| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00108/И |
| Дугаар | 315/ШШ2025/00174 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 315/ШШ2025/00174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын багт оршин суух, утасны дугаар ... ******* овогт *******ийн *******ийн
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
1.Нэхэмжлэгч Ц.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 8-н жилийн сургуулийг төгсөж 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хааж ирээд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарахад тухайн үед ажиллаж байсан байдлаа шүүхээр баталгаажуул гэсэн юм. Иймд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1990 оны 06 сарын 10-ны өдрөөс 1995 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баяндэлгэр сумын Ширээт бригадын пүүсийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон баярын бичгийн хуулбар, Эх орны төлөө ХК-ийн 1994 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1990 оны 06 сарын 10-ны өдрөөс 1995 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Ц.******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1990 оны 06 сарын 10-ны өдрөөс 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар томилсон 71 тоот тушаал, 1991 оныг дуустал хөдөлмөрийн хөлсний хөлс олгосон бичилт бүхий 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (хх-8-9х),
5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: Ц.******* нь 1987 онд цэргийн албанд татагдаж 1989 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар 1995 он хүртэл ажиллаж байсан. Манай нөхөр тус багийн бригадын хүний их эмчээр ажилладаг байсан. Бид олон жил хөрш айл нутаглаж байсан учраас ажилласан байсан байдлыг нь сайн мэдэж байна гэх мэдүүлэг (хх-14х),
6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: Ц.******* 1987 онд цэргийн албанд татагдаж 1989 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар 1995 он хүртэл ажиллаж байсан. Одоог хүртэл Баяндэлгэр сумандаа хөдөө мал маллаж байгаа. Манай аав тус бригадын малын эмч байсан ба тэмээ ноослох, мал угаахад тусалдаг байсан учраас ажилласан байдлыг нь сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-13х)
7. Иймд Ц.*******ийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1990 оны 06 сарын 10-ны өдрөөс 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгчийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Баяндэлгэр сумын Эх орны төлөө ХК-д ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэг авагдсан 1992-1994 оныг дуустал хөдөлмөрийн хөлсний хөлс олгосон бичилт бүхий 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баяндэлгэр сумын Ширээт бригадын пүүсийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон баярын бичгийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хугацааны ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэх боломжгүй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1990 оны 06 сарын 10-ны өдрөөс 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Ц.******* нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Баяндэлгэр сумын Эх орны төлөө ХК-д ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА