Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 141/ШШ2025/00165

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 141/ШШ2025/00165

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *********************** оршин суудаг Т овогт М.Ж ирүүлсэн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ж.А нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Ж нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч М.Ж нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие Ж нь 1979 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Одоо ам бүл 5-лаа нөхөр, 3 хүүхдийн хамт Нөмрөг сумын Хайрхан багт амьдарч байна. Би 1998 оны 06 сарын 25-ны өдөр өөрийн анхны охин А төрүүлсэн. Охин маань 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас нас барсан. Тухайн үед хөдөө амьдарч байсан бөгөөд цас зудтай сумын төв рүү орох боломжгүй болохоор иргэний бүртгэлд бүртгүүлээгүй байсан юм. Иймд охин А 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү.... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ж нь 1998 оны 06 сарын 25-ны өдөр төрсөн охин Ж.А 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

1998 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ж.А /**************/ нь 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан:

-Завхан аймгийн Нөмрөг сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай: ...М.Ж нь 46 настай эмэгтэй, 1998 оны 06 дугаар сарын 25-нд тус сумын эмнэлэгт төрж 2800 грамм жинтэй 49 см урттай охин төрүүлсэн нь үнэн болохыг тодорхойлов... гэсэн тодорхойлолт,

-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн CVL2581280001000008 дугаартай: ...Регистрийн дугаар: *****************, Эцэг /эх/-ийн нэр: Ж, Өөрийн нэр: А, төрсөн он, сар, өдөр: 1998.06.25... гэсэн лавлагаа,

-Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03-10/4056 дугаартай: ...Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 122 дугаар хуудсанд: Завхан аймгийн Нөмрөг сум Хайрхан 5-р багийн Сонгинтын оройд оршин суугч: өрхийн тэргүүн Х ургийн овогтой Г.С, эрэгтэй 1978 оны 11 дүгээр сард төрсөн, 31 настай, эхнэр Т ургийн овогтой М.Ж, эмэгтэй, 1979 оны 06 дугаар сард төрсөн, 31 настай, хүү Х ургийн овогтой С.Г, эрэгтэй, 2008 оны 08 дугаар сард төрсөн, 2 настай гэж бүртгэгдсэн байна... гэсэн лавлагаа,

-1989 оны хүн амын тооллогоор Ч.М өрхөд тоологдсон хүмүүс: Ч.М-тэргүүлэгч өөрөө, М.Т-Охин/хүү, М.О-Охин/хүү, М.Ж-Охин/хүү, М.О-Охин/хүү, М.О-Охин/хүү... гэсэн бичилт бүхий Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа,

-2000 оны хүн амын тооллогоор Ч.М өрхөд тоологдсон хүмүүс: Ч.М-тэргүүлэгч өөрөө, М.Ж-Охин/хүү, М.О-Охин/хүү, М..О-Охин/хүү... гэсэн бичилт бүхий Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа,

-Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаартай: ...М овогтой Ж нь ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт тус багт мал маллан амьдардаг болохыг тодорхойлов... гэсэн тодорхойлолт,

-Завхан аймгийн Нөмрөг сумын засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/132 дугаартай: ...М овогтой Ж нь ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт тус сумын Хайрхан багт мал маллан амьдардаг болохыг тодорхойлов... гэсэн тодорхойлолт,

-Гэрч Я.Г: М.Ж бид 2 ихэр өвөлжөөний хүмүүс. Багаасаа нэг нэгнийхээрээ орж гардаг, тоглож наадаж өссөн. Би М.Жг багаас нь мэднэ. М.Ж нь 1998 оны 06 дугаар сард А төрүүлсэн. М.Ж нь хөдөө гэртээ төрсөн. Манайх тэр үед саахалт айл байсан. Хөөрхөн охин хүүхэд төрүүлсэн. А нь 1999 оны өвөл нас барсан. Эмнэлгийн тусламж авч чадаагүй. М.Ж тэр үед Сонгинотын орой гэх газарт өвөлжиж байсан. Тэднийх рүү машин тэрэг явахад хүндрэлтэй байсан учраас эмнэлгийн тусламж авч чадаагүй. Бид нэг нутгийн хүмүүс учраас энэ талаар сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг,

-Гэрч Х.Д М.Жтай нэг нутгийн хүмүүс. Бид Нөмрөг сумын Ангиртын гол гэх газарт нутагладаг байсан. Би 1984 онд Тосонцэнгэл суманд ирж суурьшсан. Түүнээс хойш байнга нааш, цааш явж байна. М.Ж нь 1998 онд Ж.А төрүүлсэн. 1999 онд нас барсан санагдаж байна. Тэднийх хөдөө ганц гэр байсан. Эмнэлгийн тусламж авч чадаагүй санагдаж байна. Бид нэг нутгийн хүмүүс учраас бие биеэ сайн мэднэ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ж.А /**************/ нь 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч М.Ж ирүүлсэн Ж.А нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгддэг бөгөөд нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ж.А /**************/ нь 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН