Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 00102

 

 

 

 

 

 

 

 

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

              Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

              Улсын яллагч Г.Сэндэнсүрэн

              Хохирогч Д.Мөнхнасан,

              Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд

              Шүүгдэгч Т.И, Т.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.И, Т.Б холбогдох эрүүгийн 1838001180091 дугаар хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол улсын иргэн, Ар тогоруутан овогт Т.И, 1953 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 64 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 20-17 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн РЮ53122009 дугаартай,

              Монгол улсын иргэн, Шань овогт Т.Б, 1983 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дугаар багийн 20-17 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.536.000төгрөгний торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн  дугаартай,

              Шүүгдэгч Т.И, Т.Б нар нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-20-17 тоотод гэртээ П.М гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож биед нь “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Т.И, Т.Б нар нь  2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-20-17 тоотод байрлах гэртээ П.М- гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас бүлэглэн зодож эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

              Шүүгдэгч Т.И-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … Би М-д хандаад “чи бас ирээд хоночихоо юу, салчихсан байж, янхан чинь гэж хэлэхэд М- орноосоо босож ирээд Б-ийн нүд рүү нь цохиод нүцгэн хөлөөрөө Б-ийн дээрээс нь дэвсэж байгаа харагдсан ... Дараа нь над руу ирээд миний үснээс зулгаагаад, зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би эргүүлээд М-ийн духны баруун хасагт гараараа нэг удаа цохиж байгаад миний баруун гарын хурууг хазсан. Миний хурууг хазаад тавихгүй байхаар нь би гараа тавиулахын тулд зүүн гараагаа 2 удаа хамран тус газар нь цохиж авсан. Би гараа тавиулахад миний баруун талын гараас цус гарахаар нь би угаалтуур руу очин гараа угааж байтал М ширээн дээр байсан аяга аваад надруу шидэх гэхээр нь охин И.М-ийн гарт байсан аягыг барьж авсан. Энэ үед М-ийн хамраас цус гарсан байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

              Шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...М болон 2 найзынх нь хамт бааранд сууж байгаад хамт гэр рүү харих болсон. Ингээд М манайд хоносон. Маргааш  өглөө нь 08 цаг 30 минутын орчим байх ээж И манай өрөөнд орж ирсэн. Ээж чи наадахаасаа салсан байж яагаад гэрт оруулж байгаа юм, муу янхан гэж  М-д хэлсэн. М миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохиод, чи ээждээ ингэж намайг ойлгуулдаг юм байна гэж хэлээд гэдэс рүү гараараа нэг удаа цохисон. Дараа нь намайг орон дээр хэвтэж байхад гэдэс рүү нэг удаа дэвссэн. Ээж чи миний хүүг яасан гэж цохиод байгаа юм гээд М-ийн хамар руу нь гараараа нэг удаа цохисон ... М-г ээж цохисны дараа М ээжийн үснээс зулгааж байсан. Би хувцсаа өмсөөд ээж, М хоёрыг салгасан. Гал тогооны өрөөний ширээн дээрээс Мөнхнасан аяга аваад ээж рүү шидэх гэхэд дүү И аваад болиулсан ...  гэх мэдүүлэг /хх-ийн 61 дугаар хуудас/,

              Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … нөхөр Б гадуур согтуу явахаар нь энд тэнд унаад хөлдчих вий гэж бодоод гэрт хүргэж өгсөн юм. Тэгтэл хоночих гээд байхаар нь хоносон. Тэгээд өглөө ажилдаа явахдаа хүүхдээ хүргэж өгөх гээд зогсож байтал гаднаас хадам ээж орж ирээд чи Мөрөнгийн төвд багтахаа байсан янхныг яах гэж гэр орондоо авчирсан юм, захын нохой ч хэлнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь та юу яриад байгаа юм гэж ээжид хэлтэл Б чи ээжтэй хэрэлдлээ гээд намайг шууд гараараа атгаж байгаад нүүр рүү цохисон. Тэгтэл хадам ээж ам руу гараа хийгээд доош нь дарж унагаагаад Б толгой руу 2 удаа өшиглөсөн. Мөн цээжин дээр өвдгөөрөө өвдөглөсөн. Тэгээд би цагдаа руу залгаж дуудлага өгөхөд хүртэл намайг алгадаж өшиглөж байсан ... хадам ээж нүүр рүү алгадаж үстэж унагааж, ам руу гараа хийж чи дуугарах эрхгүй гээд байсан. Банзрагч цээжин дээр өвдөглөн дарж толгой руу өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

              Гэрч Ц.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр цагдаагийн газрын жижүүрийн мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байсан. Цагдаагийн ахлагч  У иргэд байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг утсаар хүлээн авч байсан. Иргэн М нь дуудлага мэдээлэл өгөхөөр манай хурал тараагүй байна. Та боломжтой бол өөрөө ирж  мэдүүлэг өгнө үү гэж хэлсний дагуу М өөрийн биеэр цагдаагийн газарт ирсэн юм билээ . Би жижүүрийн өрөөнд мэдээлэл хүлээн авах хэсэгт сууж байхад зүс таних М шилэн хаалтын цаана би дуудлага өгсөн юм аа. Манай нөхөр Б болон манай хадам ээж И нар намайг зодсон гэж байсан. Миний харснаар бол Мөнхнасан нүүр нь улайсан байдалтай, үс нь арзайчихсан сууж байсан  ... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

              Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажил дээрээ очиход М ажил дээрээ ирээд явлаа нөхөртөө зодуулсан гэж байна гэж С хэлж байсан. Ингээд хэсэг байж байтал М өөрөө орж ирсэн ба М-ийн нүд хөхөрчихсөн, хамар орчим хавдчихсан байдалтай байсан. М өөрөө хэлэхдээ нөхөр, хадам ээж хоёр  нийлээд зодлоо. Хадам ээж миний ам руу гараа хийгээд дархаар нь миний ам урагдах гээд байхаар нь гарыг нь хазаж байгаад тавиуллаа. Намайг цагдаад хэлэх гээд явах үед араас ус цацсан гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дугаар хуудас/,

              Гэрч А.С-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 9 цаг 10 минут болж байхад М гаднаас ганцаараа орж ирж байсан. М миний хажуугийн шатаар өгсөж явснаа С эгчид миний куртикыг хараач гэхээр нь куртик руу нь харсан чинь ар нь нойтон болоод, хар зам татсан байсан. Наад куртик чинь яасан юм гэхэд Б намайг зодоод цагдаад хэлнэ гэхэд араас чамайг харааж байна, хараал хийж байна гээд хөөтэй ус цацсан гэж хэлсэн. Цааш ахиулаад харахад хамрынх нь баруун хэсэг баруун талын хацар орчим нь улайж хавдсан байдалтай байсан. Ба өөрөө ээрээд тодорхой юм хэлж чадахгүй байсан ... /хх-ийн 29 дүгээр хуудас/,

              Гэрч Х.Г, Д.Ц нарын мэдүүлэг /хх-ийн 23,33 дугаар хуудас/,

              Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

              Хохирогч Д.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 107-108 дугаар хуудас/,

              Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 96 дугаартай: Д.М-ийн биед хамрын зөөлөн эдийн няцрал, зулгарал, цус хуралт, хацар, бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,

              Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 143 дугаартай: Д.М-ийн биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгарал,  бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  ... гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/,

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.          

   Шүүгдэгч Т.И, Т.Б нар  нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-20-17 тоотод байрлах гэртээ П.М-г бүлэглэн зодож эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Д.М нь агуулгын хувьд тодорхой заан мэдүүлж байх бөгөөд  гэрч Д.Э, А.С, Ц.Ж, Х.Г нарын мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтууд нь хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж, хэргийн талаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдлыг нотолсон гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгч Т.Б нь гэм буруугүй, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй гэх боловч хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар түүний дээрх үйлдлийг үгүйсгэх, цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.

  Иймд шүүгдэгч Д Т.И, Т.Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Т.И, Т.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 3.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, хохирогч Д.М нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд мөн байна.

Прокуророос шүүгдэгч Т.Б-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар яллах дүгнэлтэд дурдсан байх ба мөн хуулийн 2 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг орхигдуулсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйгээр байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал 260.400 төгрөг, өмгөөллийн хөлс 360.000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас болж дутуу авсан авсан цалин, 2018.01.31-2018.03.01 хүртэл өдрийн орлого 80.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байх боловч хохирогчийн гаргаж өгсөн баримтуудаас E.Barimt нь огноо, үнийн дүн тодорхойгүй, цалин, орлогыг тодорхойлсон хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ  хэрэгт авагдаагүй, Үсчин, гоо сайхны холбооны тодорхойлолт гэх баримт огноогүй, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын баримтаа ирүүлээгүй, татвар төлөлтийн тодорхойлолтоор хохирогчийн өдрийн орлогыг тодорхойлж,  тодорхой тооцоо гаргах бололцоогүй,

Мөн өмгөөллийн хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулан тооцох боломжгүй байна.

   Шүүх нотлох баримтын хэмжээнд: 120.000 төгрөгийн эмчилгээний бэлэн мөнгөний орлогын баримт, 110.000 төгрөгийн КТГ оношилгооны баримт, шинжилгээний төлбөр 8.000  төгрөг, 9.000 төгрөг, бүгд 247.000 төгрөгийн баримтыг үнэлж, шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэх.

Харин хохирогч нь хөдөлмөрийн чадвар алдсанаас болж дутуу авсан авсан цалин хөлс, орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 Эрүүгийн 1838001180091 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ар тогоруутан овогт Т.И, Шань овогт Т.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Т.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.И-оос 123.500/ нэг зуун хорин гурван мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Т.Б-аас 123.500/ нэг зуун хорин гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.М-д олгож, хохирогч Д.М нь хөдөлмөрийн чадвар алдсанаас болж дутуу авсан авсан цалин хөлс, орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн 1838001180091 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.И, Т.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.ЭРДЭНЭ-ОЧИР