Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 112/ШШ2025/0036

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би тус аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах прокурор Б.Түвшинтөрөөс тус аймгийн Есөнбулаг сумын иргэн О.Ат холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч,  захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах прокурор Б.Түвшинтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Буруутай албан тушаалтнаас 13 972 980 төгрөгийн хохирол гаргуулах тухай гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэлээ: О.А нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Дэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.Б-г 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлжээ. Г.Б нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 02 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 13,972,980 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 227.815 төгрөг, ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг гаргуулж, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эргүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж, эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин 13,972,980 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 227.815 төгрөг олгожээ. Г.Б нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 591 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацаа буюу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалин болох 13,972,980 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эргүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж, эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу нийт 1 удаагийн шүүхийн шийдвэрээр 13,972,980 төгрөгийг олгожээ.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 5.1 дүгээр зүйлд Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно хэмээн хуульчилжээ.

Үүнд: Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага, захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд, үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага, Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна, Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан.

Иймд хариуцагчаар татагдах хүн нь ажлаасаа чөлөөлөгдсөн эсэхээс үл хамааран албан тушаалтны хувиар явуулсан үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийнхээ төлөө захиргааны байгууллага гэж үзэж болохоор хуульчилсан тул О.А-аас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалж буруу шийдвэр гаргасны улмаас захиргааны байгууллага буюу төрд учирсан гэм хорын хохирол болох нийт 1 удаагийн шүүхийн шийдвэрээр 13,972,980 төгрөгийг олгосон тул 13.972.980 төгрөгийг гаргуулж, тус аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт олгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 Хариуцагч О.А 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн ахлах прокурор Б.Түвшинтөрийн нэхэмжлэлтэй, О.А  миний биед холбогдох буруутай албан тушаалтнаас 13,972,980 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон тус хэргийг дуусгавар болгож өгнө үү гэжээ.

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 Говь-Алтай аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөрөөс тус аймгийн Есөнбулаг сумын иргэн О.А-т холбогдуулан 13.972.980 төгрөгийн хохирол гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлахтай холбоотой 30 дугаар тогтоолд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан хуулиар тусгайлан эрх олгогдсон гэснийг Прокурорын байгууллага өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлгүйгээр, төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор байна.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.С-аас 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот албан бичгээр аймгийн Прокурорын газарт О.А-т холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргахаар итгэмжлэл олгож, аймгийн Прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/190 дугаар албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ахлах прокурор Б.Түвшинтөрийг оролцуулахаар тус тус итгэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Есөнбулаг сумын иргэн О.А нь аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалж буруу шийдвэр гаргасны улмаас захиргааны байгууллагад учирсан хохирол болох 13.972.980 төгрөг гаргуулах гэсэн үндэслэлээр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дээрх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.

Энэхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэн, хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд хамаарч байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасан. 

Иймд хариуцагчийн зөвшөөрлөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах прокурор Б.Түвшинтөрийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Есөнбулаг сумын иргэн О.А-т холбогдох “Буруутай албан тушаалтнаас 13.972.980 төгрөгийн хохирол гаргуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

             ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Э.ЗОЛБАДРАХ