавар болдог. Газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжтой, тэгэхдээ хүсэлт гаргасан, түүнтэй нийцүүлэн гаргасан талуудын хооронд байгуулсан гэрээ зэрэг хууль ёсны баримт бичгүүдэд үндэслээд шилжүүлэх үйлдэл хийгддэг. Гэтэл тийм баримт хавтаст хэрэгт авагдаагүй. 2005 оны захирамж нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 610 дугаар магадлалаар илт хууль бус болох нь тогтоогдсон болохоос биш “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын эрх ашиг сэргээгдсэн гэж үзэхгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан. Гэтэл Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг тодорхойлно гэж заасан. Хэрэгт “Монголын урчуудын эвлэл” ТББ-аас гаргасан хууль ёсны хүсэлт гэх баримт бичиг, түүнд үндэслэн гаргасан хууль ёсны гэх шийдвэр байдаггүй. Мөн нэхэмжлэгчид олгосон хууль ёсны шийдвэрийг дуусгавар болгосон тухай заалт мөн байхгүй. Тийм учраас “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын газар эзэмших эрх хүчин төгөлдөр хэвээр байна гэж дүгнэх үндэслэлтэй гэж үзэж байна. Хэдийгээр нэхэмжлэгч талаас 1997 онд олгогдсон газрын эрхийг 2001 онд сунгуулах хүсэлт гаргаагүй гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа боловч энэ үйл баримт 1997 онд эхлээд 2023 он хүртэл үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн үйл баримт дундаас 2004 оны захирамжаар газрын эрхийг тасалж авчихаад хуульд заасны дагуу гомдол гаргаагүй, эсвэл сунгуулах хүсэлт гаргаагүй гэдэг агуулгаар тайлбарлаж болохгүй бөгөөд “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын эрх сэргээгүй гэж дүгнэж болохгүй. Учир нь 2004 онд “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын газрыг хууль бусаар шилжсэнийг бид мэдэх боломжгүй байсан. 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 518 дугаар захирамж гарсан. Гэтэл 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын газар ашиглах 4 жилийн эрхийн хугацаа дуусгавар болох ёстой байсан. Өөрөөр хэлбэл, дуусгавар болохоос өмнө 11 дүгээр сарын 7-ны өдөр шилжсэн. Мөн дуусгавар болгох үндэслэл болсон 2001 оны албан бичгийг хууль бус байсан болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс давхцалтай байсан гэдгийг тогтоосон. Нэгэнт илт хууль бус болох нь тогтоогдсон учраас 1997 оны 1290 метр квадрат газрын эзэмших эрх хүчин төгөлдөр хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэх үндэслэл болно. Нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа барилгын доорх газрын өмчлөл нь газар эзэмших, ашиглах эрх олгох үндэслэл болохгүй. Учир нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр, мөн холбогдох журмыг баримтлан хэрэгжүүлэх учраас нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэл нь хангагдах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
2.10.Гуравдагч этгээд Р.Болд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“Юуны өмнө 400 метр квадрат газрын асуудал дээр гуравдагч этгээд Р.Болд миний бие нэхэмжлэгч Ц.Энхжинтэй огтхон ч нэгдмэл сонирхол байхгүй болохыг мэдэгдье. (2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр Ц. Энхжин намайг түүнтэй нэгдмэл сонирхолтой байгаа гэж худал ярьжээ, шүүхийн тэмдэглэлээс, 4-р нүүр).
"Мөн түүнчлэн "Б" корпусын барилгын доорх газрын зөвшөөрлийн анхны төлбөрийг 001 тоот гэрээний дагуу 1997 онд Р.Болд төлсөн ба 2020 он хүртэл газрын төлбөрийг би төлсөн байгаа. Энэ бүх үйл баримтуудаар "Монголын урчуудын эвлэл" ТББ-д уг газар ямар ч хамааралгүй гэдэг нь нотлогдож байгаа" (2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс, 4-р нүүр).
Ц.Энхжин хэрэглэж хэвшсэн бусармаг аргаараа Шүүгчийг төөрөгдүүлэх гэж оролдож байна. Учир нь:
1."Газрын үнэ" болон "Газрын татвар, хураамж" эдийн засгийн хувьд ч, эрх зүйн хувьд ч эрс ялгаатай ойлголтууд билээ. Газрын тогтоосон үнийг төлсөн тохиолдолд тухайн газар (ганц газар гэлтгүй бусад бараа таваарын хувьд ч адилхан) үнийг нь төлсөн этгээдийн эзэмшилд шилждэг нийтлэг зарчимтай.
400 метр квадрат буюу 0,04 га газрын үнийг дарга Ц.Энхжин биш, харин иргэн Р.Болд төлсөн байдаг. Өдгөө түүний өмнөө бариад дайраад байгаа 001 тоот гэрээнд 0,04 га газрын үнийг төлсний дараа уг газрыг хөрөнгө оруулагч Р.Болдод шилжүүлнэ хэмээн тусгасан.
Гэвч 2001 онд Ц.Энхжин төрийн бус байгууллагын дарга албан тушаалынхаа давуу байдлыг ашиглан хулгайгаар (нууцаар) өөртөө авсан байдаг. Итгэл эвдэж түншээ хулхидсан, улмаар улайм цайм луйвардсан. Нэгэнт луйвардаад өөрийн нэр дээр шилжүүлчихсэн бол ямар аргаар авснаас үл хамааран жил бүр албан журмаар татвар хураамж төлөхөөс өөр аргагүй болдог. Ц.Энхжин хууль бусаар эзэмшилдээ авсан газрынхаа жилийн “татвар, хураамж"-ийг л төлсөн, түүнээс биш "газрын үнэ"-ийг төлөөгүй. Энэ этгээд эрх зүйн ялгаатай хоёр ойлголтыг зориудаар хольж хутгаад, хууран мэхлэх гээд байна. Газрын үнийг цаг тухайд нь төлсөн иргэн Р.Болд газар эзэмшээгүй байхад үнэ хөлсийг өчүүхэн ч төлөөгүй Ц.Энхжин газар эзэмших эдийн засаг, эрх зүйн үндэслэл байхгүй.
2.Иргэн Р.Болд 1997 онд "Монголын урчуудын эвлэл" ТББ-тай 001 тоот гэрээ байгуулсан. Ц.Энхжин гэдэг хувь хүнтэй гэрээ байгуулаагүй болно. Энэхүү гэрээ нь уг 400 метр квадрат газар "Монголын урчуудын эвлэл"-д ямар нэгэн хэмжээгээр хамааралтай байсны баримт нотолгоо юм. Ц.Энхжин нийтийн эзэмшлийн дэл сул газрыг дур мэдэн захиран зарцуулж байсан гэдэгт итгэхгүй байна.
Хоёр."Ти энд ти групп" ХХК, Ц.Энхжин нар нь бүгдээрээ Р.Болдоос худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж аваад өмчлөгч болсон байдаг. Манай үйлчлүүлэгч уг газрыг анхнаасаа эзэмшээгүй, хүнээс дамаар буюу Р.Болдоос худалдаж авсан (2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс, 4 болон 6-р нүүр).
Ц.Энхжин энд шүүгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх гэж оролдож байна. Учир нь, миний бие иргэн Ц.Энхжинтэй газар худалдах, худалдан авах гэрээ огт хийж байгаагүй. Өөрт байхгүй зүйлийг (газрыг) худалдаж наймаалдаг ид шид надад заяагаагүй. Газар, байшингаа ч ялгаж мэдэхгүй өмгөөлөгчтэй хэрэг хэлэлцэхэд хэцүү. Зүгээр л нотлох баримтаа гаргаж тавь. "Газар худалдах, худалдан авах гэрээ" байвал шүүхэд үзүүл, нотло. "Ти энд ти групп" ХХК-тай хийсэн "байшин"-гийн гэрээ өдгөө шүүхэд хэлэлцэгдэж буй газрын асуудалд хамааралгүй. Эрх биш эрхэм шүүгч энэ бүгдийг ялгаж салгаж, нягтлан үзэх байлгүй.
Гурав.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь "Манай газрыг Р.Болдод 700 сая төгрөг өгөөд урлангийн газрыг буюу Б корпусын барилгыг 2 давхар болгож өг, харин газар болон үл хөдлөх хөрөнгийг ав гэх гэрээний дагуу 400 метр квадратыг 2005 онд багасгасан" гэж мэдүүлжээ. Би ийм гэрээг огт мэдэхгүй. Сэдэл ч гаргаагүй. Би 2004 оноос хойш Ц.Энхжинтэй уулзаагүй, сонирхоогүй.
Намайг өөрийн зохиосон 700 сая төгрөгтэй холбоод, гүтгээд буйд гайхаж байна. Хүний нэр барьж гэрээ хийсэн юм биш биз дээ. Эрхэм шүүгч ээ, иймд 24 жилийн өмнө хийгдсэн хулгайн үйлдлийг шүүхийн шийдвэрээр таслан зогсоох ёстой.
Эцэст нь эрүүл мэндийн улмаас шүүх хуралдаанд оролцож чадахгүй байгаадаа шүүгч Танаас хүлцэл өчье.
Мөн миний урьдчилан бичгээр өгсөн энэхүү тайлбар мэдүүлгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.5 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж шүүх хуралдаан дээр танилцуулж өгөхийг Танаас хичээнгүйлэн хүсье ” гэжээ.
2.11.Гуравдагч этгээд “Голом банк” ХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Голомт банк ХК-ийн хувьд маргаан бүхий газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө дотор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд цаашид газар эзэмших хүсэлт гаргах төлөвлөгөөтэй байгаа. Тийм учраас энэ эрхийг хөндөхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
2.12.Гуравдагч этгээд Б.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Б.Нарантуяа нь Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын дэргэдэх Б корпусын барилгын 1 давхрын 105 метр квадрат, 104.81 метр квадрат нийт 209.81 метр квадрат үйлчилгээний талбайг 2005, 2006 онд Р.Болдоос худалдан авч, түүнээс хойш тасралтгүй 21 жилийн турш уг барилгад үйл ажиллагаа явуулж буй өмчлөгч юм.
Барилгын доорх 400 метр квадрат газар дээр 4 иргэн, хуулийн этгээд үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа бөгөөд доорх 400 метр квадрат газар нь одоогоор хэн эзэмшиж ашиглаагүй, нийтийн эзэмшлийн газар тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Миний зүгээс өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшихээр Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01-05/2294 дугаар албан бичгээр газар эзэмших эрх олгох боломжгүй талаарх хариуг өгсөн.
Уг газар нь одоогоор хэний ч эзэмшилд биш байгаа, үл хөдлөх эд хөрөнгө маань оршиж буй нийтийн эзэмшлийн газраа эзэмшихээр гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзаж буй нь хууль бус юм.
Иймд гуравдагч этгээд Б.Нарантуяа миний бие даасан шаардлагыг хүлээн авч, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01- 05/2294 албан бичгийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-2, Энхтайваны өргөн чөлөө-1 дугаар бүхий Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших Б корпус барилгын доорх газраас түүнд оногдох 132 метр квадрат газар эзэмших эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 132 м.кв газар эзэмших эрх олгохыг даалгаж өгнө үү.
Иргэн М.Нарантуяа нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргасан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшилд байгаа газартай ямар нэгэн хэмжээнд давхцахгүй байх, Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байх, хотын ерөнхий төлөвлөлтөд багтсан байх гэсэн шаардлагуудыг заасан. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй, мөн үл хөдлөх байгаа газар нь хотын ерөнхий төлөвлөгөөнд орохгүй. Тийм учраас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдэл нь хууль бус байх тул газар эзэмших шийдвэр гаргуулж, газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах шаардлага гаргаж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт “газрын эрх зүйн харилцааны хүрээнд, үл хөдлөх хөрөнгийн доорхи газрыг эзэмших эрх олж авах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй”-д холбогдох үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч Ц.Энхжинд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 518 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр орших 0.04 га газрыг “үйлчилгээний зориулалтаар, ашиглах эрхийг баталгаажуулж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжаар газар ашиглах эрхийн хугацааг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр баталгаажуулж байжээ.
2.2.Харин гуравдагч этгээд “Монголын урчуудын эвлэл” төрийн бус байгууллага /цаашид “Монголын урчуудын эвлэл” ТББ” гэх/ нь дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2023/0610 дугаар магадлалаар дээрх Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжуудын Ц.Энхжинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэснээр Ц.Энхжингийн маргаан бүхий газарт газар ашиглах эрх нь хууль ёсоор үүсээгүй гэдгийг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байна.
2.3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн энэ магадлалаар дараахь үйл баримтыг тогтоосон байна. Үүнд:
2.3.1.“Монголын урчуудын эвлэл” ТББ нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 1581,27 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй үзэсгэлэнгийн танхимын барилгын өмчлөгч гэж;
2.3.2.“Монголын урчуудын эвлэл” ТББ-ын энэ үл хөдлөх хөрөнгийн доорхи 1290 метр квадрат газрыг эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/224 дугаар захирамжаар 4 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн гэж;
2.3.3.Үүний дараа уг 0,08 га газрын хэмжээг нэмэгдүүлж, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” А/226 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаатай газар ашиглуулахаар шийдвэрлэн, газрын кадастрын зураглал үйлдэж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ байгуулагдсан гэж;
2.3.4.Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 455 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 хороонд байрлах 0,13 га газрын хэмжээг багасгаж 890 м.кв болгон “үзэсгэлэнгийн танхим”-ын зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэж;
2.3.5.Дээр дурдсан Нийслэлийн Засаг даргын захирамжуудаас үзэхэд, Нийслэлийн Засаг дарга “Монголын урчуудын эвлэл” ТББ-д анх газар ашиглах эрх олгосон шийдвэрүүд гаргасан байх ба харин иргэн Ц.Энхжинд газар ашиглах эрх олгосон шийдвэр гараагүй, хоёр удаа газар ашиглах, эзэмших эрхийг баталгаажуулсан, “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын хууль ёсоор ашиглаж байсан газартай давхцуулсан шийдвэр гаргаж байсан нь тогтоогдсон гэж;
2.3.6.Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжаар гуравдагч этгээд болох иргэн Ц.Энхжинд газар ашиглах, эзэмших эрх олгоогүй харин газар ашиглах, эзэмших эрхийг баталгаажуулсан гэж;
2.3.7.Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар иргэн Ц.Энхжинд Сүхбаатар дүүргийн 1 хороонд 0.04 га газар ашиглуулах эрхийг баталгаажуулах захирамж гарах үед маргаан бүхий газрыг нэхэмжлэгч “Монголын урчуудын эвлэл” ТББ Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/226 дугаар захирамжаар ашиглах эрхтэй байсан тул уг газартай давхцалтай байсан гэж тус тус дүгнэлт хийж, уг газрыг Ц.Энхжинд газар эзэмших эрх олгосон шийдвэр гараагүй, харин хоёр удаа газар ашиглах, эзэмших эрхийг баталгаажуулсан нь илт хууль бус гэж үзэн уг актыг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэжээ. /ХХ-2-ын 48-53 дахь тал/
2.4.Одоо захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тогтоогдож байгаа үйл баримт нь:
2.4.1.Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/224 дүгээр захирамжаар “Монголын урчуудын эвлэл” ТББ-д Сүхбаатар дүүргийн 1 хороонд, Үзэсгэлэн худалдааны зориулалттай 0,08 га /800 метр квадрат/ газрыг 4 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж байжээ. /128/2021/0092/3 индекстэй хэргээс/
2.4.2.Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар “Монголын урчуудын эвлэл” ТББ-д Сүхбаатар дүүргийн 1 хороонд, үйлчилгээний зориулалтаар, 0,13 га /1290 метр квадрат/ газрыг 4 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож шийдвэрлэсэн байна. /ХХ-3-ын 2-6 дахь, ХХ-1-ийн 102 дахь тал/
2.4.3.Энэ 800 метр квадрат газрын хэмжээг Нийслэлийн Засаг дарга нь хэний ямар хүсэлт, үндэслэлээр 1290 метр квадрат болгож нэмэгдүүлсэн талаар нотлох баримт Газрын хувийн хэрэгт нь байхгүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.
2.4.4.Уг 1290 метр квадрат газар ашиглах эрхийн хугацаа нь дуусгавар болохоос 6 хоногийн өмнө буюу 2001 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ”Монголын урчуудын эвлэл” ТББ-ын дэд дарга Л.Болд нь тус байгууллагын 134 дүгээр албан бичгээр Нийслэлийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт хандан “...Б корпусын барилгад оногдох 400 ам дөрвөлжин талбайг Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг барилгын эзэмшигчид шилжүүлсэн тул манай 1290 ам дөрвөлжин метр талбайгаас 400 ам дөрвөлжин газрыг хасч, үлдэх 890 метр квадратаар баталгаажуулж өгөөч” гэх агуулгатай хүсэлтийг гаргаж байжээ.
2.4.5.“Монголын урчуудын эвлэл” ТББ-ын газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болохоос 5 хоногийн өмнө буюу Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 518 дугаар захирамжаар “Монголын урчуудын эвлэл” ТББ-д ашиглуулж байсан газраас 400 метр квадратыг Ц.Энхжинд ашиглуулахаар шийдвэрлэжээ.
2.4.6.Энэ үйл баримтын дараа “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын Сүхбаатар дүүргийн 1 хороонд газар ашиглах эрхийг баталгаажуулсан 1997 оны А/226 дугаар захирамжийн хугацаа 2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон байгаа ба тус байгууллага өөрийн энэхүү газрыг ашиглах эрхийн гэрчилгээний хугацаагаа 1290 метр квадратаар, эсхүл 890 метр квадратаар ашиглахаар, сунгуулах хүсэлтээ дахин гаргаагүй байгаа тул тус байгууллагын газар ашиглах эрх уг хугацаагаар дуусгавар болсноор уг газарт “газрын эрх зүйн харилцаа хамт дуусгавар болсон”эрх зүйн үр дагавар үүссэн байна.
2.4.7.Энэ хугацаанаас 3 жил орчмын дараа Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 455 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 хороонд байрлах 0,13 га газрын хэмжээг багасгаж 890 м.кв болгон “үзэсгэлэнгийн танхим”-ын зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ шийдвэртэй 20 гаруй жилийн турш, одоог болтол “Монголын урчуудын эвлэл” ТББ маргаагүй.
2.4.8.Энэ нь “Монголын урчуудын эвлэл” ТББ-д эзэмших эрх олгосон шийдвэр Нийслэлийн Засаг даргаас гаргаагүй, газар эзэмших эрх зүйн харилцаа үүсээгүй байхад газрын эзэмших эрхийг баталгаажуулсан алдаатай шийдвэр гаргасан байгаа боловч энэ талаар талууд мөн л маргаагүй болно.
2.4.9.Иймээс Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 455 дугаар захирамжаар “Монголын урчуудын эвлэл” ТББ-д “үзэсгэлэнгийн танхим”-ын зориулалтаар, 890 м.кв газар эзэмших эрх баталгаажуулсан захирамж гарснаар уг газарт 890 метр квадрат газрыг газрыг эзэмших эрх зүйн харилцааг уг хугацаанаас үүссэн гэж үзнэ.
2.4.10.Гуравдагч этгээд нь уг газрыг ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаагүй шалтгаанаа “тус байгууллагын даргаар Ц.Энхжин ажиллаж байсан учраас гаргаагүй, Монголын урчуудын эвлэлийн холбооны гишүүд, бид нар энэ талаар мэдэх боломжгүй байсан” гэж байгааг хүлээн авах хууль зүйн боломж байхгүй.
2.4.11.Учир нь аливаа хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааг өдөр тутам удирдах, эрхлэх, төлөөлөн шийдвэр гаргах, бусадтай хуулийн хүрээнд харилцах этгээдийг гүйцэтгэх удирдлагаар томилох хууль зүйн зохицуулалттай бөгөөд ийнхүү томилсон этгээдээс гаргасан шийдвэрийн үр дагавар болон хуулийн этгээдийн өмнөөс эдлэх эрх, хүлээх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас үүссэн үр дагаврыг тус байгууллага хүлээх ба ийм нөхцөлд сүүлд гарч ирсэн удирдлага, гишүүдийн “бид мэдээгүй” гэж шаардсанаар үр дагавар нь шууд алга болохгүй эрх зүйн зарчимтай.
2.4.12.Дээрх байдлаар “Монголын урчуудын эвлэл” ТББ болон Ц.Энхжин нарын газрын эрх зүйн харилцаа үүсч, дуусгавар болж байх хугацааны дотор уг газар дээр барилга байгууламж барих эрх зүйн харилцаа дараахь байдлаар явсан байна.Үүнд:
2.4.13.“Монголын урчуудын эвлэл” ТББ-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 1 давхар 500 метр квадрат талбайтай үзэсгэлэнгийн танхимын барилгыг гуравдагч этгээд Р.Болд нь 2 давхар, 1581,27 метр квадрат талбайтай болгон 1997 оны 8 сараас барьж эхлэн 1998 оны 11 дүгээр сард дуусгасан болох нь Монголын урчуудын эвлэлийн хорооны 1998 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн танилцуулгаар тогтоогдсон. /ХХ-1-ийн 139 дэх тал/.
2.4.14.Ингэж Б хэсгийн өргөтгөлийн барилга 1997 оны 8 сараас баригдаж эхэлсэн гэх танилцуулга, Газрын баталгаат хэмжээ тогтоосон акт /энэ баримтыг 128/2021/0092/3 индекстэй хэргийн ХХ-1-ийн 20 дахь талаас авч хэрэгт хавсаргасан/ зэрэг нотлох баримтаас үзвэл уг Б хэсгийн өргөтгөлийн барилга нь “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/224 дүгээр захирамжаар ашиглуулсан 800 метр квадрат газартай давхцалгүй байдлаар “баригдаж эхэлсэн” нотлогдож байгаа тул Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар “Монголын урчуудын эвлэл” ТББ-д ашиглуулсан 1290 метр квадрат газар дээр барьсан гэх тайлбар, нотлох баримтууд няцаагдсан гэж үзлээ.
2.4.15.Гуравдагч этгээд Р.Болд нь 1998 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан уг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлалтай, 1581,27 метр квадрат талбайтай болгож өргөтгөсөн барилгаас 636,21 метр квадрат барилгын өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг, өргөдөл, “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын гаргасан 1998 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Өмчлөх эрхийг нотлох бичиг, барилгын тойм зураг, Хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг үндэслэн уг барилгын өмчлөгчөөр анх Р.Болдыг бүртгэсэн байжээ. /ХХ-1-ийн 48-60 дахь тал/
2.4.16.Гуравдагч этгээд Р.Болд нь 1998 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ц.Энхжинг Б корпусын хоёрдугаар давхрын 275,03 ам дөрвөлжин талбайтай үйлчилгээний хоёр танхимыг худалдаж авч өмчлөгч болсныг нотолсон бичиг үйлдсэн байна.
2.4.17.Эндээс үзвэл Р.Болд нь Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/224 дүгээр захирамжаар ашиглуулсан 800 метр квадраттай газартай давхцалгүй байдлаар барилгыг барьж, мөн Засаг даргын 1997 оны А/226 дугаар захирамжаар “Монголын урчуудын эвлэл” ТББ-д 4 жилийн хугацаатай ашиглуулж байсан 1290 метр квадрат газар дээр тус байгууллагын зөвшөөрснөөр “Б” хэсгийн /корпус/ гэх өргөтгөлийн барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгасан бөгөөд тухайн үед “Монголын урчуудын эвлэл” ТББ өөрийн газар дээр барилга барьж байгаатай маргаж байгаагүй байна.
2.4.18.Ингээд “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын газар ашиглах эрх нь 2001 онд газар дуусгавар болсноор уг барилгын доорхи газар нь ашиглах, эзэмших эрхтэй этгээд байхгүй хууль зүйн дагавар бий болсон байна.
2.4.19.Үзэсгэлэнгийн танхим нэртэй /нийтэд танигдсанаар/ барилгын Б хэсгийн доорхи газар нь одоо хэн нэгний эзэмшилд байхгүй, “Монголын Урчуудын эвлэл” ТББ-ын эзэмшилд биш болох нь хариуцагчийн гаргасан кадастрын зураг, тайлбар болон шүүхийн хүсэлтийн дагуу Газрын зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2/1475 дугаартай албан бичгийн хавсралтаар шүүхэд зурж ирүүлсэн кадастрын зургаар тогтоогдлоо. /ХХ-3-ын 76-83 дахь тал/
2.4.20.Монголын урчуудын эвлэлийн Үзэсгэлэнгийн танхим нэртэй барилга нь А болон Б гэсэн хэсэгтэй байгаа ба Б хэсгийн 636,21 метр квадрат талбайгаас Ц.Энхжин 275,03 метр квадратыг өмчлөгч, Б.Нарантуяа 216,81 метр квадратыг өмчлөгч, Р.Болд 112 метр квадратыг өмчлөгч, “Голомт банк” ХК 39,37 метр квадратын өмчлөгчөөр тус тус Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг Б хэсэгт “Монголын урчуудын эвлэл” ТББ үл хөдлөх хөрөнгийн талбай өмчилдөггүй болох нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хувийн хэргийн материалаар нотлогдож байна. /ХХ-1-ийн 47-160, 193-246 дахь тал, ХХ-2-ын 1-32, 132-134 дэх тал/
2.5.Гуравдагч этгээд “Монголын урчуудын эвлэл” ТББ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан үеэсээ буюу 128/2021/0092/3 индекстэй хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш одоог хүртэл Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 455 дугаар захирамжаар өөрийн Сүхбаатар дүүргийн 1 хороонд байрлах 1290 метр квадрат газрын хэмжээг багасгаж 890 метр квадрат болгож шийдвэрлэсэнтэй огт маргаж байгаагүй байх тул уг актад холбогдуулан маргах хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болчихсон байна.
2.6.Одоо гуравдагч этгээд “Монголын урчуудын эвлэл” ТББ нь хүчин төгөлдөр 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 455 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 хороонд 890 метр квадрат газрыг үзэсгэлэнгийн танхимын зориулалтаар эзэмшиж, уг газрынх нь дээр Үзэсгэлэнгийн танхимын А хэсэг нэртэй барилга нь байршиж байгаа болох нь газрын хувийн хэрэг, кадастрын зураг зэрэг баримтаар тогтоогдсон.
2.7.Дээр дурдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгч Ц.Энхжин нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших, Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим /нийтэд нэршсэн нэрээр/ нэртэй барилгын Б корпусын барилгын доорхи газрыг өөрөө болон бусадтай дундаа хамтран эзэмших хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад хандан 2024 оны 01 дүгээр сар, 06 дугаар сарын 12-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасныг Засаг даргаас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2/8372 дугаар, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний 01-05/1998 дугаар албан бичгүүдээр хариуг өгчээ.
2.8.Гуравдагч этгээд Б.Нарантуяа мөн уг газрыг дундаа хамтран эзэмших хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга, түүний Газрын албанд хандаж 2025 оны 05 дугаар сард гаргасан байх түүний хүсэлтийн хариуг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01-05/2294 дүгээр албан бичгээр татгалзсан хариу өгсөн байна. /ХХ-1-ийн 47, ХХ-3-ын 141-143, 195 дахь тал/
2.9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Энхжин нь өөрийн өмчлөлийн доорхи газрыг гуравдагч этгээд Б.Нарантуяа, Р.Болд, “Голомт банк” ХК-тай хамтран дундаа эзэмших хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга, түүний газрын албанд хандаж гаргасан боловч уг этгээдээс “шүүхэд маргаантай асуудлаар шийдвэр гаргахгүй” гэсэн хариуг өгсөн нь Ц.Энхжин, Б.Нарантуяа нарын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзал гаргасан зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо.
2.10.“Голомт банк” ХК нь шүүхийг маргааныг шийдвэрлэсний дараа газрыг дундаа хамтран өмчлөх хүсэлтээ гаргана гэж тайлбарласан болно.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, мөн зүйлийн 3.1.4-т “газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; ойлгоно гэж заажээ.
3.2.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "үл хөдлөх эд хөрөнгийн эрх" гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг” ойлгоно гэж хуульчилсан байна.
3.3.Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т "газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна" гэж, 85 дугаар зүйлийн 85.2-т "түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга, байгууламж болон бусад эд зүйл нь газрын үндсэн бүрдэл байна" гэж, 87 дугаар зүйлийн 87.1-т “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
3.4.Дээрх хууль зүйн нэр томьёо болон хууль зүйн ойлголт, өмчийн эрх зүйн үндсэн онол, зарчмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, түүнтэй холбоотой бусад эрхээ хэрэгжүүлэхэд түүний оршин байгаа газрыг эзэмшиж, ашиглах эрхийн хамт байж бүрэн хэрэгжүүлэх суурь үндэс болдог буюу үл хөдлөх хөрөнгийг газраас салангид авч үзэх эрх зүйн боломжгүй гэсэн ойлголт, зарчим нэгэнт тогтсон болно.
3.5.Мөн хуульд газар эзэмших, ашиглах эрхийн хэмжээ хүрээг тодорхойлж өгснөөр эдгээр ойлголт нь ялгаатай гэдгийг тодорхойлжээ.
3.6.Иймд Монголын урчуудын эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимын барилгын Б хэсгийн 275,03 метр квадрат талбай өмчлөгч Ц.Энхжин, 216,81 метр квадратыг өмчлөгч Б.Нарантуяа нар нь өмчийн эрхээ хэрэгжүүлэх, өмчлөх эрхээ хамгаалах, баталгаатай эдлэх үүднээс өөрийн өмчлөх үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг өөрсдийн эзэмшилд байлгахыг төрийн захиргааны байгууллагаас /өмчлөгчөөс/ шаардах эрхтэй этгээдүүд мөн болно.
3.7.Нөгөө талаас гуравдагч этгээд “Монголын урчуудын эвлэл” ТББ нь “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2023/0610 дугаар магадлалаар дээрх Нийслэлийн Засаг даргын 2001 оны 518 дугаар захирамж, 2005 оны 555 дугаар захирамжуудын Ц.Энхжинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэснээр манай байгууллагад Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/224 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 1290 метр квадрат газрын эрх сэргэсэн, уг 1290 метр квадрат газартай Ц.Энхжин давхцуулан газар эзэмших хүсэлт гаргах эрхгүй” гэж байгаа үндэслэл нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.
3.8.Өөрөөр хэлбэл, дээрх тогтоогдсоноор Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/224 дүгээр захирамжаар “Монголын урчуудын эвлэл” ТББ-д ашиглуулсан 800 метр квадрат газар дээр давхцалгүй байдлаар Р.Болд Үзэсгэлэнгийн танхимын Б хэсгийн өргөтгөлийн барилгыг барьж эхэлсэн, “Монголын урчуудын эвлэл” ТББ нь 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 455 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 хороонд 890 метр квадрат газрыг эзэмшдэг гэдэг нь нотлогдсон.
3.9.Иймд Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/224 дугаар захирамжид “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын газар ашиглах эрхийн хугацааг 4 жил гэж заасан, уг хугацаандаа газар ашиглах эрхээ сунгуулаагүй, 2004 онд 890 метр квадратаар газар эзэмших эрхийн харилцааг шинээр үүсгэсэн тул гуравдагч этгээд “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын манай байгууллагад Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/224 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 1290 метр квадрат газрын эрх сэргэсэн, уг 1290 метр квадрат газартай Ц.Энхжин давхцуулан газар эзэмших хүсэлт гаргах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй, нотлох баримтаар няцаагдсан.
3.10.Үүнээс гадна Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 221/МА2023/0610 дугаар магадлалаар “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын шаардсаны дагуу Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжаар Ц.Энхжинд газар эзэмших эрх олгосон шийдвэр гараагүй, харин хоёр удаа газар ашиглах, эзэмших эрхийг баталгаажуулсан нь илт хууль бус гэж үзэн уг актыг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн нь Ц.Энхжинг болон гуравдагч этгээд Б.Нарантуяа нарыг өмчлөлийн эд хөрөнгийн доорхи газрыг хойшид дундаа хамтран өмчлөх эрхгүй гэсэн дүгнэлт биш бөгөөд, уг эрхийг хязгаарлаагүй байна.
3.11.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 221/МА2023/0610 дугаар магадлалтай хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Ц.Энхжин нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорхи газрыг бусад өмчлөгч нартай дундаа хамтран эзэмших хүсэлтээ гаргасныг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/408 дугаар албан бичгээр “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 221/МА2023/0610 дугаар магадлалаар ...Нийслэлийн Засаг даргын 2001 оны 518, 2005 оны 555 дугаар захирамжуудын Ц.Энхжинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ... шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байна” гэж, Нийслэлийн Засаг даргаас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дүгээр албан бичгээр “... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэх эрх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид байхгүй, Та шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бол ... хүсэлтээ зохих шатны шүүхэд гаргах нь зүйтэй“ гэж, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 дугаар албан бичгээр “шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа тохиолдолд газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй гэж хариулсан нь хуульд нийцээгүй байна. /ХХ-1-ийн 6 дахь, ХХ-3-ын 143, 202, дахь тал/
3.12.Тодруулбал, Нийслэлийн Засаг даргаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 221/МА2023/0610 дугаар магадлалын Үндэслэх хэсэгт заасан хууль зүйн дүгнэлт болон Тогтоох хэсгээр шийдвэрлэсэн шийдвэрийн агуулгыг илт буруу тайлбарлаж, шүүхээс Ц.Энхжинд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хориглосон, газар эзэмших эрхгүй мэтээр тайлбарласан нь Газрын тухай хуульд нийцээгүй болно.
3.13.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд Ц.Энхжин, Б.Нарантуяа нарын эзэмшихийг хүссэн газар нь “Монголын урчуудын эвлэл” ТББ нь 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 455 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 хороонд 890 метр квадрат газартай давхцалгүй байна.
3.14.Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих, мөн зүйлийн 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх”, мөн зүйлийн 21.2.6-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх” гэж заасан нь Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрх байна.
3.15.Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Аймаг, нийслэлийн газрын албаны эрх хэмжээнд хамааруулж, мөн зүйлийн 23.3.3-т “газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх” гэжээ.
3.16.Газрын тухай хуульд ийнхүү зааснаар Нийслэлийн Засаг дарга, түүний газрын алба нь газрын зохион байгуулалт, газрын кадастрыг эрхлэн явуулдгийн хувьд газар давхацсан эсэх талаар мэдэх ёстой, шаардлагатай бол шийдвэрлэх эрх хэмжээтэй этгээд нь мөн болно.
3.17.Гэтэл хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлаж, Ц.Энхжин, Б.Нарантуяа нарын өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн доорхи газраа эзэмшихийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.2.6, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасанд нийцээгүй хууль бус татгалзал гаргасан гэж үзлээ.
3.18.Иймд нэхэмжлэгч Ц.Энхжингийн нэхэмжлэлийн шаардлагаас түүний үл хөдлөх хөрөнгийн доорхи газраа эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Нийслэлийн Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монголын Урчуудын эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших Б хэсгийн барилгын доорхи газрыг Ц.Энхжин нарын өмчлөгч иргэн, аж ахуйн нэгжийг дундаа хамтран эзэмших хүсэлтийг гаргасан тохиолдолд газар эзэмшүүлэх шийдвэрээ гаргаж, гэрээ, байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж байна.
3.19.Мөн дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээд Б.Нарантуяагийн бие даасан шаардлагын зармыг хангаж, уг газрыг Б.Нарантуяад дунд нь хамтран эзэмшүүлэх шийдвэрээ гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
3.20.Харин нэхэмжлэгч Ц.Энхжингийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дүгээр албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 дугаар албан бичиг, гуравдагч этгээд Б.Нарантуяагийн бие даасан шаардлага болох Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 02-ны 01-05/2294 дүгээр албан бичгийн агуулгаас үзвэл “газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулахаас татгалзсан агуулгыг агуулаагүй, ийм үр дагаврыг шууд үүсгээгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг нь шийдвэрлэсэн шийдвэр байгаа тул бие даасан захиргааны акт биш гэж үзэж, эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж үзэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байна.
3.21.Дээрх шийдвэрийг биелүүлэх арга замыг шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт тодорхойлж өгөх нь зүйтэй гэж үзсэн тул Нийслэлийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монголын Урчуудын эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших Б хэсгийн барилгын доорхи газрыг, дээрх үл хөдлөх хөрөнгө өмчлөгч Ц.Энхжин, Б.Нарантуяа, Р.Болд, “Голомт банк” ХК нар нь хамтран дундаа эзэмшихийг хүсч, хүсэлтээ гаргасан тохиолдолд тэдгээрт аливаа байдлаар талбайн хэмжээ хуваарилахгүйгээр, зөвхөн дундаа хамтран газар эзэмших шийдвэр гаргах шаардлагатай гэдгийг анхаарвал зохино.
3.22.Ингэхдээ үл хөдлөх хөрөнгө өмчлөгч Ц.Энхжин, Б.Нарантуяа, Р.Болд, “Голомт банк” ХК нарын хэн нэг нь газрыг хамтран эзэмших хүсэлт гаргах эрх, эзэмших эрхээсээ татгалзсан нь бусад этгээдийг дундаа хамтран эзэмших эрхийг олж авахыг хязгаарлах үндэслэл болохгүй гэдгийг тэмдэглэж байна.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
4.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 221/МА2023/0610 дугаар магадлалын “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын болон Ц.Энхжин нарын газрын эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн зарим үйл баримтыг дүгнээгүй, тогтоогоогүй асуудлаар нь анхан шатны шүүх энэ хэрэгт нэмж дүгнэлт өгсөн болно.
Тав. Хэрэг хянан шийдвэрлэх зарим ажиллагааны талаар:
5.1.Шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2024/7876 дугаар захирамжаар “Ти энд ти групп” ХХК-ийг Урчуудын эвлэлийн Б хэсэг нэртэй барилгад талбай өмчлөгч гэж үзэн гуравдагч этгээдээр татсан боловч тус компани биш, тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Нарантуяа нь талбай өмчлөгч болох нь нотлох баримтаар тогтоогдсон учраас гуравдагч этгээдээр Б.Нарантуяагаар сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан болно. /ХХ-2-ын 33-34 дэх тал/
5.2.Гуравдагч этгээд Р.Болд нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар бичгээр илэрхийлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах боломжтой гэж үзсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дэх хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.2.6, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Энхжингийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг, гуравдагч этгээд Б.Нарантуяагийн бие даасан шаардлагаас заримыг тус тус хангаж, Ц.Энхжин, Б.Нарантуяа нарын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Нийслэлийн Засаг даргын татгалзал, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монголын урчуудын эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших Б хэсгийн барилгын доорхи газрыг Ц.Энхжин, Б.Нарантуяа нарыг дундаа хамтран эзэмших хүсэлтийг гаргасан тохиолдолд газар эзэмшүүлэх шийдвэрээ гаргаж, гэрээ, байгуулж, гэрчилгээ олгохыг даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Ц.Энхжингийн “ Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дүгээр албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 дугаар албан бичгийг хууль бус болгохыг тогтоолгож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Б.Нарантуяагийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 02-ны 01-05/2294 дүгээр албан бичгийн бие даасан шаардлага агуулгаас “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж үзэн хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэл болон шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргаас шүүхийн энэ шийдвэрийн 1 дэх хэсгийг биелүүлэхдээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монголын урчуудын эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших Б хэсгийн барилгаас өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий Ц.Энхжин, Б.Нарантуяа, Р.Болд, “Голомт банк” ХК нарыг барилгын доорхи газрыг хамтран дундаа эзэмших хүсэлтийг гаргасан тохиолдолд дундаа хамтран газар эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжтой болохыг анхаарсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.Энхжингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, гуравдагч этгээд Б.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн зарим шаардлага болон бие даасан шаардлагын зарим хэсэг хангагдсантай холбогдуулан, уг тэмдэгтийн хураамжаас тус бүрт нь 35100 төгрөгт дүйцэх хэмжээний төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж, нэхэмжлэгч Ц.Энхжин, гуравдагч этгээд Б.Нарантуяа нарт тус тус олгосугай.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ