Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/21

 

Т.*******д холбогдох эрүүгийн

    хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                     Ц.*******э /цахимаар/

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           В.*******

          Хохирогчийн өмгөөлөгч                                           Б.*******                                                                                         

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.*******, түүний өмгөөлөгч Б.*******  нарын давж заалдах гомдлоор Т.*******д холбогдох 2423000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн эй суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн эй сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,******* овгийн *******ийн ******* /регистрийн дугаар /

Шүүгдэгч Т.*******г хохирогч П.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч******* овог *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас П.*******ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 209,267 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч П.******* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын баримт болон эрүүл мэндэд учирсан эмчилгээ, сувилгаатай холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Т. *******гээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч П.гийн 423,600 төгрөгийн нэхэмжлэлээс 200,600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 223,000 төгрөгийг шүүгдэгч Т.******* нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч П.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд "...хохирогч П.*******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд уг хохирлыг шүүх хуралдаанаар тогтоож шийдвэрлэх боломжгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ" гэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07-р сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтын 36 дахь хэсэгт Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж тогтоосон бөгөөд хүснэгтэд Хоёрдугаар зэрэглэл, "Хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг 4-8 хувь, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл" нөхөн төлбөрийн гаргуулна гэжээ. Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 онь 02-р сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, сэтгэцэд учирсан хохирлыг тооцон гаргуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй шалтгааныг дурдвал, нэгдүгээрт тухайн хэрэг болсон шалтгаан нөхцөлтэй холбогдуулахад хохирогч өөрөө шүүгдэгчийг 2 удаа ташуураар цохиж, тухайн хэрэг гарах нөхцөл байдлыг үүсгэсэн байдаг. Хохирогчийн үйлдлээс болж шүүгдэгч хохирогчийг гараараа хамар луу нь цохисон үйл баримт тогтоогддог. Хоёрдугаарт, хохирогч нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн сэтгэцэд учирсан хохирлын талаар ярьдаггүй. Гуравдугаарт, хохирогчийн өмгөөлөгчийн ярьж буй Улсын Дээд Шүүхийн тогтоолд адилтгаж үзнэ гэж байгаа боловч, шинжээчийн дүгнэлтийг тогтоохдоо урьд нь ямар нэгэн бодит байдал, эмчийн үзсэн үзлэг, учирсан хохирол зэргийг үзэж шинжээчийн дүгнэлтээр тогтоодог. Сэтгэцэд учирсан хохирлыг шүүх өөрөө санаачлан тогтоох боломж байхгүй. Тухайн хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, сэтгэцэд хэрхэн нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж, сэтгэцэд учирсан нөлөөг бодитойгоор тогтоосны дараа сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх боломжтой байх бөгөөд дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүх санаачилгаараа сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох боломжгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Прокурор Ц.*******э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Эрүүгийны хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн  байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж оролцсон. Шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа Т.*******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэмт хэргийн улмаас П.*******ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 209.267 төгрөгийн нөхөн төлбөртэй болохыг дурдаж, хохирогч П.******* гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, эрүүл мэндэд учирсан эмчилгээ, сувилгаатай холбоотой цаашид гарах зардлыг баримтаа бүрдүүлээд иргэний журмаар шүүгдэгч Т.*******гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тусгайлан гаргах саналгүй байна. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед Завхан аймгийн эй сумын ******* баг” хар толгойн шанд “гэдэг газарт хохирогч П.*******тай бэлчээрийн маргаанаас болж маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, таславчны мурийлт, хамрын нурууны дунд хэсэгт зулгаралт, баруун нүдний доод зовхины хэсэгт цус хуралт бий болж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хохирогч П.*******ийн: "...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай үхэр Хар толгойн шанд нэртэй газар байсан юм. Хар толгойн шанд нэртэй газраас 2-3 км зайд гийн өвөлжөө байдаг юм. нь өмнө тэр газар манай үхэр бэлчиж байхад манай өвөлжөө рүү орж байна гээд манай үхрийг хөөгөөд, Завхан гол руу оруулаад байсан. Тэгэхээр нь би тухайн өдөр үхрээ айлд тавихаар “Хар толгойн шанд” нэртэй газар ирээд, туугаад явж байхад эхнэрийн хамт машинтай миний хажууд ирээд намайг дайрчих дөхөөд зогссон. Тэгээд машинаас бууж ирэхээр нь би чи намайг дайрлаа гэж д хэлэхэд миний урдаас яадаг юм гэж хариулсан. Тэгэхээр нь би гарт барьж явсан жижиг ташуураар гийн зүүн гарт нь 1 удаа цохисон. Тэгсэн миний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон.  ... Ер нь бол бэлчээрийн маргаанаас болж уг хэрүүл маргаан үүссэн. нь манай бэлчээр рүү мал орууллаа гэж намайг цохиж зодсон. ... Тухайн үед миний хамар хэсэг битүү хавдсан байсан. Миний биед учирсан гэмтлийг гэгч гараараа миний нүүр хэсэгт 2 удаа цохиж үүсгэсэн. Уг асуудал Завхан аймгийн эй сумын ******* багт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12-13 цагийн үед болсон." гэх мэдүүлэг,

Гэрч Д.ийн "..."Хөндлөн ар" гэдэг нэртэй уулан дээр хонио хариулаад явж байхад миний байгаа газраас 1 км орчим зайтай газар манай хүү П.******* хэдэн үхрээ туугаад явж байсныг би дурандаад хараад байж байхад /тэр үед өдрийн 13 цагийн орчим/ гэрээсээ машинтайгаа манай хүү дээр нэлээд тулж машинаа зогсоож машинаасаа гарч байхад нь манай хүү 4 П.******* мориноосоо бууж харагдсан. Би дурангаараа харж байхад манай хүү гар нь юм ороолгож байгаа юм уу даа гэж харагдахаар гараа гозойлгоод байсан. Тэр үед бас манай хүүг цохиж хүү ч газар унасан... Дурангаараа дурандаад харахад Т. ******* манай хүүг 2-3 удаа цохиж байгаа юм уу даа гэж би дурангаараа харсан... ******* түүний дараа над руу залгаж аав Би Т. *******д зодуулчихлаа" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь чи тэгээд гайгүй юу гэж асуухад би хамар руугаа цохиулчихлаа гэсэн... хэлээд утсаа салгасан." гэх мэдүүлэг,

Гэрч С.ийн "...2023 оны 12 дугаар сарын 07-ны 13 цагийн орчим би нөхөр болох Т.*******тэйгээ өөрийн идэшний 2 ямаа гаргачхаад махаа тэнийлгэх гээд өвөлжөө рүүгээ явж байхад манай гэрээс холгүй "Шандны дэрс" гэдэг газар хэдэн үхэр байхыг хараад очиход морьтой нэг хүн туугаад явж байсан. Хэн юм болдоо гээд явж очоод, манай нөхөр машинаасаа буугаад тэр хүн дээр очсон тэр хүн ч мориноосоо бууж харагдсан. Тэр хоёрыг би машин дотроос харж байхад хоорондоо ярьж байснаа сүүлдээ маргалдаад байсан. Тэр хүн тухайн үедээ зүүн гартаа морины цуулбараа барьчихсан, баруун гартаа ташууpaa барьчихсан байж байгаад гэнэт манай нөхрийн толгой руу 1 удаа ташуураар ороолгосон. Тэр үед манай нөхөр толгойгоо зүүн гараараа дараад, доошлох үед дахин ташуураар ороолгож харагдсан. Энэ үед манай нөхөр өндийгөөд толгой хавьцаа нь цохиход нь морь нь цаашаа тэр хоёроос үргэж П.******* зүүн гартаа цулбуураа барьчихсан байсан болохоор мориндоо татагдаж газар унасан. П.******* газраасаа босож ирээд манай нөхөртэй маргалдаж байхдаа нүүрээ далдалсан хар өнгийн маскаа авч байсан. Би тэр үед машин дотроосоо утсаар тэр хоёрын талаар бичлэг хийх гэсэн боловч утас маань болоогүй. Тэр 2 машины урд байж байгаад сүүлдээ манай машины баруун талд гарчихсан хэрэлдэж маргалдаад байсан." гэх мэдүүлэг,

Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч П.ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 00000013 дугаартай "... 1. П.*******ийн биед хамрын хянга ясны хугарал, таславчны мурийлт, хамрын нурууны дунд хэсэгт зулгаралт, баруун нүдний доод зовхины хэсэгт цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. - 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

  1. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.           

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.*******д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн эрүүл мэндэд  учирсан хохирлын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн,  шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Монгол улсад гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт нь  2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж,  дагаж мөрдөж байна.

 Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэсэн өөрчлөлт орж, энэ хуулийн заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж байна.

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.”-аар, 39 дүгээр зүйлийн  39.1 дэх хэсэгт “Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ”, 39.1.8-д “энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг” гэж сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлагын талаар хуульчилжээ.

Мөн дээрхи хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан бөгөөд энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад:

“1.3. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.”,

“2.2. ...бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” гэж тус, тус заажээ.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ний өдрийн тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам, хүснэгт”-ийг тус тус баталжээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Гуравдугаар зүйлийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөхийг зохицуулсан дээрх хууль, журам, аргачлалаас үзэхэд,  хохирогчийн сэтгэцэд гэм хор учирсан болохыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.” гэж заасны дагуу хуулийн шаардлага хангасан сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар тогтоохоор байна.

Шүүгдэгч Т.*******гийн үйлдсэн хэрэг нь 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр үйлдэгдсэн нь уг аргачлалд хамаарагдах боловч хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид “сэтгэцийн эмгэг” үүссэн  гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид “сэтгэцийн эмгэг”  үүссэн, шүүгдэгч нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хор уршгийг арилгах үндэслэл болно.

Хэрвээ гэмт хэргийн улмаас “сэтгэцийн эмгэг” сэтгэцэд хор уршиг  учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж шүүх үзвэл дээрхи аргачлалд зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг тухайн зэрэглэлийг харгалзан тогтоох боломжтой гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учрах  хор уршиг нь  гэмтлийн зэрэг, тухайн хүний сэтгэцийн эрүүл мэндийн онцлогоос хамааран тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд илрэх, хожим илрэх,  урт хугацаанд илрэх боломжтой учраас сэтгэцэд учирсан хохирлыг эрүүгийн хэрэгтэй зайлшгүй хамт  хянан шийдвэрлэх нь тийм ч их үр дүнтэй биш тул, иргэний журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж  нээлттэй үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилсэн хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.*******, түүний өмгөөлөгч Б.*******  нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                                                     Б.НАМХАЙДОРЖ

                                                                        Б.АРИУНБАЯР