Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/22

 

 

 

 

 

      

 

 

  2024            04           08                                       2024/ДШМ/22

 

 

 

Д.А, Т.Г, Р.Д,

Э.Э, Н.М нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор: Б.Ариунтөр,

шүүгдэгч Д.А, Т.Г, Р.Д нарын өмгөөлөгч: Ж.Давааням /цахимаар зайнаас/, Э.Гомбо /цахимаар зайнаас/,

шүүгдэгч Э.Э, Н.М нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

шүүгдэгч: Д.А, Э.Э, Н.М ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Норжинлхам нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч Д.А өмгөөлөгч Э.Гомбын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Эрдэнэсайханд холбогдох эрүүгийн 2419000000003 дугаар хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1.1.Б овогт Д.А , Монгол Улсын иргэн, * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

1.2.Т овогт Т.Г , Монгол Улсын иргэн, * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

1.3.Ш овогт Э.Э , Монгол Улсын иргэн, * гэх газарт оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 97/A дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэг, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан.

 

1.4.Б овогт Р.Д , Монгол Улсын иргэн, * гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

1.5.Д овогт Н.М , Монгол Улсын иргэн, * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Н.М, Э.Э нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Д  сумын нутаг дэвсгэр Эргэлийн 3oo гэх газарт * улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг унаж ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны "Хар сүүлтий” гэх зээрийг /54.000.000 төгрөгийн үнэ бүхий/ тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан,

 

шүүгдэгч Р.Д  нь 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Д  сумын 4 дүгээр баг Эргэнэ ус газарт байх өөрийн оршин суух гэртээ ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны "Хар сүүлтий” гэх зээрийн түүхийг эдийг хадгалсан,

 

мөн 2022 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг /600.000 төгрөгийн үнэ бүхий/ хууль бусаар агнасан,

 

шүүгдэгч Д.А нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Зүүнбаян сумаас С сум руу орох автомашины пост дээр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны "Хар сүүлтий” гэх зээрийн түүхийг эдийг * УЕК улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан,

 

шүүгдэгч Т.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Зүүнбаян сумаас С сум руу орох автомашины пост дээр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны "Хар сүүлтий” гэх зээрийн түүхийг эдийг тээвэрлэж явсан гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн хэрэгт тус тус холбогджээ.

 

3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс шүүгдэгч Д.А, Т.Г, Р.Д, Э.Э, Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх, 24.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4.Анхан шатны шүүх: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Д овогт Н.М , Ш овогт Э.Э  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэргийг, шүүгдэгч Б овогт Р.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан...” гэмт хэргийг, шүүгдэгч Б овогт Д.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийг, шүүгдэгч Т овогт Т.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Н.М, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Р.Доржсүрэн, Д.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Доржсүрэн, Д.А нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Т.Г оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Э.Э нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүгдэгч Н.М Улаанбаатар хотын, шүүгдэгч Э.Э Д  сумын нутаг дэвсгэрээс зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ял,албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Э.Э нараас байгаль экологид учруулсан хохирол болох 54,000,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Н.М 27,000,000 төгрөгийг, шүүгдэгч Э.Э 27,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д  сумын Засаг 11 даргын тамгын газарт олгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УАЗ Фургон маркийн, 44-30 ДГА улсын дугаартай, тээврийн хэрэгслийн үнэ 7,500,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Н.М 3,750,000 төгрөгийг, шүүгдэгч Э.Э 3,750,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод,

 

Шүүгдэгч Д.А гаас 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Д  сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн * тоот дансанд “А сэ76021772 торгуулийн төлбөр” гэсэн гүйлгээний утгаар хийсэн 3.400.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан улсын орлогод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Тоёота Ланд Круйзер-200 маркийн, * УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 150,000,000 төгрөгөөс Д  сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн * тоот дансанд тушаасан 3.400.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 146.600.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ОХУ-д үйлдвэрлэсэн Д маркийн, 1192 гол төмрийн, замгийн 1192 дугаартай, онгоц мод хөх өнгийн лентээр ороосон галт зэвсгийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 7 тооны хар сүүлтий зээрийн мах, 3 тооны хярсыг устгуулахаар Дорноговь аймгийн С сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн болохыг дурдаж,

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Доржсүрэн, Т.Г нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгч Д.А өмгөөлөгч Э.Гомбо давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,400,000 төгрөгөөр торгосон. Энэ эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон учраас 5,400,000 төгрөгөөр торгосон гэм буруу дээр маргахгүй. Харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Инвескор ББСБ-ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох Тоёота Ланд Круйзер-200 маркийн, * УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 150,000,000 төгрөгөөс хохирол төлбөр 3,400,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 146,600,000 төгрөгийг шүүгдэгчээс авахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.А нь ховор амьтан болох нэг тооны хар сүүлтийг шүүгдэгч Э.Э авч 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Д  сумын 4 дүгээр баг, Эргэнэ ус гэх газраас тус аймгийн С сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн.

 

Үйлдсэн гэмт хэргийн хувьд өөрийн буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн зөвшөөрч, өөрийн гаргасан хууль бус үйлдэлдээ гэмшиж, бусдын үйлдсэн гэмт хэргийн илрүүлэлт буюу хууль бусаар агнасан хар сүүлтийг хадгалж байгаа шүүгдэгч Р.Доржсүрэнгийн гэрийг цагдаагийн байгууллагад зааж өгч, цагдаагийн байгууллага гэмт хэргийг түргэн, шуурхай илрүүлсэн байдаг. Гэмт хэргийн улмаас учруулсан хор хохирол болох 1 тооны хар сүүлтийн үнэ 1,700,000 төгрөгийг Амьтны тухай хуульд 37.2-т заасны дагуу 2 дахин өсгөж 3,400,000 төгрөг болгож Д  сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн дансанд тушааж улсыг хохиролгүй болгосон. Баримтыг шүүхэд өгсөн байгаа.

 

Шүүгдэгч Д.А хувьд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн цалингаас өөр өрхийн орлогогүй, мөн 3 зээл төлдөг учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 136,600,000 төгрөгийг төлөх нь санхүүгийн хувьд маш хүндрэлтэй болж, түүний амьдралд маш хүндээр тусахаар байгаа юм. Тийм учраас давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд ялын зорилгыг хангахад шаардлагатай үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсвэл оногдуулсан ялыг хөнгөлж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж заасан.

 

Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхээр заасан байгаа бөгөөд шүүгдэгч Д.А хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж, барагдуулсан түүнчлэн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өөрийн эзэмшлийнх биш, эзэмшил, өмчлөл нь Инвескор ББСБ байсан нь тогтоогддог бөгөөд албадлагын арга хэмжээг хэрэглэхгүй байх эрх нь шүүхэд байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан.

 

Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд тусалж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзээд чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлж түүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Энэ гэмт хэргийн нөхцөл байдлыг харахад миний үйлчлүүлэгчийн хувьд олон тооны хар сүүлтийг алаагүй, ганц хар сүүлтийг 5 тээвэрлэж явсан тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт анх удаа холбогдсон. Тийм учраас шүүгдэгч Д.А авагдсан албадлагын арга хэмжээ 146,600,000 төгрөг гаргуулах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнө нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр яг энэхүү гомдлоор Дорноговь аймгийн давж заалдах шатын шүүхээр орсон. Давж заалдах шатын шүүхээс миний үйлчлүүлэгчид авсан албадлагын арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэвч 2023 оны 11 сарын 14-ний өдрийн Улсын Дээд шүүхийн 161 дүгээр тогтоолоор магадлалыг хүчингүй болсон. Гэхдээ 161 дүгээр тогтоолоор магадлалын энэхүү албадлагын арга хэмжээг хүчингүй болгосныг буруутгаагүй. Зөвхөн шүүгдэгч Э.Э болон Н.М  нартай холбоотой асуудлаар энэ хэрэг анхан шатын шүүхэд буцсан байгаа. Тэгэхээр давж заалдах шатын шүүхээс 2023/ДШМ/29 дугаартай магадлалаар миний үйлчлүүлэгчийн албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Тийм учраас албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу өөрчлөлт оруулж өгнө үү гэж давж заалдах шатын шүүхээс хүсэж байна.” гэв.

 

6. Шүүгдэгч Д.А, Т.Г, Р.Д нарын өмгөөлөгч Ж.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлын үндэслэлийг Э.Гомбо өмгөөлөгч бүхэлд нь танилцуулчихлаа. Тэгэхээр дурдагдаагүй нэг зүйлийг хэлье. Шүүгдэгч Д.А ховор амьтныг тээвэрлэсэн гэдэг үндэслэлээр буруутгаж байгаа. Хэргийн бодит байдал юу болсон гэхээр ердөөсөө л энийг авч яваад шөл хийгээд уучих гэхээр нь аваад явж байсан. Өөрийнхөө тээврийн тээврийн хэрэгслээр явж агнах идэвхтэй идэвхтэй үйлдэл гаргаад хэрэгт холбогдсон бол өөр байх байсан Гэтэл хаана, хэн, хэзээ агнасныг мэдэхгүй, авч яваад шөл хийгээд уучих гэхээр нь за гээд авч яваад л хэрэгт холбогдсон байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан байдаг. Тэгэхээр 1 тооны хар сүүлт тээвэрлэсний төлөө 150 сая төгрөгийн машиныг хохирол төлбөрт хураалгах албадлагын арга хэмжээ авах нь шударга ёсны зарчимд хэр нийцэх вэ гэж бодож байна. Хууль зүйн үндэслэлийг Э.Гомбо өмгөөлөгч хангалттай тайлбарласан. Гомдлыг хангаж өгнө үү гэсэн санал гаргаж байна.” гэв.

 

7.Прокурор Б.Ариунтөр эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Д.А авсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү. Тухайн хөрөнгө орлогыг гаргуулах нь шүүхэд эрх олгосон буюу гаргуулж болно гэж заасан. Хувийн байдал буюу ам бүл 5, 4 хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзаж хөрөнгө, орлогыг хураах албадан арга хэмжээг хэрэглэхгүй байж өгнө үү гэсэн утгатай гомдлыг гаргасан байна. Тухайн тээврийн хэрэгсэл буюу Тоёота Ланд Круйзер-200 маркийн, * УЕК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Инвескор ББСБ-д өмчлөлтэй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогддог. Д.А үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан буюу тээвэрлэсэн гэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Энэ утгаараа Д.А ховор амьтны жагсаалтад орсон, 1 тооны хар сүүлт зээрийг тээвэрлэсэн гэмт хэргийн шинжээр хэргийг шүүхэд шилжүүлсэн учраас тухайн гэмт хэрэг 6 үйлдэхэд ашигласан эд зүйл буюу тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу үнэлгээг гаргаж, улсын орлого болгуулах нь зүйтэй. Шүүхэд олгосон эрх хэмжээ болно гэдэг утгаар шүүгдэгчийн хувийн байдал буюу ам бүл 4, өөрөөс нь өөр орлогогүй гэдэг байдлыг харгалзаж тухайн Эрүүгийн хуулийг хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Нэгэнт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн тээврийн хэрэгслийн өмчлөл, эзэмшил, мөн хохирлын үнэлгээ зэрэг нь тогтоогдсон байгаа учраас үнэлгээ гаргуулах нь зүйтэй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна.” гэв

 

8.Шүүгдэгч Э.Э, Н.М нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

9.Шүүгдэгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан гомдолтой санал нэг байгаа.” гэв.

 

10.Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байхгүй.” гэв.

 

11.Шүүгдэгч Н.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх прокурор Б.Ариунтөрийн эсэргүүцэл, шүүгдэгч Д.А өмгөөлөгч Э.Гомбын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

 

1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснийг зөвтгөх, шүүгдэгч Н.М, Э.Э нарын ялд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн.

 

2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Д  сумын нутаг дэвсгэр Эргэлийн 3oo гэх газарт шүүгдэгч Н.М, Э.Э нар нь  ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны "Хар сүүлтий” гэх зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан,

 

шүүгдэгч Р.Д  нь Д  сумын 4 дүгээр баг Эргэнэ ус газарт байх өөрийн оршин суух гэртээ ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны "Хар сүүлтий” гэх зээрийн түүхийг эдийг хадгалсан, мөн 2022 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг хууль бусаар агнасан,

 

шүүгдэгч Д.А нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны "Хар сүүлтий” гэх зээрийн түүхийг эдийг * УЕК улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

 

шүүгдэгч Т.Г нь шүүгдэгч Д.А ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны "Хар сүүлтий” гэх зээрийн түүхийг эдийг тээвэрлэж явсныг  мэдсэн байж хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн гэсэн үйл баримтууд болсон нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 4-9/, * УЕК улсын дугаартай Ландкрузейр маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10-14/, гэмт хэрэгт ашигласан Д бууг хураан авсан тухай тэмдэглэл /1хх 15-17/, хохирогчоор Д  сумын Засаг даргын тамгын газар, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Г тогтоож, хохирогчоор асуусан тухай тэмдэглэл /1хх 36/, гэрч О.О /1хх 45-46/-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэрчийн, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээр давхар батлагдан тогтоогджээ.

 

3.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Н.М,  Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг,

 

шүүгдэгч Р.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан гэмт хэргийг,

 

шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэргийг, шүүгдэгч Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

 

4. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.

 

5.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А өмгөөлөгч Э.Гомбо “ ...шүүгдэгчид авсан тээврийн хэрэгслийг хураах албадлагын хэмжээг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдсан гомдол,

 

Прокурор Б.Ариунтөрөөс “ ... шүүгдэгч Н.М оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хил хязгаарыг Улаанбаатар хот гэж ерөнхийлж тогтоосныг өөрчилж, нарийвчлан тогтоолгох, ... гэмт хэрэглэсэн Д бууг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар хурааж, улсын орлого болгох зэргээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр эсэргүүцэл тус тус гаргасан.

 

6.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүгдэгч Н.М, Э.Э нарт оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзсэн.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхээс гадна хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино гэж Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан.

 

Шүүгдэгч Н.М, Э.Э нар нь  ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны "Хар сүүлтий” гэх зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасны улмаас экологи эдийн засгийн үнэлгээгээр 54,000,000 төгрөгийн хохирлыг улсад учруулсан.

 

Шүүгдэгч нар нь Д  суманд орших Ханги хилийн боомт дээр үйл ажиллагаа явуулдаг “Ханги прогресс транс” ХХК-д жолоочоор ажиллацгаадаг /2хх 169-171/, 4100,000 төгрөгийн цалин орлоготой байна.

 

Тэдэнд зорчих эрхийг хязгаарлах ял авснаар энэ ажил хөдөлмөрөө эрхлэх эрх нь хязгаарлагдаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөх бололцоогүй болох нөхцөл бий болж байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

Иймээс шүүгдэгч Н.М, Э.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилтай байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, анхан шатны шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ялд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...таван мянга дөрвөн нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял”-ын арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Н.М, Э.Э нарыг шийтгэх нь тэдний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирно гэж үзсэн.   

 

7.Мөн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж  давж заалдах шатны шүүх үзсэн.

 

 Учир нь: Шүүгдэгч Н.М, Э.Э нарын гэмт хэрэгт хэрэглэсэн Д маркийн бууг хурааж улсын орлого болгохоор Цагдаагийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т заасныг баримталсан нь буруу болсон.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг мөн оруулж ойлгох ба шүүгдэгч Н.М, Э.Э нарын гэмт хэрэгт ашигласан Д маркийн бууг  анхан шатны шүүх мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураах албадлагын арга хэмжээг авах байсан байна.

 

Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т гэмт хэрэгт ашигласан галт зэвсгийг хураах ажиллагааг Цагдаагийн байгууллага шийдвэрлэхээр заасан тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Д маркийн бууг хурааж, улсын орлогод оруулахаар Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж шийдвэрлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болно.

 

            8.Шүүгдэгч Д.А нь 1 тооны ховор амьтан болох хар сүүлтийн махыг  * УЕК улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашинаар тээвэрлэж Дорноговь аймгийн Зүүнбаян сумаас С сум руу орох автомашины пост хүртэл явсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг болно.

 

            Шүүгдэгч Д.А энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжид нийцсэн тул анхан шатны шүүх гэмт хэрэгт ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 146,600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор албадлагын арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Иймд энэ тухай гаргасан өмгөөлөгч Э.Гомбын давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна.

 

            9.Шүүгдэгч Н.М , Э.Э нарт давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулахаар ялд өөрчлөлт оруулсан тул прокурор Б.Ариунтөрөөс гаргасан шүүгдэгч Н.М  авсан зорчих эрхийг хязгаарлах ялын зорчих бүс хязгаарыг нарийвчилж тогтоох гэсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хангах боломжгүй юм.

 

10.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, өмгөөлөгч Э.Гомбын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

11.Шүүгдэгч Н.М , Э.Э , Д.А , Р.Д  нарын тус тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, ...тэдгээрийн гаралтай түүхий эдийг зүйлийг хадгалсан, ... тээвэрлэсэн бол” гэх шинжүүдэд,

 

Шүүгдэгч Т.Г худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх шинжид тус тус нийцсэн ба шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “...шүүгдэгч Н.М, Э.Э нарт арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял” гэж өөрчлөх,

 

3 дугаар заалтад “...шүүгдэгч Н.М, Э.Э нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд “ гэж оруулах,

 

6 дугаар заалтад:  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэсний араас “...Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т зааснаар шүүгдэгч Н.М, Э.Э нарын гэмт хэрэгт ашигласан Д маркийн бууг хурааж, улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх” гэж нэмж оруулах,

 

Шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, 7 дугаар заалтаас Д буутай холбоотой заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Э.Гомбын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурор Б.Ариунтөрийн эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БОЛОРМАА

 

       ШҮҮГЧИД                                  Б.НАРАНЧИМЭГ

 

А.САЙНТӨГС