| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0026/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 41
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар
Шүүгдэгч Х.Б
Өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулж Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бд холбогдох эрүүгийн 1730000580002 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 41 настай эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, Жанжины 19-314 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2003 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн шүүхийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан /рд:ЛЮ77020911/ Эрдэнэ хамба овгийн Х.Б
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Яллагдагч Х.Б нь Б.Сайнбилэгттэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 5.000.000, 06 дугаар сарын 27-ний өдөр 10.000.000 төгрөг, 07 дугаар сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөгийг Б.Сайнбилэгтийн дансаар оруулан Б.Мөнгөнсарнайгийн данснаас гаргуулан авч Б.Хадбаатарт ноос, мал авч өгнө гэж хуурч мэхлэн нийт 35.0 сая төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Хадбаатараас мал худалдаж авч өгнө гээд 35.000.000 төгрөг авсан. Тэгээд мал авч чадалгүй үрэгдээд шатаад дууссан. Би төлөгдөөгүй 31.600.000 төгрөгийг төлнө гэв.
- Шүүгдэгч Х.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Дорнод аймгийн харъяат Хадбаатар гэдэг найзтайгаа Дорнод аймгийн төвд 2017 оны 06 дугаар сард таарахдаа түүнтэй мал авахаар ярьсан юм. Тэр үед Хадбаатар надад мөнгө өгч Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас хонь, ямаа, үхэр авахуулахаар тохиролцоод эхний ээлжинд 5 сая төгрөгийг Наран сумын харъяат Сайнбилэгт гэдэг хүнтэй 88843900 дугаарын утсаар нь холбогдож би мал авах гэж байгаа юм, чиний данс руу 5 сая төгрөг шилжүүлчихье гээд түүний Хаан банкны 5635047827 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгсэн чинь тэрээр та мал авч байгаа юм чинь би таньд 2 ямаа 100.000 төгрөгөөр өгчихье гэхэд нь зөвшөөрч 4.9 сая төгрөгийг Дорнод аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Дорнын зоог” кафены эзэн Мөнгөнсарнай гэдэг хүний 5409014764 дугаарын данс руу 4.9 сая төгрөгийг шилжүүлж тэр Мөнгөнсарнай гэдэг хүнээс 4.9 сая төгрөгийг би өөрөө гаргуулан авсан юм. Тэгээд тэр мөнгөнөөс Дорнод аймгийн Матад сумын малчдаас 800.000 төгрөгөнд нь ноос аваад үлдсэн мөнгийг Сүхбаатар аймгаар машинтай явахдаа бензин тос аваад өөртөө хэрэглээд дууссан юм. Харин ноосыг нь Дорнод аймаг руу явахдаа Хадбаатарт өгсөн юм. Дараа нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10 сая төгрөг Хадбаатараас авсан. Тэр 10.0 сая төгрөгийг би дахиад Сайнбилэгтийн Хаанбанкны 5635047827 дугаарын данс руу шилжүүлж, Сайнбилэгтээс мөн Мөнгөнсарнайгийн Хаан банкны 5409014764 дугаарын данс руу 10 сая төгрөгийг шилжүүлж Мөнгөнсарнайгаас уг 10 сая төгрөгийг авсан юм. Тэгээд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харъяат Борчулуун гэдэг найз руугаа 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 8 сая төгрөгийг түүний Хаан банкны банкны 5633026875 дугаарын данс руу мал авахуулахаар шилжүүлсэн юм. Тэгэхэд Борчулуун нутгийнхаа иргэдээс ямаа, бяруу авч Хадбаатарт өгсөн. Дараа нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хадбаатараас Сайнбилэгт рүү мал авахуулахаар 20 сая төгрөг шилжүүлэхэд нь би Сайнбилэгт рүү утсаар ярьж байгаад дээрх Мөнгөнсарнайгийн Хаан банкны 5409014764 дугаарын данс руу 19.500.000 /арван есөн сая таван зуун мянган/ төгрөгийг шилжүүлж Мөнгөнсарнайгаас 19.340.000 төгрөгийг гаргуулан авч 140.000 төгрөгийг нь хоолныхоо өрөнд өгсөн юм. Ингээд энэ 19 сая гаруй төгрөгнөөс 6 сая төгрөгийг нь Борчулуун руу шилжүүлж мал авахуулсан. 13 гаруй сая төгрөгийг нь үрээд дууссан. Тэгээд мөнгөгүй болоод байхдаа би 2017 оны 08 дугаар сарын эхээр Борчулуунаас 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг аваад үрээд дууссан юм...Борчулуун гэдэг хүнд би нийт 14 сая төгрөг шилжүүлснээс 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг Борчулуунаас увуулж цувуулж аваад үлдсэн 10 сая 700 мянган төгрөгөөр Борчулуун мал аваад Хадбаатарт хүлээлгээд өгсөн юм. Тиймээс Борчулуунд ямар нэгэн өр авлаганы асуудал бол байхгүй юм... Би Хадбаатар гэдэг хүнээс дансаар нийт 35.0 сая төгрөг шилжүүлж авсан. Мөн баримтгүй Хадбаатараас өөрөөс нь бэлнээр 800.000 төгрөг 2 удаа авсан. Мөн 200.000 төгрөгөөр 1 удаа авч нийт бэлнээр 1800.000 төгрөг аваад үрээд дууссан юм. Одоо би Хадбаатарт 30.700.000 /гучин сая долоон зуун мянган/ төгрөг өгөх ёстой юм” гэх мэдүүлэг,
- Хохирогч Б.Хадбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “... Би энэ жил Дорнод аймаг болон Сүхбаатар аймгийн сумдаар явж ноос худалдаж авч байсан. 2017 оны 06 дугаар сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд танилцсан Баяр-Ундрал гэдэг залуу надтай Дорнод аймагт тааралдаад “би чамд ноос худалдаж авч өгье” гэхээр нь би түүнд 5 сая төгрөг бэлнээр нь өгсөн. Тэгээд үүнээсээ хэд хоногийн дараа Баяр-Ундрал над руу утсаар яриад “Би Сүхбаатарын Дарьганга суманд Борчулуун буюу Боожий гэдэг хүнтэй хамт чамд мал авч өгье, чи над руу мөнгө шилжүүлчих” гэхээр нь тэр Борчулуун гэдэг хүнийг судалсан чинь сумандаа 2 дэлгүүртэй итгэл даах хүн байсан. Тэгсэн чинь Баяр-Ундрал надад “Борчулуун ажил ихтэй амжихгүй гэнэ, дүүгээрээ мал авахуулъя” гэсэн гэж хэлсэн. Үүний дараа над руу Борчулууны дүү байна гээд нэг залуу утасдаад “Борчулуун ахын дансанд мөнгө авъя гэхээр нь банкны зээлтэй болохоор мөнгө хийж болохгүй, та миний дансанд мөнгөө хийж байгаарай гээд надад дансаа өгсөн. Баяр-Ундрал ч гэсэн надад үүнийг хэлсэн. Ингээд би түүний хэлсэн дансанд увуулж цувуулаад 35 сая төгрөг хийсэн. Үүнээс хойш тэр Борчулууны дүү гэх хүнтэй утсаар ярихад малаа авч байгаа, тийм ийм мал авлаа гээд үнэмшилтэй яриад байсан. Ингээд 2017 оны 08 дугаар сарын эхээр тэр хүний утас холбогдохгүй болсон. Тэгээд би Баяр-Ундралтай хотод очиж уулзсан чинь “бүх юм чинь байгаа, мал хунар авсан” гэсэн. Ингээд би бас хууртагдаад буцсан. Тэгээд хэд хоногийн дараа эргээд таг болохоор нь би ер нь Сүхбаатарын Дарьганга сум орж тэр Борчулуун гэдэг хүнтэй уулзая, дүү нь гэж ямар хүн байдаг юм уулзая гээд 2017 оны 08 дугаар сарын 07, 08-ны орчимд Дарьганга суманд ирээд Борчулуун гэдэг хүнийг сураглаж байгаад уулзаад “Би танай дүүд мөнгө шилжүүлсэн чинь одоо таг боллоо. Баяр-Ундрал гэдэг хүн чамтай хамт наймаа хийнэ гээд надаас мөнгө авсан” гэж хэлсэн чинь Борчулуун “надад тийм дүү байхгүй, Баяр-Ундрал гэдэг хүнийг танина. Гэхдээ өөрөөс чинь мөнгө авсан, хамт наймаа хийнэ гэж огт яриагүй. Харин надад Баяр-Ундрал мал авч өгөөрэй гээд 14 сая төгрөг өгсөн” гэж ярьсан. Ингээд л Баяр-Ундралыг намайг залилаад байгааг мэдсэн. Надтай Борчулууны дүү гээд худлаа яриад байсан хүн нь Базардорж овогтой Сайнбилэгт гэдэг хүн бөгөөд Баяр-Ундралтай нийлээд намайг залилаад хуураад яваад байсан юм билээ. Одоо 31.600.000 төгрөгний хохирол учраад байна” гэх мэдүүлэг,
- Гэрч Л.Борчулуун мөрдөн байцаалтанд өгсөн “... Миний бие Баяр-Ундрал гэх залууг танина. Манай суманд ирж мал авч байгаад танилцаж байсан. Иргэн Сайнбилэгт гэх хүнийг харж байгаагүй. Дээрхи хоёр хүнтэй садан төрлийн холбоо байхгүй болно. Сайнбилэгт гэх залуу ямар учраас миний нэрийг барьж хүнээс мөнгө авсан талаар сайн мэдэхгүй байна. 2017 оны 08 дугаар сарын дундуур Дорнод аймгийн харъяат Хадбаатар гэх хүн ирээд “танай дүү болох Сайнбилэгт надаас мал авч өгнө” гээд их хэмжээний мөнгө аваад одоо болохоор утсаа авахгүй байна гэж ирсэн юм. Миний хувьд энэ асуудлыг тэр үед мэдсэн болно. Баяр-Ундрал урьд өмнө надаар мал авахуулж байгаагүй болно. 2017 оны 06 сараас эхлэн надтай удаа дараа холбогдож “та мал аваад өгөх боломж байна уу” гээд байхаар нь би 07 дугаар сард мал авч өгөхөөр болж Баяр-Ундрал надад 14 сая төгрөг шилжүүлж тэр мөнгөөр нь мал авч байхад Баяр-Ундрал надаас 2.800.000 төгрөг буцааж авсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Сайнбилэгт мөрдөн байцаалтанд өгсөн “... Би хилийн цэргийн 0146-р ангид ажилладаг юм. Би Эрдэнэцагаан сумын тагнуулын тасгийн дарга, дэд хурандаа Д.Энхтүвшин гэх нутгийн ахынд байдаг байсан юм. Тухайн үед Энхтүвшин ахын найз гэх Ундрал гэх ах ирдэг байсан тэгээд Ундрал гэх ахтай танилцсан юм. Ундрал гэх ах тухайн үед гэнэт Дорнод явлаа гээд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу нэг удаа залгаад ах нь хүнээс мөнгө авах юм. Миний данс болдоггүй, чиний дансаар дамжуулаад өөр хүний дансанд мөнгө хийлгэх гэсэн юм гэж утсаар ярьсан юм. Уг ярианаас хойш 2 хоногийн дараа над руу залгаад чиний дансанд 5 сая төгрөг орно, чи мөнгө ороод ирэхээр нь өндөөдөртөө над руу Мөнгөнсарнай гэх хүний дансаар хийчих гэхээр нь би шууд хийсэн юм. Тэгээд дараа нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр над руу яриад чиний данс руу 10 сая төгрөг хийсэн байгаа, ахын дүү Мөнгөнсарнай гэх хүний дансанд хийгээд өг гэхээр нь тэр өдрөө дансанд орж ирсэн 10 сая төгрөгийг нь Мөнгөнсарнай гэсэн дансанд нь шилжүүлсэн. 2017 оны 07 дугаар сарын 14-нд Ундраа ах над руу залгаад ахын дүү 86620888 гэсэн дугаар руу залгаад “Ундраа ахын дүү байна. Таны өмнө явуулсан мөнгөөр Ундраа ах Дарьганга суманд мал авч байгаа, та мөнгөө миний дансанд хий гэж хэлээд мөнгийг нь ороод ирэхээр нөгөө дансанд хийчих” гэж хэлсэн юм. Тэгээд би уг дугаар руу залгахад нэг ах авахаар нь би Ундраа ахын хэлснээр нь хэлэхэд “ах нь өөр газар мал авхуулж байгаа. Ах нь чиний дансанд 20 сая төгрөг хийчихье, чи Ундраад битгий өгөөрэй. Өөрөө мал авчих гэхээр нь би за гэсэн. Тэгээд 2017 оны 07-р сарын 19-ний өдөр Ундраа ах залгаад мөнгө чиний дансанд орсон уу гэхээр нь орсон гэхэд чи наад мөнгөө Мөнгөнсарнай гэх хүний дансанд хийчих гэхээр нь “20 сая төгрөгөөр чинь намайг мал ав гэсэн. Дараа нь бөөн асуудал болвол яах юм” гэхэд чи юу гэж хуцаад байгаа юм. Би наад хүнтэй чинь ярьсан наад мөнгө чинь надад ирэх ёстой мөнгө. Мөнгөнсарнайгийн дансанд хурдан хий гэхээр нь би хийчихсэн юм. Овог, нэрийг нь мэдэхгүй хүмүүс Ундрах гээд байдаг. Гэрийн хаягийг нь бас мэдэхгүй. Надтай ярьж байсан утас нь 89992325 дугаарын утастай байсан. Эхний удаа дансанд чинь мөнгө хийж авъя, чи дансаа өгчих гэхээр нь би өөрийнхөө дансаар аваа, ямар учиртай мөнгө юм гэхэд “ахых нь данс болохгүй байгаа, чиний дансаар дамжуулаад авчихъя ахад нь хүн мөнгө өгөх ёстой юм гэхээр нь би дансаа өгсөн. Тэгтэл тэр өдөр миний дансанд 5 сая төгрөг ороод ирсэн. Мөнгө орж ирсний дараа Ундрах ах залгаад “чи Мөнгөнсарнай гэх хүний 5409014764 гэсэн дансанд уг мөнгийг хийчих” гэхээр нь мөнгийг нь тэр өдөрт нь хийсэн. Ундрах ах над руу залгаад ах нь чиний дансанд 10 сая төгрөг хийчихлээ, чи нөгөө Мөнгөнсарнай гэдэг хүний дансанд хийчих гэхээр нь би уг дансанд мөнгийг нь хийсэн. Би Д.Энхтүвшинд хэлэхдээ Ундраа ах миний дансанд 20 сая төгрөг хийнэ гэнээ яах уу гэхэд, юу их мөнгө юм яах гэж байгаа юм гэхээр нь Ундраа ах мал авч байгаа гэсэн. Тэр мөнгөө надаар дамжуулаад байгаа юм гэхэд “аан, Ундраа мал авч байгаа гэсэн” гэж байснаас өөр зүйл яриагүй. 2017 оны 05 дугаар сард анх танилцсан, дуу шуутай сэргэлэн ах байсан, нэг сайн танихгүй. Би эхний 15 сая төгрөг хийхэд нь ямар хүн мөнгө хийлгэж байгаа талаар мэдээгүй. Харин сүүлд 20 сая төгрөг хийхэд нь уг хүнтэй ярихад өөрийгөө Хадбаатар гэж танилцуулж байсан. Би Хадбаатарт эхний 15 сая төгрөгийг Ундрах ах авсан шүү гэхэд “за за харин чи одоо явуулах 20 сая төгрөгийг Ундрахад өгч болохгүй өөрөө мал ав” гэж хэлсэн. Би нэг ч төгрөг аваагүй. 2017 оны 06 сарын 20-ны өдөр 5 сая төгрөг, 2017 оны 06-р сарын 27-ны өдөр 10 сая төгрөг, 2017 оны 07 сарын 19-ний өдөр 20 сая төгрөг. Нийт 35 сая төгрөг орж ирсэн. Өөр мөнгө орж ирээгүй. Би өөрийн Хаан банкны 5635047827 гэсэн дансаар авсан. Би Мөнгөнсарнай гэх хүнийг танихгүй. Ундрах надаас мөнгө авахдаа уг дансаар дамжуулж авч байсан. Эхний 5 сая төгрөгийг банкаар, 10 сая төгрөгийг нь АТМ-ээр хоёр хувааж хийсэн, 20 сая төгрөгийг нь би 7 хувааж хийсэн” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Мөнгөнсарнайгийн мөрдөн байцаалтанд өгсөн “.... Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 20-р байранд байрлах “Дорнын зоог” кафег 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулж байгаа юм. Манай кафены урд талд тоглоомын газар байдаг бөгөөд уг тоглоомын газарт тоглож байгаа хүмүүс манай кафед орж хоол иддэг байсан юм. Ундрах гэдэг ах манай кафед хоол, пивоны өр болох 230.000 төгрөг өгөх ёстой байсан болохоор 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хоол идээд гарахдаа “ахдаа дансаа өгчих. Тооцоог чинь данс руу чинь хийе” гэж хэлсэн болохоор Хаан банкны 5409014764 гэсэн дансыг өгсөн чинь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр миний данс руу 4.900.000 төгрөг Базардоржийн Сайханбилэгт гэдэг хүнээс шилжиж орж ирсэн юм. Мөнгө ирсний дараа Ундрах гэдэг ах миний гар утас руу залгаад “данс руу чинь 4.900.000 төгрөг орсон байгаа. Авлагаа аваад ахдаа тэр мөнгийг аваад өгчих” гэж хэлэхээр нь Ундрах гэдэг ахтай хамт яваад АТМ-ээс мөнгө авах лимит хэтэрсэн болохоор нийт 2.670.000 төгрөг авч өгсөн юм. Үлдэгдэл мөнгийг нь “манай эхнэрийн данс гээд 5753889926 гэсэн данс руу 600.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлэхээр нь Экспресс банкаар 06 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн. 06 дугаар сарын 22-ны өдөр 5642088810 гэсэн данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. 06 дугаар сарын 23, 24-ний өдөр нийт 1.200.000 төгрөг миний дансаас гаргуулан авсан. Манай кафед дахин өр тавьсан байсан учраас үлдэгдэл 170.000 төгрөгийг би авсан. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр миний дансанд гэнэт 5 саяар 2 удаа нийт 10 сая төгрөг шилжиж орж ирсэн юм. Би хэнээс орж ирж байгааг нь мэдээгүй бөгөөд энэ өдрийнхөө орой Ундрах гэдэг ах миний гар утас руу залгаад “чиний дансанд 10 сая төгрөг орсон байгаа. Одоо аваад өгчих” гэж хэлэхээр нь би уурлаж, та ямар сонин юм бэ?, гэнэт хүний дансанд мөнгө хийгээд байх юм. Өөр хүний дансаар шилжүүлж авахаар яадаг юм бэ? Би одоо авч өгч чадахгүй гэж хэлээд маргааш өдөр нь банкнаас 10 сая төгрөгийг нь авч өгсөн. Дахин 2017 оны 07 сарын 19-ний өдөр миний данс руу 19.500.000 төгрөг орж ирсэн байсан бөгөөд мөнгө шилжиж орж ирэхэд нь унтчихсан байсан болохоор Ундрах гэдэг ах над руу олон удаа залгасан байсан юм. Ингээд мөнгө шилжүүлээд байсан учраас надад сонин санагдаад төв Хаан банк руу камертай газарт очиж авч өгсөн юм. Ундрах гэдэг ах манайд өртэй байсан болохоор 19.340.000 төгрөгийг гаргаж өгсөн юм. Ундрах гэдэг ах надад хэлэхдээ “хүнээс мөнгө авах ёстой байсан юм түүнийгээ авч байгаа юм” гэж хэлдэг байсан бөгөөд Хаан банкны карт, иргэний үнэмлэхээ хаячихсан. Над руу мөнгө шилжүүлж байгаа хүн Хаан банкны данстай хүн учраас Хаан банкны данс руу хийлгээд байгаа юм. Надад Капитал банкны данс байдаг боловч шилжүүлж байгаа хүн мобайл банктай учраас шилжүүлж болохгүй байна гэж ярьж байсан. Энэ өдөр манай кафед хүмүүстэй пиво ууж байхдаа 5420169189 гэсэн данс руу 30.000 төгрөг бэлнээр өгөхөд нь өөрийнхөө данснаас шилжүүлж өгсөн бөгөөд “найз зардлын мөнгө гуйсан болохоор шилжүүлж байна” гэж тухайн үед надад хэлж байсан. Би Ундрах гэдэг хүнийг урд өмнө огт таньдаггүй байсан бөгөөд манай кафед хоол иддэг болохоор зүс мэддэг болсон юм. Түүнээс биш тэр ахтай ямар нэгэн холбоо байхгүй. Хүнээс мөнгө авах ёстой болохоор мөнгөө авч байгаа юм гэж надад хэлдэг байсан” гэх мэдүүлэг,
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн 2017.08.23-ны өдрийн 17000058 дугаартай тогтоол / хх-1/
- Б.Сайнбилэгтэд мөнгө шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт / хх-18-20 /
- Х.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48 /
- Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017.12.18-ны өдрийн 4118 дугаартай тодорхойлолт / хх-49 /
- Х.Бын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-502/
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 07 сарын 30-ны өдрийн 205 шийтгэх тогтоолын хуулбар /хх-53-55/
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Х.Б нь Б.Сайнбилэгттэй бүлэглэн иргэн Б.Хадбаатарт ноос мал авч өгнө гэж хуурч мэхлэн 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 5.000.000, 06 дугаар сарын 27-ний өдөр 10.000.000 төгрөг, 07 дугаар сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөгийг Б.Сайнбилэгтийн дансаар оруулан Б.Мөнгөнсарнайгийн данснаас гаргуулан авч иргэн Б.Хадбаатарт 35.0 сая төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Х.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Хадбаатар, гэрч Л.Борчулуун, Б.Сайнбилэгт, Б.Мөнгөнсарнай нарын мэдүүлэг, Б.Сайнбилэгтэд мөнгө шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу залилах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.
Хэрэг гарсан байдлыг тодруулбал: шүүгдэгч Х.Б нь Б.Сайнбилэгттэй бүлэглэн өөрийн найз Б.Хадбаатарт ноос, мал мах авч өгнө гэж түүнээс 35.000.000 төгрөгийг Б.Сайнбилэгтийн дансаар оруулан Б.Мөнгөнсарнайгийн дансаар дамжуулан авсан нь Б.Сайнбилэгтэд мөнгө шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдох бөгөөд энэ нь Х.Бын “... Би Дорнод аймгийн харъяат Хадбаатар гэдэг найзтайгаа Дорнод аймгийн төвд 2017 оны 06 дугаар сард таарахдаа түүнтэй мал авахаар ярьсан юм. Тэр үед Хадбаатар надад мөнгө өгч Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас хонь, ямаа, үхэр авахуулахаар тохиролцоод эхний ээлжинд 5 сая төгрөгийг... Дараа нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10 сая төгрөг Хадбаатараас авсан. Тэр 10.0 сая төгрөгийг би дахиад Сайнбилэгтийн Хаанбанкны 5635047827 дугаарын данс руу шилжүүлж, Сайнбилэгтээс мөн Мөнгөнсарнайгийн Хаан банкны 5409014764 дугаарын данс руу 10 сая төгрөгийг шилжүүлж Мөнгөнсарнайгаас уг 10 сая төгрөгийг авсан юм...2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хадбаатараас Сайнбилэгт рүү мал авахуулахаар 20 сая төгрөг шилжүүлэхэд нь би Сайнбилэгт рүү утсаар ярьж байгаад дээрх Мөнгөнсарнайгийн Хаан банкны 5409014764 дугаарын данс руу 19.500.000 /арван есөн сая таван зуун мянган/ төгрөгийг шилжүүлж Мөнгөнсарнайгаас 19.340.000 төгрөгийг гаргуулан авсан гэх мэдүүлэг, хохирогч Б.Хадбаатарын...” би түүний хэлсэн дансанд увуулж цувуулаад 35 сая төгрөг хийсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Сайнбилэгтийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр над руу яриад чиний данс руу 10 сая төгрөг хийсэн байгаа, ахын дүү Мөнгөнсарнай гэх хүний дансанд хийгээд өг гэхээр нь тэр өдрөө дансанд орж ирсэн 10 сая төгрөгийг нь Мөнгөнсарнай гэсэн дансанд нь шилжүүлсэн. 2017 оны 07 дугаар сарын 14-нд Ундраа ах над руу залгаад ахын дүү 86620888 гэсэн дугаар руу залгаад “Ундраа ахын дүү байна. Таны өмнө явуулсан мөнгөөр Ундраа ах Дарьганга суманд мал авч байгаа, та мөнгөө миний дансанд хий гэж хэлээд мөнгийг нь ороод ирэхээр нөгөө дансанд хийчих” гэж хэлсэн... Тэгээд 2017 оны 07-р сарын 19-ний өдөр Ундраа ах залгаад мөнгө чиний дансанд орсон уу гэхээр нь орсон гэхэд чи наад мөнгөө Мөнгөнсарнай гэх хүний дансанд хийчих гээд... хийсэн гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнгөнсарнайгийн...” 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр миний данс руу 4.900.000 төгрөг Базардоржийн Сайханбилэгт гэдэг хүнээс шилжиж орж ирсэн юм... Ингээд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр миний дансанд гэнэт 5 саяар 2 удаа нийт 10 сая төгрөг шилжиж орж ирсэн юм... банкнаас 10 сая төгрөгийг нь авч өгсөн... Дахин 2017 оны 07 сарын 19-ний өдөр миний данс руу 19.500.000 төгрөг орж ирсэн байсан бөгөөд мөнгө шилжиж орж ирэхэд Ундрах гэдэг ах манайд өртэй байсан болохоор 19.340.000 төгрөгийг гаргаж өгсөн юм” гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.
Шүүгдэгч Х.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал: шүүгдэгч Баяр-ундрал нь Б.Сайнбилэгттэй бүлэглэн Б.Хадбаатарт ноос, мал авч өгнө гэж хуурч 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 5.000.000, 06 дугаар сарын 27-ний өдөр 10.000.000 төгрөг, 07 дугаар сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөгийг Б.Сайнбилэгтийн дансаар оруулан Б.Мөнгөнсарнайгийн данснаас гаргуулан авч бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, зориуд үйлдэж хохирогчид үлэмж хэмжээний хохирол учруулсан байна.
Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Баяр-Ундралд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Х.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан боловч тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлоос төлөгдөөгүй байгаа 31.600.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Баас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 31.600.000 төгргийг гаргуулж хохирогч Б.Хадбаатарт олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрдэнэ хамба овгийн Х.Быг Б.Сайнбилэгттэй бүлэглэж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Х.Баас 31.600.000 төгрөг гаргуулан Дорнод аймаг Хэрлэн сумын 6-р багийн иргэн хохирогч Бямбажавын Хадбаатарт олгосугай.
5. Шүүгдэгч Х.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР