Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/376

 

 2024           03            27                                          2024/ДШМ/376

                                                           Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Д.М-н өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,  

цагаатгагдсан этгээд Д.Б-н өмгөөлөгч Т.Сайнбаяр,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/914 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.М-н өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-д холбогдох 2203 00149 0222 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Т овогт Д-н Б, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр .... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, инженер мэргэжилтэй, ............... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Цагаатгагдсан этгээд Д.Б нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .............даргын .... тоот өрөөнд тус ......хууль зүйн албаны дэд дарга Д.М-г түлхэн унагаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 4 ширхэгийг хэргийн хамт хадгалан үлдээж, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.М-н өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэл болон үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ “... хэргийн үйл баримтыг шүүгдэгч, хохирогч хоёроос өөр шууд харсан гэрчгүй байна. Хэргийн газарт хамгийн түрүүнд орж ирсэн гэрч О.Б мэдүүлэхдээ “...М-ээс яасан бэ гэж асуухад танай согтуу дарга түлхээд унагачихлаа гэж хэлсэн ..., өрөөний хаалгаар орж ирэх үед Д.М нь биеийн зүүн тал хэсгээр газар унасан байдалтай байсан ...” гэх, гэрч Ч.Э-ийн “ ... Д.М нь баруун талаараа эвхэрсэн мөн толгой нь шкаф руу харсан байдалтай хаалга руу нуруугаа харуулсан хөлөө эвхэрсэн байдалтай хэвтэж байсан” гэх мэдүүлгүүдийг дүгнэхэд хохирогч Д.М газар хэвтэж байсан бөгөөд яг аль талаараа хэвтэж байсныг гэрчүүд зөрүүтэй мэдүүлжээ. Харин хохирогч Д.М мэдүүлэхдээ “... таниас архи үнэртээд байна, та намайг хэл амаар доромжлоод байна, би цагдаа дуудлаа” гэсэн “тийм юм байхгүй” гээд намайг түлхсэн. Би баруун талаараа унасан...” гэх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгчийг гарах гэхэд нь саад учруулж байсан болох нь тогтоогдож байна. Хэргийн газарт хамгийн түрүүнд очсон О.Б, Ч.Э нар мөн шүүгдэгч Д.Б гадуур хувцсаа өмсөөд цүнхээ үүрээд гарах гэж байсан талаар хоорондоо ямар нэгэн зөрүүгүйгээр мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдох бөгөөд шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй, харин ч тухайн нөхцөл байдлаас зайлсхийх  оролдлого хийж байсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэж байгаа нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал бий болж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь “in dubio pro reo” зарчимд нийцнэ гэж үзлээ...” гэж шийдвэрлэсэн.

Харин хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь хохирогчийг түлхэн унагаж, унасны дараа зүүн гуя хэсэгт хөлөөрөө өшиглөж, түүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч хоёроос өөр хүн байгаагүй байгаа гэрч О.Б, Ч.Э нарыг орж ирэх үед хохирогч Д.М нь газар унасан байсан талаар гэрч нар хэн аль нь мэдүүлдэг. Гэтэл шүүх хохирогчид хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогддог боловч хэн, хэрхэн, яаж учруулсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар шалгаж үнэлээгүйтэй холбоотой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэртээ “... хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон, хэргийн газарт хохирогч, шүүгдэгч хоёроос өөр хүн байгаагүй, гэрч нарыг орж ирэхэд хохирогч Д.М ямарч байсан газар унасан байсан байна...” гэдгийг нотлох баримтад үндэслээд дүгнэсэн атлаа хэн, хэрхэн, яаж учруулсан болох нь тогтоогдохгүй байна гэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн шийдвэрт бичигдсэн “in dubio pro reo” зарчимд нийцнэ гэж үзлээ гэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байна гэх заалтыг хангаагүй гэж үзэж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Б-ын өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийг газар унасан талаар шүүгдэгч маргадаггүй. Хохирогч өөрөө газар унасан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч Д.М-ээс “та ямар ажил ярих гэж Д.Б даргын өрөөнд орсон бэ” гэж асуухад хариулаагүй. Хохирогч, шүүгдэгч хоёр ажил хэргийн шугамаар уулзах албан тушаалтай хүмүүс биш. Хуулийн хэлтсийн дэд дарга Д.М-д 50,000,000 төгрөгийн акт тавиад энэ асуудлаар маргаж, актыг цуцалж өгөх талаар ярьсан гэж Д.Б хэлдэг. Тэгэхэд Д.Б “би энэ асуудлаар чамтай ярихгүй гээд гарах гэтэл гаргахгүй байсан, сандал дээрээ буцаад суусан, гэтэл газар өөрөө унасан” гэх тайлбар хэлдэг. Үүнийг няцааж чадаагүй. Согтуу эсэхийг шалгахаар орсон бол яагаад хамгаалалтын албаны хүмүүсийг дагуулж ороогүй юм. Эрүүлжүүлэхийн эмчийн тодорхойлолтод “хэвийн байсан, Ковидын нөхцөл байдлын улмаас багаж үлээлгээгүй” гэх тайлбар авагдсан. “In dubio pro reo” зарчим гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолд дэлгэрэнгүй тайлбарласан. Хуульч бид нар тухайн тогтоолыг хэрэглээд сурсан учраас буруутгах үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч, хохирогч хоёр тухайн өрөөнд хамт байсан. Хохирогч юу болсон талаар мэдүүлэхдээ үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Ингэхдээ “Д.Б намайг түлхэж унагааж, цохисон” гэж мэдүүлдэг. Энэ талаар гэрч О.Б, Ч.Э нар мэдүүлдэг. Мөн хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол тухайн цаг хугацаанд учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Д.Б биеэ хамгаалж, аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэн цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Д.М нь Д.Б руу дайрсан ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Хохирогчийг түлхэж унагааж, биед нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Д.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл цагаатгах тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, үндэслэлтэй болж чадаагүй байна.

 Учир нь, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заажээ. 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “... Д.Б нь хохирогч Д.М-г түлхэн унагааж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо...” гэж /3 хх 7/ хэргийн үйл баримтын талаар дүгнэсэн атлаа “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул...” гэж /3 хх 10/ Д.Б-ын үйлдлийг тогтоогдоогүй мэтээр өөр өөр байдлаар хэргийн үйл баримтыг дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаж гараагүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан хохирогч Д.М-ийн “... намайг унасны дараа миний зүүн гуя руу нэг удаа өшиглөсөн...” гэсэн /1 хх 57-59/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Д.М-ийн биед баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” /1 хх 104/  гэсэн 4776 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хохирогчид учирсан гэмтэл хэрхэн яаж учирсан, Д.Б-ын үйлдлийн улмаас уг гэмтэл учрах боломжтой эсэх нөхцөл байдлуудыг шинжээчээс тодруулах замаар хэргийн үйл баримтыг тогтоох ажиллагааг шүүх хуралдаанд хэрэгжүүлэн үнэлэх боломжтойг дурдаж байна.

Дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/914 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/914 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР