Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Б.Батнасан

Шүүгдэгч Ө.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Д-д холбогдох 1816000510034 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О овогт Ө-н Д /ДЮ00000000/.

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хажууд байрлах ************* ХХК-ний н************** хашаанд 2018 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Н.Г-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Ө.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ө.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө ************** дээр гагнуур хийх гээд ирсэн. Тэгэхэд Г хоёр залуутай нүүрс бөөгнүүлсэн байсан. Тэгээд би “наад нүүрсээ боль хүнээ гарга” гэсэн. Түүнээс болж маргалдаад Г намайг би шоронд явж байсан. Чи бол надад зөөлөн боорцог гээд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би дуугуй зогсож байгаад нүүрс рүү явахад нь араас нь очоод цохичихсон юм... 200 грамм архи уусан байсан ... Мөрөн тушаа газар нь хоёр удаа цохисон. Нэг өшиглөсөн. Турбагаар цохисон...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Н.Г-ийн “...2018 оны 02 дугаар сарын 26-ны шөнө би ********-д ажиллаж байсан юм. Шөнө 02 цагийн үед манай дүү Га нь надтай уулзаж миний мотоциклийг авч хөдөө явахаар ирсэн. Би гараад ирэхэд манай дүүг уурын зуухны Д болон галч нар тойроод зогсчихсон “яах гэж яваа юм. Хурдан мотоциклийг нь аваад зайл. Нүүрс хулгайлах гэж байгаа юм байна” гээд байж байсан. Би “гэр рүүгээ ганц уут нүүрс явуулчихья” гэхэд Д “Үгүй тийм юм байхгүй” гэсэн. “Угаасаа галч нар гэр рүүгээ нүүрс явуулдаг биз дээ чи ч явуулдаг биз дээ” гэснээс болж Д бид хоёр маргасан... Би тэгээд зуух руу орж, нүүрс оруулах тэргэнд нүүрс хийгээд байж байтал Д араас ирээд турбагаар шилэн хүзүү, толгой дамнуулаад цохисон юм. Би доошоо унахад нүүр рүү дух хамар дамнуулаад цохисон. Хэдэн удаа ч цохисныг мэдэхгүй. Би толгой манараад юм ч мэдэхээ больсон. Нэг сэргэхэд Д миний нүүр рүү цохисоор л байсан бөгөөд цаанаас нь нэг залуу ирээд Д-ийг барьж авах үед нь би зугтаасан ...” гэх мэдүүлэг /ХХ5-6/,

Гэрч Б.А-ын “... чулуун дээр зэрэгцэж суугаад тамхи татаад сууж байтал араас нэг хүн ирээд Г-ийн ууц шилэн хүзүү рүү  дамнуулан хүчтэй цохисон. Г урагш унасан. Би эргээд харах зуур уг хүн дахин Г-ийн мөр орчимд цохичихсон. Би босоод иртэл Д ах тохойн чинээ урттай зүйл барьчихсан зогсож байсан юм. Би Д ахыг барьж автал хэвтэж байсан Г-ийн нүүр рүү нэг өшиглөсөн. Би “та чинь юу болж байна. Яаж байгаа юм бэ?” гэхэд Д ах “Пяздаа чинь томроод байна” гээд дахиад нүүр рүү нь хальт өшиглөсөн. Би Д ахын гараас атгаад Гэс холдуулж зуух руу оруулсан. Энэ үед Г босоод зугтаагаад алга болсон. Тэр чигтээ яваад дахин ажилдаа ирээгүй  . ...” гэх мэдүүлэг /ХХ11-12/,

Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаартай шинжээч эмч Т.Алтайбаатарын  “... 1. Н.Г-ийн биед тархи доргилт, духанд шарх, баруун зовхины зүүн тал, хамарт зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралдт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт  /ХХ23-24/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Д-ийн Говь-Алтай аймгийн ***************-н хашаанд 2018 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө хохирогч Н.Г-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ө.Д согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөлгүйгээр торгох ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ө.Д нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, хохирогч Н.Г-ий эмчилгээний зардалд 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг төлсөн зэргийг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Ө-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт Ө-ийн Д-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Ө.Д-д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ө.Д нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, хохирогч Н.Г-ий эмчилгээний зардалд 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг төлсөн зэргийг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ө.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА