Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/21

 

 

 

 

 

      

 

 

  2024            04           08                                       2024/ДШМ/21

 

 

 

Э.Э холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Б.Дашням,

шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Эрдэнэчимэг,

шүүгдэгч: Э.Э ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, прокурор Б.Дашнямын эсэргүүцлийг, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Э холбогдох эрүүгийн 2419000000003 дугаар хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Б овогт Э.Э , * тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Э  нь 2023 оны 11 дүгээр сарын 08, 13-ны өдрүүдэд Дорноговь аймгийн С сумын нутаг дэвсгэрт байхдаа Б.Л зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн Ард Кредит банк бус санхүүгийн байгууллагын “Ард” аппликейшн буюу цахим орчинд хууль бусаар халдаж, ирэх мэдэгдлүүдийг өөрийн утсанд байх и-мэйл хаяг руу ирүүлэхээр засварласан, мөн дээрх цаг хугацаанд Э.Э нь “Ард” аппликейшнээс Б.Л мэдэгдэлгүйгээр 2 удаагийн гүйлгээгээр нийт 4,090,000 (дөрвөн сая ерэн мянга) төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч Э.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: ... Шүүгдэгч Б овогт Э.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдаж мэдээллийг засварласан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Э.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр Дорноговь аймгийн С сумын нутаг дэвсгэрээс зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдаж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Э оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Mi9 загварын гар утсыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, худалдан борлуулж үнийг улсын төсөвт шилжүүлэхийг даалгаж,

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг шийдвэрлэжээ.

5. Прокурор Б.Дашням эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өөрийн эзэмшлийн Мі9 загварын гар утсыг ашиглаж үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна", 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байгаа. Үүнд шүүгдэгчийн ашигласан утас хамаарч байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мі9 загварын гар утсыг улсын орлого болгож, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцнэ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан МІ 9 загварын гар утсыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж үзсэн.

Мөн анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа 3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэх ..." ёстой. Гэтэл яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад хэлбэрээр шүүхээс тогтоосон бүсээс гарахыг хориглож байгаа нь хэт ерөнхий, ямар чиглэлээр явж, ямар эмнэлгийн тусламж үйлчилгээ авахыг заагаагүй нь шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг үр нөлөөгүй болгосон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.1 дэх хэсгийн 173.1.2, мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсгийн 174.1.6-д "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүхээс тогтоосон бүсэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй болсон” гэж нарийвчлан зааж өгсөн. Дээрх үндэслэл тогтоогдсон тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн саналаар прокурор шүүхээс тогтоосон зорчих эрх хязгаарлалтын бүсийг өөрчлөх буюу 30 хүртэл хоногоор түр өөрчлөхдөө тухайн эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах бүсийг нарийвчлан зааж өгөх ёстой тул шүүхээс хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж шийдвэрлэж гэж үзсэн.

Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтад Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан МІ9 загварын гар утсыг хурааж, улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авсугай гэж өөрчлөлт оруулах, мөн тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад “... яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас..." гэснийг хасаж, өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус баримтлан эсэргүүцэл бичсэн. Эд мөрийн баримтаар хураан авсан тухайн утсыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар худалдан орлуулж улсын орлого болгуулж байгаа нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тухайн утас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл учраас түүнийг 7.5 дугаар зүйлд зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэж шүүгдэгчээс гаргуулах арга хэмжээ авах нь зүйтэй байсан. Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийн тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхыг нарийвчлан заасан байдаг. Тэгэхээр ээ зохицуулалтын хэрэглэж шүүгдэгчийг эмнэлгийн тусламж үйлчилгээг яг аль эмнэлгээс авах талаар заах хэрэгтэй. Тухайн зорчих эрхийг хязгаарлаж байгаа бүсэд нь эмнэлгийн тусламж авах боломж байдаггүй юм уу байдаг бол тухайн эмнэлгээс аваах бүрэн боломжтой байхад заавал ингэж тусгаж өгч байгаа нь хүссэн үедээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нэрийдлээр өөр газар руу явах боломжийг нь нээж өгч байна. Ингэхээр зорчих эрхийг хязгаарлах ял маань үр нөлөөгүй болж байна гэж үзсэн. Тиймээс эдгээр заалтуудад өөрчлөлт оруулах болон хасуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд дээр хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгчийн болон өмгөөлөгчийн зүгээс маргадаггүй. Үйлдсэн гэмт хэргээ шүүгдэгч хүлээн зөвшөөрдөг, хохирол төлбөр төлөгдсөн. Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Анхан шатны шүүхээс хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн 7.1-г хэрэглэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-т тусгай ангид заасан 2 түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй гэж заасан учраас 7.1-т зааснаар саналаа тавиагүй байсан. Гэтэл анхан шатны шүүх дүгнэлтдээ өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй үндэслэл нь 7.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар хоёр гэмт хэрэгт хамаарахгүй гэдэг байдлаар тайлбарласан. Би анхан шатны шүүх хуралдаанд 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгөөч гэж хэлээгүй. 6.7-г хэрэглэж өгөөч гэдэг байдлаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон.

Өөрөөр хэлбэл 17.1 дүгээр зүйлд заасан ялыг 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж өгөөч гэсэн саналыг оруулж байгаа. Анхан шатны шүүх энэ заалтыг хэрэглээгүй нь хууль буруу хэрэглэсэн гэж үндэслэл болохгүй, шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Гэхдээ давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийх боломжтой гэж үзэж байгаа учраас энэ заалтыг хэрэглэж өгөөч гэсэн саналыг гаргаж байна. Ер нь хоёр гэмт хэрэг үйлдсэн хүнд тэнсэх албадлагын арга хэмжээ хэрлэж болохгүй, ялыг үр нөлөөгүй болгож болохгүй шүү гэж ойлгоод байгаа. Гэтэл энэ хүн 26.1 дүгээр зүйлд 5 зааснаар 6,000,000 төгрөгөөр торгох ял авсан. Харин 17.1 гэсэн зүйл анги дээрээ 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шаардлагыг хангаж байгаа учраас энэ дээр нь тэнсэж ялыг тус тусад нь эдлүүлж өгөөч. Энэ нь хууль буруу хэрэглэсэн үндэслэл болохгүй. Хамгийн гол нь энэ хүн УБТЗ-д 8 жил тасралтгүй ажиллаж байгаа. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотлогдож байгаа, баримт нь хэрэгт хавсаргагдсан. Мөн бага насны гурван хүүхэдтэй, эхнэр нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, хүүхдүүдээ хардаг. Хийдэг ажил нь байнгын Замын-Үүд, Говь-Сүмбэр рүү зорчих шаардлагатай тул тэнсэх ял оногдуулах санал гаргасан.” гэв.

7. Шүүгдэгч Э.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх прокурор Б.Дашнямаас гаргасан эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдолд тус тус үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

1.Шүүгдэгч Э.Э  үйлдсэн хэргийн гэм буруу дээр маргаагүй боловч шүүгдэгчийн эрхэлдэг ажил хэргийн шаардлагаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхээс тогтоосон чиглэлд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзсэн.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2023 оны 11 дүгээр сарын 08, 13-ны өдрүүдэд шүүгдэгч Э.Э  нь найз Л гар утсанд “Ард аппликейшн” программ суулгаж өгөхдөө нууц үгийг мэдэж авснаар өөрийн гар утсанд мэдээллүүдийг ирүүлдэг болгон өөрчилж, түүнд мэдэгдэлгүйгээр 2 удаа “Ард аппликейшн”-ны кредит банк бус санхүүгийн байгууллагаас түүний нэрээр 4,090,000 төгрөгийн зээл авсан үйл баримт болсон, шүүгдэгчийн энэ үйлдэлд прокурор Б.Дашням Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дүгээр зүйлүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллуулахаар яллах дүгнэлт үйлдсэн.

3.Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, бусдын цахим мэдээлэлд хууль бусаар халдаж мэдээллийг засварласан, өөрчилсөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

4.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Дашнямаас “...гэмт хэрэгт ашигласан Мi9 загварын гар утсыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар хурааж, улсын орлого болгох, … шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад хэлбэрээр шүүхээс тогтоосон бүсээс гарахыг хориглоно” гэж хуульд заагаагүй үндэслэл тогтоосныг өөрчлөх” гэсэн агуулга бүхий үндэслэлээр эсэргүүцэл,

-шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгээс “…шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол тус тус гаргасан.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч Э.Э ы хохирогч Л цахим мэдээлэлдээ орох нууц үгийг нь мэдсэнээр мэдээллийг өөрийн гар утсанд ирүүлдэг болгон өөрчилж засварлан цахим мэдээлэлд нь нууцаар нэвтэрч, түүний нэрээр 2 удаагийн үйлдлээр 4,090,000 төгрөгийн зээл авч ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-т заасан “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг ...өөрчилсөн, засварласан бол ” гэх шинжид,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэх шинжид тус тус нийцсэн ба уг 2 гэмт хэргийг нэг удаагийн үйлдлээр үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан авсан Б Б.Л нэр дээрх Бүрэн СКОР зээлийн мэдээллийн сан ХХК-ны лавлагаа /хх 4-5/, хохирогч Б.Л мэдүүлэг /хх 8/, Ард кредит ББСБ-ийн программд MI9 загварын гар утсаар нэвтэрсэн мэдээллийн лавлагаа /хх 20-22/, шүүгдэгчийн ХААН банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, гэмт хэрэгт ашигласан MI9 загварын гар утсыг хурааж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 42-43/ зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч Э.Э ы гэм буруугаа хүлээн мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээр давхар батлагдан тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.

6.Шүүгдэгч Э.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

7.Гэвч шүүгдэгч Э.Э  нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Дорноговь аймгийн С сумаас гадагш зорчихгүй байхаар шийдвэрлэсэн нь түүний Улаанбаатар Төмөр замын С татах хэсэгт машинистаар ажилладаг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэний дараа түүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна гэж үзсэн.

Иймээс зорчих эрхийг хязгаарлах ялын зорчих чиглэлийг Улаанбаатар Төмөр замын С татах хэсэгт машинистаар ажиллаж байгаа ажил үүргийн хувьд Дорноговь аймгийн С сумаас Говьсүмбэр аймаг, Говьсүмбэр аймгаас Дорноговь аймгийн С сум, Замын-Үүд сум” гэж нэмж тогтоох,  машинистын ажлын шаардлагаас бусад үед С сумаас гадагш зорчихгүй байхаар тогтоож өгөх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд тохирохоор байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар байна.

8.Мөн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн гэмт хэрэгт хэрэглэсэн Мi9 маркийн гар утсыг хурааж улсын орлого болгохдоо Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримталж шийдвэрлэх байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь буруу болсон.

Өөрөөр хэлбэл: Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Иймд энэ үндэслэлээр гаргасан прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж,  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна.

Эдгээр үндэслэл, нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарч байна.

9.Харин прокуророос гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа яаралтай түргэн тусламж үзүүлэхээс бусад нөхцөлд гэж заасан нь хуульд нийцэхгүй гэж эсэргүүцэл гаргасан нь үндэслэлгүй.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад “...шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр Дорноговь аймгийн С сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдсугай” гэсэн бичвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нөхцөл болохгүй.

10.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохыг заасан боловч мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ...бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэхгүй байхаар заасан.

Шүүгдэгч Э.Э  нь 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-т заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн тул түүнд тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй, зөв болсон.

Иймд энэ үндэслэлээр гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад “...шүүгдэгч Э.Э ы Улаанбаатар төмөр замын С татах хэсэгт машинистаар ажиллах үед Дорноговь аймгийн С сумаас Говьсүмбэр аймаг, Говьсүмбэр аймгаас Дорноговь аймгийн С сум, Замын-Үүд сум” гэж зорчих чиглэлийг нэмж тогтоох, машинистын ажлаас бусад үед Дорноговь аймгийн С сумаас гадагш зорчихгүй байх”  гэж,

7 дугаар заалтад “..Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “MI9” загварын гар утсыг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.Дашнямын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийг давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БОЛОРМАА

     ШҮҮГЧИД                                  Б.НАРАНЧИМЭГ

 

А.САЙНТӨГС