| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2025/0029/З |
| Дугаар | 112/ШШ2025/0035 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Тендер, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 112/ШШ2025/0035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: “Б Э Ж Э” ХХК
Хариуцагч: Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК
Гуравдагч этгээд: “А Э З” ХХК нарын хооронд үүссэн тендертэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон /цахимаар/, хариуцагч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийн тендер сонгон шалгаруулалтын АУЭХС/20250101038 дугаар бүхий Завхан аймгийн 5 сумын 0.4кВ-ын шинэчлэлийн ажил /Цагаанхайрхан, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Ургамал сумд/-ын тендер сонгон шалгаруудлалтыг хүчингүйд тооцуулах гэжээ.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:
2.1. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь Завхан аймгийн 5 сумын 0.4кВ-ын шинэчлэлийн ажил /Цагаанхайрхан, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Ургамал сумд/-ын АУЭХС/20250101038 дугаар тендер сонгон шалгаруулалтыг зарласан. Тус тендер сонгон шалгаруулалтанд “Б Э Ж Э” ХХК нь оролцсон байна.
2.2. Харин “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-иас 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаар албан бичгээр “Б Э Ж Э” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт зааснаар Тендер шалгаруулалтын жишиг баримт бичгийн шаардлага хангаагүй үндэслэлээр танай ирүүлсэн тендерээс татгалзах мэдэгдлийг хүргүүлсэн байна.
2.3. “Б Э Ж Э” ХХК нь “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаар мэдэгдлийг эс зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/15 дугаар албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд хандсан. Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 02/7182 дугаар албан бичгээр “Б Э Ж Э” ХХК-ийн гомдол үндэслэлгүй байна гэсэн хариуг хүргүүлсэн байна.
2.4. “Б Э Ж Э” ХХК нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч “Б Э Ж Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрийн худалдан авах цахим системээр Завхан аймгийн 5 сумын 0.4кВ-ын шинэчлэлийн ажил /Цагаанхайрхан, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Ургамал/ сумын Тендер шалгаруулалтын /зарлалын дугаар: АУЭХС/20250101038/ ажил зарласан.
Манай “Б Э Ж Э” ХХК шалгаруулалтын шаардлагыг хангаж байсан тул тендерт оролцож холбогдох материалыг илгээсэн юм. Тендер сонгон шалгаруулалтыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09:20 минутад захиалагч цахим системд нээгдсэн, тус тендер сонгон шалгаруулалтад 3 компани оролцсон ба “А э з” ХХК /1 350 000 000 төгрөг/, “Э х” ХХК /1 289 381 259 төгрөг/ ”Б Э Ж Э” ХХК /1 255 636 741/ төгрөгөөр буюу үнийн санал болгосноор нээгдсэн.
Улмаар “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооноос 103 дугаартай 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цахим системд ТШЗ 19.1.1 дэх заалт буюу ерөнхий инженер мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан заалтьн “Б Э Ж Э” ХХК-ийн инеженер Н.Г 2017 онд ХААИС-ийг Цахилгаан хангамжийн инженерээр төгссөн нь нийгмийн даатгал төлөлт нь 3 жил 4 сар төлсөн тул шаардлага хангаагүй, шалгарах боломжгүй талаар мэдэгдэл ирсэн. Манаи компанийн зүгээс цахим системд шалгарсан компани болох “А Э З” ХХК тендерийн сонгон шалгаруулалтад илгээсэн, оролцсон материалыг шалгах эрхийнхээ дагуу нягтлахад: 1.ТШЗ 19.1.2 дэх заалтын дагуу тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд нь техникийн үзлэгт орж тэнцсэн, техникийн магадлагаа хийгдсэн зэргийг баримтаар ирүүлнэ гэсэн заалтын дагуу “А э з” ХХК-ийн өөрийн эзэмшлийн өрөмтэй кран болох улсын дугаар 2031 УЕУ, марк hyundai SАС-434 маркийн тусгай зориулалттай тээврийн хэрэгслийн манипуляторт краны паспорт, өргөх байгууламжийн хяналтын улсын байцаагчийн тамга тэмдэг, гарын үсэг бүхий магадлалын дүгнэлт байхгүй байсан. Мөн ТШЗ 19.1.2 дэх заалтын дагуу тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд нь техникийн үзлэгт орж тэнцсэн, техникийн магадлагаа хийгдсэн зэргийг баримтаар ирүүлнэ гэсэн заалтын дагуу Машин механизм түрээслүүлэх гэрээгээр иргэн Э овогтой Т-ын улсын дугаар 2034УБЭ, hyundai.25ton маркийн авто краны, манипуляторт краны паспортын “Ц-ийг б” ХХК-ийн магадлагаа хийсэн дүгнэлтэд хавсралт өргөх байгууламжийн хяналтын улсын байцаагчийн тамга тэмдэг, гарын үсэг бүхий магадлалын дүгнэлт байхтүй байсан. ТШЗ 19.1.1 дэх заалтын дагуу “А э з” ХХК-ийн ХАБЭА, Н овогтой Г, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төгссөн “К л” ХХК-ийн Чадамжийн гэрчилгээ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын дагуу 2 жил тутам сунгалт хийж шалгалт өгсөн эсэх, хүчинтэй хугацааг тодруулж хянаж үзэх гэсэн шалгаруулатад заасан бичиг баримтын бүрдэл дутуу байсан юм.
Ингээд манай байгууллага 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 01/15 дугаартай гомдол шалгуулах хүсэлтээ Сангийн яаманд хандаж гаргасан боловч Сангийн яамнаас 02/7182 дугаартай 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гомдол хянасан тухай мэдэгдэлдээ бидний гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж хүлээн авахаас татгалзсан байсан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Тендер шалгаруулалтад шалгарсан А Э З ХХК-ийн тендер шалгаруулалтын ирүүлсэн баримт бичгээс нягтлахад анх “Алтай Улиастай эрчим хүчний систем” төрийн өмчит компанийн тендер шалгаруулалтын заалт буюу 19.1.1-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан 1 гэж заасан. 19.1.2-т заасан ажил үйлчилгээ гүйцэтгэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, үүнд авто кран, өрмийн кран гэсэн 3 заалтууд бол энэ шалгарсан А Э З компанийн бичиг баримт зөрчилтэй байна гэж үзсэн. Тендер шалгаруулалтын заалтын 19.1.2 заалтын дагуу тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд нь техникийн үзлэгт орж тэнцсэн, техникийн магадлалаар хийсэн зэргийг баримтаар ирүүлнэ гэж захиалагч шаардсан. Үүний дагуу шалгарсан компани өөрийн эзэмшлийн өрөмтэй кран болох улсын дугаар 20-31 УЕУ, Хюндай Сак 434 маркийн тусгай зориулалттай тээврийн хэрэгслийн кран нь техникийн үзлэгт орж тэнцсэн хэдий ч авто краны магадлагаа хийгдсэн бичиг баримт огт байхгүй. Мөн машин механизм түрээсний гэрээгээр ашиглах Э овогтой Т улсын дугаар 20-34 УБЭ 25 тонн маркийн авто кран нь техникийн үзлэгт орж тэнцсэн авто краны магадлагаа тусгай зөвшөөрөл бүхий “Ц б” компанийн магадлагаа хийгдсэн хэдий ч улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн тамга тэмдгээр баталгаажсан баримт бичиг байхгүй. Энэ баримт бичгүүдийг А Э З ХХК-ийн маягт 3 буюу нийт 39 хуудас бүхий материалаас үзэхэд байхгүй байгаа. Яагаад энэ авто краны магадлагаа нь байх ёстой гэдэг заалтыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дугаар тушаалын хавсралт манипуляторт төхөөрөмж аюулгүй ашиглах дүрмийн 5.3-д техникийн магадлагаа хийгдэх, 5.3.1 дэх заалт нь энэхүү дүрэмд хамаардаг манипуляторт краныг ажилд оруулахын өмнө техникийн бүрэн магадлагаа хийсэн байх ёстой. Хяналтын байгууллагад бүртгэгддэг манипуляторт краныг бүртгүүлэхээс өмнө техникийн магадлалыг хийсэн байна. Манипуляторт краны магадлалыг ашиглалтын зааврын дагуу ба зааврыг норматив бичиг баримтын дагуу боловсруулан краны ашиглалт, заавар, магадлагаа, тус дүрмийн заалтыг ашиглан. 5.3.2-т зааснаар ашиглагдаж байгаа кранд хугацаанд техникийн ээлжит магадлалыг хийнэ. Үүнд хэсэгчилсэн магадлагаа 12 сараас доошгүй хугацаанд 1 удаа, бүрэн магадлагаанд 3 жилд нэгээс доошгүй удаа хийгдсэн байх гэдэг заалтыг мөрдүүлээгүй, бичиг баримтын хавсралтаар ирүүлнэ гэсэн заалтаар ирүүлээгүй байна гэж үзэж байна.
Дараагийн дугаарт тендер шалгаруулалтын журмын 19.1.1-д заасан заалтын дагуу тухайн шалгарсан аж ахуйн нэгжийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Н овогтой Г нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төгссөн “К л” компанийн чадамжийн гэрчилгээнд Монгол Улсын Засгийн газрын хуулийн 24 дүгээр зүйлийн зүйлийн 24.2 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17, 22 дугаар зүйл, 22.1.5 дахь зүйлүүдийг үндэслэн гаргасан Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 дугаар тушаалын шинэчлэн батлах заалтын 3, мөн заалтын 1.5, 2.4, 5.3 дугаар хэсгийг хангаагүй байна гэж үзэн нэхэмжлэл гаргасан. 2016 оны 02 сарын 5-ны өдрийн Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын А/43 дугаар тушаалын 3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллагын бүртгэл мэдээлэл, холбогдох баримт бичгийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс тасалбар болгон Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд хүлээлгэн өгч хөдөлмөрийн эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв хариуцсугай гэж байгаа юм. Энэ нь тухайн 2016-2022 онд энэ тушаал журам хэрэгжиж байх хугацаанд Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр, эрүүл мэнд судлалын төв нь иргэдийн эрх бүхий байгууллагын сургалтын хавсралт сертификатыг шалгалтын дагуу баталгаажуулах ёстой энд байхгүй гэж үзэж байгаа юм. Мөн журмын 1.5-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, сургалт зохион байгуулах гэрчилгээ авсан байгууллага нь үйл ажиллагаанд хөдөлмөрийн сургалт эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөрийн сургалтын судлалын төв байна гэж заасан. Мөн энэ тушаалын 2.4-д зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны хуралд танилцуулсны үндсэн дээр Хөдөлмөрийн эрүүл мэндийн судлалын төвөөс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулах гэрчилгээг 2 жил тутамд олгож мэргэжлээр магадална гэж заасан байгаа. Мөн энэ журмын 10.3-д энэ журмын 4.1.2 4.1.6-аас 4.1.9-ийн заалтад нь сургалтад хамрагдаж, сургалтад тэнцсэн ажилтанд сургалт зохион байгуулсан байгууллага сертификат олгоно. Сертификат нь хөтөлбөрийн сэдэв, цаг бүртгэсэн байна. Энэ хуульд үндэслэн сайдын тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэргэжлийн эрх бүхий байгууллага сертификат олгоно. Манай шалгарсан байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан нь чадамжийн гэрчилгээ гэдгийг олгочихсон байгаа. Чадамжийн гэрчилгээнд заасан тушаал журмыг үндэслэсэн сэдэв, цаг гэсэн заалтууд байхгүй байгаа. Мөн эрх бүхий төрийн байгууллагын гэрчилгээ нь дагалдаж байх ёстой гэж үзэж байгаа.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хариуцагчаар үнэлгээний хороог татсан байгаа. Нэхэмжлэгч компанийн зүгээс энэ тендерт оролцох хууль зүйн үндэслэлтэй, үнэн зөв тендерийг үнэлүүлж тендерт оролцох эрх ашиг ноцтой зөрчигдсөн, тендерийг хууль бусаар шийдвэрлэсэн. Энэ магадлагаа болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны гэрчилгээ хууль зүйн үндэслэлгүй. Тодорхой дүрэм журам зөрчсөн ийм гэрчилгээ гаргаж өгсөн аж ахуйн нэгж болох А Э ЗХХК-г шалгаруулсан нь хууль бус байна гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэсэн байх ёстой, шударга байх ёстой энэ зарчим алдагдсан гэж үзэж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерийн бичиг баримтын бүрдэл, 12 дугаар зүйлд заасан техникийн тодорхойлолт, 5 дугаар зүйлд заасан тендерийн үйл ажиллагааны зарчим эдгээр бол зөрчигдсөн. Тендер шалгаруулалтын шаардсан баримт бичгийг бүрдүүлээгүй, дутуу шалгуурт хүрээгүй ийм материал бүрдүүлж өгсөн аж ахуй нэгжийг тендерт ялагчаар шалгаруулсан байна. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлд тендер шалгаруулалтын хуулийн зарчим байгаа. Талуудад өрсөлдөх тэгш боломж олгох ёстой. Үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэсэн байна. Тендер сонгон шалгаруулалтад байх ёстой зарчим байгаа. Тэгш боломжийг олгох ёстой. Хариуцагч байгууллага болон байгууллагын үнэлгээний хороо тодорхой хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийсэн. Тухайлбал техникийн магадлагааг авто кран бас өрөмтэй кранд техникийн магадлагаа хийлгэнэ. Мөн хийгдсэн баримтаа бичгээр ирүүлнэ гэсэн байгаа. Гэтэл үүнийг smart car системээс ороод харж болно гээд харах боломжгүй. Энэ магадлагаа бол харагддаггүй учраас энийг заавал баримтаар ирүүлнэ гэж заасан. Нэг кран огт бичиг баримтгүй, нөгөө кран нь мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь гарын үсэг зураагүй тамга тэмдгээр баталгаажуулаагүй ийм материал бүрдүүлсэн компанийг ялуулсан. Ачаа өргөх манипулятор төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 5.3.5, 5.3.2-т заасан шаардлагуудыг хангахгүй магадлагаанд хийгдээгүй тоног төхөөрөмж бүхий аж ахуйн нэгжийг шалгаруулсан байна. Тийм учраас энэ тендер сонгон шалгаруулалт хууль бус, үндэслэлгүй явагдсан байна гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 дугаар тушаал хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулах тушаалын 1.5, 2.4, 5.3-д заасан. Тухайн үед 2016-2020 онд мөрдөгдөж байсан энэ журмаар хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны ажилтан сертификаттай сургалтад суусан. Тэр сургалт нь хэдэн цагийнх юм бэ, гэрчилгээ нь хэзээ дуусах хугацааг нь заасан ийм сертификаттай байх ёстой. Гэтэл А Э З компанийн зүгээс гаргаж өгсөн гэрчилгээ нь хөдөлмөрийн чадамжийн гэрчилгээ гэж заасан. Яг энэ холбогдох дүрэмд заасан шаардлагыг хангаагүй ийм материал гаргаж өгсөн. Ийм аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан. Дээр нь “Б Э Ж Э” ХХК-ийн зүгээс ерөнхий инженерээр 2017 оноос хойш ажилласан цахилгааны инженерийнхээ материалыг гаргаж өгсөн. Үүн дээр нийгмийн даатгалын лавлагаа хавсаргах тухай ямар нэгэн байдлаар шалгуур үзүүлэлтэд оруулаагүй. Ийм учраас хурлын тэмдэглэл, мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Нэгдүгээрт хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулсан захиргааны акт биш гэж байна. Зөвлөмж бол захиргааны акт, зөвлөмжийг үндэслэсэн нь хурлын тэмдэглэл байгаа. Тийм учраас хурлын тэмдэглэлийг зөвлөмжийг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Ерөнхий инженерийг 5-аас доошгүй жил ажилласан байх ерөнхий шалгуур тавьсан. “Б Э Ж Э”компанийн 2017 оноос хойш ажиллаж байгаа Н.Г ерөнхий инженерийнхээ дипломын хуулбарыг гаргаж өгсөн. Тийм учраас сургууль төгсөөд ажиллаж байсан гэсэн холбогдох баримтаа гаргаж өгсөн. Иймээс тендер сонгон шалгаруулалтаас хассан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж энэ нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч болон хариуцагч компанийн зүгээс нэгдүгээрт авто кран болон өрөмтэй кран техникийн үзлэгт орсон гэж байна. Дүрэм журамд зааснаар авто кран болон өрөмтэй кран өөрөө үзлэг оношилгоонд орохоос гадна техникийн магадлагаа гэж тусдаа зүйл ирсэн байх ёстой. Тийм учраас энэ тендер сонгон шалгаруулалтын зааварчилгааны 19.1.2-т техникийн магадлагаагаа заавал хавсаргана гэсэн. А Э З ХХК-ийн зүгээс энэ магадлагааг хавсаргаагүй байсан юм. Хоёрдугаарт ХАБ-ын мэргэжилтэн нь 2018 оны гэрчилгээ гаргаж өгсөн. Тухайн үед мөрдөгдөж байсан 2016 оны дүрэм журмаар чадамжийн гэрчилгээ биш сертификат байх ёстой. Үүний ард тодорхой сургалтад суусан хичээлүүд, үндсэн хичээлүүд нь мөн хүчинтэй байх хугацаа нь хэдэн цагийн хичээлүүдийн цаг нь байх ёстой. Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-д холбогдох Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийн тендер сонгон шалгаруулалтын АУЭХС/20250101038 дугаар бүхий тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах, мөн Алтай Улиастай эрчим хүчний систем төрийн өмчит компанийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаартай “Б Э Ж Э” компанийг тендер сонгон шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б С.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Алтай Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдан тендерийн үнэлгээг хийсэн. Хариуцагчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ыг баримтлан Тендер үнэлэх журмаар “Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө холбогдох журмын дагуу ирүүлсэн тендерийг тендерт шапгаруулаптын баримт бичигт заасан шаардлага нийцэх эсэхийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендерийг үнэлнэ”, гэж заасны дагуу үнэлсэн.
Нэхэмжлэгч “Б Э Ж Э” ХХК нь хуулийн шаардлага хангаагүй буюу ерөнхий инженерийн ажилласан жилийн туршлага нь ТШЗ 19.1.1 заасан “мэргэжлээрээ 5 доошгүй жил ажилласан байна” гэсэн захиалагчийн шаардсан шаардлагад нийцээгүй. Мөн тухайн компаниас зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь ТШЗ 19.2.1-т заасан “Ерөнхий инженер, цахилгааны инженер, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан тендерт оролцогчийн үндсэн ажилтан байна” гэсэн заалтад нийцэж байгаа нь эргэлзээтэй байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр татгалзсан.
АУЭХС/20250101038 дугаартай тендерт шалгарч, гэрээ байгуулах эрх олгогдсон “А э з" ХХК-ийн тухайд захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтын нөхцөл шаардлагыг бүрэн хангасан гэж үнэлгээний хорооны гишүүд дүгнэсэн. Техник, тоног төхөөрөмжийн техникийн үзлэгт орж тэнцсэн тухай мэдээллийг смарт кар тээврийн хэрэгслийн цахим нэг цонхны үйлчилгээнээс татан ирүүлсэн. Мөн түрээсээр ажиллах краны техникийн үзлэгийн хуудас болон техникийн магадлагаа хийлгэсэн дүгнэлт ирүүлсэн. Харин нэхэмжлэгчийн ТШЗ 19,1.1 дэх заалтын дагуу А Э З ХХК-ийн ХАБЭА, Н овогтой Г, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төгссөн “К л” ХХК-ийн Чадамжийн гэрчилгээ нь “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам"-ын дагуу 2 жил тутам сунгалт хийж шалгалт өгсөн эсэх, хүчинтэй хугацааг тодруулж хянаж үзэх гэсэн шалгаруулалтад заасан бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн гомдлын тухайд захиалагч талын боловсруулсан тендерийн бичиг баримт болон техникийн тодорхойлолт, нөхцөл шаардлагад энэ тухай шаардаагүй тул оролцогч компанийг тухайн материалыг ирүүлээгүй хэмээн дүгнэх үндэслэлгүй юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23 "худалдан авах ажиллагаа" гэж бараа худалдан авах, түрээслэх, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах ажиллагааг төлөвлөх, тендер шалгаруулалтын аргыг сонгох, үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх ажиллагааг хэлнэ. Мөн хуулийн 28 дугаар зүйлд тендерийг нээх, үнэлэх, хянан үзэх, хуульд заасан шийдвэр гаргах эрхийг Үнэлгээний хороонд олгосон бөгөөд гишүүд ирүүлсэн бүх материал тус бүрээр үнэлэлт, дүгнэлт өгч хамтын зарчмаар шийдвэр гаргасан болно. Иймд нэхэмжлэгч “Б Э Ж Э” ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх, тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан Уг зарчмыг баримтлан Үнэлгээний хороо байгуулагдан тендерийн үйл ажиллагааг зохион байгуулсан.
Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна”, 51.3 “Үнэлгээний хороо нийт гишүүний дөрөвний гурваас багагүй тооны гишүүний ирцтэй хуралдсанаар хүчинтэйд тооцно.”, 51.7 “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаар хамтын зарчмаар шийдвэрлэж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд компани буюу Захиалагч нь Тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, тус хуулийн дагуу үнэлж, дүгнэлт өгөх хуулийн зохицуулалттай. 2025 оны 04 сарын 21-ний өдрийн А/39 тоот дугаартай “Үнэлгээний хороо байгуулах” тухай тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан. 2025 оны 07 сарын 02-ны өдрийн зөвлөмжөөр хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь заалтыг үндэслэн хамгийн сайн тендер хэмээн үзэж А Э З ХХК-ийг сонгон шалгаруулсан гэсэн нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хамтын зарчмаар шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу хүргүүлсэн зөвлөмж болно. Энэ нь Тендер сонгон шалгаруулах хууль болон бусад дүрэм журмын дагуу хийгдсэн ажил юм.
Энэхүү үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл нь Захиргааны акт биш. Захиргааны хэргийн шүүхийн маргааны обьект биш. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно", 37.2 “3ахирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасан бөгөөд дээрх Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл нь гишүүдийн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн, санал болон дүнгийн нийлбэр юм.
Өөрөөр хэлбэл: Тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд байх, гадагш чиглэсэн байх, зохицуулалт агуулсан байх, захирамжилсан шинжтэй байх /Захиргааны акт ямагт захирамжилсан шинжтэй байна/.
Захиргааны хэрэг шүүхэд хянан щийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д уг хуулиар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан. Мөн Захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр буюу акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шинжийг агуулах ёстой атал нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсэж буй дээрх албан бичиг нь нэхэмжлэгч “Б Э Ж Э” ХХК-д үр дагавар болгосон захиргааны акт биш юм.
Иймд “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн АУЭХС/202501038 дугаартай Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025.07.02-ний өдрийн хурлын тэмдэглэл” нь захиргааны акт биш тул хуулийн 54.1-т зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байгаа боловч нэгэнт хэрэг үүссэн байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2 дахь шааррдлагын тухайд: “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаартай “Б Э Ж Э” ХХК-ийн тендерт сонгон шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд “тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-д заалт шаардлага хангахгүй байна, ерөнхий инженерийн мэргэжлээрээ ажилласан жилийн туршлага нь 5-аас доошгүй жил байна гэж заасан боловч “Б Э Ж Э” ХХК-ийн ерөнхий инженер нь 5-аас доош буюу 3 жил 4 сар ажилласан байна. Үүнтэй холбоотойгоор тус захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримт гаргуулах хүсэлт өгч нэхэмжлэгч компанийн ерөнхий инженерт санал болгосон ................... регистрийн дугаартай Н овогтой Г нь 2017 онд цахилгааны инженер мэргэжлээр сургууль төгссөн, мэргэжлээрээ нийт 8 жил ажилласан хэмээн ирүүлсэн боловч хэдэн жил ажилласан, нийгмийн даатгал төлсөн эсэхийг тодруулах нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан.
Шүүх 2025.09.16-ны өдрийн хурлаар хүсэлтийг хангаж, Н.Г-ийн нийгмийн даатгап төлсөн эсэх талаар баримтыг гаргуулахад Говь-Алтай аймгийн нийгмийн даатгалын газрын 2025.09.19-ний өдрийн 389 дугаартай лавлагаагаар Н овогтой Г нь Баянгол дүүрэг 2019 оны 01 сар, 2019 оны 02 сар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2022 оны 02 сараас 2023 оны 11 сар хүртэл буюу нийт 24 сар төлсөн буюу 2 жил ажилласан туршлагатай гэдэг нь нотлогдож байгаа юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог, 4.1.17 “цалин хөлс, түүнтэй адилтгах орлого" гэж Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэний хуульд заасан Хөдөлмөриийн гэрээ ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс, олговор, хөлс, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогчоос сар, улирал, жил тутам, эсхүл тухайн тохиолдол бүрд олгож байгаа шагнал, урамшуулал, хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, сайн дураар даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлогыг” хэлнэ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 “өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан” хамрагдана, “хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах” үүрэгтэй гэж хуульчилсан тул “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаартай албан бичиг нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2025 оны 05 сарын 23-ны өдрийн “Завхан Аймгийн 5 сумын 0.4 кв-ын шинэчлэлийн ажил” /Цагаанхайрхан, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Ургамал” сумын ажлыг хийж гүйцэтгэх ажлыг сонгон шалгаруулах тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу оролцож шалгарсан.
Нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй бөгөөд захиалагч “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК нь манай компанийг сонгон шалгаруулж 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаар албан бичгээр шалгарсан тухай илэрхийлсэн.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль нэгийг гаргана”, 28.1.1 “Хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” эрхтэй гэж заасан. “Б Э Ж Э” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлийн нэг дэх шаардлагад нь тайлбар өгөхөд манай компанийн ачаа өргөх кран компанийн 20-31 УЕУ өрөмтэй кранд магадлагаа байхгүй гэж байгаа юм. Ачаа өргөх краны төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрмийн 8.3.2-т зааснаар ашиглагдаж байгаа кранд бүрэн 3 жилд нэг удаа доошгүй техникийн ээлжит магадлагаа хийнэ гэж заасан байгаа. Манай компанийн 20-31 УЕУ Хьюндэй Эс Эйч Си 434 кран нь 2023 оны 11 сарын 10-нд Өмнөд Солонгос улсаас импортлогдож орж ирсэн гаалиар оруулж ирэхдээ үзлэг магадлагаанд бүрэн ороод гэрчилгээ дугаараа авсан байгаа. Хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 03-нд техникийн үзлэгт орсон байгаа. Smart car сайт руу ороход бүх мэдээлэл нь харагдаж байгаа. Ийм учраас манай кран нь Монголд орж ирээд 2 жил болж байгаа учраас дахин магадлагаанд орох шаардлагагүй гэж үзэж байгаа. Ажил одоогоор хийгдэж байгаа тул хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа Хоёр дахь шаардлага дээр манай компани нь иргэн Э овогтой Т-тай 2025 оны 06 дугаар сарын 12-нд гэрээ хийгээд 20-34 УБЭ авто краныг түрээсийн гэрээгээр түрээсэлсэн. Энэхүү авто кран нь 2024 оны 08 дугаар сарын 25-нд магадлагаа хийлгээд тэнцсэн ба техникийн үзлэгт орсон авто краныг хүлээж авсан байгаа. Гуравдугаарт: Манай ХАБ-ын ажилтан Н.Г дээр ирсэн байгаа. 2019 оны 12 сарын 03-ны өдрийн Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын А/73 дугаартай журамд ХАБ-ын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд 2 жил тутамд хяналт үнэлгээ хийгдэнэ гэж зааснаас биш ХАБ-ын асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж буй иргэнд ХАБ-ын гэрчилгээг 2 жил тутамд сунгалт хийж шалгалт өгсөн байх тухай заалт байхгүй байгаа. Мөн 2019 оны А/370 дугаартай тушаал нь 2023 оны 12 сарын 06-ны өдрийн Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын А/173 дугаартай тушаалаар 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон. Иймд нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн манай компани 2025 оны 08 сарын 13-ны өдөр гэрээ байгуулаад одоогоор ажиллаж байгаа бол гэрээ хийснээс хойш өнөөдрийг хүртэл ажил дараах ажлуудыг хийсэн байгаа. Үүнд зураг төсөл зохиогчтой зөвшилцөөд 5 сумын материалын захиалгуудыг 100% хийгдээд Бүгд Найрамдах Хятад Ард улсаас Улаанбаатар хотод тээвэрлэгдээд ирчихсэн байгаа. Төмөр болон тулгуурын дотоодын” Б Э х” ХХК-ийг төмөр бетон тулгуурын үйлдвэрт захиалан өгч бүх тулгуурыг 100% үйлдвэрээс гаргасан. Баянтэс, Тэс, Баянхайрхан сумдын УКС 123519 маркийн төмөр бетон тулгуур 13 ширхэг, УКС92715 маркийн төмөр бетон тулгуур 243 ширхэгийг тээвэрлэн хүргэсэн бөгөөд тус 3 сумын тулгуур төмөр 100 хувь дууссан. Баянтэс, Тэс, Баянхайрхан сумдад төмөр бетон босголтын ажил 2025 оны 10 сарын 13-ны байдлаар 98%-ийн гүйцэтгэлтэй явж байгаа. Баянтэс, Тэс, Баянхайрхан сумын 0,4кв-ын сит утас, трансформаторын болон бусад материалын тээвэр хийгдэж дууссан бөгөөд угсралт суурилуулалт, утас таталтын ажлууд эхэлж байгаа. Цагаанхайрхан, Ургамал сумдын материалууд манай аж ахуйн хашаанд тээвэрлэлтээ хийгээд бэлэн болчихсон байгаа. Гэрээт ажил өнөөдрийн байдлаар 70%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
4. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн А/39 дугаар тушаалаар “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Завхан аймгийн 5 сумын 0.4 кВ-ын шинэчлэлийн ажил” /Цагаанхайрхан, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Ургамал/ ажлыг зохион байгуулах үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
5. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-иас төрийн худалдан авах цахим системээр АУЭХС/20250101038 дугаартай “Завхан аймгийн 5 сумын 0.4 кВ-ын шинэчлэлийн ажил” /Цагаанхайрхан, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Ургамал сумд/-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зарлаж, тендер сонгон шалгаруулалтад “Б Э Ж Э” ХХК, “Эрчим хайрхан” ХХК, “А Э З” ХХК гэсэн 3 компани материалаа ирүүлсэн байна.
6.Тендерийн үнэлгээний хороо 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж үнэлгээний хороон дарга Д.Б: “...Маягтын дагуу хянан үзэхэд захиалагчийн техникийн тодорхойлолт болон тендерийн жишиг баримт бичигт заасан шаардлагыг “А Э З” ХХКбүрэн хангаж байна гэж үзэж байна. Харин “Б Э Ж Э” ХХК-ийн хүний нөөц нь бидний ТЖББ-т тавьсан шаардлагыг хангаагүй, “Э х” ХХК нь хүний нөөц болон ашиглагдах машин механизм нь бидний ТЖББ-т тавьсан шаардлагыг хангаагүй байна”, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.М: “Оролцогчдын ирүүлсэн материалууд дээр үнэлгээ хийлээ. “Б Э Ж Э” ХХК нь бага үнийн санал ирүүлсэн ч ерөнхий инженер нь бидний ТЖББ-т тавьсан шаардлага (мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх)-ыг хангаагүй, Э х” ХХК нь хүний нөөц (нэг монтёр 3 болон түүнээс дээш жил ажилласан байх шаардлагатай), болон ашиглагдах машин механизм нь бидний ТЖББ-т тавьсан шаардлагыг хангаагүй”, үнэлгээний хорооны гишүүд: “Оролцогчдын ирүүлсэн материалуудтай танилцлаа. “Б Э Ж Э” ХХК-ийн хүний нөөц нь бидний ТЖББ-т тавьсан шаардлагыг хангаагүй, “Э х” ХХК нь хүний нөөц болон ашиглагдах машин механизм нь бидний ТЖББ-т тавьсан шаардлагыг хангаагүй байна. А Э З ХХК-ийн ирүүлсэн материалууд бүх шаардлагуудыг хангаж байна” гээд шийдвэрлэсэн нь: “Хуралдаанд оролцсон үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар А Э З ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендерээр шалгарууллаа. Хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлэх зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэв” гэсэн хуралдааны тэмдэглэлд үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гарын үсэг зурсан байна.
7. 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь заалтыг үндэслэн дараах дүгнэлтийг гаргав.
Үнэлгээний хороо нь “АУЭХС” ТӨХК-ийн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх АУЭХС/20250101038 дугаартай Завхан аймгийн 5 сумын 0,4 кВ-ын шинэчлэлийн ажил /Цагаанхайрхан, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Ургамал/”-ын тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгууллаа. Уг тендерт гурван оролцогч үнийн санал ирүүлсэн ба оролцогчидын ирүүлсэн материалуудыг хянан үзээд А Э З ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дахь хэсгийг үндэслэн хамгийн сайн тендер гэж дүгнэлээ. Иймд үнэлгээний хороо нь АУЭХС/20250101038 дугаартай “Завхан аймгийн 5 сумын 0,4 кв-ын шинэчлэлийн ажил /Цагаанхайрхан, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Ургамал/”-ын тендерт үнийн санал ирүүлсэн А Э З ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох, “Б Э Ж Э” ХХК, “Э х” ХХК-уудад тендерээс татгалзах тухай албан мэдэгдэл хүргүүлэхийг зөвлөмж болгож байна” гэсэн үнэлгээний хорооны даргын зөвлөмжийг хүргүүлсэн.
8. Дээрх зөвлөмжийг хүргүүлсэнтэй холбоотойгоор “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Б Э Ж Э” ХХК-д “...Тендер шалгаруулалтын баримт бичгийг өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.1 дэх заалт шаардлага хангахгүй байна. Ерөнхий инженерийн мэргэжлээрээ ажилласан жилийн туршлага нь 5-аас доошгүй жил байна гэж заасан боловч танай компанийн ерөнхий инженер нь 5-аас доош буюу 3 жил 4 сар ажилласан байна” гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэг, Тендер шалгаруулалтын жишиг баримт бичгийн дараах шаардлагыг хангаагүйг үндэслэн “Б Э Ж Э” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах мэдэгдлийг хүргүүлсэн.
9. Нэхэмжлэгч “Б Э Ж Э” ХХК тухайн мэдэгдлийг хүлээн авч 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/15 дугаар албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан.
10. Монгол Улсын Сангийн яамнаас 2025 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 02/7182 дугаар албан бичгээр гомдол хянасан тухай албан бичигт “...”Б Э Ж Э” ХХК-ийн гомдолд тус компанийн тендерээс ерөнхий инженер мэргэжлээрээ ажилласан жилийн шаардлага хангахгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “А э з" ХХК-ийн материалтай танилцахад 2031УЕУ, 2034УБЭ улсын дугаартай техник хэрэгслүүд нь техникийн үзлэгт орсон баримт байхгүй, ХАБЭА нь гэрчилгээгээ 2 жил тутам сунгалт хийж шалгалт өгсөн эсэх, хүчинтэй хугацааг тодруулах, ...тодорхойгүй байх тул захиалагчийн шийдвэрийг хянан үзэхийг хүссэн ...тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.1-д “ерөнхий инженер 1, цахилгааны инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх...” гэж, ТШЗ 19.2-ын (в) “тендерт оролцогчийн үндсэн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем /е-mongolia/-ээс авсан лавлагааг тендерт хавсарган ирүүлнэ..." гэж заасан байна. “Б Э Ж Э” ХХК-аас ерөнхий инженерт санал болгосон Н.Г нь 2017 оны онд цахилгааны инженер мэргэжлээр сургууль төгссөн, мэргэжлээрээ 8 жил ажилласан гэж ирүүлсэн байх боловч төрийн үйлчилгээний нэгдсэн системээс авч ирүүлсэн лавлагаагаар 3 жил 5 сар ажилласан байх тул мэргэжлээрээ ажилласан байх дээрх шаардлагыг хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн хариуг өгсөн.
11. Мөн гомдолд дурдсан үндэслэлийн дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон А Э З ХХК-ийн тендерийн материалыг хянан үзэж “Б Э Ж Э” ХХК-ийн гаргасан гомдол үндэслэлгүй байгаа тул тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн цааш үргэлжлүүлэхийг мэдэгдсэн зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
12.Нэхэмжлэгч “Б Э Ж Э” ХХК анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн тендер сонгон шалгаруулалтын АУЭХС/20250101038 дугаар бүхий “Завхан аймгийн 5 сумын 0.4 кв-ын шинэчлэлийн ажил” /Цагаанхайрхан, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Ургамал сумд/-ын тендер сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч “Б Э Ж Э” ХХК-аас “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ний АУЭХС/20250101038 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмж, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаартай “Б Э Ж Э” ХХК-ийг сонгон шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан байх тул энэ шаардлагыг нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад мөн тодруулж, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн.
14. Үнэлгээний хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
14.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.1-т “тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах”, 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”, 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж заасан.
14.2.Үнэлгээний хороо нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд АУЭХС/20250101038 дугаартай “Завхан аймгийн 5 сумын 0,4 кВ-ын шинэчлэлийн ажил /Цагаанхайрхан, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Ургамал/”-ын тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг хамтын зарчмаар хянан үзэж, үнэлгээ хийж А Э З ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дахь хэсгийг үндэслэн хамгийн сайн тендер гэж үзэж, А Э З ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох, “Б Э Ж Э” ХХК, “Э х” ХХК-уудад тендерээс татгалзах тухай албан мэдэгдэл хүргүүлэхийг зөвлөмж болгосон байна.
14.3.Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн тээврийн хэрэгсэл 2023 онд импортоор орж ирсэн. Импортоор орж ирсэн техник хэрэгслүүдэд улсын дугаар авахын тул техникийн магадлагаа болон техникийн үзлэгүүдээр орж байж улсын дугаарыг олгодог ...магадлагааг техникийн үзлэгт орохын өмнө магадлагаа хийлгэсэн байх ёстой гэж үзсэн”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ачаа техник өргөх тоног төхөөрөмжийн дүрэмд зааснаар магадлагааг хийлгэсний дараа автомашин техникүүд нь үзлэгт ордог ...нэгэнт үзлэгт орсон баримт байхад үнэмлэхийг шалгах шаардлагагүй гэж үзэж байгаа...” гэх тайлбар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О “...ачаа өргөх краны төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрмийн 8.3.2-т зааснаар ашиглагдаж байгаа кранд бүрэн 3 жилд нэг удаа техникийн ээлжит магадлагаа хийнэ гэж заасан. Манай компанийн 20-31 УЕУ кран нь 2023 оны 11 сарын 10-нд Өмнөд солонгос улсаас импортлогдож орж ирсэн гаалиар оруулж ирэхдээ үзлэг магадлагаанд бүрэн ороод гэрчилгээ дугаараа авсан ...ийм учраас кран нь Монголд орж ирээд 2 жил болж байгаа учраас дахин магадлагаанд орох шаардлагагүй гэж үзэж байгаа...” гэсэн тайлбаруудыг гаргасан.
14.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй” гэсэн, Зам тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/199 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оншлогоо явуулах журам”-ын 2.9 дэх хэсэгт “Дор дурдсан тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгслийг эрх бүхий мэргэжлийн байгууллагын шалгаж, баталгаажуулсан дүгнэлтийг үндэслэн техникийн хяналтын үзлэгт хамруулна”, 2.9.1-т “автокраны, тээврийн хэрэгсэлд суурилагдсан өргөх төхөөрөмжийн, аюултай ачаа тээвэрлэх торхны, хийгээр ажилладаг автомашины баллоны болон түүнтэй адилтгах бусад даралтат савны баталгаажуулалтын талаарх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт”, 2.9.2-т “баталгаажуулалт нь гэрчилгээ, эсхүл дүгнэлт хэлбэртэй байх бөгөөд тодорхой хугацааг заасан байна” гэж заасан.
14.6. А Э З ХХК-ийн тендерт санал болгосон 20-31УЕУ, 20-34 УБЭ улсын дугаартай техник хэрэгслүүд нь техникийн хяналтын үзлэгт орсон тухай smartcar.mn мэдээллийн системийн лавлагааг хавсарган ирүүлсэн мөн 20-34 УБЭ автокраны манипуляторт краны техникийн магадлалын акт, магадлалын үр дүнгийн тэмдэглэлтэй байх бөгөөд уг мэдээллийн сангаас шалгахад дээрх автотээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байгаа нь тогтоогдож байна.
14.7. Тодруулбал: 20-31УЕУ, 20-34УБЭ улсын дугаартай автокран, өрөмтэй кран буюу тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэгт орохоос өмнө эрх бүхий мэргэжлийн байгууллагын шалгаж, баталгаажуулсан дүгнэлтийг үндэслэн техникийн хяналтын үзлэгт хамруулахаар заасан байх тул магадлагааг техникийн үзлэгт орохын өмнө хийлгэсэн байх ёстой, ачаа техник өргөх тоног төхөөрөмжийн дүрэмд зааснаар магадлагааг хийлгэсний дараа автомашин техникүүд нь үзлэгт ордог үүний дагуу шаардлага хангасан гэж үзсэн тендерийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.
14.8. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.1-д ажил гүйцэтгэх хүний нөөц хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан 1, сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байна, 1-ээс доошгүй жил ажилласан байх ” гэж заасан байна.
14.9. “А э з" ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичигт ХАБЭА-нд Н.Г-ыг санал болгож, 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд амжилттай оролцсон тул чадамжийн гэрчилгээ олгосон баримтыг хавсарган ирүүлсэн.
14.10. “Б Э Ж Э” ХХК-ийн нэхэмжлэлд дурдагдсанаар “...Н.Г, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төгссөн ...чадамжийн гэрчилгээ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын дагуу 2 жил тутам сунгалт хийж шалгалт өгсөн эсэх, хүчинтэй хугацааг тодруулж хянаж үзэх гэсэн шалгаруултад заасан баримтын бүрдэл дутуу” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
14.11. Учир нь нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам” нь хүчингүй болсон байхад 2025 онд тухайн журмын үндэслэлээр ХАБЭА-н ажилтан 2 жил тутам сунгалт хийж шалгалт өгсөн эсэхийг нэхэмжлэгчээс шаардах нь үндэслэлгүй бөгөөд ТШЗ 19.1.1-д ажил гүйцэтгэх хүний нөөц хэсэгт сургалтад хамрагдсан гэрчилгээтэй, 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан болохоос 2 жил тутам сунгалт хийж шалгалт өгсөн эсэх, хүчинтэй хугацааг тодруулж хянах талаар тусгайлан шаардлага тавигдаагүй байгааг дурдах нь зүйтэй.
14.12. Харин тухайн ХАБЭА ажилтан нь мэргэжлээрээ ажиллах, ажил хөдөлмөр эрхлэхэд холбогдох хууль, журмын хүрээнд гэрчилгээний хугацааг сунгах, мэдлэгийг үнэлэх сорилын шалгалтад хамрагдах нь тухайн хувь хүний асуудал юм.
14.13. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.9-т “тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 50 дугаар зүйлийн 50.2.3-т “захиалагчид энэ хууль хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх “гэж зааснаар тендерийн үнэлгээний хороо хуульд заасан журмын дагуу шалгаруулж тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан “А э з" ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлсэнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
15. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна”, 51.7-т “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл үнэлгээний хорооны тэмдэглэлээр нь тухайн цаг үед болсон үйл явцыг баримтжуулсан байхаас биш эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан байх шинжийг агуулахгүй байна. Өөрөөр хэлбэл үнэлгээний хорооны шийдвэр нь зөвлөмж хэлбэртэй байхаар хуульд тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч үнэлгээний хорооны шийдвэр буюу зөвлөмжид холбогдох тусгайлсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
15.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар захиргааны хэргийн шүүхийн гол зорилго нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчимтай. Иймээс үнэлгээний хорооны тэмдэглэл нь захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагад холбогдох хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзав.
16. 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 103 дугаартай “Б Э Ж Э” ХХК-ийг сонгон шалгаруулахаас татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
16.1. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.1-д ажил гүйцэтгэх хүний нөөц хэсэгт “албан тушаал ерөнхий инженер 1, боловсрол цахилгааны инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан жилийн туршлагатай байх” гэсэн шаардлага тавигдсан.
16.2 “Б Э Ж Э” ХХК-аас ерөнхий инженерт санал болгосон Н.Г нь 2017 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг цахилгаан хангамжийн инженер мэргэжлээр төгссөн, мэргэжлээрээ ажилласан жилийн туршлага 8 жил гэсэн материал хүргүүлсэн байна.
16.3. Шүүх хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газраас Н-ийн Ган-Ө-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг гаргуулахад 2019 онд 1, 2 сард Тод бүлэг ажил олгогчоос, 2022 оны 2 дугаар сараас 2025 оны 08 дугаар сар хүртэл “Б Э Ж Э” ХХК-иас ниймгийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагааг ирүүлсэн.
16.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-т “ "тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг”, хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэж зааснаар “Б Э Ж Э” ХХК-ийн ерөнхий инженер Н.Г нь 3 жил 6 ажилласан байгаа нь мэргэжлээрээ 5-аас доошгүй ажилласан жилийн туршлагатай байх гэсэн тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлагад нийцэхгүй бөгөөд мэргэжлээрээ 5 жил ажлаагүй нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
16.5. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заасны дагуу “Б Э Ж Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.1 дэх заалт шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн нь үндэслэлтэй байна.
17.Нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргахдаа үнэлгээний хорооны тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулахаар гомдолд дурдаагүй боловч нэхэмжлэлийн үндсэн шаардлагын нэг болох 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 103 дугаартай “Б Э Ж Э” ХХК-ийг сонгон шалгаруулахаас татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж гомдлын хүрээнд Монгол Улсын Сангийн яамнаас гомдол хянасан тухай хариу хүргүүлсэнээр урьдчилсан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 26 дугаар зүйлийн 26.4.4, 28 дугаар зүйлийн 28.1.3, 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Б Э Ж Э” ХХК-ийн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн АУЭХС/20250101038 дугаартай “Завхан аймгийн 5 сумын 0.4 кв-ын шинэчлэлийн ажил” /Цагаанхайрхан, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Ургамал/-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зөвлөмж, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаартай “Б Э Ж Э” ХХК-ийг тендерт сонгон шалгаруулахаас татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ