Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 62

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, Д.Зулаа Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Бд холбогдох эрүүгийн 1830000600041 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг “Хавирга” гэх оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2017/ШЦТ/122 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж дууссан /РД:ЛЖ99120475/ Туван овгийн А.Б 
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр:
Яллагдагч А.Б нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 23 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг Хонхорын байрны 8-6 тоот хашаанд иргэн Г.Амарбатын эзэмшлийн уяатай байсан морийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг моринд тохоотой байсан мөнгөн чимэглэлтэй эмээл, суран хазаарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.050.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би шинийн 4-нд сумын төв орж ах дүү нартайгаа шинэлчихээд буцахдаа Батсүхийн хашаанаас эмээл хазаартай морь байхаар хөл залгах гэж унаж явсан.Гэртээ очсон хойноо мөнгөн эмээл хазаарыг нь аваад байшиндаа хийсэн морийг нь сул тавьсан. Тэгээд маргааш нь цагдаад баригдсан. Амарбатын мөнгөн эмээл, суран хазаарыг нь буцаагаад өгсөн. Морь нь адуундаа гүйгээд очсон гэсэн.Надад морь хулгайлах санаа зорилго байгаагүй гэв. 
Шүүгдэгч А.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн:“...Манай гэр Сүхбаатар аймгийн Онгон сумын төвд байдаг бөгөөд миний бие сумын төвөөс баруун зүгт 3 орчим километрт эмээ Дуламсүрэнгийнд мал дээрээ байдаг юм. 2018 оны 02 дугаар сарын 19- ний өдөр Онгон сумын төв рүү орж цагаан сарын золголт хийгээд 23 цаг өнгөрчихсөн байхад хөдөө эмээгийнх рүүгээ явах болсон. Тухайн үед малын шүлхий өвчин гарчихсан машин, мотоцикл явуулахгүй байсан учир явган явж байсан. Онгон сумын төв Хонхорын байранд байх Батсүх гэх айлын хашаа руу орсон чинь уяатай морь байхаар нь морийг нь унаад хөдөө гэр рүүгээ явахаар шийдэж морийг нь унаад баруун зүгт давхиж явсан. Эмээгийндээ очиж моринд тохоотой байсан эмээл нь мөнгөн чимэгтэй эмээл байхаар нь эмээл хазаарыг нь аваад морийг нь сул тавиад зуны байшиндаа эмээл хазаарыг оруулж тавиад гэртээ амарсан. Маргааш өглөө нь хэсгийн төлөөлөгч ирээд морьтой хүн ирсэн үү гэхээр нь үгүй гэж хэлсэн. Сүүлд нь би үнэнийг хэлсэн. Маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22/ 
Хохирогч Г.Амарбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн харьяат иргэн юм. Манайх сумын төвөөс баруун зүгт 10 километрт “Ухаа овоот” гэдэг газар өвөлжиж байгаа бөгөөд би 2018 оны 02 дугаар сарын 19-ний орой 21:00 цагийн орчимд сар шинийн золголт хийх гээд сумын төвд хүрэн халзан зүсмийн морьтой ирсэн юм. Сумын төвд ирээд баруун хонхорын байранд байх Батсүх гэдэг айлын хашаанд морио уячихаад тэнд ойролцоо байдаг ах дүүсээрээ золголт хийсэн юм. Золголт хийж дуусаад орой 23:30 минутын орчимд Батсүх гэдэг айлын хашаа руу ирж явтал хашаанаас морь унасан хүн гарч ирсэн. Тэгэхээр нь би хэн бэ гэж асуутал мориндоо ташуур өгөөд эргэж харалгүй морио гуядаад гэр хорооллын гудамжаар ертөнцийн зүгээр баруун тийшээ давхиад яваад өгсөн. Би явган байсан болохоор араас нь явж чадаагүй үлдсэн. Тэгээд маргааш өглөө нь цагдаад гомдол гаргасан. Миний алдсан морь нь сартай хар хүрэн зүсмийн зөв талын ташаандаа зоосон тамгатай, их насны морь байгаа. Харин миний морин дээр тохсон эмээл нь 8 мөнгөн хэрэглэлтэй, улаан өнгийн ирмэг хэсгээрээ халцарсан модтой, хүрэн өнгийн нинжин гахай гөлөмтэй, дөрвөөр дарж гөрсөн 2 суран жирэмтэй, тэмээний ноосон 2 оломтой, дунд гарын Дарьганга хийцийн мөнгөн эмээл байгаа. Суран жолоо, цулбууртай суран хазаар байгаа. Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдсан мөнгөн эмээлээ, суран хазаартай олж авсан. Харин хүрэн халзан морь маань адуундаа өөрөө гүйгээд очсон байсан. Одоо надад хохирлын ямар нэгэн маргаан байхгүй. Сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хурдан шийдээд өгөхийг хүсэж байна. Миний хувьд мал дээрээ байдаг учир шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/ ,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол, /хх- 1/,Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зураг / хх-3-6 /,Эд зүйлийн үнэлгээ / хх-23,23/ Сүхбаатар аймгийн Онгон сумын 5-р багийн Засаг даргын 2018.02.28-ны өдрийн 33 дугаартай тодорхойлолт /хх- 29 /,Шүүгдэгч А.Бгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 30 /,Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 122 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-32- 35/ зэрэг болно. 
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч А.Б нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 23 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг Хонхорын байрны 8-6 тоот хашаанд иргэн Г.Амарбатын эзэмшлийн уяатай байсан мөнгөн эмээл,суран хазаартай морийг хулгайлж, 2550000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч А.Бгийн...“ Онгон сумын төв Хонхорын байранд байх Батсүх гэх айлын хашаа руу орсон чинь уяатай морь байхаар нь морийг нь унаад хөдөө гэр рүүгээ явахаар шийдэж морийг нь унаад баруун зүгт давхиж явсан. Эмээгийндээ очиж моринд тохоотой байсан эмээл нь мөнгөн чимэгтэй эмээл байхаар нь эмээл хазаарыг нь аваад морийг нь сул тавиад зуны байшиндаа эмээл хазаарыг оруулж тавиад гэртээ амарсан “ гэх, хохирогч Г.Амарбатын... “ Батсүх гэдэг айлын хашаа руу ирж явтал хашаанаас морь унасан хүн гарч ирсэн. Тэгэхээр нь хэн бэ гэж асуутал мориндоо ташуур өгөөд эргэж харалгүй морио гуядаад гэр хорооллын гудамжаар ертөнцийн зүгээр баруун тийшээ давхиад яваад өгсөн. Би явган байсан болохоор араас нь явж чадаагүй үлдсэн. Тэгээд маргааш өглөө нь цагдаад гомдол гаргасан Миний алдсан морь нь сартай хар хүрэн зүсмийн зөв талын ташаандаа зоосон тамгатай, их насны морь байгаа. Харин миний морин дээр тохсон эмээл нь 8 мөнгөн хэрэглэлтэй, улаан өнгийн ирмэг хэсгээрээ халцарсан модтой, хүрэн өнгийн нинжин гахай гөлөмтэй, дөрвөөр дарж гөрсөн 2 суран жирэмтэй, тэмээний ноосон 2 оломтой, дунд гарын Дарьганга хийцийн мөнгөн эмээл байгаа. Суран жолоо, цулбууртай суран хазаар байгаа”... гэх мэдүүлгүүдээр тус тус хэрэгт нотлогдоно. 
Шүүгдэгч А.Б нь бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Амарбат, Онгон сумын үнэлгээ тогтоох комиссын малын болон эд хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. 
Шүүгдэгч А.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар ялласан нь үндэслэлтэй байна. Харин морийг нь мал хулгайлсан гэж үзэж эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар давхар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэл муутай байна. 
Учир нь: шүүгдэгч Бямбасүрэн нь нэг удаагийн үйлдэлээр бусдын мөнгөн эмээл суран хазаартай морийг хулгайлсан нь хэрэгт тогтоогдож байхад түүний нэг үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн мэтээр зүйлчилж ирүүлсэн нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
 Иймд Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Хосбаярын шүүгдэгч Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан мал хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэрээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, шунахай сэдэлтээр, эд хөрөнгийг хулгайлж бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна.
 Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 
Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болно, шүүгдэгч А.Б нь урьд 2017 оны 11 сард эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгчийн хувийн болон гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулаж уг ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 
А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Шүүгдэгч Туван овгийн А.Бг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Туван овгийн А.Бг 8 /найман/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар А.Бд оногдуулсан 8 сарын хорих ялийг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй. 
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
6. Ялтан А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, Г.Амарбатад учирсан 2.550.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай. 
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

ДАРГАЛАГЧ                    ШҮҮГЧ Д.СУГАР