Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 38

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  С.Сугар,

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Олонх овогт О.Мид холбогдох 1830000340025 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй регистрийн дугаар ЛЛ87121278  Олонх овгийн О.М.

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

           Яллагдагч О.М 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох авто зогсоол дээр машинтай зогсож байсан жолооч М.Анхбаяртай машинаар нь юм зөөлгөхөөс болж маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чихний ар талд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт, гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр надад портер машины хэрэг гараад портер машины зогсоол руу очсон. Тэгэхэд бүх машин ачаатай байсан болохоор нь би таньдаг хүн болох Анхбаяр руу очиж гуйхад ачаатай байна гэсэн. Тэгээд маргалдаад би нүүрс авч шидсэн гэв. 

- Хохирогч М.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... Би өөрийн эзэмшлийн Портер маркын 41-23 сүа машинаар Мэргэжил сургалтын төвийн баруун талын зогсоол дээр нүүрс зардаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цагийн орчимд уг зогсоол дээр нүүрс зараад байж байтал танил Мижидорж гэдэг залуу ирээд “Халуун усны тэндээс ширээ гэр рүү буулгаад өг гэхээр нь би түүнд “Миний машин нүүрстэй байна, би өөр машинаар явчих” гэж хэлсэн чинь тэр “Орилоо новш бэ” гэж хэлснээс бид маргалдсан. Тэгтэл Мижиддорж миний машин дээр байсан нүүрснээс над руу шидсэн чинь миний зүүн чихний ард оносон. Дараа нь машинаасаа төмөр авч ирээд намайг цохих гэхээр би зугатаагаад машиндаа суусан чинь намайг цохих гэж байгаад миний машины арын цонхыг хагалчихсан. Тэгээд  дараа нь тэр төмрөөр миний баруун гар руу цохьсон. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 - Шүүгдэгч О.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цагийн орчимд Цэцэг халуун усны гаднаас ширээ аваад гэр рүүгээ буулгуулах ажил гараад Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн баруун талд байдаг ачааны машины зогсоол дээрээс унаа олох гээд очсон. Тэгээд хуучин танил Анхбаяр Портер машинтай зогсож байхаар нь “Ширээ буулгаад өг” гэсэн чинь “Ачаатай байна” гэхээр нь “Юун сүртэй юм, бага нүүрс л байна” гэж хэлснээс маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад түүн рүү нүүрс шидсэн. Мөн машинаасаа дорцов аваад түүнийг айлгах санаатай далайсан чинь машин руугаа гүйгээд орохоор нь араас нь нуруу руу нь цохих гэж байгаад машиных нь шилийг цохиод хагалчихсан. Анхбаяр машинаасаа гараад ирэхээр нь гар руу нь нэг удаа  цохьсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би буруугаа ойлгож түүнээс уучлалт гуйж бид эвлэрсэн”  гэх мэдүүлэг,

- Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаартай “... М.Анхбаярын биед тархи доргилт, зүүн чихний ар талд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол /хх-1 х /

- Яаралтай тусламжийн хуудас / хх-н 5 х /

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаартай дүгнэлт, / хх-н 12 х /

- О.Мийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 19 х /

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018.01.19-ний өдрийн 4/135 дугаартай тодорхойлолт /хх-н 22 х /

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар талаарх прокурорын санал / хх-н 28 х / зэрэг болно                  

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

          Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу О.Мийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

         Шүүгдэгч О.М нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох авто зогсоол дээр машинтай зогсож байсан жолооч М.Анхбаяртай машинаар нь юм зөөлгөхөөс болж маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чихний ар талд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт, гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч О.Мийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч М.Анхбаяр мэдүүлэг, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

О.Мийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

         О.М нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.  Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийн шанаанд санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

         Шүүгдэгч О.Мид холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

          Иймд шүүгдэгч О.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч О.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

          Шүүгдэгч О.Мийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч О.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Анхбаяр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олонх овгийн О.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Мийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Ялтан О.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Анхбаяр нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

  5. Ялтан О.Мид шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР