Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 315/ШШ2025/00148

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, *******т холбогдох

 өмгөөллийн хөлс 1,500,000 (Нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: У.******* (цахимаар)

Хариуцагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жамъяндорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч *******т холбогдуулан өмгөөллийн хөлс 1,500,000 (Нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие *******од холбогдох гэр бүлийн маргаантай хэрэгт *******т өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчөөр оролцсон. Бид хоёрын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй. Утсаар ярилцаж тохироод ******* хүсэлтээ шүүхэд өгсөн. Өмгөөлөгчийн хөлсийг 1,500,000 төгрөгөөр тохиролцсон. Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргахгүй байх гэж ойлгож байна. Өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага зэргийг засаж, сөрөг нэхэмжлэл гаргах, хэрэгт хүсэлт, гомдлуудыг гаргаж нийт 6 удаагийн шүүх хуралдаанд оролцсон. Үзлэг хийх ажиллагаанд Сүхбаатар аймагт томилолтоор 2 удаа ирсэн. Манай туслах Баянбаатар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. ******* хариуцагчийн олгосон итгэмжлэлийн дагуу маргаан бүхий эд хөрөнгөд үзлэг хийхэд нь зардлыг нь би төлж, Улаанбаатар хотоос 2 удаа ирүүлж үзлэгт оролцуулсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Тухайн иргэний хэрэгт талуудын эд хөрөнгийн маргааны талаар хариуцагчийн эрх ашгийг хамгаалж эд хөрөнгө хуваарилах талаар талууд тохиролцож, уг эвлэрлийн дагуу шүүхийн шийдвэрт эцэслэн тусгагдсан. Хариуцагчид өгч болох бүхий л хууль зүйн зөвлөгөөг хангалттай өгсөн. Хариуцагч нь маш их утсаар ярьдаг, уйлдаг, сэтгэл санааны хувьд тогтворгүй нь ажиллахад их хүндрэлтэй байсан. Энэ нь ч аргагүй байх. Гэр бүл цуцлахтай холбоотой маргаан дээр олон асуудлууд яригддаг учраас сэтгэл санааны хувьд хямралтай байсан. Энэ хэрэг маргаанаа амжилттай дуусгаад баярлалаа, ашигтай байдлаар шийдсэн гэдэг үгийг шүүгч, шүүгчийн туслахын хажууд хэлж байсан. Тухайн үедээ надад хүртэл мессеж бичээд баярлалаа миний бодсон санаснаар ашигтай байдлаар шийдлээ гэж надад хэлж байсан. ******* нь өмгөөллийн хөлсийг хүнээс авах мөнгөний авлагатай байгаа. Тэр мөнгө орж ирэхээр төлье гэж хэлж, мессеж бичдэг байсан. Хариуцагчийн хувьд 700,000 төгрөг өгч эвлэрэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан. Энэ саналыг хүлээн авах боломж байхгүй. Энэ хүн надтай ийм хандлагаар харьцаж байгаа учраас шүүхээр шийдүүлэх саналтай гэв.

 2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******ын нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлуулах иргэний хэрэгт У.*******г хариуцагчийн өмгөөлөгчөөр авсан боловч хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд нүүр тулж уулзаж байгаагүй. Тэр Баянбаатар гэх ******* өмгөөлөгчийн туслах залуу 16 давхрын доод давхарт байдаг нотариатын газарт очиж итгэмжлэл хийлгэж, тамга даруулаад яваад өгсөн. Өмгөөлөгчийн зарим хэлж, ярьж байгаа бүхэн худлаа байна. 6 удаагийн шүүх хуралдаанд оролцоход үр дүн нь юу байсан юм бэ, юу ч байгаагүй, маш хариуцлагагүй, сэтгэл гаргаагүй. Шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулаад байдаг байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй. Өмгөөлөгчдөө сэтгэл хангалуун биш байгаагаа хэлж байсан. Амьдралынхаа хувь заяаг шүүхээр шийдвэрлүүлж, өмгөөлөгчөөр У.*******г ажиллуулсан боловч *******оос нэг ч төгрөг авч чадаагүй учир миний хувьд гомдолтой байгаа. Хэдэн жил хэцүү амьдралд амьдраад эрүүл мэндээрээ хохироод байхад эрүүл мэндийн талаар нэг ч зүйл өмгөөлөгч маань яриагүй. Байшин барилгаас илүү миний эрүүл мэнд чухал байсан. Эцэс сүүлдээ ханилсан хань, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа өмгөөлөгчдөө шүүхийн өмнө гүтгэгдсэн нь үнэхээр харамсалтай байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөллийн гэрээг бичгээр байгуулаагүй нь асуудал биш. Тухайн үед өмгөөллийн үйл ажиллагаагаа сэтгэл гаргаад явуулсан бол би таван цаастай үлдэх байсан. Би 5 цаастай үлдсэн бол өмгөөллийн хөлсөө өнөөдөр төлөх байсан. Би шүүх дээр үнэхээр ганцаардсан. Би өмгөөллийн хөлсний талаар ярьж тохироогүй. Манай найз 1,500,000 төгрөгөөр тохирч, нэг найз минь мөнгийг нь төлнө гэсэн. Шүүх хурал болсны дараа төлбөр төлөх хүн төлж чадахгүй болсон. Тийм учраас би төлөх шаардлага гарсан. Би хэчнээн жил хүнээс мөнгөө авч чадахгүй, өмгөөллийн хөлсний мөнгөө төлж чадахгүй байсан нь үнэн. Өмнө болсон зүйлээ удаан бодохоор надад харамсмаар зүйлүүд олон байсан. Сүүлдээ өмгөөлөгч бид 2 үл ойлголцсон. Миний сэтгэлд хүртэл өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж чадаагүй, сэтгэл ханамж муу байсан. Миний хувьд өмгөөллийн хөлсөнд 700,000 төгрөгийг өгөөд тохиролцох саналтай, үгүй бол 1,500,000 төгрөгийг төлөхгүй гэв. 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, өмгөөлөгчийн үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 40,150 төгрөг төлсөн баримт, ******* дугаартай иргэнтэй харилцсан мессеж, 2023.02.03-ны өдөр хэргийн материалтай танилцсан баримт, *******ээс *******т 2023.02.03-ны өдөр олгосон итгэмжлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.07-ны өдрийн №147/ТМ2023/00086, 2023.02.16-ны өдрийн №147/ТМ2023/00118, 2023.02.27-ны №147/ТМ2023/00122, 2023.03.13-ны №147/ТМ2023/00154, 2023.03.27-ны №147/ТМ2023/00193, 2023.04.12-ны №147/ТМ2023/00231 шүүх хуралдааны тэмдэглэлүүд, У.*******г өмгөөлөгчөөр оролцуулах тухай *******ийн 2023.02.16-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.13-ны өдрийн 147/ШЗ2023/00302 дугаартай шүүгчийн захирамж, 2023.03.27-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт, *******ийн шүүхэд гаргасан 2023.03.27-ны өдрийн Сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодруулж, нэмэгдүүлэх тухай шаардлага, 2023.03.27-ны өдрийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, 2023.03.27-ны өдрийн Нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах тухай хүсэлтүүд, *******, ******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.12-ны өдрийн 147/ШШ2023/00121 дугаартай шийдвэр, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.02.19-ний өдрийн 315/ШЗ2025/00237 дугаартай шүүгчийн захирамж, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.28-ны өдрийн 147/ШЗ2024/01030 дугаартай шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг,  

4. Хариуцагч талаас нэхэмжлэлийн хариу тайлбар зэргийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж ирүүлсэн байна.  

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Шүүхээс *******т холбогдуулан гаргасан өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хөлс 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

2. Нэхэмжлэгч У.******* нь шаардах эрхийн үндэслэлээ ...хариуцагч *******ийн хүсэлтийн дагуу гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *******ийн өмгөөлөгчөөр оролцсон. Өмгөөллийн хөлсийг 1,500,000 төгрөгөөр тохиролцсон. Хүнээс мөнгөний авлагаа авахаар өгье гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байх тул гаргуулна гэж,

3. Хариуцагч ******* миний бие *******ын гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагатай, *******ийн дундын эд хөрөнгө гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг-т хариуцагчаар оролцохдоо У.*******г өмгөөлөгчөөр авсан. Өмгөөлөгч У.******* нь тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо надтай нэг ч удаа биечлэн уулзаагүй. Шүүх хуралдаанд цахимаар оролцож байсан. Би 22 жилийн амьдралын өөрийн бүтээсэн хөрөнгөнөөс юу ч авч чадаагүй, өмгөөллийн үйл ажиллагаа үр дүнгүй байсан тул өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөгийг төлөх боломжгүй 700,000 төгрөг төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрвөл эвлэрэх боломжтой, үгүй бол мөнгө төлөхгүй гэж татгалзсан.

4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч У.******* нь *******ын гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагатай *******ийн дундын эд хөрөнгө хуваалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч *******ийн өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хариуцагч *******ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ...өмгөөлөгч У.*******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн өмгөөлөгчөөр оролцуулах тухай бичгээр гаргасан хүсэлт, тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шүүх хуралдааны тэмдэглэлүүд, шүүгчийн захирамж, тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх-13-60х)

4.2. У.******* нь хариуцагч *******ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу *******ын гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагатай, *******ийн дундын эд хөрөнгө хуваалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг-т хариуцагч *******ийн өмгөөлөгчөөр оролцож, өмгөөллийн хөлсийг 1,500,000 төгрөгөөр тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй.

4.3. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно гэж зааснаар хариуцагч ******* тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч У.*******г өөрийн өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтээ бичгээр гаргаж, гарын үсгээ зурсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна. 

4.4. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хууль зүйн туслалцаа авч байгаа тал буюу хариуцагч *******ийн шүүхэд бичгээр гаргасан 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр талуудын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзэх ба агуулгын хувьд хөлсөөр ажиллах гэрээ байна.

4.5. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг учраас зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх үзлээ. 

4.6. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж заасан. Энэхүү зохицуулалтаар гэрээний нэг тал болох ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал болох ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээдэг.

 4.7. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч У.*******тэй 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахдаа Сүхбаатар аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарыг 12-ны өдрийн 147/ШШ2023/00121 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч *******ын гэрлэлт цуцлуулах, хариуцагч *******ийн дундын эд хөрөнгө гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллуулахаар харилцан тохиролцсон. 

Тус гэрээний дагуу өмгөөллийн хөлсийг 1,500,000 төгрөгөөр харилцан тохиролцсон талаар, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

5. Харин нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд сэтгэл ханамж байхгүй, үйлчлүүлэгчтэй биечлэн уулзаагүй, өмгөөллийн үйлчилгээнд үр дүн байхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдаагүй, өөрийн бий болгосон 22 жилийн хөдөлмөрийн үр дүн болох эд хөрөнгөнөөс юу ч авч чадаагүй гэж өмгөөллийн хөлсийг төлөхөөс татгалзаж байгаа нь маргааны зүйл болжээ. 

6. Нэхэмжлэгч У.******* нь тус гэрээний дагуу *******ын гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагатай, *******ийн дундын эд хөрөнгө хуваалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг-т 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрүүдийн хооронд өмгөөлөгчөөр ажиллахдаа хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг засаж, сөрөг нэхэмжлэл гаргах, нотлох баримт гаргуулах хүсэлт, гомдлуудыг гаргаж, шүүх хуралдаанд өөрийн биеэр 3 удаа цахимаар, өөрийн туслах *******ыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2 удаа шүүх хуралдаанд оролцуулсан, эд хөрөнгө хуваах сөрөг нэхэмжлэлийн шаардлагынхаа талаар зохигчид харилцан тохиролцож, эд хөрөнгөө хуваан авсан нь шүүхийн шийдвэрээс харагдана гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэл бүхий байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.(хх-22-34, 43-46, 47х)

7. Мөн тус гэрээий дагуу зохигчдын хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон иргэний хэргийг Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 147/ШШ2023/00121 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах ... айлын орон сууцны ... тоот 54 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны байр, тус орон сууцны урд талд байрлах автограаш, Toyota Corolla маркийн ******* СҮЭ улсын дугаартай автомашин зэрэг хөрөнгийг хариуцагч *******т хуваарилж олгосон нь нотлогдож байна. (хх 53-60х) 

8. Хариуцагч *******ийн ...нэхэмжлэгч У.******* тус хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцохдоо Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд намайг өмгөөлж чадаагүй, би нөхөртөө ялагдаж, тэр хүн бүх хөрөнгөө авсан..., өмгөөллийн үйл ажиллагаа үр дүнгүй болсон тул өмгөөллийн хөлс төлөхгүй гэх тайлбар нь зохигчийн тайлбар болон Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 147/ШШ2023/00121 дугаар шийдвэрээр няцаагдаж байна. 

9. Мөн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээнд ажлын үр дүнг шаардахгүй учир хариуцагч *******ийн ...Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд намайг өмгөөлж чадаагүй, өмгөөллийн үйл ажиллагаа үр дүнгүй болсон тул өмгөөллийн хөлс төлөхгүй гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь ажлын хөлс 1,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.  

10. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч У.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно. 

11. Нэхэмжлэгч У.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,150 төгрөгөөс 38,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч *******ээс 1,500,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч У.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 1,500,000 (Нэг сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.*******д олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,150 төгрөгөөс 38,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч *******ээс 1,500,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч У.*******д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА