Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/01465

 

“Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 101/ШШ2016/05749 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1768 дугаар магадлалтай,

“Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Н.Нармандах, Н.Мөнхмандах, Ч.Ундармаа нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12.825.955 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахтухай  иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнхийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогтгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь Н.Мөнхмандах, Н.Нармандах. Ч Ундармаа нартай 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөг сард 3.9 хувийн хүүтэй, 181 хоногийн хугацаатай олгосон. Зээлдэгч Ч.Ундармаагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел-26 дугаар гудамж, 579 тоот хаягт байрлалтай 209 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан. Зээлийг гурван хариуцагчид хүлээлгэн өгсөн. Н.Мөнхмандах, Н.Нармандах, Ч.Ундармаа нар нь зээлийн гэрээний хугацаанд зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлгүй гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн. 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Хариуцагч нар үндсэн зээлд 5.465.244,50 төгрөг, хүүд 5.536.949 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 512.911 төгрөг, нийт 11.515.105 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9.534.755 төгрөг, зээлийн хүү 2.821.870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453.330 төгрөг, нотариатын зардал 16.000 төгрөг. нийт 12.825.955 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагч Н.Мөнхмандах, Н.Нармандах нарт 15.000.000 төгрөгийг хүлээлгэж өгөөгүй тул төлөх үүрэггүй. Харин Ч.Ундармаа 15.000.000 төгрөг хүлээн авч зарцуулсан тул уг зээлийг төлөх ёстой. Нэмэгдүүлсэн хүү төлсөн баримт нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтаар нотлогдож байна. 2 удаа нэмэгдүүлсэн хүү төлөх хуулийн зохицуулалт Иргэний хуульд байхгүй тул энэ талаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нотариатын үйлчилгээний зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, энэ нь гэм хорын хохирол тул зээлийн маргаантай хэрэгтэй хамт шийдэхгүй юм. Үндсэн зээлийн үлдэгдэл 9.534.755 төгрөгийг бол зөвшөөрч байгаа, харин хүүгийн төлбөрт 2.100.000 төгрөг гарч байна. Иймд энэ талаар гаргасан шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 101/ШШ2016/05749 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Ундармаа, Н.Нармандах, Н.Мөнхмандах нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9.534.755 төгрөг, зээлийн хүү 2.821.870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453.330 төгрөг, нотариатын зардал 16.000 төгрөг, нийт 12.825.955 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Очир Ундраа ОМЗ" ББСБ-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ч.Ундармаа, Н.Нармандах, Н.Мөнхмандах нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Ч.Ундармаагийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 26 дугаар гудамжны 579 тоотод байрлалтай 18646313472291 нэгж талбарын дугаартай, 700 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-2204012428 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлалтай, 209 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204030049 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч "Очир Ундраа ОМЗ" ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220.170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ундармаа, Н.Нармандах, Н.Мөнхмандах нараас улсын тэмдэгтийн хураамжид 220.170 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Очир Ундраа ОМЗ" ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1768 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/05749 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.3” гэснийг хасч, “451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1” гэсний дараа “219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж, 1, 3 дахь заалтын “Очир Ундраа ОМЗ” ББСБ-д гэснийг  “Очир  Ундраа ОМЗ ББСБ” ХХК-д гэж өөрчлөн, 2 дахь заалтын “үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс” гэснийг “үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнхийн төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Хариуцагч Ундармаа нь нэхэмжлэгч байгуулгын дансанд зээлийн төлбөрөө бэлнээр төлж байсан бөгөөд уг дансны хуулгыг хариуцагчаас албадан гаргуулах хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

2. Зээлийг гэрээний хүүг тооцохдоо банкнаас гаргаж өгсөн үндэслэлээр шүүх шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй. Хэдэн төгрөг төлж байсан, үлдэгдэл хэдэн төгрөг төлсөн зэргийг шүүх тооцож чадаагүй. Банк ямар аргачлалаар яаж гаргасан нь тодорхойгүй баримтаар төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Энэ төлбөрийн тооцоог яаж гаргаснаа нэхэмжлэгч нь 2 шатны шүүх хуралд нотолж чадаагүй.

3. Хариуцагч Нармандах, Мөнхмандах нарт төлбөр хариуцуулсан нь үндэслэлгүй юм. Төлбөрийг Ундармаа авч хэрэглэсэн болохоос биш Нармандах, Мөнхмандах нар аваагүй юм.

4. Нотариатын зардлыг гаргах үндэслэлгүй юм.

5. Хүүгийн төлбөрийг буруу тооцсон тул хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК нь хариуцагч Н.Мөнхмандах, Н.Нармандах, Ч.Ундармаа нарт холбогдуулан зээл 9.534.755 төгрөг, хүү 2.821.870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453.330 төгрөг, нотариатын зардал 16.000 төгрөг  нийт 12.825.955 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...мөнгийг хүлээн аваагүй, хүү төлөхгүй...” гэж маргажээ.

Хариуцагч нар нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 26 дугаар гудамж, 579 тоотод байрлах 700 м.кв газар, 209 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг барьцаалан нэхэмжлэгчтэй 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 181 хоногийн хугацаагаар зээлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон ба зээлийг хүлээн авсан нь тогтоогджээ /хавтаст хэргийн 5-16 дугаар тал/.

Зээлийг буцаан төлөх нь зээлийн гэрээний гол нөхцөлийн нэг бөгөөд хариуцагч нар энэхүү үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар  хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй, нэхэмжлэгчийн нэрийг бүрэн бичээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргийнхээ дагуу нотолж чадаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Хэргийн 16 дугаар талд авагдсан кассын зарлагын ордерт гарын үсэг зурснаа хариуцагч нар үгүйсгэж чадаагүй байх тул “...Н.Нармандах, Н.Мөнхмандах нар зээлийг хүлээн аваагүй” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1768 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнхийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ