| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00222/И |
| Дугаар | 157/ШШ2025/00204 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2025/00204
2025 07 04 157/ШШ2025/00204
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Х аймаг Б сум 2 дугаар баг "Х банк" ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг нийтийн байрны 00 тоотод оршин суух, Т овогт Ц-ын Т-т холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 12,148,145 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Т-аас үндсэн зээл 11,067,095 төгрөг, зээлийн хүү 10064,903 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,147 төгрөг, нийт 12,148,145 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ц.Т шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие биеийн байдлаас үүдэн ажилгүй эмнэлгээр явсан тул зээлээ төлж барагдуулаагүй нь үнэн. 2025 оны 7 дугаар сарын 30-наас эхлэн зээлээ барагдуулна. Ажил хийж цалинтай болж хэвийн горимд шилжиж байгаа тул зээлээ 7 сарын 30-наас тасалдуулахгүй төлнө.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбар Б тооцооны төв нь хариуцагч Ц.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,148,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Ц.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Ажил хийж цалинтай болж хэвийн горимд шилжиж байгаа тул зээлээ 7 сарын 30-наас тасалдуулахгүй төлнө...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Ц.Тийн нэхэмжлэлийн шаардлага болох 12,148,145 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209,320 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 209,320 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Ц.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 104,660 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 104,660 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбар Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Тт холбогдох зээлийн гэрээний үүрэг 12,148,145 (арван хоёр сая нэг зуун дөчин найман мянга нэг зуун дөчин тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209,320 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ц.Т-аас улсын тэмдэгтийн хураамж 104,660 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 104,660 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбар Б тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ