Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 157/ШШ2025/00191

 

2025          06           25                                      157/ШШ2025/00191

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Х аймаг Б сум 2 дугаар баг  "Х банк" ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг 49 дүгээр байрны 50 тоотод оршин суух, Б овогт Б-ын Б-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 6,261,491 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Б-аасс үндсэн зээл 5,924,867 төгрөг, зээлийн хүү 332,582 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,042 төгрөг, нийт 6,261,491 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “ХААН банкны Х аймгийн Б салбараас авсан 6,261,491 төгрөгийг сар бүрийн 10-нд 350,000 төгрөгөөр төлж барагдуулна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбар Б тооцооны төв нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,261,491 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр  гаргажээ.

Хариуцагч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад    “...Б салбараас авсан 6,261,491 төгрөгийг сар бүрийн 10-нд 350,000 төгрөгөөр төлж барагдуулна...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Бын нэхэмжлэлийн шаардлага болох 6,261,491 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,134 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 115,134 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Б-аасс улсын тэмдэгтийн хураамжид 57,567 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 57,567 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбар Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбар          Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,261,491 (зургаан сая хоёр зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун ерэн нэг) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,134 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Б-аасс улсын тэмдэгтийн хураамж 57,567 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 57,567 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбар Б тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ