Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 53

 

 

            Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус  шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Э.Хосбаяр

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэнгэл

Өсвөр насны шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай явуулж Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны яллагдагч Хатгин овгийн  Б.Хд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1730001080083 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 сарын 31-ний өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 15 нас, 6 сар, 02 хоногтой, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эмээ, авга ах нарын хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 11-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛЮ02280615/  Хатгин овгийн  Б.Х.

Холбогдсон хэргийн талаар:

           Өсвөр насны яллагдагч Б.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөртэйн 12 дугаар гудамжны 9 тоотод оршин суух иргэн Ч.Сумъяагийн гэрт нэвтрэн орж жинсэн өмд 2 ширхэг, пүүз гутал 1 хос, гитар 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, малгайтай ноосон цамц 1 ширхэг, цамц 1 ширхэг, биеийн тамирын өмд 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 415.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Өсвөр насны шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Би гитар, өмд цамцыг танихгүй хүмүүст зарсан. Тэр хүмүүсээ олоогүй. Би гэмшиж байна гэв.

- Өсвөр насны шүүгдэгч Б.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед гэрийнхээ хойд талын хашаанд байдаг байшингийн гаднах Монгол цоожны түлхүүрийг пин дороос нь аваад хаалгыг нь нээж орсон юм. Тэгээд дотроос нь Яамаха П-201 маркийн 6 утастай шар өнгийн гитар болон хар өнгийн жинсэн өмд, биеийн тамирын хар өнгийн өмд, цагаан өнгийн цамц, юүдэнтэй саарал өнгийн цамц, хар өнгийн пүүзэн гутал зэргийг аваад пүүзэн гутлыг нь өмсөөд,  гарахдаа хаалгыг нь буцаж түгжээд түлхүүрийг нь байсан газарт нь тавьж орхиод явсан юм. Тэгсэн пүүз өмсөөд гарахдаа өөрийнхөө өмсөж явсан таавчигаа тэдний гэрт орхичихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 28/ 

 

         -  Хохирогч Ч.Сумьяагийн “...“...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 10 цагийн үед намайг гэрээсээ гарах гээд байж байхад гаднаас зүс үл таних хүүхэд орж  ирээд манай зээ хүү Нямдоржийг асуухаар нь хичээлдээ явчихсан гэж хэлсэн юм. Тэгээд тэр хүүхдийг харахад сургуулийн хүүхэд шиг болохоор нь чи яагаад хичээлдээ яваагүй юм бэ гэхэд манай хичээл өдөр орно гэж хэлчихээд гэрээс гараад явахаар нь би гарч гэрийнхээ хаалгыг түгжээд түлхүүрээ гэрийн амбаарын турбан дотор хийж орхиод гадагшаа явсан юм. Тэгээд өдөр 13 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд зээ хүү Нямдорж ирчихсэн байсан. Тэгтэл орны өмнө огт харагдаагүй таавчиг харагдахаар нь энэ юун таавчиг вэ гэж Нямдоржоос асуухад мэдэхгүй байсан. Тэгээд гэр доторх юм аа бүртгээд үзтэл манай зээ хүүгийн хар өнгийн пүүз, шар өнгийн гитар, 2 жинсэн өмд, 1 биеийн тамирын өмд, цагаан утасны чихэвч, үнэртэй ус зэрэг нь алга болсон байсан. Тэгээд тэр таавчиг хэнийх болохыг хайгаад явахад манай урд талын хашаанд байдаг айлын Хатанбүүвэй гэдэг хүүхдийнх болохыг олж мэдсэн. Мөн тэр хүүхэд гитар зарна гээд явж байхыг манай зээ хүү Нямдорж, Сонинбаяр хоёр мэдээд надад хэлсэн юм. 2017 оны 08 дугаар сарын сүүлчээр зээ хүү Нямдорж, Сонинбаяр хоёрыг сургуульд ороход нь нэгийг нь 35.000 төгрөгөөр худалдан авч өгсөн хар өнгийн жинсэн өмд 2 ширхэг, Сонинбаярт 120.000 төгрөгөөр худалдан авч өгч байсан хар өнгийн гадартай шар өнгийн ултай пүүзэн гутал 1 хос, 2017 оны хавар шинээр нь 200.000 төгрөгөөр худалдан авч байсан шар өнгөтэй 6 утастай гитар хөгжим 1 ширхэг, 35.000 төгрөгөөр худалдан авч байсан блүетүүдтэй цагаан өнгийн чихэвч 1 ширхэг, 60.000 төгрөгөөр худалдан авч байсан шинэвтэр 100 граммтай үнэртэй ус 1 ширхэг, 25.000 төгрөгөөр худалдан авч байсан малгайтай ноосон цамц 1 ширхэг, 40.000 төгрөгөөр худалдан авч байсан дугуй битүү захтай зузаавтар цагаан өнгийн цамц 1 ширхэг алга болсон байсан. Хоёр жинсэн өмдийг тус бүр 25.000 төгрөгөөр буюу 50.000 төгрөгөөр, гитар хөгжмийг 120.000 төгрөгөөр, биеийн тамирын өмдийг 20.000 төгрөгөөр, пүүз гутлыг 100.000 төгрөгөөр, чихэвчийг 25.000 төгрөгөөр, үнэртэй усыг 50.000 төгрөгөөр, цагаан зузаан цамцыг 30.000 төгрөгөөр, ноосон цамцыг 20.000  төгрөгөөр тус тус үнэлнэ. Нийт 415.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

- асанд хүрээгүй гэрч С.Нямдоржийн “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 12 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд манай гэрээс миний жинсэн өмд, саарал малгайтай цамц 2 алга болсон байсан. Мөн надтай хамт суудаг манай ээжийн эгчийн хүүхэд болох Сонинбаярын гитар, гутал, жинсэн өмд, биеийн тамирын өмд, цагаан өнгийн энгийн спорт цамц зэрэг эд зүйл алга болсон байсан. Тэдгээр зүйлийг манай урд хашааны Хатанбүүвэй гэдэг хүүхэд авсан байсан. Хатанбүүвэй гэдэг хүүхэд манай байрны сагсны шийдэн дээр байдаг хүүхдүүдэд гитар зарна гээд явж байсан гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 17/

           - Насанд хүрээгүй гэрч У.Сонинбаярын “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрт хулгай орж миний гитар, “Кари-4” маркийн пүүз, үнэртэй ус, хар өнгийн жинсэн өмд, миний цагаан цамц, цагаан өнгийн чихэвч зэрэг эд зүйлс алга болсон байсан. Гитараа энэ хавар 3 сард Дорнод аймгаас 200.000 төгрөгөөр, пүүзээ 09 сарын 01-ний өмнө 120.000 төгрөгөөр, цагаан цамцаа 40.000 төгрөгөөр, мөн Дорнод аймгаас үнэртэй усаа 60.000 төгрөгөөр, чихэвчээ Улаанбаатар хотоос өнөө зун 35.000 төгрөгөөр, биеийн тамирын өмдөө 09 сарын дундуур 20.000 төгрөгөөр, жинсэн өмдөө хичээл орохын өмнө 38.000 төгрөгөөр тус тус авсан. Нийт надад 513.000 төгрөгийн хохирол учирсан. Алга болсон зүйлээ олоод авбал гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18/

- Гэрч Б.Батцэнгэлийн “...Манай хойд талын хашааны хүмүүс манай гэрт хүүгийн маань таавчигийг бариад ороод ирсэн. Хүү маань гэрээс гарахдаа цэнхэр өнгийн таавчигтай гарсан. Тэр нь мөн байсан. Тэгээд тэдний гэрт таавчигаа тайлж орхиод гэрээс нь гитар, гутал хувцас хулгай хийгээд явсныг мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19/

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол / хх-н 1 х /

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-н 6-9 / 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын засаг даргын тамгын газрын Эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ / хх-ийн 10 /

- Б.Хгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 31/

- Б.Хгийн төрсний гэрчилгээний хуулбар / хх-н 53  /

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн тодорхойлолт/ хх-н 26  /

           - Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  4 дүгээр багийн засаг даргын 2017 оны 10 сарын 11-ний  өдрийн 4/1010 дугаартай , 2017 оны 11 сарын 01-ний  өдрийн 4/1280 дугаартай тодорхойлолт / хх-н 28,29 х / зэрэг болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

         Өсвөр насны яллагдагч Б.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөртэйн 12 дугаар гудамжны 9 тоотод оршин суух иргэн Ч.Сумъяагийн гэрт нэвтрэн орж жинсэн өмд 2 ширхэг, пүүз гутал 1 хос, гитар 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, малгайтай ноосон цамц 1 ширхэг, цамц 1 ширхэг, биеийн тамирын өмд 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 415.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Хгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ч.Сумьяа, гэрч Б.Батцэнгэл, насанд хүрээгүй гэрч С.Нямдорж, У.Сонинбаяр нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Шүүгдэгч Б.Хгийн дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

  Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэр нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, эд зүйл авах, шунахай сэдэлттэй, зорилгоор, санаатайгаар гэрийнх нь  түлхүүрийг пин доороос авч Ч.Сумьяагийн гэрт нууцаар нэвтэрч, эд зүйл хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна. 

Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

  Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Хг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Хг 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

Шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн үйлдсэн гэмт  хэрэг нотлогдсон, гэмт хэргийн улмаас хохирогч нарт бага хэмжээний хохирол учирсан, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн эдлэх ялыг хоёр дахин багасгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

    Шүүгдэгч Б.Хгийн холбогдсон дээрх хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ” хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасныг үндэслэвэл, хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй байна. 

  Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг ” Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй  гэж давхар зохицуулж, тодорхойлсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг нь өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, зохицуулалт болохыг дурдая. 

Өсвөр насны шүүгдэгч Б.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдая.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.7, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Хатгин овгийн  Б.Хг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Хг 2 жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны Б.Хд  оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай. 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны ялтан Б.Хд оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны ялтан Б.Хд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  6. Өсвөр насны ялтан Б.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР