Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01489

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01489

 

Д.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/01316 дугаар шийдвэртэй

Д.Дийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Жд холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 120 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2017 оны 04 сард үнэгүй.мн сайтаас баригдсан барилгын зураг хараад Э.Жтай холбогдож, маргааш нь худалдах, худалдан авах гэрээ байгуулан бэлэн 120 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Уг байшиндаа засвар хийхээр очиход анхны өмчлөгч гэх Г.Б нь энэ байшин миний өмчлөлийн эд хөрөнгө, чи залилуулсан байна гэж хэлсэн. Тэгээд Э.Жтай холбогдож, энэ байшин нь маргаантай, асуудалтай юм байна наймаагаа буцаая гэхэд тийм асуудал байхгүй. Удахгүй гэрчилгээ гаргаж өгнө гэхээр нь хүлээсэн. Гэрчилгээ гаргаж өгөхгүй байхаар нь би Хан-Уул дүүргийн шүүхэд биет байдлын доголдолтой тул худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/00789 дугаар шийдвэр гарснаас хойш Д.Д миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой /0000/ гудамж, 0000 тоот хаягт байрлах, 185 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хаягжилтыг тодруулж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс, Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Хот байгуулалт, хөгжлийн газарт удаа дараа өргөдөл, гомдол гаргасан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдаж, Э.Жгаас худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө нь 000/13 тоот гэж бүртгэх байсныг 0000/13 тоот гэж Хот байгуулалтын мэдээллийн санд 2009 онд бүртгэгдсэн болохыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн хариугаас мэдсэн. Тухайн үед хаягийн талаар ерөөсөө мэдээгүй ба дараа нь байшин дээрээ очиход 000-9 тоот гээд цаасан дээр наачихсан байсан тул холбогдох төрийн байгууллагуудаас тодруулахад 0000-6 тоот биш, 000-9 тоот байшин гэж хэлсэн. Улсын бүртгэлд бүртгэхдээ 000-13-6 гэж тэмдэглэх ёстой байсныг 0000-13-6 гэж тэмдэглэсэн байсан бөгөөд үүнийг засаж өгөх боломжтой гэж хэлсэн. Одоогийн байдлаар биет байдлын доголдолтой гэдэг дээр маргаад явж байна. Э.Жгийн надад үзүүлсэн байшин бол 000-9 тоот гэдэг байшин. Иймд худалдах, худалдан авах гэрээ нь цаашид бодитоор хэрэгжих боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж 120 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгч миний бие эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой /0000/ гудамж, 0000 тоот, 185 м.кв талбай бүхий, 55 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Э.Жд буцаан шилжүүлэн өгөхөд бэлэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь биет байдлын болон эрхийн маргаантай гэж үзэж байна. Энэ талаарх маргаан нь эрүүгийн хэргийн шүүх дээр хянан хэлэлцэж байгаа тул одоогоор энэ маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй. Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай маргааныг мөн шүүхэд хянан хэлэлцэж шийдвэрлэсэн. Хариуцагч Э.Ж нь Аээс урьд нь өөрийн өр, авлагад тооцуулан 120 000 000 төгрөгөөр худалдаж авсан. А нь Б гэх хүнээс авсан гээд гэрчилгээг үзүүлж худалдаж авсан. Аийн үзүүлсэн эд хөрөнгийг өөрийн хөрөнгө гэж итгээд бусдад үзүүлж, худалдан борлуулсан. Худалдаж авах үед эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс болон өмчлөх эрхийн доголдлын талаар хэлээгүй. Тэгээд Аийн хурууны хээгээр зохих ёсны бичиг баримтуудыг авч бүрдүүлээд худалдан авсан. Өөрийн мөнгийг гаргаж авахын тулд Э.Ж нь unegui.mn сайтад зар байршуулж, Г.Бы тавьсан саналын дагуу Аээс авсан бүх бичиг баримтаа үзүүлж худалдан борлуулсан. Гэхдээ тухайн үед хаягийн алдаа болон бусдын өмчлөлд байсан эсэх талаар огт мэдэгдээгүй. Баянзүрх дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн хэлтсээс лавлагаа гаргуулахад бусдад барьцаалсан зүйл байхгүй. Э.Жгийн өмч мөн гэдгийг лавлагааны үндсэн дээр мэдсэн учраас Д.Дт худалдан борлуулсан. Д.Дийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг харвал Хот төлөвлөлтийн газраас тухайн 13-6 гэдэг хаяг байхгүй гэсэн бичиг, Харин Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 0000-6 гэдэг хаягийг 000-6 гэж бүртгэн андуурал гарсан байна гэсэн хариуг өгдөг. Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсээс 2015 оны 05 сарын 04-ний өдрийн 2356 тоот Улсын бүртгэлийн газрын даргын тушаалаар эд хөрөнгийг бусдад шилжүүлэх эрхийг нь тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Тэгэхээр уг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн байдлын талаарх дээрх баримтуудыг өгдөг. Дээрх үйл баримтуудаас юу харагдах юм бэ? гэхээр яг эрхийн доголтой юу? Тухайн эд хөрөнгө нь Жгийн өмч мөн үү, биш үү гэдгийг тогтоогоогүй учраас үүнийг эрхийн болон биет байдлын доголдолтой гэж үзэх боломжгүй. Биет байдлын доголтой гэдэг нь анхнаасаа тог, усаа холбуулаагүй энэ байрыг Э.Ж нь Д.Дт үзүүлсэн. Д.Д нь уг нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр авсан. Одоо тавигдаж байгаа шаардлага нь өөрөө эрхийн доголтой байна гэдэг шаардлага гаргаж байгаа. Эрхийн доголдолтой эсэх нь одоогоор шийдэгдээгүй байгаа. Тухайн маргаан бүхий газар очиж үзэхэд 3 кадастрын зураг авагдсан байсан. Баянзүрх дүүргийн Газрын албанаас бас гаргаж өгсөн кадастрын зураг байгаа. Мөн кадастрын зураг дээр байгаа хаягууд нь ч бас нэгдсэн тодорхой хаяг биш. Урд нь байгаа 5 хаус нь Неткапиталын өмчлөлд байдаг. Тухайн хотхонд байгаа 17 хаус нь бүгдээрээ эрхийн зөрчилтэй маргаантай, эрх нь түдгэлзсэн байгаа. Хаягаар нь хөөгөөд үзэх юм бол 000/13 гэдэг нь 55 хувийн гүйцэтгэлтэй байшин уу? эсхүл бид нарын зарсан байр уу гэдэг нь кадастрын зургаас хүртэл өөр харагдаж байгаа. Тэгэхээр одоогоор үүнийг эрхийн доголдолтой болохыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байгаа. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үзлэг хийгдсэний дараа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Тухайн үзлэгийн Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байж хариуцагч нь үзлэг хийж оролцож болохгүй тул хаягжилтыг хийх эрх бүхий этгээд буюу Хот байгуулалт хөгжлийн газрын хаягжилтыг хариуцсан газар, Баянзүрх дүүргийн Газрын алба зэрэг газруудаас хаягжуулах ажлыг хийж болох байсан. Үзлэг хийсний дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь хариуцагчаар зөвхөн Э.Жг сонгосон нь асуудал байсан. Ер нь энэ шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн юм болов уу? гэж харагдаж байна. Гэхдээ шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шууд хэрэгт ингэж өөрчлөх бус тухайн шатны шийдвэрийг гаргасан шүүхэд дахин хандаж болох байсан. Тэгэхгүйгээр яг энэ шаардлагын хувьд урьд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулчихсан нөхцөл байдал байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Э.Жгаас 120 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дт олгож, нэхэмжлэгчээс Эрхийн Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /0000/, 0000 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Э.Жд буцаан шилжүүлэхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Г.Б нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Г.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Жгаас улсын тэмдэгтийн хураамж 757 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Э.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Иргэн Э.Ж би 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Б.Аээс Баянзүрх дүүрэг Хар Усан тохой /0000/ дугаар гудамж, 000-6 тоот хаягт байрлах Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр өмнө нь Б.Аээс авах байсан 120 000 000 төгрөгтөө тооцуулан авсан. Тухайн үед миний худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгө нь бүрэн ашиглалтад ороогүй, барилгын явц 100 хувийн гүйцэтгэлтэй, эд хөрөнгийн бүртгэл хэвийн байсан. Иймд би тус үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бүртгэлийг хийлгэн, бусдад зарахаар зар тавьсан. Тус зарын дагуу Д.Д надтай холбогдож 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээг байгуулсны дараа Д.Д орон сууцандаа орох гэтэл Б нь өөрийн өмчлөх эрхэд саад учруулж байна гээд худалдах, худалдан авах гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг Д.Д нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус дүүргийн шүүхээс 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 181/ШШ2018/00789 тоот шийдвэр гарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэртэй холбоотойгоор нэхэмжлэгч Д.Д нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй. Үл хөдлөх эд хөрөнгө биет байдлын болон эрхийн доголдолгүй, бүртгэл хүчинтэй, хаягжилтийн зөрүү байхгүй, шүүхийн гарч хүчин төгөлдөр болсон учир би асуудал шийдэгдсэн байх гэж бодож явсан. Гэтэл 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Д.Д Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 13221 гудамж, 000/9 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагатай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хаягт байрлах хаягтай холбоотой Хот байгуулалт, хөгжлийн газрын хаягийн талаарх албан бичиг 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 04/295 дугаартай /1хх.19, 64/, мөн газрын 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/1729 тоот албан бичиг /1хх.147/ талуудад байх баримтууд зөрүүтэй бөгөөд хаягжилт хийх эрх бүхий байгууллага нь эцсийн байдлаар тухайн хаяг мөн болохыг тогтоогоогүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг улсын байцаагчийн бүртгэл түдгэлзүүлэх тухай 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 3362 тоот албан бичиг /1.хх-53-57/, мөн хяналтын улсын байцаагчийн бүртгэл түдгэлзүүлсэн тухай 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2356 тоот албан бичиг /1хх.2/ зэргээр Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл давхар хийгдсэн эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа /2хх.2-4, 123-132, 1хх.18-19/ талд дурдсан. 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Д.Д нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлэн өгсөн 120 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай болгож нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь 2017 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагатай адил байна. Уг шаардлагатай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш үргэлжилж нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбоотой хариуцагч би хариу тайлбараа өгч амжаагүй байтал шүүх хурал зарласан.. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэрэгт хариуцагчаар оролцож байсан, хаягжилт олгох эрхгүй байгууллага болох Баянзүрх дүүргийн эд хөрөнгө бүртгэлийн хэлтсийн ажилтныг байлцуулан хэргийн газрын үзлэг хийсэн байдаг. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө бүртгэгч нь хаяг өөрчилсөн эрх бүхий байгууллагын шийдвэрийг бүртгэх, хаягжилт олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тусгах зэрэг үүрэгтэй байна. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасныг хариуцагч тал зөрчиж, шаардлагатай мэдээллийг өгөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгэлтэй хууль ёсны дагуу гэрчилгээ гарсан, тус хаягт байрлах байр орон сууцыг анх худалдаж авсан хүний зааж өгсний дагуу бусдад худалдсан. Худалдан авагчид мэдээлэл өгөхгүй байх, хууран мэхлэх санаа зорилго огт агуулаагүй. Гэрээ байгуулах үед мэдэж байсан бүхий л үнэн бодит мэдээллийг худалдан авагчид өгсөн. Дээрх нотлох баримтуудын зөрүүтэй байгаагаас харахад биет байдлын доголдолтой хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй юм. Иймд шүүхээс гаргасан хариуцагч Э.Жгаас 120 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дт олгож, нэхэмжлэгчээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг буцаан хариуцагчид өгөх шийдвэр биелэгдэх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.14 дэх хэсэгт эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасан. 2020 онд нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянагдаж байх үед хариуцагч нарын эрүүгийн журмаар шалгагдаж байгаа болон улсын байцаагчийн акттай холбоотойгоор удаа дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан байдаг. Гэтэл шүүгчийн зүгээс иргэний хэрэгт оролцогч болох талууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч эсхүл хохирогчийн аль нэгнээр оролцоогүй учир хэргийг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй гэж үзсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл мөн хуулийн 180 дугаар зүйлд заасны дагуу талуудын хүсэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг дахин шийдвэрлүүлэх эсэхийг шүүх тогтоол гаргаж шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай байна. Хариуцагчийн төлөөлөгч Э.Ариунсайханы зүгээс нэхэмжлэгч 2017 онд худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 120 000 000 төгрөг гаргуулах гэрээний маргааныг тус дүүргийн шүүхээр хянан шийдвэрлэсэн, уг шийдвэртэй холбоотой давж заалдах болон хяналтын шатны журмаар талууд гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, хэрэгт тус шийдвэр авагдсан тул дахин шийдвэрлэх үндэслэл байхгүй... талаар тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Гэтэл шүүхээс ИХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон үйл баримт байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Г.Б, Э.Жд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 120 000 000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Г.Б нараас татгалзжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Э.Ж нь маргааны зүйл болж буй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13221/ гудамжны 000/9 тоот хаягт байрлах, бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зургийг үнэгүй.мн сайтад байршуулж, уг орон сууцыг надад үзүүлэн 120 000 000 төгрөгөөр худалдсан, харин эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ өөр газар байрлах 55 хувийн гүйцэтгэлтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /0000/ гудамжны 0000 тоотын орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж заажээ.

Зохигчид үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч хариуцагчид гэрээний үнэ 120 000 000 төгрөгийг шилжүүлсэн асуудлаар маргаагүй. /1хх.237-239/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/00789 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Д.Дийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Жд холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 120 000 000 төгрөг болон гэрээний улмаас учирсан зардал 140 000 төгрөг нийт 120 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрт худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй талаар дүгнэлт хийжээ. /1хх.9-14/

Худалдагдсан эд хөрөнгийг эрхийн болон эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан шаардах эрх нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.3, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан.

Нэхэмжлэгч Д.Д нь эрхийн доголдолтой холбогдуулан гэрээнээсээ татгалзаж байгаа эсэх, эсхүл биет байдлын доголдолтой холбоотойгоор шаардлага гаргаж 120 000 000 төгрөгөө нэхэмжилж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 120 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг өмнө нь шүүхээс нэгэнт шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй зүйлийг дахиж шүүх шийдвэрлэж болохгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Дийн хариуцагч Э.Жд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй, түүнчлэн талуудын тайлбар тодорхой бус байхад анхаараагүй байна.

Худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгад худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө нь Үнэгүй.мн сайт дээр үзүүлснээс өөр зүйл байсан буюу өөр хүмүүсийн өмчлөлтэй давхардсан зүйл байсан зэрэг тайлбарыг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байгаа эсэх, уг асуудлыг шүүх тодруулах шаардлагатай.

Мөн хариуцагч Э.Ж ...н.Аийн үзүүлсэн эд хөрөнгийг өөрийнх нь хөрөнгө гэж итгээд бусдад үзүүлж, худалдан борлуулсан... гэсэн агуулга бүхий тайлбар гаргажээ. Бодит байдал дээр нэхэмжлэгчийн худалдаж товлон заан авсан үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэх, байхгүй хөрөнгө худалдсантай холбоотой асуудал байгаа эсэх, талууд гэрээний агуулгаар төөрөгдсөн эсэх, дээрх нөхцөл байдалтай холбогдон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх заавал дүгнэлт өгөх ёстой байжээ.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт ...зохигчдын тайлбар нь... нотлох баримт болох бөгөөд хариуцагч талаас гаргаж байгаа давж заалдах гомдлын агуулга дотор гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар өөрөө хариуцагч тал тайлбарлажээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 120 000 000 төгрөгөө хариуцагчаас буцаан шаардаж байгаа шаардлага нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, эсхүл гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд хуульд заасан ямар үндэслэл байгаа эсэхийг тодруулж, уг асуудлаар зохигчдыг мэтгэлцүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцэх юм. Өөрөөр хэлбэл, гэрээний бус үүргийн хүрээнд буюу гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотойгоор шилжүүлэн өгсөн мөнгөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргаж байгаа эсэх нөхцөл байдлуудыг тодруулах ёстой.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч хариуцагчаас юу шаардах ёстой вэ, ямар хохирлын асуудал вэ гэх зэрэг маргааны зүйлтэй шууд хамааралгүй асуудлууд хэлэлцэгдсэн байна. /1хх.236-241/

Түүнчлэн, хэргийн 126 дугаар талд нэхэмжлэгчийн хүсэлтээр 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл авагдсан, уг тэмдэглэлд ...Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой /0000/ гудамж, 0000 тоот хаягт байрлах, 185 м.кв талбайтай 55% гүйцэтгэлтэй, дутуу баригдсан тоосгон байшин байна. Барилга нь 2 гараашаар зааглагддаг гэж бичсэн байна.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулж, нөхцөл байдлыг нарийвчлан тогтоосны дараа эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч, зохигчдын хооронд үүссэн маргааны зүйлийг тодруулснаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Талуудын мэтгэлцээн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг бүрэн тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.

Иймд хариуцагчийн ...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/01316 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 757 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ц.ИЧИНХОРЛОО